Thursday, October 2, 2014

Үлийн цагаан оготныг устгах 1,8 тэрбум төгрөг салхинд хийсчээ

Үлийн цагаан оготныг устгах 1,8 тэрбум төгрөг салхинд хийсчээ

53 минутын өмнө

- Үлийн цагаан оготны тархалт гамшгийн хэмжээнд хүрэв -


Монгол орон даяар өвөлжилт хүндрэх нэг шалтгаан нь үлийн цагаан оготноос үүдэлтэй байж магадгүйг малчид сануулж байна. Өмнөговь аймагт оготно их хэмжээгээр байгаа бол Завхан аймгийн дөрвөн суманд үлийн цагаан оготны тархалт гамшгийн хэмжээнд хүрчээ. Үлийн цагаан оготны тоо хэвийн хэмжээнд байвал байгаль орчин, амьтдад ээлтэй байдаг ч хэмжээнээсээ хэтэрвэл ургамлын үндэс устаж, малын бэлчээр сүйдэж, мал идэх өвсгүй болох сөрөг талтай юм. Энэ жилийн тухайд үлийн цагаан оготно болон царцаатай тэмцэх зардал хэмээн ҮХААЯ-наас 1,8 тэрбум төгрөгийн төсөв баталжээ. Өөрөөр хэлбэл, оготны тархалтыг зогсоох зорилгоор сумдад 35 сая төгрөг хуваарилсан ч өдгөө хийсэн ажил төдийлөн харагдахгүй байгаа аж.

Сумдын Засаг дарга нар, хариуцсан байгаль орчны байцаагч нар шон босгосон болоод мөнгө нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэнэ. Иргэдийн хэлж байгаагаар босгосон шон дээр нь шар шувуу сууж, үлийн цагаан оготныг идэх юм байх. Уул нь шар шувуу жилдээ таван мянга орчим үлийн цагаан оготно иддэг гэх судалгаа байдаг ч яг одоогоор шон босголоо гээд үр дүн гэж харагдсан зүйлгүй аж. Үүний оронд иргэдээс нэг оготныг 500-700 төгрөгөөр үнэлээд авбал устгал илүү бодит болох байсныг хэлэв. Үлийн цагаан оготныг устгах ажил өмнө нь хор цацах хэлбэрээр хийгдэж байсан ч энэ аргаас болж оготно устахгүй харин ч сүргээрээ нүүдэллэн өөр аймаг руу дайжиж, дахин өөр шинэ бэлчээрийн талбай устгах аюул ихэссэн учир 2005 оноос хойш өөр өөр аргуудыг туршсаар байгаа юм. Гэвч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа гэнэ.

Энэ жил л гэхэд Завхан аймгийн Отгон сум болон урд захын дөрвөн суманд 63 сая төгрөгөөр оготно устгах ажил хийгдсэн гэх ч үнэндээ оготно хорогдоогүй, харин хуваарилсан төсвийн мөнгө огт хүрэлцээгүй гэдэг тайлбарыг сум, сумдын багуудын дарга нар хэлснийг Завхан аймгийн иргэдийн хурлын дарга Б.Отгонбаатар хэллээ. Цаашид оготно устгах ажлыг малчидтай хамтарч хийхээр болж байгааг холбогдох яамнаас нь хэлсэн юм. Малчдад тодорхой га талбай газар хариуцуулж, урамшуулал олгохоор яригдаж байгаа аж. ҮХААЯ-наас хэлж байгаагаар Монгол орны 110 сая га талбайн 40 сая гаруй га талбайд буюу гуравны нэгд нь үлийн цагаан оготно тархаад байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment