Төрийн нарийн Х.Золжаргал тариаланчдад дайн зарлав
12 минутын өмнө

Гэтэл мэргэжлийн бус удирдлагатай холбогдох яам нь үүнийг өөрөө хийчихсэн юм шиг ичих ч үгүй шоудаж байлаа. Тэгвэл тариаланчдыг бүрэн дампууруулах хэмжээний бодлогыг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэгч этгээд баримтлах болжээ.
Саяхан тэрбээр "Улаанбаатар гурил" компанийн захирал Ц.Баатарсайхантай хуйвалдан эрх мэдлээ ашиглаж ОХУ-аас их хэмжээний буюу одоогоор 10 гаруй вагон чанаргүй буудай импортоор оруулж ирсэн нь тариагаа хурааж байгаа тариаланчдын эрх ашгийг ноцтойгоор хохироосон аж.
Өдгөө хилийн цаана 100 орчим вагон чанаргүй буудай ирчихсэн зогсож байгаа гэх мэдээлэл байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн сүржин уриа дэвшүүлсэн атлаа Монголын газар тариалан эрхлэгчдээ басамжлан гаднаас 600 вагон буюу 50 мянган тонн буудай оруулж ирэхээр зэхжээ. Х.Золжаргалын том толгойлон шийдсэн энэхүү асуудлаас болж гурилын үйлдвэрүүд тариаланчдаас будаа авахаа зогсоосон гэнэ. Цас ороход тэдний үтрэм дээр байгаа будаа норж, ялзран хэнд ч хэрэггүй хог болох аюул нүүрлэв. Тариаланчид өдгөө нэг тонн буудайгаа 300 мянган төгрөгөөр зарах болчихоод байгаагийн гол буруутан бол Х.Золжаргал, "Улаанбаатар гурил" компанийн захирал Ц.Баатарсайхан гэж нэгэн дуугаар мэдэгдэж байна. Өмнө нь тариаланчид салбарын яамтайгаа учир зүйгээ эвтэйхэн олоод, хамтарч ажиллаад ирсэн аж. Гэтэл Х.Золжаргал гэдэг нөхөр гарч ирээд маргаан нь том асуудал болтлоо даамжрах болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө тариаланчидтай уулзахдаа буудайны үнийг тариаланчид, гурилын үйлдвэрүүд, салбарын яам хамтарч суугаад ярилцан тогтоох ёстой гэсэн чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл том толгойтон Х.Золжаргал төрийн тэргүүний үгийг үл ойшоон ийнхүү бусармаг шийдвэрүүд гаргасаар байна. Төр, засгаас энэ жил улаанбуудай, гурилын үнийг тогтвортой байлга гэж олон арван тэрбумын асар хөнгөлөлттэй зээлийг гурилын үйлдвэрүүдэд олгосон. "Таван богд"-ын Ц.Баатарсайханы эзэмшилд байдаг "Улаанбаатар гурил" компани тэр мөнгөнөөс 30 тэрбум төгрөгийг жилийн гуравхан хувийн хүүтэй авчихаад түүнийгээ доллар болгон хойд хөршийг зорьжээ. Тэндээс чанарын баталгаагүй, хямд үнэтэй улаанбуудайг их хэмжээгээр оруулж ирэх болсны эхний ээлж нь ийнхүү хилээр орж ирсэн байна. Үндэсний үйлдвэрлэгчдээс будаагаа ав гэж өгсөн хөнгөлөлттэй зээлийг ийнхүү хил давуулан чанаргүй буудай оруулж ирсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг тариаланчид шаардаж байгаа юм.
2014-10-02
Улаанбаатар хот
Өргөдөл гаргах тухай
Улсын ургацын баланс гараагүй, тариаланчид цас бороотой уралдан ургац хураалтын ажил ид дундаа явж байх үед "Улаанбаатар гурил" ХХК ОХУ-аас удаан жил хадгалагдсан, хортон шавьж бүхий, чанар байдал алдагдсан хүнсэнд тохирохгүй улаанбуудайг хорио цээр, гааль, хяналтын ямар ч шинжилгээ хийлгэхгүйгээр хашаандаа оруулж ирэн буулгах гэж байгаа тухай мэдээлэл авч холбогдох газруудад мэдэгдээд байна.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний үйлдвэрлэгч тариаланчдаа бодох цаг болсон гэж онцлоод, импортоор будаа оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Гэтэл Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, "УБ гурил" ХХК-ийн эзэн Ц.Баатарсайхантай хуйвалдан мөнгө, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ОХУ-аас их хэмжээний улаанбуудай хямд үнээр импортлон оруулж ирж үндэсний үйлдвэрлэгч тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, тариагаа талбай дээрээс хурааж аваагүй байхад нь үнийг унагааж байгаа нь салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг үгүйсгэж, бизнесийн салбар дахь хамгийн ёс суртахуунгүй, увайгүй үйлдэл гаргаж, үгсэн хуйвалдаж байгааг шалган тогтоож холбогдох арга хэмжээг авч өгнө үү.
Үүнд:
1. 2013 онд улаанбуудайн квотыг олгохдоо Засгийн газар Улсын их хуралд оруулж батлуулсан. Квотын хугацаа 2014 оны 06 сарын 01-нд дуусгавар болсон. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь "УБ гурил"-ын үйлдвэрийн эзэн Ц.Баатарсайхантай хуйвалдан импортоор буудай оруулж хууль зөрчиж байгааг шалгаж өгнө үү.
2. Монгол Улс дотоодын хэрэгцээт улаанбуудайгаа өөрсдөө үйлдвэрлэж байхад яг ургац хураалтын ид үеэр ОХУ-аас хууль зөрчин импортын улаанбуудай оруулж ирж, зохиомлоор үнэ унагаж үгсэн хуйвалдаж байгааг шалгаж өгнө үү.
3. 2014 онд "Улаанбаатар гурил" 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг төрөөс хөнгөлөлттэй зээлээр авч, Монголын тариаланчдын будааг авахаар гэрээнд заасан байхад ОХУ-аас будаа авч төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгааг шалгаж өгнө үү.
4. Хүнсний шаардлага хангахгүй улаанбуудайг оруулж ирэхдээ импортын зөвшөөрөлгүйгээр оруулж ирснийг шалгаж өгнө үү.
Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн "Газар тариалан" холбооны ерөнхийлөгч Л. Цандэлэг
Ш.ТҮВДЭНДОРЖ ТАНАА
2014-10-02
Улаанбаатар хот
Улсын ургацын баланс гараагүй, тариаланчид цас бороотой уралдан ургац хураалтын ажил ид дундаа явж байх үед "Улаанбаатар Гурил" ХХК нь ОХУ-аас удаан жил хадгалагдсан, хортон шавьж бүхий, чанар байдал алдагдсан хүнсэнд тохирохгүй улаанбуудайг хорио цээр, гааль, хяналтын ямар ч шинжилгээ хийлгэхгүйгээр хашаандаа оруулж ирэн буулгах гэж байгаа тухай мэдээлэл авч холбогдох газруудад мэдэгдээд байна.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний үйлдвэрлэгч тариаланчдаа бодох цаг болсон гэж онцлоод, импортоор будаа оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Гэтэл Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал "Улаанбаатар гурил" ХХК-ийн эзэн Ц.Баатарсайхантай хуйвалдан мөнгө, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ОХУ-аас их хэмжээний улаанбуудай хямд үнээр импортлон оруулж ирж үндэсний үйлдвэрлэгч тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, тариагаа талбай дээрээс хурааж аваагүй байхад нь үнийг унагааж байгаа нь салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг үгүйсгэж, бизнесийн салбар дахь хамгийн ёс суртахуунгүй, увайгүй үйлдэл гэж тариаланчид үзэж ихээхэн жигшин зэвүүцэж байна.
"Улаанбаатар Гурил" ХХК нь ОХУ-аас хямд үнэтэй улаанбуудай импортлосонтой холбоотой бусад гурилын үйлдвэр тариаланчдын улаанбуудайг худалдаж авах ажиллагаагаа зогсоогоод байна.
Тухайн улсын хүнсний аюулгүй байдал нь тухайн тусгаар улс орны дотоодын зах зээл дээрхи үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж буй чадамжийг хэлнэ гэж заасан байдаг.
Гэтэл ҮХААЯ-ны холбогдох удирдлагууд санаатайгаар улаанбуудай импортлохыг зөвшөөрж байгаа нь хүнсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл болж байна. Иймд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг шаардаж байна.
Хятад Улс Монгол Улсаас малын тэжээлийн хивэг авахдаа бүхэл бүтэн баг ирж, шалгалт хийн өөрийн стандартад нийцүүлж авдаг байхад манай улс хүн амынхаа өргөн хэрэглээний улаанбуудайгаа импортоор оруулж ирэхдээ ямар ч стандарт, хяналтгүй байгаад анхаарал хандуулж өгнө үү.
Дотоодын хэрэгцээний улаанбуудайны тоо хэмжээг тариаланчдын холбооны оролцоотойгоор хамтран тогтоож, импортоор оруулж ирэх үр тариа гурилын квотыг мөн тариаланчдын холбооны саналыг оруулдаг байх саналыг удаа дараа тавьсан ч энэ асуудал шийдэгдэхгүй байгаа тул яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.
Ийнхүү их хэмжээний улаанбуудай ОХУ-аас импортлогдож байгааг таслан зогсоох, эс бөгөөс 2015 оны тариалалтад улаанбуудайн тариалалт эрс багасаж, үүнтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдалд аюул учрахыг анхааралдаа авахыг хүсье.
ҮР ТАРИА, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН "ГАЗАР ТАРИАЛАН" ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ЦАНДЭЛЭГ

0 comments:
Post a Comment