Tuesday, November 4, 2014

Онлайн худалдааны залилан өсчээ

Онлайн худалдааны залилан өсчээ

35 минутын өмнө

Хөгжил гэх үү, залхуурал гэх үү? Аль эсвэл боломж гэж ч болох юм. Сүүлийн үед онлайн худалдаа ихээхэн газар авч байна. Дэлхий дахинд аль хэдийнэ нийтлэг бөгөөд хэвийн үзэгдэл болж хувирсан ч манай улсад сүүлийн таван жилд л идэвхтэй хөгжиж байна гэж хэлэхэд буруудахгүй. Эмэгтэйчүүд гэдэг дэлгүүр хэсэж л байвал л хөлөө цуцаж, гэдсээ өлсөхийг ч анзааралгүй аз жаргалтай байдаг улс.

Энэ ч утгаараа цахим худалдааны идэвхтэй гишүүд нь эмэгтэйчүүд байдаг. Олон дахин үзлээ гэж худалдагч дургүйцэхгүй, асууж лавлахад уриалгахан хариулдаг, мөнгөгүй байсан ч хэсэж болдог, хэдхэн хоног хүлээчихвэл хилийн чанадаас ч захиалга хийх боломжтой зэрэг олон давуу тал онлайн дэлгүүрт бий. Гэхдээ мэдээж бараа, мөнгөө баруун, зүүнээр солилцохгүй тул итгэл бага, нүдээр харж гараар барихгүй болохоор чанарт нь ч эргэлзээ үүсдэг зэрэг сөрөг тал бий. Чухам энэ л асуудал болж байгаа юм. "Фэйсбүүкийнхээ зураг шиг л бай л даа" гэдэг үгийг охидод биш наймаачдад хэлмээр болох үе олон байдаг талаар цахим худалдан авагчид гомдолложээ.

Зурган дээрхи хувцас гоё харагддаг, дээр нь моделиудад өмсүүлчихсэн фото хэний ч шуналыг хөдөлгөж чаддаг. Гэтэл түүнийг гэртээ хүргүүлэхэд зурган дээрхээсээ өөр, чанаргүй, урагдсан, бүр хулхи бүтээгдэхүүн байх нь элбэг байдаг аж. Ийм зүйлийг авах хэцүү, харин захиалга аваад хүргэж ирсэн худалдаачин хоосон буцах хэцүү болдгоос үл ойлголцол их үүсдэг байна.

Энэ ч мэдээж сэтгэл санааны хохиролтой боловч мөнгөө өгөөд бараагаа ч, мөнгөө ч авч чадалгүй эдийн засгаараа хохирогчид бүр ч их гомдолтой үлддэг байна.


Энэ бол худалдааны группуудэд нийтлэгдсэн постуудын ердөө нэгээхэн хэсэг нь. Бараг өдөр бүр шахам иймэрхүү гомдол гарах болжээ. Залилагчид өөрийн жинхэнэ нэрийг ашигладаггүй, барааны юм уу аль эсвэл гадаад хүний зургийг ашигласан байдаг ба захиалагчид урьдчилгаа хийсэн банкны данс, захиалга авагчийн утасны дугаар хоёрт найдан огт таньж мэдэхгүй хүнд мөнгөө өгдөг байна. Хэсэг хугацааны дараа тус цахим хуудас ор мөргүй устах ба утасны дугаар нь хаагддаг байна. Банкнаас данс эзэмшигчийн мэдээллийг бусдад өгөхгүй гэж учирладаг ба цагдаад хандаж болох ч их төлөв 10-30 мянган төгрөгийн урьдчилгаа хийсэн иргэд цагдаа сэргийлэхээр явахаас төвөгшөөж зөнд нь орхидог байна. Энэ нь харин залилагчдыг өөгшүүлдэг ба нэг хүнд бага мөнгө байж болох ч нэжгээдийг хулхидаад ирэхээр овоо мөнгө босгочихдог байна. Дээр нь хохирогчид эвлэлдэн нэгдэж л хандахгүй бол нэг хүний ийм багахан мөнгөн хохирлыг тоож үзэх цагдаагийн байгууллага ч байдаггүй гэнэ.

Интернэтийн өөр нэг түгээмэл дэлгэрч байгаа залилан бол буяны үйл ажиллагааны нэр барьж мөнгө завших явдал. Ийм тийм өвчтэй хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, орон гэргүй хүнд туслах гэж байгаа тул сэтгэлээрээ мөнгө хандивлана уу гэсэн зарууд интернэтэд ихээр нийтлэглэгдэх болсон. Тусладаг нэг хэсэг байгаа ч тэдний нэрийг барьж хяналтгүйгээр мөнгө олж сурсан залилагчид байгааг ч цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Мөн зөвхөн жижиг сажиг хувцас, гутлаар урхидан залилахаа байж одоо автомашины онлайн захиалга нэрээр 80 гаруй хүнийг залилсан хоёр ч газрын хохирогчид эвлэлдэн нэгдээд шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. 10, 20 мянгаар биш 10, 20 саяар яригдах ийм их хэмжээний мөнгийг хүртэл цахим худалдаачдад залилуулж байгаа нь нөгөө талаас иргэдийн итгэмтгий, тоомжиргүй, болгоомжгүй зангаас үүдэлтэй байгааг энд сануулах нь зөв.

Тэрчлэн "Банкны мэдээллээ шалгана уу" гэсэн хуурамч и-мэйл банкны өмнөөс илгээж, харилцагчийг шалгах үед хакердах замаар дансыг нь хоослох, "Congratulations! You have won ..." буюу та ийм, тийм юм хожлоо баяр хүргэе гэсэн холбоосоор урхидаж мөнгө залилах зэрэг олон улсад түгээмэл хэрэглэгддэг цахим залилангийн аргууд ч байдгийг иргэд, интернэт хэрэглэгчдэдээ анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment