Л.Гүндалай О.Содбилэг гишүүнтэй нэгийгээ үзнэ
23 минутын өмнө

Ард түмний нам байгуулж алиа салбадай шиг түүнийгээ татан буулгаж байсан УИХ-ын экс гишүүн Л.Гүндалай Ардчилсан намаас аврал эрж тус намд элсэж байсан түүхтэй. Хөвсгөл аймгаас гурвантаа сонгогдсон ч түмэн олны итгэлийг алдсан түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд аймагтаа нэр дэвшихэд нь "одоо болно" хэмээн сонгогчид түүнд саналаа өгөөгүй билээ. Нэгэнтээ сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулсан Л.Гүндалайд гудамжид лааз өшиглөж явахаар ямар нэгэн төрийн алба хаших хүсэл сонирхол байсан тул тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хандаж ажил өгөөч хэмээн гуйсны хүчинд Боомтын нэгдсэн захиргаа гээчийг байгуулж улмаар дарга нь болсон байдаг. Харин шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд энэхүү газрыг огт шаардлагагүй хэмээн үзэж татан буулгасан тул Л.Гүндалай мөн л ажилгүйчүүдийн эгнээнд ороход хүрсэн байна.
Тэрбээр үүнд ихэд эгдүүцэж, Ч.Сайханбилэгтэй уулзахаар үүдийг нь сахисан авч ямар нэгэн нааштай хариу сонсож чадсангүй өдийг хүрчээ. Тиймээс зөрүүд зандаа хөтлөгдөн мөн л шинэ нам байгуулж 2016 онд Орхон аймгаас УИХ-д нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл цацагдах болов. Хэрэв энэ бүхэн үнэн бол хөвсгөлчүүд түүнийг гол гаргасанд нь гомдож хэзээ ч дахиж саналаа өгөхгүй гэсэн нь үнэн болж таарч байна. Харин Л.Гүндалайгийн хувьд ажилгүй байсан энэ олон өдрийн хугацаанд өөрийнхөө сэтгэлийн гүнд оршдог Монгол Улсын Ерөнхийлөгч болох мөрөөдлөө хэрхэн биелүүлэх талаар янз бүрээр бодож, бясалгаж гэмээнэ ийнхүү нам байгуулах шийдвэрийг дахин гаргажээ. Тухайн үед Ард түмний нам гээчийг байгуулж байхад түмэн олон түүнийг хүндэлдэг байлаа. Харин тэдний итгэлийг хөсөрдүүлж, байгуулсан намаа булшлачихаад хээвнэг АН-ын гишүүн болсных нь дараа хүмүүс түүнийг нэг нүдээрээ ч үзэхээ байсан билээ.
Гэвч Л.Гүндалайгийн хувьд ичих булчирхай нь аль хэдийнэ цочсон тул Эрдэнэтээс нэр дэвшвэл эвтэйхэн боломж буйг олж харжээ. Түүний хувьд "Шо"-гийн хүү О.Содбилэг гишүүн тун чиг зөөлөн өрсөлдөгч мэт санагдсан байна. Тиймээс тэрбээр Орхон аймгийг онилж, овоо хараагаа тааруулжээ. Хамгийн сонирхолтой нь, хэрэвзээ Л.Гүндалай 2016 онд шинээр байгуулагдсан намаасаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болвол мөн л С.Ганбаатар, С.Дэмбэрэл нарын адил хойтон жил нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болвол уншигч та гайхах хэрэггүй юм. Мэргэн сонголт зөвхөн таны гарт гэдэг л маш чухал билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment