Wednesday, November 12, 2014

Бага насны хүүхэд үр зулбуулах эмэнд хордсон тохиолдол гарчээ

Бага насны хүүхэд үр зулбуулах эмэнд хордсон тохиолдол гарчээ

1 цаг 37 минутын өмнө

ДЭМБ-ын судалгаагаар дунд болон буурай эдийн засгийн хөгжилтэй улс, орны хүүхдүүд шатахуун, парафин, керосин, эмийн бодис болон угаалгын нунтагт хордох нь их байдаг аж. Энэ явдал манай улсад ч элбэг гардаг бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд гол төлөв даралтны эмэнд хорддог байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар эмэнд хордсон, тунг хэтрүүлсэн, химийн бодисонд хордсоны улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 252 хүүхэд ханджээ. Ер нь жил ирэх тусам эмэнд хордох хүүхдийн тоо өсөж буйг графикаас харж болно.

Хүүхдүүд өвөө, эмээгийнхээ уудаг даралтны эм болон тайвшруулах төрлийн сэтгэцийн эм, ээжийнхээ уудаг жирэмснээс хамгаалах эмийг энд тэндээс олж уусан байдаг ба үр зулбуулах үйлчилгээтэй хүчтэй эмийг уусан тохиолдол хүртэл байдаг юм байна.


Тэрчлэн гэрт элбэг хэрэглэгддэг аяга таваг угаагч, шингэн вок, ванн нойлын өрөөний цэвэрлэгч бодисууд, хулганы хор, марганц зэрэгт ихээр хорддог байна. Харин тунг нь хэтрүүлэх тохиолдол халуун бууруулах парацетамол, ханиалганд уудаг сиропон эмүүдийн хэрэглээнд элбэг тохиолддог аж. Парацетамол нь Панадол, Талинол, Параденк зэрэг маш олон нэршлээр орж ирдэг ба жирийн иргэд үүнийг сайн мэддэггүйгээс давхардуулж уулгах, шулуун гэдсээр дахин хийх, халуун буурахгүй байна хэмээн ойрхон цагаар уулгах зэргээр хордлогод оруулдаг байна. Энэ эм нь айл бүрийн эмийн хайрцганд байдаг жоргүй олгогддог эм хэдий ч бага насны хүүхэд парацетамол болон аспиринд амархан хорддог аж. 0-3 насны хүүхдэд парацетамолын лааг 125 мг-аар, эмийг дөрөвний нэгээр өгөх ёстой бол 3-5 насны хүүхдэд эмийг хоёрны нэгээр, лааг 250 мг-аар хэрэглэх заалттай. Хүүхэд өөрөө мэдэлгүй уух, эцэг эхчүүд тунг нь хэтрүүлэхээс гадна хариуцлагагүй, тоомжиргүй эмийн санч, жор баригч нар эмийг андуурч олгох, тунг буруу тааруулах зэргээс үүдэн хүүхдүүд мөн хордож байна. Сүүлийн томоохон жишээ нь "Фенобарбитал" эмийн тунг том хүний дозоор тааруулсан байсныг нярай хүүхдүүдэд өгөх зориулалтаар худалдаалсны улмаас 14 нярай хордсон хэрэг гарсан билээ.


Хүүхэд эм болон химийн бодисонд хордсон бол яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай. Эмнэлэгт хүртэл хугацаа их зарцуулахаар бол их хэмжээний ус уулгаж, бөөлжүүлэх нь зүйтэй байдаг аж. Эм ууснаас хойш хоёр цагийн дотор ходоодыг цэвэрлэж чадвал аюул бага болдог бол дээрхи хугацаанаас хойш уусан эм хоол боловсруулах замаар шингээд, ходоодны хананд шимэгдэж, хор бүх биеэр нь тархдаг аж. Харин шатахуун, тос, тосол, керосин зэрэг бодисуудыг уусан тохиолдолд бөөлжүүлэх нь ходоодыг түлэх аюултай тул дур мэдэн арга хэмжээ авахаас зайлсхийх шаардлагатай талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Ер нь бага насны хүүхэд эм, химийн бодисноос гадна товч, жижиг зай, хадаас, шүрүүп зэрэг жижиг зүйлсийг залгиж, эрүүл мэнд амь насаараа хохирох нь их байдгийг эцэг, эхчүүд анхаарууштай.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment