Wednesday, February 25, 2015

Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх шинэ хуваарь

Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх шинэ хуваарь

27 минутын өмнө

Монгол улсын "Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль"-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульдаа бол тээврийн хэрэгслийн татварыг жил бүрийн зургаадугаар сарын нэгний доор төлөх үүрэгтэй байдаг. Тэгвэл уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг баталж мөрдүүлэхээр болжээ. Улмаар "Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчилж, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулахаар болжээ. Энэ талаар НЗДТГ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн хэлтэс хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Албан татварыг шинэчилсэн журмаар хураахдаа, Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн байна.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар нь,
1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол тав дугаар сард
албан татвараа төлөх ёстой.

Уг журмаар, нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдана гэсэн үг.

Автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан төлөх нь хугацаа дуусахаас өмнө банкууд, оношилгооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах зорилготой. Иргэд цаг хугацаа алдалгүй төлөлтөө хийх боломжтой юм.
Мөн та импортоор орж ирсэн автомашин худалдаж авсан бол тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ он дуустал үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

Харин орон нутагт явдаг хэрнээ Улаанбаатар хотын дугаартай автомашин бол нийслэлд татвараа төлөх учиртай гэнэ.
Харин төлөлтийг аль ч банкаар ямар ч хэлбэрээр төлж болох буюу автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөх боломжийг энэхүү журмаар олгожээ.  
Ингэхдээ албан татварын хэмжээ өөрчлөгдөөгүй гэдгийг албаныхан хэлж байлаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment