Sunday, October 12, 2014

Хуулийн дагуу ногдсон татварын өрийг хөнгөлөхгүй

Хуулийн дагуу ногдсон татварын өрийг хөнгөлөхгүй

32 минутын өмнө

"Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай" хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт нийгэмд үүссэнээс болж улсад төлөх татварын өр энэ сарын 05-ны байдлаар 353.7 тэрбум төгрөгт хүрчээ. Түүний 194.2 тэрбум нь барагдуулах боломжтой өр юм. Иймд татварын өр барагдуулах чиглэлээр 2014 оныг дуустал зорилтот ажил зохион байгуулахыг Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн бодлого, зохицуулалтыг тайлбарлаж, хуулийн төслийн хүрээнд ногдуулсан татварын өрийг энэ хуулиар чөлөөлөхгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг ҮТЕГ-т анхаарууллаа. "Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай" хуулийн төсөлд хуулийн дагуу ногдуулсан аливаа татварын өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудал тусгагдаагүй юм. Аж ахуйн нэгжүүд харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын өрийг бусад татвар төлөгчид төсвөөс олгох татаас, санхүүжилт, шилжүүлэгт суутгах замаар татварын өрийн зангилааг тайлах боломжтой. Энэ нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж үзээд, үүнд чиглэсэн ажил зохион байгуулахыг Сангийн яаманд даалгажээ.

Түүнчлэн, татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтарсан аянаар хуримтлагдсан өрийг богино хугацаанд барагдуулах боломжтойг зөвлөлөө. Одоогийн байдлаар ШШГЕГ-т 94.4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcнээс 53.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна. Цаашид өр барагдуулах чиг үүргийг хариуцсан нэгжийг оновчтой зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд дүгнэв.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment