Saturday, November 29, 2014

Оддын хамаатнууд юугаар гол зогоодог вэ?

Оддын хамаатнууд юугаар гол зогоодог вэ?

Өчигдөр 15 цаг 59 минут

Зарим нэг баячуул, алдартай хүмүүст маш сонин, янз янзын ажил хөдөлмөр эрхэлдэг ах дүү, хамаатан саднууд байдаг билээ. Ерөнхийлөгч дүүгийнхээ хэвлэлийн албанд түвэггүйхэн ажиллах боломжтой юм уу найруулагч аавынхаа бүтээх кинонд жижигхэн дүр ч хамаагүй амилуулах бололцоотой хүмүүс заримдаа илүү дардан бус замыг сонгодог байна.

Жишээ нь, саяхан АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обамагийн ах их сургуулийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчийн албан тушаалаасаа хусагджээ. Биеийн тамирын багш хийх явдал нь алдартнуудын хамаатан саднуудын эрхэлж байгаа хамгийн сонирхолтой ажил хөдөлмөр биш гэнэ.

Алдартай хүний ах дүү, хамаатан садан болж мэндэлсэн хүмүүсийн дийлэнхи нь энэ аз завшааныг үнэлж дүгнэх чадвартай гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу. Гэр бүлийн гишүүн нь алдар хүндтэй болсноор тэр гэр бүл үр шимийг нь тодорхой хэмжээгээр хүртэх нь мэдээж. Зарим нь төрсөн ах, дүүгийнхээ бие төлөөлөгч, хэвлэлийн төлөөлөгч юм уу санхүү хариуцсан менежер зэрэг албан тушаалыг хашиж байна. Бас нэг түгээмэл дэлгэрсэн хувилбар бол хамаатан саднууд нь гэр бүлийн одынхоо хажуугаар адил хэмжээнд амжилт олохыг хичээх болсон явдал.

Жишээ нь, Брюс Уиллисын ах Дэвид маш амжилттай кинопродюссер болжээ. Нэрт жүжигчин Сильвестр Сталлоне дүү Фрэнкээ "Рокки" кинонд хамт тоглохыг урьжээ. Дүү нь ч энэ боломжийг ашиглахаа мартаагүй юм. Соланж Ноулз л гэхэд эгч Бейонсегийнхээ замналаар явж дуучин болсон бол Брэд Питтын дүү Дуглас зар сурталчилгаанд тоглоод амжив.

Тэд амархан арга замыг хайдаггүй

Гэлээ ч зарим нэг оддын хамаатан саднууд зөвхөн өөрийнхөө хүчээр амьдралаа зохицуулж авч явахыг илүүд үздэг билээ. Тэр ажил, хөдөлмөр нь тийм ч сайхан биш ч гэлээ тэд өөрсдийн замналыг сонгодог юм. Энд бид хамгийн сонин сонголтыг дэлгэхээр шийдэв. Энэ нь энэ хорвоогийн хамгийн эртний мэргэжил болох биеэ үнэлэгчийн ажил. Нэрт дуучин Мэрайя Кэригийн эгч Элисон биеэ үнэлсэн тул хоёр ч удаа саатуулагдаж байсан гэнэ. Тэр болгонд тэрбээр ердөө л эротик иллэг, массаж хийж, тайчих үзүүлбэр үзүүлдэг хэмээн мэлзжээ.
Мэрайя Кэригийн эгч өдгөө ДОХ-ын халдвар авсан бөгөөд сүүлийн үед ах, дүү нартайгаа уулзах хүсэл тээж явдаг болжээ. Мэрайягийн эгч дүү нартаа зөв үлгэр дууриал үзүүлдэг гэж хэлж болохгүй юм. Элисон биеэ үнэлсэн тул нэг бус удаа цагдаа нарт баригдаж байсан бөгөөд хар тамхи хэрэглэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчээсээ ДОХ-ын халдвар авчихсан аж. Өдгөө нэрт дуучны "бүтэлгүй" эгч нь хар тамхиа хаясан бөгөөд амьдралаа шинээр эхлүүлнэ гэж өгүүлжээ. Гэхдээ л Элисон сурсан юмыг сураар боож болдоггүйн адилаар хоолны мөнгөө тун ч өрөвдөлтэй аргаар олж байгаа юм. 50 настай энэ эмэгтэй биеэ үнэлсэн хэвээр байгаа гэнэ.


Түүнээс арай гайгүй мэргэжлийг Их Британийн ханхүү Уильямын гэргий Кэйт Миддлтоны үеэл Катрина Дарлинг сонгож авсан байна. Энэ бүсгүй тайчих үзүүлбэр үзүүлдэг нэгэн. Англи бүсгүй өөрийг нь Их Британийн Хатан хааны гэр бүлтэй маш амжилттай холбож өгсөн холбоосыг буруугаар ашиглаж суугаа аж. Өөрийн тайчих үзүүлбэр-шоуг тэрбээр "Бурхан минь, Хатан хааныг сахин хамгаална уу" гэж нэрлэжээ. Түүгээр ч барахгүй энэ сүйхээтэй бүсгүй тайзны өмсгөлдөө II Елизаветагийн зүүдэг титэм болон мөрөндөө тохдог үенгийн арьс үсийг өргөнөөр ашигладаг байна.
Кэйт Миддлтоны үеэл дүү өдгөө тайчих урлагийн од болсон бөгөөд Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон эгчээсээ зайгаа барьжээ. Ханхүү Уильямтай гэрлэхийнхээ өмнө Кэйт Миддлтон түүнд шууд л өөрийнх нь гэр бүлд таагүй хүмүүс олон бий гэдгийг нууж хаалгүй хэлсэн аж. Үеэл дүү Катрина Дарлинг нь тайчигч бол авга ах Гэри Голдсмит нь хэцүү нэртэд суугаад амжжээ. Харин ах Жэймс нь секс наадаан зохион байгуулах дуртай гэв. Британийн The Daily Mail хэвлэлийн сэтгүүлчид Дарлинг бүсгүйг олж уулзаад түүний амьдралын нарийн ширийн зүйлийг олж мэджээ.

Өдгөө 21 настай тайчигч бүсгүй Катрина Дарлинг өөрийн авьяас чадварыг Нью-Йорк хотын Сохо дүүрэгт байрлах нэгэн шөнийн клубт үзүүлж байгаа аж. Өмнө нь тэрбээр тайчих үзүүлбэрийг Лондон хотод үзүүлдэг байв. Дарлинг бүсгүй сэтгүүлчдэд "Их Британи надад дэндүү давчуухан санагдах болсон. Харин Нью-Йорк хотод эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч байна" гэж хэлжээ. Гүнгийн авхай Кэйт Миддлтоны үеэл дүү худлаа ярьж байж ч магадгүй юм. Түүнийг Лондон хотоос бушуухан яв гэж Бүкингемын ордны ёсзүйг сахиулагчид шахаж шаардсан болов уу. Өдгөө Катрина бүсгүй God Save the Queen гэдэг нэртэй шоуг толилуулж, ихээхэн амжилт олж яваа аж. Саяхан тэрбээр The New York Post сонинд өгсөн ярилцлагадаа "Заримдаа би ердийн тайчих урлагийн хэмжээ хязгаараас гарахад ч бэлэн байдаг. Би олны өмнө хувцсаа тайчихаас огтхон ч айдаггүй. Энэ ажил маань надад их таалагддаг" гэж ярьжээ. Одоогоос нэг жилийн өмнө Кэйт Миддлтоны төрсөн ах Жэймс интернэтэд тун эвгүй гэрэл зургуудыг байршуулсан билээ. Зарим нэгэн дээр нь энэ залуу гэрийн үйлчлэгч эмэгтэйн хувцас өмсгөлтэй гарсан бол нөгөө дээр нь тэвшин дотор чармай нүцгэн сууж байгаа нь харагдана. Өөр нэг зураг дээр өөрийнхөө ичимдэгийг барьсан байдалтай гарчээ.

Нэрт жүжигчин Пирс Броснаны хүүд ямар учраас асуудлууд гарсан байж таарах вэ? Баян чинээлэг, нэр хүндтэй аавынхаа буяныг эдлээд чимээгүйхэн шиг амьдрах боломж түүнд хангалттай байгаа. Гэвч тэгсэнүй. Сая л нэг юм ухаан сууж, кинопродюссер болохоосоо өмнө Крис Броснан дэмий сэлгүүцэж байсан бөгөөд хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдаж байсан билээ. Мөн тэрбээр бусдын хулгайлагдсан гар утаснуудыг шөнийн цэнгээний газар худалдахыг оролдож байсан юм. Иймд Пирс Броснан хүүгээсээ татгалзахад хүрсэн аж. Мань хүн анхны эхнэр Кассандра Харрисын дагавар хүү Кристофероос яагаад нүүр буруулах болсон нь ойлгомжтой. Крис хүү нь хар тамхины гүнзгий хамааралд ороод олон жил болжээ. Жүжигчин эр өөрийн хүүг хэзээ нэгэн цагт хар тамхины донтолтоос ангижирна гэдэгт итгэхээ больсон гэнэ. Ийм шийдвэр гаргах болсноо тэрбээр "Надад их хэцүү байна. Хэн боловч хүүхдээсээ татгалзах ёсгүй. Тэгвэл би Кристофероос нүүр буруулсан. Би түүнд "Явж амьдар, эсвэл үх. Энэ бол чиний л асуудал" гэж хэлсэн. Одоо би түүний төлөө зөвхөн залбирал үйлдэх л үлдлээ" гэж тайлбарлажээ.

Пирс Броснаны энэ үйлдлийг ойлгож болох талтай. Кассандра 1980-аад онуудын дундуур нас барсан тул жүжигчин эр түүний хүүхдүүд болох охин Шарлотта, хүү Кристофер нарыг нь өргөж авсанаас хойш хүү аавдаа амар тайван унтах боломжийг ер олгоогүй билээ. Броснан бүтэлгүй дагавар хүүгээ супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлдэг хэд хэдэн киноны продюссерын туслахаар ажилд оруулжээ. Гэвч цаадахь нь ажилдаа хамаг анхаарлаа хандуулалгүй илүү таатай зүйлд цагийг зориулдаг байв. Аль 1996 онд Кристофер согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул торгууль хүлээж байсан юм.

2002 онд супер туршуулын дагавар хүү хар тамхины тунгаа хэтрүүлж хэрэглээд золтой л нүд аньчихаагүй билээ. Мань хүн комын байдалд маш удаан хугацаанд байсан тул эмч нар түүнийг эргээд сэхнэ гэдэгт итгэхээ болиод байв. Эцсийн бүлэгт Кристофер ухаан орсон ч энэ явдлаас сургамж авалгүй хар тамхиа хэрэглэсэн хэвээр л байлаа. Харин 2004 онд тэрбээр жижиг хэмжээний хулгайн хэрэгт холбогджээ. Кристоферт бусдын гар утас "таалагдсан" байна. Энэ оны зургаадугаар сард Броснаны дагавар хүү героин хар тамхи хадгалсанд сэжиглэгдэн цагдаагийн хэсэг дээр хүргэгджээ. Мань хүнийг хар тамхи наймаалдаг хүний гэрээс гарч явахад нь цагдаа нар дагасан гэнэ. Гэвч удалгүй түүнийг барьцаа хөрөнгө аван суллаж явуулжээ. Мэдээж хэрэг, түүний хойд эцэг уг барьцааг төлсөн юм.

Дэвид Бэкхемын гэр бүл ч амар тайван амьдарч байгаагүй билээ. Түүний эгч Линны анхны нөхөр мансууруулах бодис худалдаалдаг хүн байсан юм. Харин Линн өөрөө ажил хийдэггүй байсан учраас үгүйрлийн ирмэгт очоод улсаас долоо хоногийн 256 фунт стерлингийн тэтгэмж гуйсан байдаг. Тэгвэл түүний дүү саятан хөлбөмбөгч гэрийнхнээсээ юугаа ч хайрладаггүй нэгэн учраас хэзээд эгчдээ хөрөнгө мөнгөөр туслахад бэлэн байжээ.

Оддын гэр бүлийн зарим нэг гишүүд ямар нэг хууль зөрчөөгүй хэрнээ сонин янзын үйлдэл гаргадаг билээ.
Жишээ нь, нэрт жүжигчин, найруулагч Мэл Гибсоны аав Хаттоны мэргэжлийг "зохиолч-судлаач" гэж нэрлэж болох юм. Харин түүний хамаатан саднууд Хаттон толгойдоо бага зэрэг сумтай болсон гэж ярилцдаг аж. Хаттон нэгэн вэб сайтыг ажиллуулдаг бөгөөд түүн дээрээ католик шашны тухай өгүүлсэн нийтлэлүүд, масоны хуйвалдаануудын талаар дурдсан материалууд, 2001 онд Дэлхийн худалдааны төвд болсон алан хядах ажиллагаанд жүүдүүд ямар үүрэгтэй оролцсон зэргийг хүүрнэсэн нийтлэлүүдийг байршуулдаг гэнэ. Дэлхийн II дайны ахмад дайчин тэрбээр өөрийн эдгээр нийтлэлүүдийг "Дайн одоо ч явагдаж байна" гэсэн хөмсгөн дор толилуулдаг аж.

Нэр алдартай ах, дүүгийнхээ нэрийг баасдаагүй хүмүүс олон бий. Жишээ нь, жүжигчин Скарлетт Йоханссонд Хантер нэртэй ихрийн өрөөсөн бий. Тэр нь Ерөнхийлөгч Обамагийн захиргаанд ажилладаг юм. Мөн жүжигчин Хью Жекманы охин дүү Их Британийн тагнуулын албанд ажилладаг байна. Холливудын жүжигчин бөгөөд фэшн-магнат Франсуа-Анри Пиногийн эхнэр Сальма Хайекийн эрэгтэй дүү захиалгаар чамин хийцийн буйдан хийдэг билээ.
Гэхдээ ихэнхи тохиолдолд тухайн гэр бүлийн хэн нэг нь олны танил болонгуут хажууд нь заавал бүгдийг баллаж орхиход бэлэн хамаатан садан гарч ирдэг юм. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны дүү Рожер хөгжимчин, жүжигчин байсны зэрэгцээ кокаин хар тамхи наймаалж, Нью-Йорк хотын зохион байгуулалттай гэмт хэргийг хяналтдаа байлгадаг мафийн таван том гэр бүлийн нэг Гамбинотой холбоотойд сэжиглэгдэж байжээ.

Үр шимийг нь хүртэгсэд

Оддын эцэг, эхчүүд намба сууж, ухаалаг болсон хүмүүс учир ихэвчлэн ажил хөдөлмөр эрхлэлгүй өөрсдийн өсгөж, хүмүүжүүлсэн үр хүүхдүүдийн алдрын бялуунд бялхан хаа нэгтээ Палм-Спрингс хавьцаа амар тайван амьдран суудаг билээ. Гэвч тэдгээрийн зарим нэг нь цагтаа тун сонирхолтой ажил мэргэжилтэй байсан гэнэ. Жишээ нь, жүжигчин Шарлиз Тероны ээж Герда цагтаа ӨАБНУ-д эгэл жирийн фермер байжээ. Тэрбээр архидан согтуурч, үе үе агсам тавьж дарамталдаг байсан эр нөхрөө буудаж хороосон бөгөөд дараа нь охиндоо Лос-Анжелес хүртэлх нисэх онгоцны тасалбар худалдан авч өгөөд амьдралаа бод хэмээн явуулсан аж. Хар арьст жүжигчин бүсгүй Холли Берригийн төрсөн ээж Жудит өөрөө цагаан арьст шаргал үстэй бүсгүй бөгөөд өмнө нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг байв.

Харин Мэтт Дэймоны ээж Нэнси Карлссон-Пэйж багш мэргэжилтэй бөгөөд хүүхэд хүмүүжүүлэх чадварлаг мэргэжилтэн байжээ. Үүний ул мөр одоо нүднээ илхэн байна. Түүний бага хүү Мэтт "Оскар" болон "Алтан бөмбөрцөг" шагналуудын эзэн болсон бол том хүү Кайл нь авьяаслаг уран барималч билээ. Дуучин Бейонсе уг нь удам залгасан хувцас зохион бүтээгч болох байсан биз. Од бүсгүйн эмээ, ээж нь загвар зохион бүтээгч бөгөөд эх нь одоог хүртэл ажлаа хийсээр, охиныхоо тайзны хувцаснуудыг урласан хэвээр байгаа юм.

Жастин Бибер гэдэг энэ "гайхалтай" хүүг ямар гээч хүмүүс өсгөж, хүмүүжүүлсэн бол гэж олон хүн сонирхож байгаа нь гарцаагүй. Биберын гэр бүл Канадад амьдардаг бөгөөд тун саяхан хүүг нь үзэн яддаг 270 мянган америкчууд Жастиныг тийшээгээ хөөж явуулах гэж бүтэлгүй оролдлого хийсэн билээ. Биберын аав, ээж нь урлагийн хүмүүс бөгөөд хөгжимчид гэнэ. Дуучин залуугийн ээж Пэтти Бибер өөрийн хүүгийн тухай "Зөвхөн өөдөө: Жастин Биберын ээжийн хүүрнэл" гэдэг нэртэй ном бичсэн бөгөөд түүндээ хэрхэн од хүү өсгөж, хүмүүжүүлснээ өгүүлжээ. Энэ ном борлуулалтаараа битгий л тэргүүлээсэй гэж найдах л үлдэж байх шиг байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment