2004 онд хэвлэгдэж, 2005 ондоо хятадын шилдэг зохиолоор шалгарсан БНХАУ-ын зохиолч Жан Руны "Чонон сүлд" Монголыг оролцуулаад дэлхийн 32 хэл дээр хэвлэгджээ. Энэ номоор Францын найруулагч Жан Жак Анно кино бүтээн дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байна. Оскарын шагналт найруулагч Жан Жак Анног монголчууд "Түвдэд өнгөрүүлсэн долоон жил" киногоор нь сайн мэдэх билээ. "Чонон сүлд" киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Р.Анхням, Бэсин Зябу нар тоглосон юм. Ингээд жүжигчин СТА Р.Анхнямыг GoGo.Cafe буландаа урьсан юм.МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ЁС ЗАНШИЛ, ЗАН ҮЙЛЭЭ ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ ХИЙДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ
- Хятад болон Өвөрмонголын олон алдартай жүжигчин бүсгүйчүүд шалгаруулалтад орсон гэнэ лээ. Гэтэл Галсмаагийн дүрд тэр олон хүнээс Таныг сонгосны учир нь юу юм бол оо?
- Би монгол хүн гэдгээрээ давуу байсан. Монгол эмэгтэй хүн гэдэг морь унана, үнээгээ саачихна. Ёс заншил бүхнээ хэнээр ч хэлүүлэлтгүй бас заавал судлаад байх шаардлагагүйгээр мэднэ. Найруулагчийн хувьд Галсмаа гэдэг хүний дүрийг дотроо төсөөлчихсөн байгаа. Тэр төсөөлөлд нь илүү дөхсөн байх.
- "Чонон сүлд" романыг дүрийн шалгаруулалтад орохоосоо өмнө мэдээж уншсан байсан байх. Гэхдээ миний сонссоноор их олон хүн энэ романыг дуусгаж чадалгүй дундаас нь орхисон талаараа ярьж байсан?
- Зохиол нь дунд хэсэгтээ орохоор бүр ч их унших сэдэл төрүүлсэн, сонирхолтой. Би бол нэг бариад л гурван өдрийн дотор уншиж дууссан. Номынхоо өмнөтгөл дээр "энэ зохиолоор Францын нэрт найруулагч Жан Жак Анно кино хийх гэж байгаа" гэж бичсэн байсан. Мэдээж би жүжигчин хүн учраас "Галсмаа гэх гол дүрийн эмэгтэйнх нь дүрд тоглодог сон бол" гэж бодож, төсөөлж Галсмаагийн дүр дээр илүү анхаарал өгч уншсан. Гэхдээ зохиол дээрээ Галсмаагийн дүр цөөхөн гардаг юм.
- Трэйлерийг нь хараад их олон чоно тоглуулж дээ гэж бодсон. Зохиол нь ч угаасаа энэ талаар. Таны бодлоор чоно, хүн хоёр хэр зохицмоор, юугаараа адилхан санагдсан бэ?
- Чоно бол тэмцэгч. Байгалийн хүчин зүйлстэй, хүмүүстэй тэмцэнэ. Чоныг зүв зүгээр давхиад явж байхад нь л хүн таарахаараа ална гээд дайраад байдаг. Яагаад тэгдэг юм бэ. Тэр бидэнд ямар буруу зүйл хийв. Тэгэхээр бүх насаараа тэмцэж амьдардаг энэ амьтныг бодохоор бас их өрөвдмөөр. Нүүдэлчин ард түмэн ч гэсэн бас л тэмцэгчид. Байгалийн хүчин зүйлстэй тэмцэнэ. Амьдралаа тэмцэж бий болгодог. Үүгээрээ төстэй юм. Номон дээрээ ч нүүдэлчид болон чононууд бие биеэсээ суралцаж амьдардаг гэж гардаг.
- Зөндөө олон чоно, тэгээд баахан эрчүүд дунд ганц эмэгтэй байгаа энэ харьцаа их сонин. Таны бодлоор тэр эмэгтэйгээр юуг илэрхийлэхийг зорьсон юм бол?
- Хайр энэрэл, гэрэл гэгээ юм болов уу. "Жинхэнэ монгол эмэгтэй ямар байдаг вэ гэдгийг л гаргаж ирээч" гэж найруулагч маань надаас хүссэн. Би чадлынхаа хэрээр л тоглосон. Дэлхий даяараа нээлтээ хийж, олон оронд гарах энэ киног үзсэн хүн монгол эмэгтэйн дотоод мөн чанарыг энэ дүрээр харах нь. Үүнийг яаж харуулах вэ гэж нэлээд их толгойгоо гашилгасан. Миний жил хагасын хөдөлмөр юм уу даа.
- Галсмаа гэж ямар хүн бэ?
- Энгийн л нэг малчин, монгол эмэгтэй.
- Трэйлерүүдийг нь харж байхад Галсмаа тэгж их яриад байдаггүй юм билээ. Жүжигчин хүний хувьд үг хэлэхгүйгээр дүрийнхээ мөн чанарыг илэрхийлж гаргана гэдэг тун хэцүү байх?
- Хүн ер нь юу ч ярихгүй атлаа цай ууя, хоол идье гээд наад захын хүслээ илэрхийлэхэд төвөгтэй. Тэгэхээр жүжигчний хувьд бүхэл бүтэн дүрээ гаргахын тулд ярихгүй байх тусмаа л хэцүү.
МОНГОЛЧУУДАД ЭНЭ КИНО ТААЛАГДАНА ГЭЖ БОДОЖ БАЙНА
- Олон улсын кино шүүмжлэгчид "Чонон сүлд" кинонд хэр хандаж байна. Тэр талаар сонирхсон уу?
- Яг үнэнийг хэлэхэд би их завгүй байгаа болохоор ойрд мэдээлэл олж уншаагүй л байна. Гэхдээ хүмүүсийн хандлага, сонирхол "Чонон сүлд" рүү хандчихсан байгаа. 2016 оны Оскарын хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонд орчихсон яваа гэж Жан Жак найруулагч ярилцлага өгөхдөө хэлсэн байсан.
- Энэ жилийнх үү?
- Үгүй ээ, ирэх жилийн.
- Энэ кино монголчуудад таалагдах болов уу, Та юу гэж бодож байна?
- Таалагдана гэж бодож байна.
-Яагаад?
- Энэ кинон дээр монгол хүн, чоно, тэнгэр гурав салшгүй холбоотой. Монголчууд бол тэнгэрийн хүмүүс гэдэг утгыг гаргасан. Чоныг ингэж гайхамшигтай тоглуулсан киног би лав өмнө нь үзэж байгаагүй. Өвөрмонголчууд ч үүнд их сэтгэл дүүрэн байна лээ.
- Хятад хүн монголчуудын, тэр дундаа бүр Монгол ёс заншлын талаар бичсэн гэхээр сонин санагдаад байсан. Эндээс зөрчилдөөн харагдсан болов уу?
- Надад бол хятад хүн биднийг аль өнцгөөс нь харж, юу гэж бичсэн байна гэдэг нь сонирхолтой санагдсан.
- Тэгэхээр франц, хятад гэх хоёр өөр улсын уран бүтээлчид монголчуудыг яаж харсан байна?
- Манай найруулагчийн хувьд "би монгол ёс заншил, монголын ард түмнийг чин сэтгэлээсээ биширдэг. Би энэ киног хийхийн тулд маш их судалгаа хийсэн" гэж хэлдэг. Гэхдээ чи бид хоёр францад очоод француудын тухай кино хийлээ гэхэд яаж ч судалсан заавал алдаа гаргаж л таарна. Бид хэчнээн судалсан ч франц хүн болчихгүй, тухайн үндэстний мөн чанарыг угт нь тултал мэдэж чадахгүй. Тоглосон хүнийхээ хувьд монгол хүн учир "гэрээ тэгж барьдаггүй, малаа ингэж хотлуулдаггүй, үнээгээ ингэж саадаггүй" юм гэж санаагаа хэлэх үе гарч байсан. Гэхдээ найруулагч маань хэлэхдээ ""энэ бол үндэстний тухай биш ээ, чоно болоод хүн байгалийн тэнцвэрт байдлийн тухай кино юм аа"" гэж хэлсэн. Гэхдээ бүр нэг их болохгүй, монгол хүнийг гутаан доромжилсон хэсэг бол огт байхгүй л дээ.
- Зассан хэсгүүдээсээ нэгийг нь сонирхуулаач. Хоёрдугаар сарын 27-нд нээлтээ хийх энэ киног үзэгчид "Анхням энэ хэсгийг зассан гэсэн шүү. Яаж зассан юм бол" гээд л тэсэн ядан хүлээж үзэх байх.
- Галсмаа чонын бэлтрэгийг тэнгэрт өргөдөг хэсэг байдаг. Эмэгтэй хүн амьтны зулзагыг үгүй хийнэ гэдэг аюултай хэрэг шүү дээ. Ялангуяа эх хүн бол тэжээхийг л бодно уу гэхээс алж устгахыг бодохгүй. Энэ дээр би найруулагчтайгаа зөрчилдөж "Найруулагч аа, энэ хэсэг надад их харгис санагдаад байна" гэсэн чинь "Наад хэсгийг чинь оруулснаараа харин би энэ байгалийн тэнцвэрт байдлыг нүүдэлчин ард түмэн ингэж хадгалдаг юм аа гэдгийг үзүүлэх гээд байгаа хамгийн гол хэсэг" гэлээ. Яах вэ, гэж маш их бодож, шаналж бараг долоо хоногийг өнгөрүүлсэн.
Тэр хугацаандаа өдөр бүр л найруулагчаасаа "Та энэ хэсгийг сольё гэж бодож байна уу, засъя гэж бодож байна уу" гээд л асуугаад байлаа. Тэр бүрт л "no" гэдэг л хариу авна. Тэгээд Г.Аким гуай руу мэйл бичсэн. "Аким гуай би Анхням байна аа. Монгол эмэгтэй хүн чонын бэлтрэгийг тэнгэрт өргөж байсан ийм түүх, тохиолдол бий юу" гэж асуусан. Г.Аким гуай "Хэзээ ч монгол эмэгтэй хүн амьтны зулзагыг алах ёс байдаггүй. Би чамд нэг зальтай арга зааж өгье" гээд өмнө нь хэлэх үг хэлж өгсөн. Тэгээд найруулагчдаа "Би их судаллаа. Тэгсэн өмнө нь нэг ийм үг байдаг гэнэ. Ийм үг хэлье" гэж байж арай зөөллөсөн. Сүүлд нь киногоо үзтэл харин логикийнхоо хувьд хүний сэтгэлийг өвтгөсөн тийм айхтар зүйл байхгүй л юм билээ.
- Кинонд тоглох чонын бэлтрэгийг авч тэжээснээс эхлээд нийтдээ долоон жилийн хугацааг зарцуулсан гэдэг. Үнэхээр ч цөөнгүй чоно харагдана лээ. Таны хувьд чононуудтай хэр ойр байв?
- Надад чонотой зодолддог хэсгийн зураг бий. Чонын бэлтрэгтэй хамт байгаа зураг ч бий. Гэхдээ жүжигчин бүр тэр чононуудтай ойрхон байж, харьцаж болдоггүй юм билээ. Яг л сургасан хүнээрээ дамжуулна. Их нарийн, амьтдаа яг л хүүхэд шиг хайрладаг.
- Зураг авалтын ядахдаа ганц хоёр хэсгийг нь ч гэсэн Монголд авч болоогүй юм байх даа гэж бодож байлаа?
- Зураг авалтуудыг Бээжин, Шилийн хот, Улгай гэдэг газруудад авсан. Нэг нууц дэлгэхэд, тэнд зээр орж ирэхгүй байсан. Тийм болохоор монголд ирж Сүхбаатар аймагт хэсэг зээрний зураг авсан.
- Зураг авалтын хувьд олон улсын баг, манай Монголын уран бүтээлчид гээд өөр л байгаа байх. Гэхдээ заавал мөнгө зарцуулахгүйгээр тэднээс суралцах юм юу байна?
- Цагийг л чанд баримталдаг юм билээ. Тэдний өдөр тийм зураг авна, тэр өдөр цаг агаар нь тэд байна, зураг авалтад төчнөөн цаг зарцуулна гэдгээ нарийн зааж, яг тэр дагуу л зургаа авдаг.
БИД ХОЙЧ ҮЕДЭЭ УУХ Ч УС ҮЛДЭЭХГҮЙ ЮМ ГЭЖ ҮҮ?
- Кинон дээр өөрөө Өвөрмонгол аялгаар яриад байх шиг байсан?
- Аялга гэдэг чинь их төвөгтэй юм билээ. Би яаж ч өвөрмонгол аялгаар ярьсан яагаад ч болдоггүй. Миний хятадаар ярьж байгааг хятад хүн сонсохоор солонгос хүн хятадаар ярьж байгаа юм шиг сонсогддог юм гэсэн. Өвөрмонгол аялгыг бодвол минийх арай хатуу сонсогддог гэх юм уу. Кинон дээрээ би хятадаар ярьж тоглосон. Киног хийсний дараа их олон шалгуураар орж "Үзэмчин эмэгтэй юм чинь үзэмчинээрээ л ярьсан нь дээр" гээд өвөрмонголоор ярьдаг хэсгийг өвөрмонгол эмэгтэйгээр ам бариулсан.
- Жүжигчин найруулагчидтайгаа ойлголцоход хэцүү байсан уу?
- Харин ч их дөхөмтэй байсан. Найруулагч маань өөрөө нээлттэй хүн болохоор ярилцаж ойлголцоход их амархан.
- Найруулагч гэж хүнийг бодохдоо жүжигчдээсээ үг сонсдоггүй загнаад л байдаг хүн юм болов уу гэж бодсон юм.
- Манай найруулагч бол харилцан ажиллахад их сайхан. Жүжигчний хувьд энэ хэсэгт тоглоход их хэцүү юм байна гээд л санал бодлоо хуваалцаж, зөвлөлдөнө. Тэгэхээр өөрийнхөө үүднээс зөвлөгөө өгч, жүжигчнээ чиглүүлээд өгчихдөг. Тэгэхээр тоглоход ч их амар.
- Гаднын уран бүтээлчидтэй ажиллах, монголчуудтайгаа ажиллах ялгаа бий юу?
-Хэлний л ялгаа гарна. Бусдаар бол адилхан. Аль ч газрын уран бүтээлчид ер нь нээлттэй их сайхан хүмүүс шүү дээ. Харьцахад амар байдаг.
- Хятад хэлийг кинондоо зориулж сурсан уу, эсвэл мэддэг байв уу?
- Би 2008 оноос хойш ихэнхдээ Хятадын кинонд тоглож байна. Суурь мэдлэгтэй.
- Морь унаж, үнээ сааж бол чадна?
- Чадна.
- Хөдөө өссөн үү?
- Уг нь бол хотын хүүхэд л дээ. Гэхдээ багадаа амралтаараа өвөө, эмээгийндээ очдог байсан. Манай өвөө хуучнаар бол Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн хүн. Одоогийн Төв аймгийн Баянжаргалан сум. Эмээ маань надад их үлгэр ярьж өгдөг, зүйр цэцэн үгээр хүүхдүүдээ загнадаг тийм ухаантай хүн байж. Өвөө маань өөрөө маш хөдөлмөрч хүн байсан. "Хүний амьдралд нэг ч бай сурсан юм заавал хэрэгтэй" гээд л хүүхдүүдээ дагуулж ажилд их сургана. "Үнээ саагаад үзчих, одоо гүү саагаад үзчих, сүү хөөрүүлээд өрөм гаргаад аваад сурчих, аарц гаргаад ааруул тавиад үзчих" гээд л бага багаар сургана. Морь унахыг хүртэл өвөө маань зааж өгч байсан. Одоо энэ бүхэн кинонд тоглох бүрийд л дандаа хэрэг болж байдаг.
- Одоо тэгэхээр Анхням ааруул ч хийж чадна гэсэн үг үү?
- Чадна аа. Би ер нь ахуйн ажилд сайн шүү.
- Кино найруулагчийнх нь талаар "Ройтерс" агентлагт гарсан мэдээллээр Өвөрмонголд байгаа олон уурхайнаас болж үүссэн байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг харуулахыг зорьсон гэж байсан. Үнэндээ манай Монгол Улсад ч гэсэн уурхайгүй аймаг гэж бараг алга. Хөдөө нутгаар явахад сайхан байсан бол одоо хэдэн км яваад л жижиг том элдэв уурхай таардаг. Тэгэхээр байгалиа хамгаалах утга бүхий кинонд тоглосон хүний хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
- Хүн бүхэн л сэтгэл дотроо эмзэглэдэг байх. Ямар бодлого явуулж байж Монгол Улс хөгжих ёстой юм бол. Мэдээж уул уурхайгаа ашиглах ёстой л байх. Гэхдээ яавал зөв зохистойгоор ашиглаж, байгалиа авч үлдэх ёстой юм бэ гэдгээ бодмоор. Одоо бид байгалиа сүйтгэж, орвонгоор нь эргүүлчихлээ гэхэд хойч үедээ юу үлдээх юм бэ. Уух ч усгүй болгох гэж үү. Их л эмгэнэлтэй юм шүү дээ. Өнөөдрийн энэ их байшин барилга, хөгжил өөд тэмүүлж байгаа бүхний сөрөг талыг бодолцож үзэхэд ч гэмгүй. Мэдээж нүүдэлчнээрээ байя гэсэн үг биш хэдий ч байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн талаар ярилцах цаг болсон байх. Сонгууль болохоор бүх зүйлд ээлтэй, бусад үед нь ээлгүй байгаад байж болохгүй биз дээ. Өвөөгийнхөө нутагт очлоо гэхэд бас л уурхайтай. Ан амьтан нь цөөрчихсөн. Багадаа орж тоглодог байсан гол горхи нь ч ширгэж эсвэл улаан, ногоон өнгөтэй болчихсон. Миний хувьд энэ бүхэн маш эмзэг тусдаг. Бид ч яахав, одоо өнгөрсөн. Хойч үеэ яах вэ?
Үргэлжлэлийг ЭНДЭЭС...
Эх сурвалж: Gogo.mn
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment