2020 оноос тэтгэврийн даатгалын санд хэт ачаалал үүснэ
45 минутын өмнө

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 55 мянга орчим аж ахуйн нэгж байдаг ба үүнээс үзэхэд нийт ажил олгогчдын 65 орчим хувь нь л ажилчдаа даатгалд хамруулдаг болж таарч байна. "Нийгмийн даатгал таны нийгмийн баталгаа болно" гэдэг ч арилжааны банкнаас зээл авахаас бусдаар үр шимийг нь хүртэж чаддаггүй манайханд сар бүр тосдог багахан цалингаасаа цөөнгүйг нь суутгуулна гэдэг хүнд асуудал. Дээр нь цаг агаар, аж амьдралын онцлогоосоо болоод урт насладаггүй монголчууд тэтгэвэрт гарч ч амжилгүй "бурхан болох" нь их байдаг тул насаараа төлсөн мөнгөө насны эцэст тэтгэвэр тэтгэмж болгож авч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Ийм байхад хэн төрд "шулуулахыг" хүсэх билээ. Ажил олгогч ч аль болох татвар даатгалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байдаг тул ажил эрхлэгч л хүсэхгүй бол даатгал төлөхгүй байх санаатай. Ингэж л нийгмийн даатгал төлдөггүй, аль эсвэл маш бага хэмжээний цалин авдаг мэтээр бичилт хийлгэж ор нэр төдий даатгал төлдөг ажилтнууд, ажил олгогчид нэмэгдсээр байна.
Нийгмийн даатгалыг шинэчлэх цаг болсон гэж яриад удлаа. Харин шийдэл үгүй хэвээр. Дундаж цалинтай албан хаагч сард дунджаар 100 мянган төгрөг нийгмийн даатгалд шимтгэл болгон төлдөг. Энэ мөнгийг 30-35 жил төллөө гэж бодъё. Ойролцоогоор 40 орчим сая төгрөг болно. Хэрвээ энэ мөнгийг даатгалд төлөхийн оронд банкны хугацаатай хадгаламжинд хийвэл дээрх хугацаанд хүү бодогдож 100 гаруй сая болох нь. Үүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх, насны эцэст аялж зугаалах, үл хөдлөх хөрөнгө болгох зэргээр хүссэнээрээ ашиглах боломжтой. Гэтэл одоогийн нийгмийн даатгалын хуулиар иргэн сар бүр хураалгасан дээрх шимтгэлээ тэтгэвэрт гарсан хойноо захиран зарцуулах эрх байхгүй ба сар болгон хэдэн цаас өгөх болов уу үгүй болов уу хэмээн царайчилж суудаг нь шударга бус байгаа юм. Тэр ч байтугай тэтгэвэрт гарахаасаа хэдхэн хоногийн өмнө л нас барчихвал насаараа төлсөн мөнгө нь ямар ч үр дүнгүй болж таарч байгаа юм.
Үүнийг олон хүн шүүмжилснээр "Хамтын тэтгэврийн тухай хууль" гэгчийг санаачилсан ч хэрэгжиж эхлээгүй л байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор манай улсын 3012.7 иргэн даатгалд хамрагдаж байгаа ба үүний дотор сайн дураар даатгалд хамрагдаж байгаа 148.2 мянган иргэн байгаа юм. Өнгөрсөн сарын байдлаар нийгмийн даатгалын санд нийтдээ 595 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын 64 хувь нь тэтгэвэрт, 19 хувь нь эрүүл мэндийн даатгалд, 8 хувь нь үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд, 7 хувь нь тэтгэмжид, 2 хувь нь ажилгүйдлийн даатгалын санд хуваарилагддаг жишигтэй.
Энэ дагуу зарлагыг нь авч үзвэл, 724 тэрбум төгрөг нийт дүнгээр зарцуулснаас тэтгэвэрт 560 тэрбум, эрүүл мэндийн даатгалд 95,3 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчинд 17 тэрбум төгрөг, тэтгэмжид 42,1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын санд 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан аж. Ийнхүү нийгмийн даатгалын зарлага нь орлогоосоо давсан байна. Ганц энэ удаад биш алдагдалтай ажиллаад удаж байгаа нь үнэн тул "Тэтгэврийн шимтгэлийг өсгөх, эрэгтэй 60, эмэгтэй 55 хүрч байж тэтгэвэрт гарна гэж хуульчилсан насны зөрөөг ижил түвшинд хүргэхийг зорих, нэрийн дансны ашиглах хугацааг хойш нь ухраах зэргээр энэхүү алдагдлыг нөхөхгүй бол цаашдаа орлого зарлагаа бланслах боломжгүй болно. Учир нь, сайн дураараа татвар төлөгчид нэмэгдэхийн хэрээр ирээдүйд маш олон тэтгэвэр хүртэгчид бий болох учиртай" гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн амын 6 хувийг тэтгэврийн насныхан эзэлдэг ба 300 мянга орчим тэтгэвэр авагчид байгаа юм. Энэ үед алдагдалтай байгаа юм чинь 1960-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарч эхлэх 2020-иод оноос даатгалын санд хэт ачаалал үүсэх эрсдэлтэй байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, одоо байгаа алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байгаа бол 2020 онд 4.5 хувьд, харин 2030 он гэхэд 7 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл байгаа юм байна. Тиймээс урьдчилан арга хэмжээ авч тэтгэврийн даатгалын санд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Эхний ээлжинд алдагдлын эсрэг гаргалгааг цалинд суурилсан тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоо болгон аажмаар сольж олон давхаргат тогтолцоог бий болгох гэж бодлого тодорхойлогчид үзэн, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцэж эхлээд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment