Орон нутагт сонгуулийн сурталчилгаа эхэлжээ
32 минутын өмнө

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойргоо эргэцгээж, зарим нь ноос самнаж, нөгөө хэсэг нь хил манаж үзүүлцгээв. Элдвийн шагнал, урамшуулал гардуулцгааж, тойргийнхоо иргэдэд "гоё харагдах" ажилдаа хэдийнэ орсон нь орон нутагт сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлснийг илтгэж байна. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хүртэл ирэх 2016 оны сонгуулиа бодоод завгүй. Саяхандаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар цэвэр усны саван дээр зургаа хэвлүүлж өөрийгөө сурталчилсан. Төсөв, төслийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхээ боль гэсэн шаардлагыг АТГ-ынхан тавьж, түүнд арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дуулгасан билээ.
Гэтэл ердөө дөрөв хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөзрийн тэмцээн зохион байгуулсан нь нэлээд шүүмжлэл хүртээд байна. Учрыг сонсвол, Мандал сумаас мандат авч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон Б.Цээпилдорж энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, зохион байгуулсан гэнэ. Хөзрийн тэмцээнийг энэ сарын 15-нд сумын Спортын ордны зааланд зохион байгуулжээ. Нэр нь "Урьхан хавар" сумын аварга шалгаруулах анхдугаар хөзрийн тэмцээн. Тэмцээний зорилгыг "Оюуны спортыг бүх нийтийн хүртээл болгож, айл өрх, найз нөхөд, хүн бүрийн тоглох дуртай тоглоом бол хөзөр юм. Хөзөр нь багаар харилцан ярилцаж, оюун ухаанаа тэлж, стресс ядаргааг тайлж, тархины цусан хангамжийг сайжруулан алжаал ядаргааг зохицуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино" хэмээн тайлбарлажээ. Өглөөний 10.00 цагаас эхэлсэн энэхүү тэмцээнд нэг баг гурван хүнтэй тоглосон байна.
Тус тэмцээнийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан бөгөөд ямар нэгэн хураамж аваагүй байна. Шагналын нийт сан 500 мянган төгрөг хэмээн удирдамждаа бичжээ. Өөрөөр хэлбэл, шагналын мөнгө, заалны түрээс, анонс зэрэг зардлыг Мандал сумын Засаг дарга асан Б.Цээпилдорж ивээн тэтгэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment