Tuesday, November 18, 2014

Циркийн усан оргилуур орчимд барилга барихаар шүүхдэлцэв

Циркийн усан оргилуур орчимд барилга барихаар шүүхдэлцэв

Өнөөдөр 15 цаг 56 минут

- Циркийн хойд хэсгийн талбайг "Рояал плаза" ХХК авахаар шүүхдэж байна -


2004-2011 онд хотын удирдлагуудаар ажиллаж байсан үе үеийн мээрүүд, тэр дундаа тэдний хамсаатан, газрын албаны дарга нар олгох газрынхаа эрх мэдлийг хэтрүүлэн ихэвчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд газар олгосон байдаг. Иймээс ч нийтийн эзэмшлийн 14 мянган га газрын 12 мянган га-д газрын зөвшөөрөл гаргаж, зарим нь хүчингүй болж, харин зарим хэсэг нь шүүхийн шатанд яваа юм. Олгогдсон газруудад улсын чанартай авто зам, ногоон байгууламжийг дамнуулан 3000 гаруй газар олгожээ. Энэ үйлдлүүдийн дийлэнх нь тухайн үеийн хотын мээр, одоогийн МАН-ын дарга М.Энхболд, хотын мээр асан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, мөн газрын албаны дарга асан Ц.Сандуй нарын гарын үсгээр шийдэгджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгч байгаа мэдээллээр эхнээсээ газрын зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа ч тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд их хэмжээний мөнгө төлсөн компаниуд шүүхэд хандаад эхэлсэн гэнэ. Тодруулбал, бидний сайн мэдэх Циркийн фонтанаас урагш, циркээс хойшхи хүмүүсийн амарч суудаг суудал бүхий саравч орчмын газрууд бүгдээрээ хувь хүн, иргэд, компаниудын мэдэлд орсон юм байна. Энэ газар дээр авто зам, ногоон байгууламж, нийтийн явган хүний зам гээд нийтийн газрууд багтаж байгаа бөгөөд Хангай зочид буудлын ард байрлах төв зам, явган хүний замыг дамнуулан иргэдэд газар олгосон бол "Их Монгол" рестораны урд хэсгийн авто замтай талбайг "Мөнххаан трэйд" компани эзэмшиж байгаа аж.

Харин хүмүүсийн амарч, нарлаж суудаг саравч бүхий хэсгийн талбай авто замтайгаа "Рояал плаза" ХХК-ийн мэдэлд шилжжээ. Энэ газрын зөвшөөрлийг хүчингүй болох шийдвэр гарсан ч одоогоор тус компани энэ шийдвэрийг эсэргүүцэн асуудал шүүхэд шилжээд байгаа юм байна. Тус газрын зөвшөөрлийг 2011 оны 06 сарын 21-нд Газрын албаны дарга асан Ц.Сандуй, хотын дарга Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурж олгосон байдаг бөгөөд нийтдээ 8000 метр квадрат талбайг хамарч байгаа юм. 2013 онд хотын захирагчийн А287 тоот захирамжаар тус газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон ч газар эзэмшиж байсан "Рояал плаза" ХХК энэ газар дээр барилга барина, эсвэл авто үйлчилгээний цогцолбор барина хэмээн зүтгэж, Нийслэлийн өмчийн харилцааны газрыг шүүхэд өгчээ. Ийнхүү нийтийн эзэмшлийн газар хууль бусаар сандайлсан компани өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөж, шүүхэд хандаад байгаа гэнэ. Энэ талбай нь Нийслэлийн А зэрэглэлийн бүсээс гадна одоо шинэчилсэн төлөвлөгөөнд уулзвар гарц, ногоон байгууламжаар тусгагдсан, барилга барих төлөвлөгөөнд ороогүй талбай юм. Энэ асуудал ямартай ч шүүхийн шатанд явна. Аль тал нь ялалт байгуулахыг мэдэхгүй гэдэг тайлбарыг албаныхан өглөө. Энэ мэтээр нийслэлд ногоон байгууламж бүхий газрууд томоохон компаниудын мэдэлд орсон байдал олон байгаа. 2008-2011 оны хооронд 54 сургууль, 15 цэцэрлэгийн хашааны газар мөн л бусдын гарт очжээ. Энэ талаар бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment