Хэнтийчүүдийг бишрүүлсэн буянтын хоёр "бурхан" - 1
43 минутын өмнө
Зуун жилийн өмнө ийм хүмүүс байсан гэвэл домог гэмээр юм. Гэтэл ердөө 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэнд болсон явдал. Тэгээд ч амьд гэрчүүд нь одоо байгаа болохоор бодит байлгүй яах вэ. Буянт гэдэг нь Баян-Өлгий аймгийн Буянт сум л даа. Тэр үед баруун аймгуудаас зүүн аймгуудад ажилчин элсүүлдэг байв. Бүр төрийн бодлогоор шүү. Тийм нэгэн аянаар Буянтаас 20-иод өрх Хэнтий аймгийн Өндөрхааны САА-д очжээ. Тэдний дотор үр хүүхдээ дагасан хоёр буурай байж.Нэгийг нь Бор өвгөн, нөгөөг нь Жамьян гэлэн гэх авай. Хоёулаа 1900 оны эхээр Засагт хан аймгийн Саруул гүний хүрээ, хожмоо Согсойн хүрээ болсон, одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн үе тэнгийн хоёр юм. Харваас хар багаасаа л эрдэм номын хүн болох шинжтэй тул хоёр эцэг нь хэлэлцээд эхлээд уйгаржин бичиг заалган эзэмшүүлээд дараа нь Сагсайн хүрээнд шавилуулж орхижээ. Хоёулаа бусдаас тасархай, номонд гаргуун байжээ. Ингээд Сагсайн хүрээ, урианхай түмэн хоёр сайн ламтай болжээ. Хүрээнийхэн ахмад номтой лам нараас байнга суралцан, буддын гүн ухаанд нэвтэрч, улмаар анагаах ухаанд суралцан оточ, маарамба болцгоожээ.
Долоодог бор өвгөн
Эхлээд "Бор өвгөн"-ий талаар өгүүлье. Хэтийдсэн эрдэмтэй болохоор нь нутгийнхан төдийгүй бусад газрын хүмүүс ч нэрийг нь хэлэхээс цээрлэн "Бор өвгөн" гэсэн жинхэнэ нэр нь бараг мартагджээ. Нутгийн хүний хэлснээр "Дэндэв байхаа" больжээ. Нэрээ мартагдтал цээрлүүлнэ гэдэг чадалтайгаас гадна догшин нэгэн байсан бололтой. Хэнтийчүүд ч "Бор өвгөн" л гэх юм. "Бор өвгөн" эхэндээ зөвхөн Буянтдаа ч биш аймаг даяар, улмаар Увс, Ховдод ч нэр нь түгэн алдаршчээ. Унаа тэрэгтэй хүмүүс авч яваад хэд хоноод ирэхэд дараагийнх нь улс дугаарлан гэрийнх нь гадаа майхан, жодгор босгоод хүлээж байдаг байж. Өөрөө үзэн судсаар оношлоод эм тан барьчихдаг. Эмээ өөрөө бэлддэг хүн тэр цагт орон нутагт "эрдэнэ" байлгүй яахав. Европын анагаах ухаан дөнгөж орж ирж байсан үед ардын эмнэлэг чухал чанараа алдаагүй нь мэдээж. Үзэл суртлаас болж 70 жил адлагдсанаас биш одоо ч хүчээ авч буйг хүмүүс мэднэ. "Бор өвгөн" туршлагажсаар, хязгаар нутгийн зон олонд тус дэм болж, ач тусаа өгсөөр явтал 1937 он болж төв суурин газраар бишдээд эхэлжээ. Мэргээрээ мэдсэн үү, зөнгөөрөө зөгнөсөн үү юутай ч хүрээ хийдэд сууж, хүн амьтан үзэж, эмчилж болохгүйг ойлгожээ. Ингээд Жамьянтайгаа үгсэн нэг л үдэш оргон зайлжээ. Зайлах зайлахдаа бүр хил даван оджээ. Бодвол Шинжаан-Уйгараар дамжаад Түвд, Лхаст хүрсэн бололтой. Найман жил ор сураггүй байгаад 1945 оны намар хоёулаа гэнэт хүрч ирсэн гэдэг. Хаа очоод ирсэнээ нарийн тод ярьдаггүй ч итгэлтэй ганц нэг хүнд Түвд, Лхаст очсон, тэнд номонд нэлээд боловсорсон, хамгийн гол нь "нууц тарни"-ийн ухаанд хамаг хүчээ дайчлан суралцсанаа ярьдаг байна. Тэр хоёр ирсэнээсээ хойш жинхэнээсээ мандан бадарсан гэхэд болно. Үхэж байгааг хүртэл босгож эхэлсэн юм байх.
Тарни, тан хоёр нийлэхээрээ баргийн юмыг тавиад туучихдаггүй гээ биз дээ. Мэддэг хүмүүсийн хэлэх нь Бор өвгөн улайсгасан төмөр, тарни хослуулан анагаах аргад гаргуун байжээ. Түүнийг төгс эзэмшээд ирсэн бололтой. Дөчөөд оны сүүлчээр Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын хүү гэнэт өвчилжээ. Ахлах ангийн сурагч хүү зуныхаа амралтаар хөдөө малчин айлд амарчээ. Аймгийн даргын хүүг аль байдгаараа л бөөцийлөлгүй яахав. Гэхдээ л эрийн цээнд хүрч яваа хүүхэд юу эсийг сонирхох билээ. Морь унаж, хонь хариулмаар байна гээд шалгаах болж. Хариуцсан улс эхэндээ дургүй байсан ч сүүлдээ яаж ч чадаагүй бололтой. Монгол хүн байна даа, морь уначих байлгүй гээд хамгийн номхон морио эмээллэж өгсөн байна. Ингээд хонь бэлчээх газрыг нь ч зааж өгчээ. Нүдэн багцааны буюу дурандчихаар ил газар зааж өгсөн нь мэдээж. Долоон хоног тун чиг давгүй хариулжээ. Түүндээ ч дуртай болжээ. Бараг хоньчин аятай болоод ирж. Ингээд найм дахь хоногоос хонио уул давуулан "Хар үзүүр" гэдэг хадан хясаа бүхий газар хавиар эргүүлэх болсон байна. Энэ талаар нутгийнханд хэлсэнгүй. Уул жаахан давуулаад л буцаадаг гэх маягийн юм ярьжээ.
Уг нь нутгийнхан "Хар үзүүр"-ээс баахан жийрхдэг, тийшээ зүглэдэггүй, муу юм шүглэсэн газар гэдэг байжээ. "Хар үзүүр"-т очсон хүнд заавал нэг юм тохиолддог газар байж. Мань хүн мэдэхгүй болохоор яалтай билээ. Хэд хоноод "Хар үзүүр"-т бараг тулж очжээ. Гэтэл гэнэт "Хар үзүүр"-ийн хадан хясаанаас үеийн эмэгтэй түүнийг нэрээр нь дууджээ. Хүүг Тулга гэдэг байж. "Хүүе, Тулгаа. Нааш ир, нааш ир!" хэмээн хэдэнтээ дуудсан гэдэг. Нэг мэдсэн чинь нөгөө моринд муу хүү хар хурдаар давхин айсуй харагдаж. Тосоод буулгаж автал, хамаг биеийнх нь хөлс хувцсыг нь нэвт норгочихсон, айснаасаа болоод дагжиж, чичрээд зогсож байжээ. Хар, цагаан дуугүй бүлтэгнэх түүнийг гэрт оруулбал орон дээр буруу харж хэвтээд чичрээд байж. Цай цүү ч уусангүй гэнэ. Ингээд удалгүй солиорч эхэлжээ. "Манай гэрийн гадаа малчин хүн байна" гэх зэргээр дуулж, дэмийрч гарчээ. Сумын эмчид үзүүлсэнд "Аймгийн даргын хүүхдийг энд эмчилж болохгүй. Мориор явалтай биш сумын төвөөс утсаар хэл хүргэе" гэжээ. Шөнө дунд аймгийн дарга давхиж ирээд хүүгээ авч оджээ. Эцгээ хараад хүү нэг үг хэлжээ. "Хээр намайг эмэгтэй хүн нэрээр минь дуудсан" гэжээ. Хонийг нь эргүүлж ирсэн хүн хүү "Хар үзүүр"-т хүрсэн болохыг ч гэрчилжээ. Хүү аймгийн эмнэлэгт очоод эдгэсэнгүй. Солиорол, элийрлийн байдалтай байж. Эцэг, эх нь ч учраа олохоо болиод байтал нутгийнх нь нэг өвгөн хэлжээ.
- За, та ч зөвшөөрөхгүй биз. Уг нь хүүг эдгээх нэг хүн байна. Дэндэв гэдэг юм. Улайсгасан төмөр долоож нулимаад, хэдхэн тарни уншаад л гүйцээ" гэжээ.
Үхтэл үр харам болохоор Аймгийн Намын хорооны дарга нөгөө өвгөнийг аваад Дэндэвийнд буучихаж. Аймгийн дарга гэнэт сураглаад гэрт нь ирэхээр хар бууж, айлгүй яахав. Дарга хамаг зовлонгоо тоочжээ. Дэндэв эхэндээ халгаасангүй. Миний мэддэг, чаддаг юм гэж юу байхав. Хааяа ганц хоёр маань уншдагаа нуухгүй ээ гээд гүрийчихэж. Юмыг яаж мэдэх вэ гээд бэлтгэлтэй явсан дарга (би андуураагүй бол Хүрэлбаатар, Дэмбэрэл хоёр даргын нэг) идээ будаа болж, архи дарс ч сөгнөн гуйжээ. Даргатай хамт ирсэн өвгөн ч шалж, гуйж гарчээ. Аргаа барсан Дэндэв "За, яахав. Ямар нэг ял зэмд унагачихгүй юм байгаа биз дээ?" хэмээн өм өчгийг нь аваад, алтан харгана тайрч уутлаад хамт явжээ. Ингээд Аймгийн Намын хорооны даргынд очсон байна. Айлд зочноор очсон хүн сайн цайлж, хооллож аваад "За, хүүгээ нар шингэх үеэр аваад ир" гэжээ. Хүү нь эмнэлэгт байсан нь мэдээж. Цаг ч болж, цонхийж, турсан хүүгээ дарга аваад иржээ. Хурц солиорол нь бүрэн дарагдаагүй өвчтөнийг эмч нар өгч явуулах дургүй байсан ч Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хүчтэй байлгүй яахав. Хүүг үзэхэд дуугаа хураасан, харц нь гөлөрсөн, нэг л тогтворгүй маягтай, ямар нэг юмнаас ихэд айсан маягтай харагджээ. "Засалч" шоо хаяж, судар хараад "Хар үзүүр"-ийн эзэн "дуудсан" болохыг түвэггүй мэджээ. "За, та нар энэ хавтгай төмрийг мах болтол нь улайсга" гэсэн байна. Тэд ч ёсоор болгожээ. Төмөр улайслаа, юугаар авах вэ гэхэд "Орхичих, би авна. Хүүгээ чармай нүцгэл" гэжээ.
Мөн л ёсоор болголгүй яахав. Тэгэнгүүт орон дээр түрүүлгэ нь харуулан хэвтүүлээд гал зуухан дахь пийшинд улайсгасан төмрийг Дэндэв махан гараараа барин хүрч ирээд "Час, час" хийтэл долоогоод хүүг нулимж гарчээ. Эцэг, эх, тэнд байсан хүмүүс мэл гайхан цэл хөхөрчээ. Аргагүй шүү дээ. Байж боломгүй юм тохиож байхад чинь. Ялангуяа махан улаан төмрийг хэлээрээ часхийтэл долооход тэнд байгсад "хоор"-оороо "Ий, ий" гэлцэн байсан гэнэ билээ. Ингээд час улаан төмрийг хүйтэн хөх төмөр болтол нь долоож нулимаад "Харгана, шүдэнзтэй аваад ир" гэсэн байна. Мөн л ёсоор болгож. Харганаа шатаагаад галаар нь хүүг балбаж гарчээ. Хэд хэд үйлдээд сайтар хучихыг сануулсан байна. Ингээд "За, хүү өнөө шөнөдөө засарна. Маргааш хоол, цайндаа орно. Маргааш оройхон нэг засал бий. Тэгээд бүрэн эдгэнэ" гэжээ. Тэгээд өөрөө амраад өгч.
Бага үдийн хавьд сэрвэл нөгөө өрөөнд бөөн баяр хөөр болж байна гэнэ. Бие засаж, нүүр гараа угаагаад цайлах болоход дарга, гэргийтэйгээ өгөх юмаа олж ядан угтжээ. Учир нь, хүү тун сэргэг агаад жирийн үеийнх шигээ инээмсэглэн цайлж суужээ. "Та цай, хоол болоод амарч бай. Би хонинд хүн явуулсан. Шөл уулгана" гээд ширээн дээр аймгийн дэлгүүрт байдаг болгоны дээжийг өржээ. Бүх зүйл ёсоор өрнөж, Дэндэвийг дарга гэртээ гурван хоног амраасан гэдэг. Ингээд явах болоход гэрийн эзэн мөнгөн аяга, халба, сэрээ, эзэгтэй малгай, дээл, дурдан бүс, хромон гутал, 100-тын дэвсгэртээр гарыг нь цайлгажээ. Дарга "Дэндэв ээ, зовсон олонд туслаж яваарай. Намайг байхад айлтгүй. Ямар нэг хэрэг гарвал шууд хэлж бай" гээд чийчаанаараа хүргэж өгчээ. Хүүг гэртээ байлгах уу, эмнэлэгт нь хэвтүүлэх үү хэмээн лавлахад "Төрийн ёс байна. Эмнэлэгт нь хэвтүүл. Хэд хоноод гаргана" гэжээ. Эмч нар хоёрхон хоногт эдгэсэн "эдгэрэшгүй" оноштой хүүг хараад алмайралгүй яахав. Гэвч аймгийн даргаас элдвийг асууж зүрхэлсэнгүй. Дэндэв аймаг даяар алдарших нь тэр. Зөвхөн Баян-Өлгий ч бус зэргэлдээ орших Ховд, Увсаас ч урилга, заллага ирэх болжээ. Жилийн дөрвөн улиралд урилга заллага, гуйлга гувшуурт дарагдах болсон тул өөрийн гэсэн үзлэг, эмчилгээний гэртэй болохоор шийдэн аймгийн Намын хорооны даргад уламжлахад 10 ханатай эмчилгээний, таван ханатай үзлэгийн гэр барьж өгчээ. Ерөнхийдөө сумын эмнэлэгтэй зэрэгцээд уламжлалт эмнэлэг бий болсон гэдэг. Ингээд түмэнд тус болж явтал хааны алба халаатай болохоор дарга нь өөрчлөгдөж, Дэмбэрэл гэдэг хүн иржээ. Тэр жинхэнэ "сохорсон" улаан коммунист байсан гэнэ билээ. Энэ явдал 70-аад оны эхээр тохиожээ.
Нэг өдөр Дэмбэрэл дарга өөрийн биеэр давхиж ирсэн байна. Цай, хоол болсны дараа "За, Дэндэв гуай. Та одоо эмчилгээ хийхгүй. Зөвхөн сумын эмнэлэгт эмч нар эмчилгээ хийнэ. Өмнөх даргын барьж өгсөн хоёр гэрийг улсын орлого болгоно. Та хувьдаа ч эмчилгээ хийж болохгүй шүү" хэмээн хатуу анхааруулаад оджээ. Үүнээс хойш тав, зургаан жил хүмүүсийн хүсэлтээр машид нууц ажиллаж, нутгийн зон олондоо тус дэм болсоор явжээ. Эмчилгээгүй гээд эмнэлгээс гарсан хүмүүс эдгэчихээд байсан цөөнгүй тохиолдол Дэндэвтэй холбоотой нь мэдээж.
Ингээд 1976 онд Хэнтийд ажилчин элсүүлэхэд үр хүүхдээ даган Өндөрхааны САА-д очжээ. Тэнд төвхнөөд байж байтал нэг намар саахалт айлынх нь залуухан бүсгүй аймаг, хотын эмнэлэг дамжаад эмчилгээгүй гээд гарч иржээ. Халх айл байж. Саахалт болохоор танилцаж, хүүхдүүд нь орж гардаг байсан байна. Нэг өдөр охин нь "Дарьзав гуайн охин яс, арьс болжээ. Үе үе цусаар гүйлгэдэг гэнэ. Манайх энд ирээд анх танилцсан айл шүү дээ. Та нэг очооч. Болвол тэр л биз. Эс болвол яая гэхэв" гээд суулгахаа больжээ. Өвгөн арга буюу очжээ. Үзээд л шийдээ гаргачихаж. "Маргааш үдэш хүртэл үүнийг уугаад байж бай" гээд гурван үрэл өгөн "Намайг ирэхэд зулзган бургас бэлдээрэй. Танай энд харгана байдаггүй юм билээ. Алдчихааргүй хүн байна. Жаал оройтсон бол өнгөрөх байж" гэсэн ер бусын үг хэлээд явжээ. Маргааш нь цагтаа очоод "Үхээрийн бузар болж, ариулна аа" гээд нөгөө намын даргын хүүхдийг аварсан эмчилгээгээ хийжээ. Гал улаан төмрийг махан гараараа бариад, хэлээрээ часхийтэл долооход гэрийнхэн нь дуу алдаад нүүрээ дарцгааж байсан гэдэг. Харганы оронд бургас шатаан охиныг улаан галаар шавхуурдаад "За, эмчилгээг гурван удаа давтана" гээд явжээ.
Хоёр дахь эмчилгээний дараа охин цай ууж, аяга хоол идэж, цусаар гүйлгэх нь татарсанд айлынхан баяр хөөр бололгүй яахав. Гурав дахь эмчилгээний дараа эдгэрэх замдаа оржээ. Охины хамаатан саднууд эргэж тойрч, шавж гарчээ. Энэ үеэс Дэндэв "Бор өвгөн" нэртэй болжээ. Өвчтэй охины хамаатан нэг лам "Дэндэв эгэл хүн биш байна. Та нарын хэлсэн үнэн бол "галын шид"-ийг гаргуун эзэмшсэн хүн байна. Холын хүн юм. Ийм хүн цөөрчээ. Нэрийг нь цээрлэж "Бор өвгөн" гэж байгаарай" гэсэн юм гэнэ билээ. Зөвхөн хоёрхон тохиолдол өгүүлэхэд ийн буюу. "Бор өвгөн" насан туршдаа хэдэн хүнд тус болсныг тоолж барахгүй. Хэнтийчүүд одоо ч өвгөнөө дурссаар. Өвгөн нас барахынхаа өмнө нэгэн овоо босгоод нутгийн иргэдэд хандан сахиж, шүтэж явахыг захижээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө хэнтийчүүд бараг тэр аяараа "Бор өвгөн"-ий овоог тахиж, мөргөдөг болжээ. Түүний үр хүүхэд, ач, зээ нар одоо ч тэндээ аж төрдгийг хэлэх нь зүй биз.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment