Friday, November 21, 2014

Жилд 40 мянган хүүхэд үр хөндөлтийн хохирогч болдог

Жилд 40 мянган хүүхэд үр хөндөлтийн хохирогч болдог

Өнөөдөр 15 цаг 3 минут

- Сүүлийн дөрвөн жилд үр хөндөлт хоёр дахин ихэсчээ -


Сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж байгаа ч үүнийг дагасан үр хөндөлт мөн нэмэгдэж байна. Албан бус тоогоор жирэмсэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 33,3 хувь нь үр хөндөлт хийлгэдэг. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дээшилсэн байдаг ч үр хөндөлт ихсэж байгааг албаныхан хэлж буй. Манай улсад жилд дунджаар 120 мянган иргэн жирэмсэлдгээс 80 мянга орчим нь амарждаг, харин үлдсэн 40 мянга нь үр хөндүүлдэг ажээ.

2013 оны байдлаар л гэхэд нийт жирэмсэн эхчүүдийн гуравны нэг нь үр хөндүүлжээ. 1990 оноос манай улс үр хөндөхийг хуулиар зөвшөөрсөн. Гэвч зөвхөн эхийн биед эндэлтэй байх үед л үр хөндүүлж болно гэдгийг хуульчилсан байдаг. Үр хөндүүлэх хамгийн том шалтгааныг эмч, мэргэжилтнүүд хүсээгүй жирэмслэлттэй холбон тайлбарлаж байгаа юм.

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслүүдийг орон даяр худалдаалдаг, зарим тохиолдолд үнэ төлбөргүй олгодог ч үр хөндөлт буурахгүй байгааг албаныхан онцолж байна. Харин үүнээс үүдэн хүн амын өсөлт төдийлөн урагшлахгүй, мөн үр хөндүүлсэн эмэгтэйчүүд дахиж хэзээ ч хүүхэд олохгүй байх аюул ихсэж, үүнийг дагасан үргүйдэл ч нэмэгдэж байгаа юм. Ийнхүү үр хөндөлтөөс болж манай улсын иргэний тоо жил бүр 40 мянгаар буурч байгаа аж. Манай улс удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авахдаа бэлдэж буй. Үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөөгүй байсан бол энэ тоо дөрвөн саяд хүрэх боломжтой байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment