"90х60х90" туршуул буюу илчлэгдсэн тагнуулчид - 2
31 минутын өмнө
… Тэр уулзалтын байр байдлыг учир мэдэх хүмүүс ийнхүү дүрсэлжээ. "Өрөөнд орсон хүн саатуулагдсан этгээдэд өөрийн овог, нэр, албан тушаал, ажилладаг газар зэргээ орос хэлээр хэлээд дараа нь "Михаил Анатольевич, та маяглалгүй хэргээ хүлээгээд бууж өгсөн нь дээр байх" гэж хэлсэн болов уу". Үүний хариуд баривчлагдсан хүн ирсэн зочинд түүний ярьж байгаа хэлийг ойлгохгүй байгаагаа англиар хэлсэн аж. Тэгэнгүүт зочин дээр хэлсэнээ англи хэлээр давтжээ. Гэвч хариуд нь "Би бол Хуан Лазаро. Болж буй энэ бүх үйл явдал томоохон эндүүрэл. Би ямар хэрэг хүлээх ёстойгоо ойлгохгүй байна" гэсэн үгийг сонсов. Үүний дараагаар хурандаа Щербаков Америкийн тусгай албаныханд Москвагаас авчирсан Васенков-Лазарогийн хувийн хэргийг өгчээ. Дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хавтаст хэргийг сэжигтний өмнө дэлгэж тавингуут тэрбээр арга буюу өөрийн жинхэнэ нэрийг хэлээд үүнээс илүүг ярихгүй гэдгээ мэдэгдэв.
Мөрдөн байцаагчид гэсэн хэдий ч хууль бусаар оршин суугчийг яриулах гэж оролдсон байна. Ингэхийн тулд тэд байцаалтын үеэр түүний гурван хавирга болон хөлийг нь хугалсан аж. Тэгвэл орчин үед эсрэг талын тагнуулын байгууллагын ажилтныг олж илрүүлбэл түүний биед халдаж, яргалал үйлдэх нь бараг устсан зүйл билээ. Васенков-Лазаро мөн оны зун илчлэгдсэн тагнуулуудыг Орост эх орноосоо урвасан хэмээн ял сонссон дөрвөн хүнээр солих ажиллагааны дүнд тэдгээр хугарлуудтайгаа эх орондоо хөл тавьжээ. Дөнгөж ирүүтээ Васенков ОХУ-д амьдрах бодолгүй бөгөөд хилийн чанадад очих сонирхолтой байгаагаа өөрийн удирдлагад хэлсэн аж. Түүнийг ойлгож болох талтай юм. Болсон хэрэг явдал зүгээр ч нэг урвалт биш байжээ. Туршуулынхаа хавтаст хэргийг дайсандаа авчирч өгнө гэдэг байж боломгүй зүйл билээ. Өмнө нь тийм зүйл тохиолдож байсангүй. Гадаад тагнуулын албаны удирдлага ганцхан зүйлд л тайвширчээ. Оросын нэгэн туршуул бөгөөд Холбооны офицер Роберт Кристофер Мэтсос гэгч америкчуудаас зугтан Кипр арал дээр нуугдаж амжсан юм. Бүх цагдаа нарын гар дээр гэрэл зураг нь байсан хүн усанд хаясан чулуу шиг алга болов. Ямар замаар, аль боомтоор, хаашаа явсныг нь хэн ч олж мэдсэнгүй. Тиймээс тусгай албадын удирдлага үүнийг бахархалтайгаар зарлажээ.
Хэсэг хугацааны дараа Оросын тусгай албад өөр нэг урвагч болох Александр Потеевын нэрийг зарлажээ. Гэвч түүний тухай жаахан хожим өгүүлэх болно. Харин шуугиан тарьсан тагнуулчдын хэргийн гол баатраар залуу бөгөөд дур булаам Анна Чапман бүсгүй тодорсон билээ. Тэрээр тэр даруй олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хайртай хүн нь болсон юм. Амжилт олоогүй тагнуулч бүсгүйг эх оронд нь томоохон гэрэлт ирээдүй хүлээж байлаа. 2010 оны аравдугаар сарын 01-ний өдөр энэ бүсгүй Оросын "Фондсервисбанк"-ны ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалт болон инновацийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Тус банкнаас Чапманыг ажлын цагт баригдалгүй ажилладаг болохыг нь онцолсон юм. Гэхдээ энэ нь түүний цорын ганц ажил биш байв. 11 дүгээр сард тэрээр шинэ ажлынхаа дагуу сансрын хөлөг хөөргөх Байконур станц дээр очиж "Союз-ТМА-М" загварын сансрын хөлөг онгоцны хөөргөх үйл явцыг сонирхжээ. Энэ төслийн утга учрыг банкны мэдээллийн бодлогын газрын захирал Г.Белкин ил болгосон аж. Түүний өгүүлснээр бол Анна манай гариг ертөнцийг сүүлт од, солирууд болон бусад зүйлсийн дайралтаас хамгаалах асуудлыг судлахад өөрийгөө зориулсан байна. Банк Чапманы төсөлд хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Анна бүсгүйн улс төрийн замнал ч төдөлгүй эхлэв. 2010 оны 12 дугаар сарын 22-нд тэрээр "Нэгдсэн Орос орон" намын залуучуудын хөдөлгөөн болох "Залуу Гварди"-ийн олон нийтийн зөвлөлд багтжээ. Гэхдээ Чапман өөрөө энэ хөдөлгөөнд яг юу хийх гэж байгаагаа ойлгомжтой ярьж чадаагүй билээ. Зүгээр л "Надаас хүссэн юм" гэж хэлсэн байна. Харин "Залуу Гварди"-ийн тэргүүн Т.Прокопенко Аннаг өнөө үеийн баатар гэж хэлээд түүнийг тус хөдөлгөөнд залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн тулд багтсан гэдгийг онцолжээ.
Удалгүй 2011 оны нэгдүгээр сард Анна бүсгүй телевизийн РЕН-ТВ сувгийн нэгэн шинэ нэвтрүүлгийн хөтлөгч болсон юм. Бас "Maxim", "Жара" зэрэг сэтгүүлд хагас нүцгэн гэрэл зургуудаа авахуулж тавиулснаар илүү ихээр алдаршсан билээ. Анна сэтгүүл дээр гарсан нэгэн гэрэл зургаа Facebook дахь хувийн хуудсан дээрээ тавьтал бусад интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд түүнийг нь татан авч тавьснаар сэтгүүлийн газар түүнийг зохиогчийн эрхэд халдсан хэмээн шүүхэд өгчээ. Үүний дараагаар Анна бүсгүй Америкийн Vivid Entertainment компаниас тавьсан сонирхолтой саналыг хүлээж аваагүй аж. Тус компани түүнд нэг сая доллар өгч порно кинонд тоглуулахыг хүссэн билээ. Ийнхүү тэрээр "90х60х90 туршуул" гэдэг нэртэй болсон юм. Энэ нэр түүнээс хэзээ ч салахгүй биз ээ. Өөрөө ч үүнийг хүсэхгүй л болов уу.
Солилцоо хийх ханш
Гадаад улс, орнуудын туршуулаар элссэн иргэдийг олж илрүүлсэн шуугиант хэргүүдийг бодвол гүйцэтгэх албаны туршуулуудыг эд мөрийн баримттай буюу үйлдэл дээр нь саатуулсан явдлыг ер нь бол талууд олонд дэлгэдэггүй билээ. Тэрний оронд тусгай албад чимээгүйхэн шиг тохиролцохыг илүүд үздэг байна. Гэрэлд цохиулсан хүмүүсийг нөгөө талд илчлэгдээд байгаа ажилтнуудаараа солихыг илүүд үздэг. Гэвч заримдаа энэ нарийн ажиллагаатай механизм алдаа мадаг гаргаж, хэрэг явдал хэвлэлээр цацагдах аюултай юм. Ийм тохиолдол Катар улсад гарсан. Заримдаа хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээх нь тусгай албадад өөрсдөд нь ашигтай байдаг. Анна Чапманы хэрэг явдал үүнийг харуулсан билээ.
"Оросын тагнуулын алба хэзээд ямар ч аргаар хамаагүй илчлэгдсэн хууль бус ажилтнуудаа сугалж авахыг оролдож ирсэн. Гэвч ийм үйлдэл 1986 онд Берлинд 26 хүний солилцоо хийгдсэнээс хойш болоогүй билээ. Гэхдээ тэр үед тагнуулчдыг тагнуулчаар сольдог байсан юм. Харин одоо бол солионы үнэ ханш харилцан адилгүй болсон. Жишээ нь, Анна Чапманаар сольсон эрдэмтэн Сутягин бол цагтаа хурандаа Абелиэр сольсон Гэри Пауэрс биш юм" гэж Тагнуулын төв газрын өндөр албан тушаалын ажилтан асан Дональд Жэймисон өгүүлэв.
Зөвлөлтийн тагнуулч Уильям Генрихович Фишерыг сольсон явдал Хүйтэн дайны үеийн тагнуулын албадын түүхэнд явагдсан анхны томоохон солилцоо билээ. Энэ хүн АНУ-д баривчлагдсан даруйдаа өөртөө Рудольф Абель гэдэг нэрийг авсан юм. Энэ нэрийг авснаар тэрбээр өөрийнхөндөө баривчлагдсан боловч илчлэгдэх бодолгүй байгаа гэдгээ ойлгуулахыг хүсчээ. Абелийг Америкийн нисгэгч Фрэнсис Гэри Пауэрс болон БНАГУ-д баривчлагдсан Америкийн оюутан Фредерик Прайор нараар сольсон аж. Тэр цагаас хойш олон арван жил өнгөрсөн ч энэ нууц ажиллагааны талаар илүү тодорхой зүйл гараагүй билээ. Тиймээс Их Британид хэвлэгдсэн тэр солилцооны тухай өгүүлэх "Тагнуулчдын гүүр" нэртэй ном богино хугацаанд уншигчдын анхаарлыг татсан юм. Номын зохиогч өмнө нь Москва хот дахь Английн "Таймс" сонины сурвалжлагч байсан бөгөөд өдгөө Вашингтонд суугаа тусгай сурвалжлагч гэнэ. Жайлс Уиттел гэдэг энэ сэтгүүлч Москва, Вашингтон болон Берлины архивуудад орж, гурван улсын тагнуулын олон ажилтантай уулзсанаас гадна хагас зуун жилийн тэртээ болсон үйл явдалд биечлэн оролцсон хүмүүстэй ярилцсан гэдэг. Тэр дунд Улсыг аюулаас хамгаалах хорооны генерал Юрий Дроздов байлаа. Дроздов 1962 онд хошууч цолтойгоор Зүүн Берлинд УАХХ-ны сүлжээний ажилтан байсан бөгөөд Абелийг солих ажиллагааг бэлтгэн тэрхүү үйл явдал болсон Глинике гүүрэн дээр байсан юм.
Зөвлөлтийн тагнуулч хурандаа Уильям Фишерыг Зөвлөлтийн өөр нэг тагнуулч Рейно Хайханен илчилсэн бөгөөд тэрбээр 32 жилийн ял сонссон билээ. ЗХУ тагнуулын үйл ажиллагаа явуулдаггүй гэж мэдэгдээд Фишерээс нүүр буруулжээ. Фишер ч өөрөө Зөвлөлтийн тагнуулын албатай ямар нэг холбоотой гэдгээ үгүйсгээд өөрийн жинхэнэ нэрийг хэлээгүй юм. Жинхэнэ Рудольф Абель Англид герман гаралтай гэр бүлд мэндэлсэн бөгөөд 1920 онд 17 насандаа аавынхаа хамт Орост очиж, 1927 оноос хойш Зөвлөлтийн тагнуулын албатай хамтарч ажилласан аж. Абель ялаа эдэлж эхлэнгүүт УАХХ түүнтэй захидал харилцаа явуулж эхэлжээ. Тус байгууллагын ажилтан эмэгтэй өөрийгөө Абелийн Хелен гэдэг эхнэр нь гэж танилцуулаад америк өмгөөлөгч Жэймс Донованд тогтмол захидал бичдэг байлаа. Цаадахь нь тэдгээрийг Атлантагийн шоронгийн захиргаанд өгч байжээ. Тэр шоронд Абель сууж байсан бөгөөд өмгөөлөгч эр захидлын хуулбарыг Тагнуулын төв газарт илгээдэг байсан юм. Дугтуйн дээр Лайпциг хотын шуудангийн салбарын дардас тавиастай байсан бөгөөд эхнэрийнх нь өмнөөс тэдгээр захидлуудыг герман хэлээр Юрий Дроздов бичдэг байсан гэнэ. Тэрбээр мөн тэдгээр захидлуудад өөрийгөө ялтаны үеэл дүү Юрген Дривс гэж танилцуулдаг байв.
Атлантагийн шоронд сууж байсан хоригдолд түүний энэ хорвоо дээр байхгүй эхнэр, дүү хоёр нь юу гэж бичдэг байсан нь чухал биш юм. Хамгийн гол нь Абелийн хувь заяаг олон улсын хэмжээний нэгэн шуугиант явдал орвонгоор нь эргүүлжээ. 1960 оны тавдугаар сарын 01-нд ЗХУ-ын Свердловск хот орчимд Америкийн U-2 загварын тагнуулын нисэх онгоц устгагдсан билээ. Харин түүний нисгэгч Фрэнсис Гэри Пауэрс олзлогдсон бөгөөд хожим шүүхээр орж арван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. "Тагнуулчдын гүүр" номыг зохиогч Абелийг Пауэрсээр солих санаачлагыг Америкийн нисгэгчийн аав Оливер Пауэрс гаргасан гэдгийг олж тогтоожээ. Сэтгүүлч Уиттел номондоо аав Пауэрсын бичсэн захидлыг оруулсан юм. Тэрбээр энэ захидлыг Абельд ялаа эдэлж дөрвөн жил болсны дараа илгээсэн аж. Тэрхүү захидалдаа Оливер Пауэрс "Хүндэт Абель хурандаа. Би хэдэн жилийн тэртээ U-2 нисэх онгоцны асуудалтай холбоотойгоор ЗХУ-д хорих ялаар шийтгүүлсэн Фрэнсис Гэри Пауэрсын аав байна. Аав хүний хүүгийнхээ араас санаа зовох сэтгэлийн шаналлыг та ойлгож байгаа гэж би найднам. Би хүүгээ эрх чөлөөтэй болгож, түүнтэйгээ уулзахыг маш ихээр хүсч байна. Би Төрийн департамент болон АНУ-ын Ерөнхийлөгчид хандаж солилцоо явуулах хүсэлт гаргахыг бодож байгаа. Би Засгийн газартаа хандаж таныг чөлөөлүүлэн эх оронд тань очуулахын тулд чадах бүхнээ хийж, уриална гэсэн үг. Харин танай улсын төр, засаг миний хүүг чөлөөлж явуулбал баярлах болно. Хэрэв та үүнийг зөвшөөрч байвал би их баярлахсан. Зөвшөөрч байвал надад хариу бичээрэй. Мөн өөрийн улсын удирдлагад миний энэ саналыг уламжилж өгөхийг хүсье" гэж Оливер Пауэрс бичжээ.
Энэ захидал Абельд чөлөөлөгдөх найдварыг төрүүлсэн гэж Уиттел зохиолдоо бичсэн аж. Абелийн өмгөөлөгч энэ захидлын хуулбарыг Тагнуулын төв газар руу илгээсэн ч түүнийг төдийлөн чухалчилж авч үзээгүй юм. Тэр үед АНУ-ын тагнуулын байгууллага туршуулуудыг солилцох талаар ямар нэгэн яриа хэлэлцээр явуулахыг хориглосон байжээ. Гэсэн хэдий ч өмгөөлөгч Жэймс Донован Абелийн "эхнэр" болон түүний герман өмгөөлөгч Вольфганг Фогель нарт ЗХУ-ын Владимир хотын шоронд хоригдож байгаа Америкийн нисгэгчийн аавын тавьсан саналын талаар мэдээлэв. Мэдээж, энэ мэдээлэл Юрий Дроздовын гарт орсон бөгөөд мань хүн түүнийг нь дээшээ дамжуулжээ. УАХХ-ны удирдлага энэ санаачлагыг шүүрч авсан бөгөөд 1961 оны есдүгээр сард Дроздов Зүүн Берлинд тус улсын тагнуулын байгууллага болох "Штази"-тай хамтарч ажилладаг Фогельтэй уулзаад "Хатагтай Абель"-ийн нэрийн өмнөөс Донованд захидал бичих талаар ярилцав.
Жайлс Уиттел энэ захидлыг ч иш татсан билээ. Түүн дотор "Таны зөвлөснөөр би Берлин дэх Зөвлөлтийн Элчин сайдын яаманд хандлаа… Зөвлөлтийн төлөөлөгч энэ хүсэлтийг анхааралтай сонссон бөгөөд надад туслах чин эрмэлзэлтэй байгаагаа хэлснийг танд дуулгахад таатай байна… Бидний ярианаас би нэг л гаргалгаа хийлээ. Амжилтад хүрэх цорын ганц арга бол Ф.Пауэрс болон миний нөхрийг зэрэг чөлөөлөх явдал бөгөөд үүнийг зохион байгуулж болох талтай" гэсэн байлаа. Тагнуулын төв газар чухам яагаад энэ солилцоог хийхэд хүрсэн вэ? Пауэрсыг Америкт төдийлэн хүндэлж үздэггүй байсан шүү дээ. Түүнийг их олон талаар буруутгаж байсан юм. Тэрбээр 20 мянган метрийн өндөрт нисэх учиртай байсан ч өндрөө барилгүй доошилсонд буруутгагдаж байв. Ингэснээр тэр Зөвлөлтийн цэргийнхний харвасан пуужинд оногдоход хүрч, Москва хотод болсон шүүх хуралдаан дээр тэр тагнуулын үйл ажиллагаа явуулсандаа уучлал хүссэн гэж шүүмжлүүлсэн билээ. Хожим нь түүнийг Зөвлөлтийн пуужингууд сөнөөсөн гэдэг нь худал болж хувирсан аж.
"Тагнуулчдын гүүр" номыг зохиогч Жайлс Уиттелын үзэж байгаагаар тэр үед Тагнуулын төв газар солилцоо хийхэд бэлэн болсон байжээ. Тус байгууллага өмгөөлөгч Донованд хандан солилцоог хийх нь Америкийн үндэсний эрх ашигт нийцнэ гэж мэдэгдэв. Энэ бүгд хэд хэдэн сэдлээр тайлбарлагдана. Нэгдүгээрт, бараг таван жил өнгөрсний дараа америкчууд Абелийг ямар нэг зүйл ярихгүй бөгөөд түүнийг өөртөө элсүүлж чадахгүй гэдгийг ойлгожээ. Хоёрт, хэрэв Абель ЗХУ-д эргэж очвол түүний мэдэж байгаа тагнуулын мэдээлэл хуучирч хоцрогдсон учраас АНУ-ын эрх ашигт мэдэгдэхүйц хор хохирол учруулахгүй гэж тэд зөв тооцоолсон юм. Мөн бас нэг прагматик шалтгаан байжээ. Нөхцөл байдал ийм байхад Абелийн хоригдох үлдсэн 27 жилийн хугацаанд Америкийн татвар төлөгчдийн мөнгө хий дэмий зүйлд зарцуулагдах байсан нь тодорхой билээ. Уиттелын өгүүлснээр бол Орост Абелийн хавтаст хэргийг өнөөг хүртэл задалж ил болгоогүй учраас оросууд чухам яагаад солилцоо хийхээр шийдвэрлэснийг таашгүй юм. Гэхдээ 50 жилийн дараа америкчууд Анна Чапман болон түүний хамтрагчдыг солихоор шийдвэрлэсэн арга зам, сэдлүүд 1962 оны солилцоог өвч дууриасан нь анхаарал татаж байна. Энд ганцхан ялгаа байсан билээ. Тэр бол хоёр тал хэл амаа ололцсон хугацаа асар богино байв. Мөн солилцоог маш хурдан явуулсан аж. Бүх асуудал хэдхэн хоногийн дотор болж өнгөрсөн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ бүхэн хоёр улсын найрсаг харилцаанд ямар нэг байдлаар таагүй нөлөөлөл үзүүлэхгүй байхын тулд боломжтой бүхнийг хийсэн юм. Дэндүү их ижил зүйл байсан тул Хүйтэн дайн дуусгавар болоогүй мэт санагдаж байлаа.
Солилцоо явуулах асуудлаар яриа хэлэлцээр хийхээр Жэймс Донован 1962 оны хоёрдугаар сарын эхээр Зүүн Берлинд нисч очихдоо Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суух Зөвлөлтийн Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга гэж өөрийгөө танилцуулсан Иван Шишкинтэй уулзжээ. Үнэн хэрэг дээрээ тэр хүн бол Европ дахь УАХХ-ны ажилтан байсан юм. Донован түүнд Абелийг Берлин хотод Ерөнхийлөгч Кеннедигийн өршөөл үзүүлсэн баримт бичгийн хамтаар 48 цагийн дотор хүргэж ирж чадна гэж хэлэв. Үүний хариуд Зөвлөлтийн тал мөн хугацаанд Пауэрс болон Прайор нарыг чөлөөлөх хэрэгтэй гэж тэрбээр ярьжээ. Фредерик Прайорыг БНАГУ-ын засаг захиргаа эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаа явуулсанд буруутгаж, баривчилсан бөгөөд тэр хараахан шүүхээр ороогүй байсан юм. Шишкин түүнд Пауэрсыг Абелиэр солих эрх мэдэл өөрт нь олгогдсон гэж хэлээд харин Прайор БНАГУ-ын мэдэлд хамаарах асуудалтай тул асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд нэмэлт цаг хугацаа хэрэгтэй гэж хэлжээ. Хоёр хоногийн дараа Шишкин асуудлыг зохицуулсан бөгөөд оюутан Фредерик Прайор солилцоо явагдах өдөр "Чарли" хилийн шалган нэвтрүүлэх төв дээр эцэг, эхийнхээ мэдэлд очно гэдгийг мэдэгдэв.
Маргааш өдөр нь өөрийгөө Рудольф Абель гэж нэрлэж байсан Атланта хотын холбооны шоронгийн 80016-А таних тэмдэг бүхий хоригдол өөрийн өмгөөлөгч Жэймс Донован, шоронгийн орлогч дарга Фрэд Уилкинсон болон холбооны хорих газрын ажилтан Ноу Олдриж нарын хамтаар Зүүн Берлиныг зорин нисчээ. Уилкинсоны цүнхэнд ах, дүү Кеннедигийн гарын үсгээ зурсан Абелийг өршөөн хэлтрүүлэх баримт бичиг хэвтэж байлаа. Ах нь АНУ-ын Ерөнхийлөгч бол дүү Роберт нь Ерөнхий прокурорын албыг хашиж байсан юм. Мөн өдөр Москвагаас БНАГУ руу УАХХ-ны нэгэн хурандаагаар дагалдуулсан Фрэнсис Пауэрс хүргэгджээ.
Солилцоо 1962 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Баруун болон Зүүн Берлиныг холбодог байсан Глинике гүүрэн дээр болсон юм. Солилцохын өмнө Абель, Пауэрс нарыг хамт ажиллаж байсан хүмүүс нь таньж мэдэх үйл ажиллагаа явагдсан гэж Уиттел бичсэн аж. Абелийг УАХХ-ны ажилтан Василий Призов таньж мэдэв. Ингэхдээ тэр түүнээс нүдний шилээ авахыг хүсчээ. Харин Пауэрсыг түүнтэй хамт нисч явсан Жо Мөрфи танив. Солилцох үеэр Зөвлөлтийн талаас Иван Шишкин, үеэл Дривс буюу хошууч Дроздов болон автомат буутай байлдагчид байлцсан аж. Өглөөний яг найман цаг 22 минутад гүүрний хоёр захаас өөд өөдөөсөө тус бүр нь гурван хүнтэй хоёр бүлэг хөдөлжээ. Зөвлөлтийн бүлгийг Иван Шишкин ахалж байсан бол Америкийнхыг Жэймс Донован тэргүүлж байв. Гүүрний голд очоод тэд зогссон бөгөөд Шишкин, Донован нар гар барилцжээ. Залгуулаад Абель, Пауэрс нар зөрж явсан гэдэг. Тэр мөчид оюутан залуу Фредерик Прайорыг БНАГУ-ын холбогдох байгууллагынхан "Чарли" хилийн шалган нэвтрүүлэх төв дээр эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment