"Оюутолгой" төслийн шийд бас л гараагүй бололтой
1 цаг 38 минутын өмнө
- Далд уурхайн хөрөнгө оруулалтад долоо орчим тэрбум доллар шаардлагатай -
"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн хурал өчигдөр бүтэн өдөржингөө үргэлжилжээ. Хаалттай болсон энэ хуралдааны талаар төдийлөн мэдээлэл байхгүй ч эх сурвалжийн өгүүлснээр санхүүжилт болон төслийн далд уурхайн ажил, мөн татварын асуудал зэрэг санхүү, хөрөнгө мөнгөний холбоотой зүйлүүд дээр түлхүү ярилцсан бололтой. Монгол Улсын Засгийн газрын зүгээс төслийг гацаах хийгээд хориг саад тавиад байх ямар ч хаалт боолтыг хийгээгүй, бүх талаар таатай нөхцөл боломжийг олгож байгаа гэх тайлбарыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч мөн ийм зүйлийг ярьж байгаа.Харин өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны дотор далд уурхайн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ-г Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх байсан ч санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулагч "Рио Тинто" буюу "Туркойз Хилл"-ын удирдлагууд хурлыг хойшлуулсан юм. Есдүгээр сар хүртэл хойшлуулсан уг асуудал өчигдөр болсон ТУЗ-ийн хурлаар бас л шийдэгдээгүй бололтой. Одоогоор дахин долоо орчим тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа "Оюутолгой" төсөлд цаашид итгэх үү, эс итгэх үү гэсэн асуултын хариултыг хөрөнгө оруулагч "Рио Тинто" шийдэх болчихоод байгаа юм.
Ямартай ч дэлхий нийтийн анхаарлаа хандуулж, монголчуудыг хагаралдуулан баталсан "Оюутолгой"-н гэрээний үр өгөөж гэрээнд заасан, хэлсэн ярьсан шигээ байхгүй байсаар таван жилийг үдлээ. Дагуул хотыг бий болгосон Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг хол хаях хэмжээний томоохон төсөлд өнөөдөр хэдэн сэндвичэн барилгаас өөр баялаг гэчихээр зүйл ч алга хэмээн дотор нь ажиллагсад ч уурсах юм билээ. Хөрөнгө оруулагч талаас энэ сарын 30-ныг хүртэл дахин олон улсын санхүүгийн зах зээл дэх томоохон арилжааны банкуудаас зээл хүсэж хариу хүлээнэ, хариу ирвэл асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хариултыг Уул уурхайн яаманд ирүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment