Tuesday, February 10, 2015

Эхнэрээ хөнөөсөн Б.Бат-Өлзий давж заалдана

Эхнэрээ хөнөөсөн Б.Бат-Өлзий давж заалдана

47 минутын өмнө

Өнгөрсөн онд Налайх дүүрэгт эхнэрийнхээ амийг санаатай хөнөөж, улмаар цогцсыг нь уурхайн цооногт нуусан хэрэг гарсан билээ. Эл хэргийг Б.Бат-Өлзий гэгч залуу үйлдсэн бөгөөд түүнд анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрбээр дараагийн шатны шүүхэд давж заалдах өргөдлөө гаргасан аж. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3-т зааснаар өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган таван жилийг гянданд, үлдсэн 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Давж заалдах гомдлыг хүлээж авсан Нийслэлийн шүүх хурлын товыг удахгүй гаргахаар болжээ. Эхнэрээ хөнөөсөн хэргээр ял сонсоод буй Б.Бат-Өлзий нь 1992 онд төрсөн, Налайх дүүрэгт оршин суудаг нэгэн байжээ. Тэрбээр эл хэргийг ялтай байх хугацаандаа үйлдсэн байна. Тодруулбал, тэрбээр 2013 онд Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122.1, 100.1-т зааснаар буруутгагдаж, хоёр жилийн хорих ял сонссон бөгөөд шүүхээс тэнсэн харгалзах ял оноож байж. Гэтэл тэрбээр ялтай байх хугацаандаа буюу өнгөрсөн оны наймдугаар сард өс хонзонгийн сэдлээр эхнэрээ цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосроор хоолойг нь боомилж хөнөөгөөд цогцсыг нь уурхайн цооногийн нүхэнд нуусан байдаг.

Мөрдөн байцаалтын явцад талийгаачийн ойр дотны хүмүүс "Б.Бат-Өлзий нь эхнэрээ байнга зодож, дарамталдаг учраас амьдрал нь хоёр тийш болсон" хэмээн мэдүүлж байжээ. Хэдийгээр талийгаач бүсгүй түүнээс салсан ч байнга түгшүүртэй явдаг байсан тухай мэдүүлэг хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment