Б.Наранхүү: Бид сайхан эхнэрээ нүүр бардам магтдаг болмоор байна
44 минутын өмнө
УИХ-ын гишүүдийн дунд "хэлд ороогүй" хэдэн эрхэм байдаг билээ. Тэдний нэг нь яах аргагүй Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүү юм. Сонгогчдынхоо итгэлийг олж төрд орж суусан хэрнээ тэднийхээ эрх ашгийн төлөө дуугардаггүй сонин хүн шүү хэмээн түүнийг шүүмжлэх нэгэн ч байдаг юм. Улс төрийн ажил ярихаасаа илүү хурдан морь ярих хоббитой гишүүн сүүлийн үед хэлд ороод их сүрхий байгаа гэнэ шүү.Тэрбээр дэд сайд нарын асуудалд өөрийн байр суурийг илэрхийлжээ.
"Би ер нь ийм зүйлд дургүй. Бид улам олуулаа ажиллаж, бүтээх ёстой. Түүнээс байгаа тогоондоо ямар ч бодлогогүйгээр зодолдоод байгаа нь буруу гэж бодож байгаа. Улам олон хүн Монголын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байж, эдийн засгаа тэлж, өргөтгөж байж Монгол Улс хөгжинө.
Ер нь Монголын философийн суурь ойлголтуудыг өөрчлөх ёстой. Жишээлбэл, Монголыг хүчгүй байлгахын тулд үнэтэй зүйлээс нь салгаад ирчихсэн. Наад зах нь эхнэрээ, морио, өөрийгөө магтсан хүн тэнэгт тооцогддог. Сайхан эхнэрээ магтаж чадахаа больчихсон, дэлхийг байлдан дагуулж байсан морио магтаж чадахгүй. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхээс ч ичдэг болчихсон. Ийм улс цаашаа хөгжихгүй. Цаашлаад өртэй хүн өөдөлдөггүй гэж яриад байдаг. Гэтэл зээл аваад түүнийгээ зөв, буруу зарцуулах л асуудал байгаа болохоос зээл авахгүй гэдэг улс, орон дэлхий дээр нэг ч байхгүй. Тэгэхээр зүгээр нэг дэд сайд байгаа, байхгүйдээ асуудал оршихгүй. Хэдэн төгрөг хэмнэх гээд аргаа бараад, тэнд ажил хийж байгаа хүнийг халъя, сольё гэдэг л зүйлийг яриад байгаа юм. Энэ бол цэвэр популизм. Угтаа илүү олон дэд сайдтай, хүчирхэг залуучуудтай байж Монгол хөгжинө. Өөр ямар ч арга байхгүй. Дэд сайд нар байх ёстой" хэмээсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment