Tuesday, September 30, 2014

Аав хүү хоёр ”БААТАР” зэрэгцээд суувал ч...

Аав хүү хоёр "БААТАР" зэрэгцээд суувал ч...

0 минутын өмнө

Японы мэргэжлийн сумод талын монголын хүү хөл тавьсан цагаас хойш даруй хорь гаруй жил өнгөрч, монголчууд арлын орноо лавтай 20 жил босоо байна. Мэргэжлийн сумогийн аваргууд шил даран төрж, зөвхөн үүгээр ч зогсохгүй башег 31 удаа тэргүүлсэн бөх монголоос тодорлоо. Тодруулбал, японы мэргэжлийн сумогийн дээд амжилт 32 түрүүг авахад ганцхан баше, энэ рекорд амжилтыг эвдэхэд хоёрхон баше үлджээ. Энэ бол монгол түмний бахархал яах аргагүй мөн.

Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал энэ намрын башед түрүүлснээр их аварга Чиёонофүжитэй зэрэгцэн, мэргэжлийн сүмогийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Одоо түүний өмнө Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилт л үлдээд байна.

Ид бяр ухаан нь жагсаж яваа Хакуход ахиад хоёр бүү хэл түрүү авах нас байна. Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд ахин давтагдашгүй мэхнүүд, хэн ч эвдэж байгаагүй рекордуудыг зөвхөн монголчууд л үлдээдэг. Баше болгоны сонин хачин сенсаацийг монголчууд л дэгдээдэг. Тэгэхээр одоо японы мэргэжлийн сумод хэн ч ахиад эвдэхгүй рекордыг талын монголын хүү эзэгнэхээр зогсож байна. Ийм цаг үед идэр залуу аваргад урмын ташуур болгож, Хөдөлмөрийн баатар цол өгчих хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж буй.

Арлын орон төдийгүй ази тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа М.Даваажаргалын урсгасан хөлс хүч, нөр их хөдөлмөр бол яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авч болохоор. Тамирчин хүний хатуу тэвчээр, тэр тусмаа сумогийн хатуу чанга дэг жаяг дор арван хэдтэйгээсээ нухлуулж, өнөөдөр дэлхийд данстай бөх болсныг харахад хэний ч бахархал төрөхийн зэрэгцээ аргагүй л Хөдөлмөрийн баатар гэж хэн ч хэлнэ. Хэнд ч хэрэггүй Улсын баатар цолтон ч улстөр хийгээд явж л байна. Гэтэл яагаад улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа хүнд Хөдөлмөрийн баатар цол байж болохгүй гэж.

М.Даваажаргалын аав Ж.Мөнхбат ч Хөдөлмөрийн баатар хүн. Тэгэхээр аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар зэрэгцээд сууж байх нь ч манай улсын нэгэн рекордыг тогтооно буй заа. Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Гүндэгмаа гээд манай улсын дэлхийд данстай, Хөдөлмөрийн баатар тамирчдын эгнээнд элсэх хүн бол яах аргагүй Мөнхбатын Даваажаргал мөн.

Эх сурвалж: Unen.mn Эх сурвалж www.wikimon.mn

Н.Дөл

0 comments:

Post a Comment