Saturday, January 24, 2015

Сүнсний ертөнцийн бодит түүхүүд-1

Сүнсний ертөнцийн бодит түүхүүд-1

Өчигдөр 14 цаг 45 минут

Үхсэн хайртайгаа зүүдэндээ уулзсан нь


2012 оны наймдугаар сарын 30-нд миний хар багын найз Батаа нас барлаа. Ёстой тэнэг үхэл. Түүнийг хадлангийн талбай дээр бөхгөнө зөгий хатгасан бөгөөд найз минь анафилакт шоконд орж тэр даруйдаа амьсгал хураасан юм. Зөгийн хоронд их мэдрэмтгий хүн байсныг бидний хэн маань мэдэх билээ. Ер нь амьдралд их юм сурах хэрэгтэй болдог юм байна. Яг энэ явдлын дараа би үүнийг сонин дээрээс олж уншсан юм.
"...Зөгий, шар зөгий бусад шавьжинд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:
Хатгасан хэсэгт өвдөх, хорсох ба улайж хавагнасан байна. Хэрэв зөгийн хатгуур арьсанд үлдсэн байвал түүнийг авч хаяна. Хатгуулсан хэсэг дээр усаар нэг дахин шингэлсэн архи, үнэртэй усаар норгосон боолт хийнэ. Хэрэв үнэртэй ус, архи, спирт аль аль нь байхгүй бол энгийн содтой усаар жин тавьж болдог..."
Ийм энгийн зүйл мэдэхгүйн хар гайгаар нөхөртөө яаралтай тусламж үзүүлж чадаагүй. Бас үзүүлэх боломж ч байхгүй байсан юм билээ. Эмчийн хэлснээр анафилакт шок гэдэгт цөөн хүмүүс өртөх магадлалтай. Энэ нь зөгийн хор зэрэг зүйлд хэт мэдрэмтгий хүмүүс гэсэн үг.
Энэ ч яахав. Тэр явдлаас хойш 12 дугаар сарын үед байх аа би нэг зүүд зүүдэлсэн юм. Гэхдээ энэ зүүд бодит юм шиг, бүх зүйл тов тодорхой байснаараа гайхалтай.

Би зүүдэндээ найз бүсгүй Мядагмаагийнхаа гэрт байж байх юм. Энэ бол Батаагийн эгч л дээ. Бид хоёр зочид хүлээж авах гэж буй бололтой жигнэсэн буузны үнэр ханхалж, ширээн дээр идэж, уух зүйл өржээ. Хүлээн авалт л гэсэн үг. Баяр баясгалан, хөгжил цэнгээн, инээд хөөр бүгд л байлаа. Яг л бид өсвөр насандаа цуглаж ингэж уулздаг байсан шиг. Би гал тогооны өрөөнөөс идэж уух юм зөөхдөө заримдаа Мядагмаа, Батаа хоёрын аль дээр үед нас барсан эмээтэй зөрж өнгөрнө. Сүүлд нь талийгч эмээ "Хэдэн өдөр ингэж ууж, идэх гэсэн юм? Би Насаа эмээгийнд нь очлоо" гэж бувтнаад хаалга тасхийтэл хаагаад гараад явчихав...
Тэдгээр зочдын дунд хамгийн гол хүн нь мэдээж талийгаач болсон Батаа маань байлаа. Би түүн рүү эргэж хараад найз нараа танилцуулаач гэв. Зочид гурвуулаа байсан бөгөөд Батаа бас хоёр бүсгүй байсан юм. Тэр хоёрын нэг нь яг л Мядагмаагийн хуулбар. 18-20 настай байх үеийнх нь шүү. Түүнтэй танилцахад тэр гараа сунгаад "Пунсаа. Пунсалмаа" гэлээ. Хоёр дахь бүсгүй нь ч Батаагийн хэлснээр хамаатных нь ажээ. Зочид маань бараг ярихгүй, бас асуултад ганц хоёр үгээр л хариулж байлаа.

Бүгд ширээнд суусны дараа яагаад ч юм зузаан стаканд Мядагмаа архи хундагалж байлаа. Миний сэтгэл гэнэт хөдөлж, тэсэлгүй босоод:
- Батаа, бид хоёр уулзалгүй удлаа шүү гэвэл,
- Тийм ээ, есдүгээр сараас хойш гэв. (Түүнийг бид үнэхээр есдүгээр сарын 01-нд сүүлчийн замд нь үдсэн юм)
Би үргэлжлүүлэн:
- За, алив чамтай уулзсаны төлөө тулгая! гэхэд Батаа өөдөөс:
- Амьд байгаачуудын төлөө хэмээн тодотгов.
Бид ууцгааж, дахин хундагаа (стаканаа) дүүргэцгээж байлаа. Би тэднээс хаагуур ороод ирснийг нь асууж, цонхоор харахад үзэгдэхгүй л байсан даа хэмээн нэмж хэллээ. Харин Батаа инээмсэглэн байж хивс өлгөсөн хана руу заан "Түүгээр орж ирсэн" гэв. Хананд Мядагмаагийн гэрийн нэгэн сонин хээ бүхий орос хивс өлгөөтэй харагдана.

Тэгээд яагаад ч юм би босон тийшээ очиж хивсийг сөхөж үзэв. Гэтэл түүний цаана нэг сонин цагаан хаалга байх аж. Бас бариултай юм. Би бариулаас атгаж, хаалгыг онгойлгохоор шийдэв. Гэтэл Батаа "Орж болохгүй. Битгий онгойлго" хэмээн чанга хашгирав. Би түүнийг тоолгүй хаалгыг онгойлгож эхэллээ. Гэтэл сэрүүлэг чанга дуугаран намайг сэрээлээ.
Хожим би энэ тухай Мядагмаад ярьтал тэр их гайхаж, түүнтэй адилхан Пунсалмаа гэдэг бүсгүй бол тэднийхийг манай аймагт нүүж ирэхээс өмнө осолд орж өөд болсон ихрийн өрөөсөн нь гэдгийг хэллээ. Бас нөгөө бүсгүйг миний дүрслэн хэлэхийг сонсоод тэр хотод байхад Туул голд живж нас барсан ахынх нь охин гэж билээ.
Харин Батаа миний зүүдэнд орсон нь бол ойлгомжтой зүйл. Түүнийг нас барахаас өмнө бид хоёр нэгэн өвсөн бухал дээр хорвоогийн жаргалтай шөнийг өнгөрүүлж, хамтран амьдарна гэж мөрөөдөцгөөж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment