Орон нутгийн зам гэж там байна
54 минутын өмнө

Орон нутгийн зам гэж үнэндээ жолооч, зорчигчдын үйлийг нь үзэж, үсийг нь зулгаалгаж байна гэхэд хилсдэхгүй дээ. Баруун аймгууд руу явдаг замаар Ерөнхий сайд болоод салбар хариуцсан сайд дарга нарыг нэг явуулаад үзэх юмсан. Замын чанар, явцын байдал яриад том том бүлтрээд байгаа дарга нар яваад нэг үзээсэй. Арай ч хэцүү дэндүү байна. Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймаг руу явдаг тендерийн жолооч нар хараалаа урсгаж явна. Нэг жишээ бичихэд Архангайн Цахир сумаас Тариат сум орж ирэх хооронд 90 км газрыг бүтэн нэг шөнө туулж байгаа аж. Дэнхэл донхолтой, нохойн хэвтэр шиг муухай замаар жолооч нар явж чадахгүй, зарим жолооч нар тэр дундаа том тэрэгний жолооч нар машинаа явуулж чадахгүй, хоноглоод цаг алдаж байна. Зам нь саадгүй, шулуун сайхан байвал Завханаас Улаанбаатарын хооронд 24 цаг явах боломж байгаа. Даанч зам гэж там болохоор цаг хугацаа алдаж, нэгээс хоёр хонож хүрэх газраа хүрээд байгаад л асуудалтай юм. Тухайлбал, Архангайн Цахир сумаас шөнийн 12 цаг гээд гарахад өглөө 07 цагт Тариат суманд орж ирж байна. Бүтэн нэг шөнийг тэр хоёрын хооронд авч байгаа байхгүй юу. Тэр хоорондох замыг нэг хараасай билээ, авах юм юу ч алга.
Улаанбаатар хотоос гараад явсан хар зам нь Архангайн Чулуут ороод дуусчихна, түүнээс цааш хар зам тавьж байгаа гэх ч явсан газар нь шалихгүй, ашиглалтад ороогүй, оруулах болоогүй. Хоёр жилийн өмнө л засварт орох байсан зам нь хэвээрээ, зам ангиуд нь техник төхөөрөмжөө тавьж, шороо овоолчихоод хийсэн зүйл юу ч байхгүй. Ажилчдынх нь ярьж буйгаар "Тендерт ялсан компани нь мөнгийг нь авч идчихээд дараагийн компани гарч ирэхээр төсөв мөнгө байхгүй, улсаас мөнгө өгөхгүй, гацчихаад сууж байна" гэсэн тайлбар хийх аж. Цаашаа Завхан аймгийн нутагт зам засварын ажилд хойрго хандаж байна. Ямар сайндаа л нутгийн иргэд "Аймгийн дарга нь МАН-ынх болохоор АН-ынхан зуугаад замыг нь ч засуулахгүй байгаа юм аа" хэмээн улстөржүүлэн хошигнож сууна. Аймгуудын замын асуудлаар байнга донгодож банга хүртээдэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун аймгуудын замын асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болсон юм шиг ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment