Saturday, August 30, 2014

Зургаан настнууд сургуульд орсноор авто ослын тоо нэмэгддэг

Зургаан настнууд сургуульд орсноор авто ослын тоо нэмэгддэг

1 цаг 6 минутын өмнө


2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан "Хүүхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор хүүхэд өртсөн 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 6 пунктээр буюу 14.0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7.7 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81.0 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ. Мөн зургаан настай хүүхдүүд сургуульд орсноор зам тээврийн ослын тоо эрс өсдөг. Учир нь, эцэг эхчүүд хүүхдээ эхний долоо хоног сургуульд нь хүргэж өгдөг ч удалгүй ганцааранг нь, харгалзах хүнгүйгээр явуулж эхэлдэг нь осолд өртөх нөхцөл байдлыг бий болгож байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.

Мөн орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан явдал их байгаа нь орон нутгийн замд хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай. Нийслэлд осолд өртөгч хүүхдүүд нь ихэвчлэн явганаар хөдөлгөөнд оролцогч хүүхдүүд байгаа тул цэцэрлэг, сургуульд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг, боловсрол олгох, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх явдал чухал юм.

Их, дээд сургуулийн оюутан залуучуудын хувьд хичээл эхэлсэн, танилцсаны баяр гэж хамт олон найз нөхдөөрөө архидан согтуурах явдал их байдаг. Үүнтэй холбоотойгоор согтуугаар осолд орох, тээврийн хэрэгсэл жолоодох, замын зорчих хэсгээр олноороо явдаг нь жолооч нарт хүндрэл үүсгэх, осол хэрэг ихээр гарах шалтгаан болдог гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment