Saturday, January 24, 2015

Ажилчин залуу цуврал алуурчин болох шахжээ

Ажилчин залуу цуврал алуурчин болох шахжээ

Өчигдөр 14 цаг 47 минут

Батдоржийг долоон настай байхад түүний эцэг, эх автомашины осолд орж өөд болцгоосон юм. Түүнд өөр төрөл төрөгсөд байхгүй тул асрамжийн газар өсчээ. Гэвч энэ бол бүх л юм хаалттай байсан социалист нийгмийн үе буюу өнгөрсөн зууны 70-80-аад онд болсон хэрэг. Эцэг, эхтэй нь тохиолдсон аймшигт явдлын дараа хүү маш их дотогшоогоо хүн болжээ. Хэнтэй ч харьцахыг хүсдэггүй байлаа. Асрамжийн газар ирээд бусад хүүхдүүд танилцах ч юм уу хамтдаа тоглох гэж оролдоход юу ч хариулдаггүй, эсвэл зугтаагаад явчихдаг хүү байв.
Ер нь тэнд Батдорж хэнтэй ч харьцаж, хэнтэй ч нөхөрлөхийг хүсдэггүй байсан учир ямар ч хүн түүнийг өргөж авъя гэсэнгүй. Харин 16 нас хүрэхдээ нэг охинтой танилцсан агаад удалгүй тэд сайн найзууд болцгоосон юм. Тэд нэг нэгийгээ хайрлаж, нөгөө "хүзүү, сээрээрээ холбоотой юм шиг" гэдэг лугаа адил хаа ч хамт явдаг болсон байна. 18 нас хүрээд хамтдаа асрамжийн газраас гарч, тэр үеийн хууль ёсоор хуучин Ажилчны районы нэгэн байранд өөрсдийнх нь хүсэлтээр нам, төрөөс нэг өрөө байранд хамт оруулахыг зөвшөөрсөн юм.

Батдорж хар үстэй, өндөрдүү нуруутай бахим эр болжээ. Харин түүний найз охин Ховдын гаралтай, торгууд угсааны цэвэрхэн монхордуу хамартай, туранхай зэгзгэр цагаан охин байлаа. Тэр үед бүгд л халх гэж явдаг байсан ч Пагма охин торгууд овгоороо л иргэний паспортаа авчээ. Түүний эцэг, эх мөн л авто ослоор үрэгдсэн ч тэр үед Пагма 13 настай байсан учир үндэс, угсаагаа мэдэхтэйгээ байлаа. Харин Батдоржид хуучирч шарласан хэд гурван зурагнаас өөр аав, ээжийнх гэх юм үлдсэнгүй. Баруун монгол охин гэхэд судас нь гэрэлтэм нимгэн цагаан царайтай хөөрхөн охин байсан аж. Тэр үеийн Ажилчны районы хэдэн атаман Пагмаг оролдох гэж нэг үзээд Батдоржийн хүнд нударганы амтыг ээлжлэн хүртсэнээс хойш тэгж муйхарлахаа ч байж. Ер нь тэр үеийн атаман нэртэй хүмүүс үнэхээр сайн эрс байсан агаад нударга, зориг хоёрыг ихэд үнэлж, хүндэлдэг шударга эрс байсныг тухайн үеийнхэн ярьдаг даа.

Ажилчны районд хэдэн арваараа байсан үйлдвэрийн нэгэнд Батдорж ажилд орж, тухайн үеийн Социалист хөдөлмөрийн аварга бригадад ажиллаад хамт олон, хайр сэтгэл гэдгийг амсаж эхэлсэн учир хүүхэд насных нь гүн эмгэнэл бараг мартагдаж, инээж хөөрсөн яриа хөөрөөтэй нэгэн болсны дээр ажлаа яс хийдэг, хүнтэй эвтэй харьцаатай, амьдралын төлөө гэсэн нэгэн болон хувирсан нь ердөө хоёрхон жилийн хэрэг байлаа. Гэхдээ бусдаас ялгаатай нь эгэл амьдралын муу муухайг төдийлөн үзээгүй тул хүмүүсийн муу санаа, худал хэлэх, хулгай хийх зэргийг үзэн ядна. Тийм учраас түүнийг үйлдвэрийн МХЗЭ-д шууд нэгэн зэрэг гар өргөн элсүүлсэн юм.
Пагма, Батаа хоёр нэг нэгэндээ үнэнхүү тачаадан дурлахын хажуугаар энхрий ялдам, ариун нандин байлаа. Урд нь ийм мэдрэмжийг хэн хэн нь амталж байсангүй. Эцэг, эхээ алдахын гашуун зовлон, түших тулах хүнгүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, хамаатан садан, ах дүү ч байхгүй тийм л хар бараан зүйлс дурсамж дүүрэн байсан хоёр шүү дээ. Хэзээ ч хэрэлдэж байсангүй, хоёр нялх хүүхэд шиг үргэлж хамт байж, Батдоржийг ажилдаа яваад ирэх тэр хооронд л тусдаа байж нэг нэгнийгээ үгүйлэн санадаг байв.

Ажил төрөл ч жигдрэн сайхан айл болох шинжтэй болж, дотроо бодолтой Батдорж Пагмадаа гэрлэх саналаа тавьжээ. Мэдээж, улам үзэсгэлэнтэй, улам сайхан гунхсан бүсгүй болсон Пагма ч зөвшөөрчээ. Зөвшөөрөх зөвшөөрөхдөө хацар дээрх хонхорхой нь улам гүн болж инээмсэглэж ирээд л зөвшөөрсөн хэрэг. Мэдээж, бүсгүй хүн тэр саналыг л хүлээж байсан байлгүй яахав. Тэр үед Монголд орос моод дэлгэрч, залуус хуримлахдаа тэр ёсыг дагахыг хичээх болж, харчууд нь хар хослол, цагаан цамц, зангиа хүүхнүүд нь хун цагаан даашинзтай хуримлах гэдэг болсон байлаа. Тэгээд Пагма оёдлын газар ажилладгийнхаа хэргийг гаргаж цагаан панс, хэсэг цагаан хоргой зэрэг бас бус юм худалдаж аваад гэртээ шинээр худалдаж авсан оёдлын машин дээрээ Оросын нэгэн сэтгүүлийн зураг, эсгүүрийг харан байж хоёр, гурван шөнө нойргүй суун өөртөө ганган цагаан даашинз урлаж авчээ. Харин Батдорж үйлдвэрийнхээ орос мэргэжилтэнг гуйн байж орос дэлгүүрээс гайгүй дэгжин пиджак, костюм авсан байна.

Социалист хөдөлмөрийн бригадын гишүүн гэрлэх гэж байгаа тул хамт олноос нь өнчин залуусын хуримыг зохион байгуулахаар болж, Хуримын ордонд ёслолыг хийхээр болов. Харин залуус бага зэрэг тансаглахаар шийджээ. Тэр хоёр үйлдвэрийнхээ өөр өөр машинаар Хуримын ордонд очихоор шийдэв. Тус тусын хамт олон шийдвэрийг дэмжин байгууллагынхаа нэг нэг хөнгөн тэргээр үйлчлэхээр болжээ. Хуримын ордонд Батдорж түрүүлж хүрсэн боловч сүйт бүсгүй чимээгүй байсаар байлаа. Шинэ хүргэн цагаа харан яарна. Нэлээд удсан ч байдаггүй. Одоо үеийнх шиг гар утас энэ тэр юм байхгүй болохоор тэр үеийн хүлээлт үнэхээр зовлонтой байсан нь ойлгомжтой. Тэрбээр гэрт нь л нэг юм болж гэж бодоод жолоочтой гэртээ хариад ирье гэвэл тэр зөвшөөрч хамт гарлаа.
Гэрийнхээ гадаа очоод маш аймшигтай дүр зураг олж харав. Пагма цагаан палаажтайгаа хоолойгоо хэрчүүлэн цусанд хутгалдаж, харин жолоочийн цээжинд урт хутга зоолттой, амьсгаатай байсан ч юм хэлж чадсангүй ангалзсаар байгаад амьсгаа хураав. Хожим мэдэхэд түүний уушгинд нь хутгалсан байжээ. Батдоржийг хүүхэд байхаас мэдэх аймшиг эзэмдэн авч, эргэн тойрон мананд байгаа мэт хөврөөд явчихав. Харин цуг ирсэн жолооч үйлдвэрийн район руу гүйж сэргийлэх, түргэн тусламж дууджээ.

Эмч нар Батдоржид Пагма жирэмсэн байсныг дуулгасан нь түүнд давхар цохилт болов. Хоолой нь бачуурч, амнаас нь хий ч гарсангүй. Боож үхэх мэт болж, ухаан алдан унав. Батдорж эмнэлгийн өрөөнд сэржээ. Уйлах гээд уйлж ч чадсангүй, гаргах гээд нулимс ч унагасангүй. Ухаан орсон түүнд эмч нар гэртээ харьж амрахыг зөвлөжээ. Түүнийг хүлээж байсан үйлдвэрийн жолооч гэрт нь хүргэж өгөөд болсон бүхнийг дуулгахаар ажил руугаа явлаа. Тухайн үед гэрлэх гэсэн хосуудад тэдэнд үйлчлэх жолооч нарт л чөлөө өгч, ажлынхныг нь ажил тарахаар тэдний гэрт очихыг үүрэгдсэн тийм л хөдөлмөрийн сахилга баттай он жилүүд байсныг соц нийгмийг үзэж туулсан хүн бүхэн мэдэх биз. Сүйт бүсгүй, жолооч хоёрыг алуулж байхыг харсан гэрч ч олдсонгүй. Ажилчдын районы тэр байрнуудад ажил эхэлсэн өглөө хүн байсан гэвэл бараг гэмт хэрэг болох байлгүй.

Тэр цагаас Батдорж бараг солиорчээ. Шөнөөр хар даран зүүдэлж, нэвт хөлрөн сэрнэ. Ажлаа ч хаяж. Архи уудаг болсон байна. Нэг иймэрхүү байж байгаад жилийн дараа тэр бүрмөсөн галзуурчээ гэхэд болно. Гудамжинд гараад хажуугаар нь өнгөрөх аз жаргалтай хүмүүсийн царай, ялангуяа залуу хосуудыг хараад үзэж чаддаггүй байлаа. Тийм хосуудыг өөрийн мэдэлгүй дагаж мөшгин мөрдөх болов. Нэг удаа эмнэлэгт хордлого тайлуулах дусал залгуулаад гарахдаа нойрсуулахад хэрэглэдэг шилтэй эфир хулгайлжээ. Ээлжит нэгэн мөрдлөгийнхөө үеэр залуу нь бүсгүйг гэрт нь дөхүүлж өгөөд буцахад нь тэр бүсгүйг эфир шингээсэн даавуугаар ам, хамрыг нь таглан ухаан алдуулаад гэртээ авч ирсэн байна. Тэгээд түүнд одоог болтол хадгалсаар байсан Пагмагийн хуримын даашинзыг өмсгөөд хэзээ нэгэн цагт хайртай Пагмыг нь алсан шиг хоолойг нь хэрчжээ. Тэгээд түүнийг Пагмагийн суух дуртай сандал дээр суулгаад өмнө нь ширээ засч гаднаас архи, пиво зөөн авч ирж уун согтуурдаг болжээ. Гэвч удалгүй бүсгүйн хүүр бээж, өмхийрч эхлэхэд түүнийг шөнөөр гарган одоогийн "АПУ" компанийн байрны орчим замын хажуугийн модны дэргэд цогцсыг хаясан байна. Аз болоход хэн нэгэн түүнийг харж сэргийлэхэд мэдэгдсэнээр цааш нь ийм аргаар олон ч эмэгтэйг хөнөөж болох байсан цуст алуурчинг барьсан юм.

Харамсалтай нь, түүний гарт хоолойгоо хэрчүүлсэн бүсгүй давхар биетэй байсны дээр Пагматай үйлийн үргүй адилхан нэгэн байсан гэдэг.
Энэ хэрэг мэдээж хаалттай нийгмийн үед хавтаст хэрэгт бүртгэгдээд тэгсхийгээд чимээгүй өнгөрсөн ч аль тэртээх жилүүдээс эхлээд эдүгээ хүртэл манайд сэтгэл судлал, сэтгэл засал гэдэг шинжлэх ухаан огт байхгүй байсныг илчилсэн баримт болон үлджээ. Ер нь цуврал алуурчид бага байхдаа сэтгэлзүйн шарх авсан байдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон билээ. Тэгэхээр хэзээ нэг цагт тийм хүмүүсийн доторх араатан сэрэхэд бэлэн байдаг гэсэн үг.

Цуврал алуурчин гэж хэн бэ? Тэдний сэтгэлзүй ямар байдаг вэ гэдгийг товчхон дурдвал:
Цуврал алуурчин гэдэг нь гурав болон түүнээс олон хүний амь насанд хүрсэн гэмт хэрэгтнийг хэлнэ. Бүхий л аллагад хохирогчид нь алуурчнаасаа сул дорой нэгэн байдаг. Цуврал алуурчид ихэвчлэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг өөрийнхөө бай болгодог. Цөөн тооны алуурчид хөгшин болон дунд эргэм насны эрчүүдийг сонгодог ч эцэст нь залуу эмэгтэй рүү анхаарлаа хандуулдаг байна.
Цуврал алуурчид айдсаа ялан дийлэхийн тулд үхсэн хүмүүстэй хамт амьдрах гэж хичээдэг. Үүнээс харахад алуурчдыг галзуу гэж бодохоор боловч тэд хэрэг хийхдээ маш бодлоготой хөдөлдөг ба буруу алхам хийдэггүй байна. Үүнээс гадна ихэнхи цуврал алуурчид нийгэмдээ хэрэгцээтэй хүмүүс байдаг ба тэдний IQ нь өндөр байдаг ажээ.

Алуурчдын аймшигт үйлдэл нь магадгүй хүүхэд насны хар бараан өдрүүдтэй холбоотой. Ёс суртахуунгүй гэр бүлд, хайр халамжгүй, мөн дарамт шахалтад өссөн хүүхэд догшин ширүүн нэгэн болж өсдөг. Цуврал алуурчид ихэнхдээ тэдэнд заналхийлж буй бурхны хүч эсвэл толгой доторх дуу хоолойтойгоо тэмцэлдэж байдаг. Тэд ашиг олохын төлөө бус харин зүгээр л зөв гэж үзсэн учраас хүний амь хөнөөдөг байна.
Цуврал алуурчдын тухай гаргасан сэтгэл судлаачдын онолын хамгийн алдартай нь Мак Доналдын гурвалсан онол юм. Түүнийхээр алуурчны зан чанарыг дүрсэлбэл:
- Амьтны хэрцгий зан чанар (хүний төрөлх инстинк)
- Хий үзэгдэл
- Таваас дээш насны нойтон зүүд үзэгддэг байсан зэрэг юм.
Статистикийн үзүүлэлтээр эдгээр гурван зан чанар нь цуврал алуурчдын хүүхэд насанд байсан гэдгийг харуулдаг. Тэдний гаргаж буй энэ аймшигт үйлдэл нь хүүхэд насандаа амссан зүйлсийнх нь нөлөө юм. Тэд зөвхөн харж мэдэрч өссөн зүйлсээ гаргаж, үүнийгээ ч зөв гэж боддог. Харин энгийн хүмүүсийн хувьд бол тэд сэтгэцийн гажигтай хэрцгий хүмүүс. Тэд юу хийж байгааг л бид сонирхдогоос юу тэднийг ийм болгосонд төдийлөн анхаарал хандуулдаггүй билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

С.Майдар

0 comments:

Post a Comment