Tuesday, September 16, 2014

Тэдний дотор сайн залуус олон бий

Тэдний дотор сайн залуус олон бий

23 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт буюу 09-р сарын 10-ны өдөр 0023 СЭҮ улсын дугаартай Hyundai Sonata маркын цагдаагийн автомашин 12 настай охиныг дайрсан хэрэг нийгмийг нилээдгүй бухимдуулсан. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр энэ тухай ярьж, хэлэлцүүлэг хүртэл өрнөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын эргүүлийн автомашин байсан бөгөөд Улаанбаатар хотод тусгай дуут дохио ашиглан урсгал сөрж явсан гэж иргэд шүүмжилсэн. Энэ нь тухайн цагдаа жолоочийн ёсзүйн хариуцлагатай шууд холбоотой асуудал бөгөөд яагаад тусгай дуут дохио ашиглан урсгал сөрж явсан нь одоо ч хүртэл тодорхойгүй байгаа. Энэ хэргийг үнэн шударга шүүж хариуцлага алдсан жолоочид зохих шийтгэлийг оногдуулахыг иргэдээс хүсэж ил тод байдлыг шаардаж байна.

Айлын эрх танхи бяцхан охины амь насыг авч одсон энэ хэргийн улмаас Цагдаагийн албаны нэр хүнд шалдаа буугаад байгаа. Тухайн албанд зүтгэдэг олон мянган албан хаагч ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэх тангарагтай ч хэв журам алдагдуулсан хэн нэгэнд шаардлага тавихад "Та нар хүн алдаг биз дээ!" гэсэн агсам нөхрийн амны бай болоод албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдалд хүрч байна.

Зам тээврийн осол нь хэнийг ч, цагдаа, сэтгүүлч, эмч, доктор, багш, гишүүн гэж ялгалгүй гэнэтийн болгоомжгүй байдлаар гардаг бөгөөд хуулинд ч санаатай үйлдэл гэж авч үздэггүй. Өнөөдөр олон төрөл мэргэжлийн хүмүүс зам тээврийн осолд холбогдон арга хэмжээ тооцуулдаг. Тэднийг нас хүйс, арьс өнгө, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил, унаж яваа машинаар нь дүгнэн хэргийг шийдвэрлэдэггүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоодог.

Цагдаа нарын бүрэлдэхүүнд сайн залуус олон бий. Тэд цастай, бороотой, өдөр, шөнийн аль ч цагт замын голд зогсон нэг ч гэсэн хүнийг очих газар нь эсэн мэнд аюулгүй хүргэхийн төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч албан үүргээ ухамсарлан ажиллаж байдаг. Өвчтэй зовлонтой явахад нь унах унаагаа өгч андын ёсоор тусалсан залуус ч олон бий. Гал, усны аюулаас эрдэнэт хүний амийг аварч, чухамхүү үүрэг нь юм шиг ухамсарлан яваа залууст ард иргэдээ гэсэн сэтгэл, албандаа үнэнч зүрх сэтгэл байгааг нь мохоож үл болно гэж иргэн би бодож байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг гэдэг... Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment