Thursday, November 20, 2014

Хариуцлагагүй эцгийг улс өөгшүүлэх үү?

Хариуцлагагүй эцгийг улс өөгшүүлэх үү?

Өнөөдөр 15 цаг 51 минут

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна. Гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байв.

Мөн гишүүн С.Одонтуяа "Гэр бүл салсны дараа хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөгддөггүй тохиолдол маш их байна. Тэтгэмжийн мөнгө гэр бүл салсны дараахь хүнд үед хүүхдүүдэд хэрэг болдог. Харин олон жилийн дараа бөөнөөр нөхөн төлүүлэх нь оновчгүй. Тэтгэмжийн мөнгийг төлүүлэхэд маш их хугацаа шаарддаг. Гэр бүл салсны дараа амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээлийн талаар олон ээж ярьдаг тул хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцгийн өмнөөс тухайн гэр бүлийн хүүхдэд тэтгэмж олгох сан бий болгох хэрэгтэй. Энэ жишиг бусад улс оронд байдаг" гэв. Хуралдаанаар хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахад гишүүд санал нэгдэв. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment