Thursday, November 13, 2014

Хавдрын эрсдэлгүй Монголмаа

Хавдрын эрсдэлгүй Монголмаа

1 цаг 21 минутын өмнө


Тун сонирхолтой сэдвийн өмнө сууж, хамтран тоглохыг та бүхнээс хүсье. Шуудхан хэлэхэд, хавдрын эрсдэлгүй монгол хүний дүр бүтээцгээе. Яг л кино, жүжигт гардаг шиг гол баатрын дүр бүтээнэ гэсэн үг.Баатар мэдээж монгол хүн байж таарна. Тэгэхдээ эмэгтэй шүү. Яагаад гэвэл, бие махбодын онцлогоос болоод тэрбилээ. Өөрөөр хэлбэл, эрчүүдээс эрхтэн тогтолцоогоороо ялгаатай юм. Тэд умайн хүзүү, өндгөвч, савны гээд эрчүүдэд тохиолддоггүй хавдраар өвчлөх нь бий. Гол баатар болох эмэгтэйн нэрийг Монголмаа гэе. Эхлээд товч намтрыг нь сонирхоё.Нэр Монголмаа. Нас 40,хүйс эмэгтэй. Яс үндэс монгол. Боловсролбүрэн дунд. Ажил, мэргэжлийн хувьдажилчин. Айлын дунд охин. Амьдран суугаа хаяг Улаанбаатар.Өнөөгийн жирийн нэг монгол эмэгтэй байгаа биз. Дүрээ одоо биологийн талаас нь босгоё. Монголмаа 168 сантиметр өндөр, 60 килограмм жинтэй. Тарган ч биш, туранхай ч бус нэгэн. Хар үстэй, хонин бор нүдтэй, цайвар царайтай,зөв төрхтэй, шүд бүрэн эмэгтэй. Арьс бүрэн бүтэн. Энд тэндээ этгээд мэнгэ, сорви, ургацаггүй. Иймэрхүү зүйлс хавдар болон хувирах нь бий. Түүнээс хол гэхэд хилсдэхгүй.Ямар нэг өвчин хууч хэлдэггүй хүн. Хааяа нэг ханиад томуу хүрэлгүй яахав. Ёстой л төлөвлөсөн мэт гурван жилийн зайтай, гурван хүүхэд төрүүлжээ.

Хүүхдээ хөхөөр өсгөсөн үлгэр жишээ эмэгтэй билээ. Тиймээс дааврын талаас айлтгүй гэсэн үг. Эмэгтэйчүүдийн гэх хавдрын эрсдэлгүй ч гэж болно. Эцэг, эхийн тал нь өндөр насалдаг улс. Аав нь 75, ээж нь 70 настай, харьцангуй эрүүл саруул, хөнгөн шингэн буурлууд бий. Аав нь ч, ээж нь ч "Манайхан хорвоог зөнгөөрөө орхидог" хэмээн ярих дуртай. Нэг ёсондоо гэнэт юм уу, зуурдаар өнгөрдөг хэрэг. Энэ нь хорт хавдрын удамшилгүйг гэрчилнэ. Бас л бусдаас давуу чанар юм. Тэгэхээр Монголмаа хавдраас хол хийгээд, харин бүр ч өндөр наслах магадлалтай.Нийгмийн болон амьдралын хэв байдлыг нь харъя. Жирийн малчин айлын хүүхэд. Сургуульд ортлоо хөдөө мал дээр өсчээ. Хурга ишиг хариулж, хурдны морь унаж, үнээ сааж явсан үе бий. Бие махбодоо бүрдтэл цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл хөрсөн дээр дураар тонгочин өндийжээ. Тэдний хоол хүнс тэгэхэд жинхэнэ "эко" буюу "ориг" байсан нь ойлгомжтой. Мах, цагаан идээ голлосон хоолтой хүмүүс эрүүл байлгүй яахав. Дөч хүртлээ шүд бүрэн яваа нь үүнтэй холбоотой нь гарцаагүй. Шүд бүрэн эрүүл хүний хоол боловсруулах үйл явц хэвийн байх нь мэдээж. Эрүүл явахын үндэс гэдэг байх аа. Хөдөлгөөний хомсдол, таргалалтын талаар ойлголт ч үгүй өссөн гэхэд зөрөхгүй. Хортой юм амаар нь оролгүй бага насаа үджээ. Их хувь заяа шүү.

Сургуульд орсноор нүүр гар, шүд амаа зөв угаагаад сурсан нь дамжиггүй. Бага ангид байхдаа сурах бичгээсээ "Цагаан гар" өгүүллэг уншсанаас хойш гараа тогтмол угааж заншчээ. Ариун цэвэр гэдгийг сахиад сурчихгүй юу. Бичгийн боловсролтой болох нь хамгийн чухал юм. Эрүүл мэндийн сэдэвтэй материал бичсэн сонины тасархай таарвал ядаж гарчиглаад хаячихна шүү дээ. Нэгэн удаа сониноос хавдраас сэргийлэх талаар сэдэв уншсанаас үүдээд энэ талаар нэлээд анхаардаг болжээ. Зурагтаар гарсан эрүүл мэндийн сэдэвтэй нэвтрүүлгийг яаж ийгээд үзчихнэ. Хаанаас ч мэдээлэл олоод авчих боломжтой хүн. Монголмаа сургуулиа төгсөөд хүнтэй суугаад хот барааджээ. Түүнд азаар бурхан шиг нөхөр заяав. Архи амсдаггүй, тамхи татдаггүй хүн нүдний гэм болсон хорвоо шүү дээ. Тэгэхээр шууд байтугай дам архидалт, тамхидалтгүй орчинд амьдардаг байгаа биз. Тэр хоёр өнөө цагт жинхэнэ үлгэр болохоор хосууд. Хоёр биедээ үнэнчийг нь гайхавч барахгүй. Бэлгийн замын халдвараар өвчилсөн тохиолдол байхгүй нь тодорхой бус уу. Эрүүл хоолтой айл гэж эднийхийг л хэлнэ. Цалингаа буухаар л хааяа нэг ховор нандин "юм", нэг ёсондоо хор амсацгаана. Тэр нь ч хязгаартай. Хиам, шоколад,давсалсан өргөст хэмх, кола ундаа гэсхийгээд гүйцэх нь тэр. Сүүтэй цай, маслотой талх, гурилтай шөл, цуйван мэт ердийн хоолтой айл.

Элдэв амтлагч бараг хэрэглэхгүй. Хоносон, өнжсөн юм идэхгүй. Шинэхэн тараг, хоормог уучихна. Шарсан, хайрсан юмнаас холхон байдаг гэр бүл дээ. Хуушуур, гамбир, боорцгийг сонирхлын журмаар өдрийн од шиг хийдэг гэх. Ажлын нөхцөл нь сайн. Амралттай, зугаалгатай газар гэж байгаа. Багадаа сагсанбөмбөгөөр хичээллэдэг байсан болохоор компанийнхаа багт тоглодог. Хамт олноороо заал авахад дөчтэй Монголмаа хоцорно гэж байхгүй. Эднийхэн байгууллагаараа, Монголмаагийн гэр бүл ч тэр чөлөө зав гарвал нар, салхинд гарамтгай. Хөдөөгийн гарвалтайгаас ч тэр байх.Өөрөө баруун, нөхөр нь зүүн чигийн болоод ч юм уу, хоолоо давстай, цайгаа давсгүй уудаг зуршилтай болжээ. Давсны хэрэглээ хэвийн гэсэн үг л дээ. Гэр нь Дамбадаржаагийн эцсийн буудал хавьцаа болохоор өвлийн утаа, тортгоос хол юм даа. Аз л байхгүй юу. Ажилдаа автобусаар явдаг учраас хөдөлгөөний гачаалд орохгүй нь тодорхой. Зав гарвал хааяа хөлсөө гартал зад бүжиглэдгийг нь хэлэх хэрэгтэй.

Элдэв дасгал, фитнес эднийд хэрэггүй. Барагтай бол өвддөггүйгээс эмчийн жор, зааваргүй эм уудаггүй бас нэг давуу талтай. Монголмаагийн ажилладаг компани ажилчдаа оны эхээр нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад заншчихжээ. Ийм газар ховор шүү дээ. Түүнээс санаа аваад, бас өөрийн хүсэлтээр жилийн сүүлчээр нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ үзлэг, шинжилгээнд ороод хэвшчээ. Амиа боддоггүй хэрэг л дээ. Гэр бүлдээ санаа тавьдаг нь түүний нэг сайн тал юм. Хамгийн сүүлд орсон урьдчилан сэргийлэх үзлэгийн үзүүлэлттэй нь танилцъя. Гадаад буюу биеийн үзлэгээр эрүүл гарчээ. Цусны даралт 120/80. Цусны ерөнхий шинжилгээ хэвийн. Маркерийн шинжилгээгээр В, С вирусын халдваргүй гэсэн байна. Дурандахад улаан хоолой, ходоод эмгэггүй гэжээ. "ЭХО"болон гарийншинжилгээгээр таван цул, сав, өндгөвч гээд бусад эрхтэннь өөрчлөлтгүй болох нь тогтоогджээ. Ийм хүнийг эрүүл гэхгүй яах вэ. Хавдрын эрсдэлгүй жирийн монгол хүн Монголмаа энэ буюу. Өөрөөр хэлбэл, түүний жишгээр амьдрахад л болох юм. Хавдаргүй амьдрах уг нь тийм ч хэцүү биш ээ. Эх сурвалж www.wikimon.mn

Чөлөөт сэтгүүлч Г.МӨНХНАСАН

0 comments:

Post a Comment