Хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ
1 цаг 44 минутын өмнө
Монгол Улс сүүлийн дөрвөн жилийн турш ашигт малтмалын хайгуулын лиценз олгоогүй ч эдийн засгийн хямралтай үеийг даван туулах арга хэмжээний нэн тэргүүнд хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг дахин олгож эхлэх хэрэгтэй хэмээн нэрлэж, өнгөрсөн долоодугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог эргэж харвал 2006 онд хамгийн олон буюу 4115 байсан аж. Харин 2010 онд 2979, 2011 онд 2572, 2013 онд 1717, энэ оны байдлаар 1425 болж буурсан байгаа. Газар нутагт эзлэх хувийг нь авч үзвэл 2006 онд нийт газар нутгийн 0.2 хувь нь лицензжээд байсан бол одоо харьцангуй буурсан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын хэлбэрийг харахад 75 хувь нь дотоодын, 17 хувь нь гадаадын, 8 хувь нь гадаад, дотоодын хамтарсан аж ахуйн нэгжүүд байгаа юм. Мөн 34.5 хувь нь алтны чиглэлээр, 17.7 хувь нүүрсний чиглэлээр, 11.7 хувь нь жоншны хайгуул хийж байна.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнгөрсөн сарын 24-нөөс зөвшөөрлийг олгож эхлэх ёстой байсан ч одоог болтол нэмж хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байдалтай байгаа нь уул уурхайн компаниуд болоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл салбарын яамнаас ирэх 11-р сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх гэнэ. Зөвшөөрөл олгох хугацаа хойшлоод байгаа шалтгаан нь бэлтгэл ажил дуусаагүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Нийт 31 сая талбайд 106 лицензийг шинээр олгохоор төлөвлөсөн аж. 13.4 хувийг өргөдлөөр буюу онлайнаар олгох бол 6.5 хувийг сонгон шалгаруулалтаар олгохоор тогтсон байна. Мөн төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн, хайгуулын тусгай зөвшөөрлөө буцаасан талбайд дахин сонгон шалгаруулалт явуулах гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment