Friday, October 24, 2014

Утаа шүүх төхөөрөмж нэвтрүүлэх туршилтын үр дүнтэй танилцлаа

Утаа шүүх төхөөрөмж нэвтрүүлэх туршилтын үр дүнтэй танилцлаа

1 цаг 28 минутын өмнө

Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардлагатай байгаа юм. Энэ жилийн тухайд, нийслэлийн 113-р сургууль, 124-р цэцэрлэг, ЧД-ийн 10-р хорооны байр, 100 айл дахь орон сууцны барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбосон. Одоо 39-р сургуулийг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна.

Тэгвэл уурын зуухны утаа, хаягдлыг богино хугацаанд багасгах шийдлийг Монгол-Японы хамтарсан судалгааны баг олсон байна. Азийн орнуудаас агаарын бохирдолтой хамгийн үр дүнтэй тэмцсэн Япон улсын дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тус багийнхан сүүлийн жил шахмын хугацаанд туршилт судалгаа хийгээд олон циклонт болон нугалаат уутан шүүлтүүр төхөөрөмжийг Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Энэ төхөөрөмж нүүрс түлэхэд ялгаруулах утаа, бохирдлыг шүүж цэвэршүүлэх зориулалттай аж. Утааны голомт бүс дэх БЗД-ийн 8-р хороонд байрлах 68 дугаар сургуулийн нам даралтын зууханд энэ оны 8 дугаар сард уг уутан шүүгч төхөөрөмжийг суурилуулж, 9 дүгээр сараас хойш хэмжилт хийхэд утаа, тоосонцрыг 99 хувь шүүж байжээ. Төхөөрөмж бохирдлыг шүүхээс гадна нүүрсний хэрэглээг 17 хувь хэмнэнэ гэж байгаа ч төхөөрөмжийг уурын зуухуудад суурилуулахад хүчин чадлаасаа хамаараад 104-178 сая төгрөгийн зардал шаардагдах тул өртгийг бууруулах боломж бий эсэхийг дахин судлахаар болсон байна.

Нам даралтын халаалтын зуухтай холбоотой өөр нэг мэдээллийг дуулгахад ийм төрлийн зуухтай газруудыг атестатчилж эхлээд байна. Халаалтын зуухуудад ажиллагааны горим стандарт мөрдүүлэх зорилготой энэ ажлын хүрээнд мөн халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment