Буун дуу тасхийв. Болдхүү хашгиран бослоо. Хар хөлс нь цутгаж, хамаг бие нь салганана. Хөгц, чийгний хамар цоргим эхүүн үнэртэй хавчигхан өрөөний хойд булангаас хараалын үг урсгасаар "мухар" хочит Төмөр өндийж сууснаа:- Харанхуй шөнө ч унтуулахгүй юм. Хулгайч минь, чиний хоногийн чинь тоо гүйцэж дээ гээд гав гинжээ харжигнуулан, бүгшүүлж ханиалгасаар тамхиа асаав.
Ээжийнхээ зааж өгсөн зүүдний тарнийг амандаа хэд үглэснээ Болдхүү эргэж хэвтлээ.
"Хэнийг нь дуудах бол гэж хүлээж байж муу "Мухар" нохой бас миний хоногийг тоолж суудаг байх нь хэмээн хөгшин хонины насгүй болсон хажуудаа суугаа өвгөнийг хараах аядсанаа "Нээрэн, нартад амьд байх хугацаа ч дуусч байна даа. Ерөнхийлөгчөөс нааштай хариу ирээгүй хэрэг. Муу ээж, эхнэр хоёр минь над руу эгцэлж ч харж чадахгүй уйлсаар байгаад буцсан. Ойрд зүүд хүртэл тавгүйтээд, зөн совин нэг л биш..." хэмээн бодож хэвтсэн залуу зүүрмэглэчихжээ.
Нар хэзээ мандаж, сар хэдийд гийж байгааг ч мэдэлгүй зуны хэдэн сарыг "Дээдийнхэн" гэх энэ умгар өрөөнд үдсэн болохоор чийг бамд идэгдэж, чилж хөшсөн болоод ч тэр үү зовхи нь хүртэл өндийхөө больжээ.
... "Алт шиг сайхан хүүг минь араатан адил яргалж алсан. Алуурчинг амийг нь амиар солино" гээд араа шүдээ арзайлгаж, үс гэзэг нь ширэлдэн сэгсийсэн үнсэн саарал биетэй нүцгэн шулам урт хумсаа шигтгэн багалзуурдлаа". Яраглан тийчилж, сэрж чадахгүй байгаа Болдхүү рүү "мухар" төмөр гутлаа шидэв.
Нүүрэн дээр нь буусан гутал түүнийг нөгөө ертөнц рүү аваачих нударга адил буусанд Болдхүү уурлан босч ирснээ:
- Болиоч ээ, новш оо... хэмээн хашгираад гутлыг нь буцааж шидлээ.
Үүрэглэж суусан хянагч:
- Үхлээ хүлээсэн ялтнууд минь яагаад орилоод байгаа юм бэ гэж зандарснаа:
- Үүр цайж байна, новшнууд минь. Амьд хоносондоо баярладаггүй юм уу гэчихээд буцав. Шүүх хурал дээр хохирогчийн ээж гэх тарган шар авгай шал дэвсэлж, үс гэзгээ үгтээн байж хэлсэн үгийг зүүдний "шулам" хүртэл заналтайгаар хэлж байх чинь.
... Чулуун бид хоёр шороо, чулуугаар тоглож өссөн. Цэргийн албанд хамт татагдсан онжавууд. Намрын сайхан налгар өдөр. Говь нутагт ээж байсан шар наран толгойн цаагуур орж, үдшийн бүрий хүүшилж байлаа. Тамганы найр өндөрлөх дөхжээ. Гаанын айрганд халамцсан залуусын дуу чангарч, улаа бутраад, тахилын өмнө бадамлах зулын дөл адил цоролзоно.
Өдөржин наргиж шуугисан үе тэнгийнхэн гэр гэрийн зүг явахаар гарцгаатал:
- Болдхүү, чи миний эцгээс ирсэн хөөргийг авсан биз дээ гэсээр Цолмонбаатар урдуур нь хөндөлсөв. Чихэндээ итгээгүй Болдхүү юм хэлсэнгүй. Тэгтэл дахиад:
- Чам шиг үр төлгүй хулгайч энэ нутагт багтаж шингэх юм уу даа хэмээсэн Цолмонбаатарын шүлс үсэрч нүүрэн дээр нь буужээ. Буруу сонсоогүй түрүүчийн үг бүр эмзэглэж явдаг юмаар нь дайрч доромжлон эргэж ирсэнд уурласан Болдхүү заамдаж аваад шанаадчихаж. "Найзууд ингэж болохгүй. Ярьж, хэлэх юмаа эрүүл саруулдаа эр хүн шиг ярилц" гээд нөхөд нь дундуур нь орж хоёр тийш болгов. Энгэр заамаа задгайлж, нударгаа савчуулсан Цолмонбаатар "Эхнэр нь сувай, эр нь хулгайч. Энэ муу ч ёстой өнгөрч дээ" гэж ээрэн тультчин хашгирсан нь Болдхүүг бүснээсээ хэт хутгаа суйлж аваад хэн ч урдуур нь орох завдал өгөлгүй Цолмонбаатарын дэргэд аваачсан байна. Хоёр завьжаар нь цагаан хөөс савирч, хоолой нь хоржигноод явчихсныг ч анзаарсангүй.
"Миний эхнэр сувай байх нь чамд хамаатай юм уу? Юун хөөрөг, юун хөөрөг... Хоёр буурлын буянд хулгай хийж нүгэл хураахгүй, новш оо" гээд хутга далайсан гараа буцааж чадаагүй Болдхүүг нөхөд нь арайхийн салгаж авчээ.
Нэгдлийн даргын хүү найзыгаа үгээр "алж" эцэст нь амиа алдсан эмгэнэлт хар мэдээ говийн сэвшээ зөөлөн салхиар дамжин эхнэрийнх нь чихэнд хүрэх агшинд хүйтэн төмрөөр гараа гавлуулсан Болдхүү цагдаагийн машинд сууж байв. Хулгайд алдсан гэх хөөрөг нь хэдэн жилийн дараа гэрээс нь олдсон гэсэн. Хаанахын шулам миний найзаар тийм үг хэлүүлсэн юм бол?... гэж ахин, дахин гоморхоод Болдхүү хүчлэн байж өнгөрснийг дурссан хар бодлоосоо арайхийн сална.
Түлхүүр шажигнаж, хар төмөр хаалгыг ёолох адил хяхтнуулан онгойлгоход хөл, гараа гавлуулж дөнгөлүүлсэн хоёр хойно хойноосоо цувран тушаатай морь шиг догонцсоор бие засах өрөө рүү зүглэв.
Гав, бороохой, буу ассан хянагчаас харц дальдран дэгэнцсээр умгар харанхуй өрөөндөө ороод удаагүй байтал төмөр хаалганы голд байх гар багтах төдий нүхээр хар талх, төмөр аягатай бүлээн ус дөхүүлсэн хянагч залуу:
- Хоёулахнаа байж бие биенийгээ харааж зүхээд яагаад байсан бэ? Өнөөдөр хэдэн гэдгийг мэдэж байна уу хэмээн доогтой ч юм шиг, ёжтой ч юм шиг асуулаа.
Өдөр, судар байтугай өглөө, үдшийн баримжаагаа мэдэхгүй суудаг хоёр хариу дуугарсангүй.
- Есдүгээр сарын 01-ний өдөр ш дээ. "Мухар"-ын гэрийнхэн яагаад ирэхгүй байна? Уг нь одоо уулзах боломж ганцхан байгаа биз дээ гэснээ хайрцаг "Алтан навч" шидчихээд яваад өглөө.
"Хэзээ бол..." хэмээн хоногоо хүлээж байгаа хэдий ч хорвоогийн нэг өдөртэй амьд золгосондоо баярлан хар талх, буцалсан усаа уунгаа хоёул өөд өөдөөсөө харан сууж хууч хөөрөх шиг сайхан юм үгүй.
- Ахтайгаа л нэг уулзчих юмсан гэж бодох юм гэснээ улаан буйлаа урчих шахан хар талхныхаа захаас эмтэлж хойш урагш өнхчүүлэн хүлхэх аядав.
- Ганцаар үлдлээ дээ, хөөрхий муу ах минь. Хоёр сайхан дүү минь нэг жилийн зайтай өөд болцгоосон. Ясыг нь барилцаж чадаагүй ээ, ах нь. Нарсанд байсан юм чинь. Хамгийн сүүлд гарахдаа яагаад ч юм, хэзээ ч төрж байгаагүй сайхан бодолтой байсан шүү. Ах минь жигтэйхэн их баярлаад. "Амьд хүн байна. Миний дүү одоо хүн шиг амьдар. Ах нь хадан гэр рүүгээ ойртож явна. Өвгөдөөс үлдсэн энэ хөрөнгийн эзэн нь чи шүү. Ганц хүүдээ өгнө үү, гараа угаана уу, өөрөө мэд..." гэж хэлсэн.
Манай дээд үеийнхэн чинь хур хөрөнгөтэй, хавь ойрынхондоо "хувилгаан" Дампилынх хэмээн хүндлэгдсэн лут улс байсан юм гэсэн. Хамгийн цөөн малтайдаа гэхэд л хорин малчин адуулдаг тийм баян айл байсан юм гэнэ лээ. Өвөг, дээдсийнхээ ясыг өндөлзүүлж, нэрийг хугалж яваа хүн нь өгөр толгойт би. Бүгшүүлэн ханиалгаснаа, аньсага нь чийгтсэн нүдээ шудраад "Алтан навч" нэгийг авч асаав. "Сүрьеэ өвчтэй энэ хүн уушгиа ингэж утаад байдаг" хэмээн халаглан харж суусан Болдхүү "Уушигтай, уушиггүй удах биш дээ" гэж бодоод өөрийн эрхгүй нэг тамхи авч зуулаа.
Ахынхаа хажууд байшин барьчихсан, амьтан хүнээс дутахгүй сайхан л байсан. Хүү минь хааяа гүйгээд ирнэ. Хэзээ язааны том хүн шиг аашилж, зэмлэх гэнэ, аавыгаа.
Нэг өдөр миний хүүгийн нүд хөх эрээн болчихож. Асуусан чинь дуугарсангүй. Айлын хөгшинтэй нь уулзсан чинь эхнэрийг минь булааж суусан муу лалар миний хүүд гар хүрсэн гэдгийг мэдлээ. Ингээд л тэднийх рүү эрчээрээ орсон. Хоймроо сууж байсан муу нохой хуяг байсан дүрээрээ нүдэнд туссан. Зуухны хажуугаас түлээний сүх аваад далайж байснаа санадаг юм.
Намайг онцгойд байхад хуягуудаас хамгийн хогийн хов зөөсөн өлөн "нохой" байсан тэр муу лалар надад хааяа захиа авчирч өгдөг байсан юм. Цоожинд байгаа би хүртэл тэрнийг бас царайчилж эхнэр, хүүхэд рүүгээ хэл өгүүлдэг байлаа. Гараад ирсэн чинь муу новш манай гэрийн эзэн болчихсон, миний эхнэртэй суучихсан байсан. Шүдний угаас хатгаж, үе үе бухимдавч өөрийгөө бариад огт юм хэлээгүй л дээ. Гэтэл газар дээрх ганц хүүд минь гар хүрч зодсоныг хараад тэсээгүй. Тэр муу новшийн амь төрийн гэсгээлд хүрэхдээ яахав гэж бодохоос дургүй хүрэх юм даа. Гайгүй амьтан бол яахав, хүртэх ёстой "шан", хүлээх ёстой шийтгэл гэж бодох сон. Мухар бухимдахаараа хараал урсгаж, хойно хойноос нь угсруулан тамхи баагиулдаг. Тэр л зангаараа хэд хэдэн тамхи татчихаад хэнэг ч үгүй буруу хараад хэвтээд өгөхийг нь харж суусан залуу "гай болсон муу хуяг" хэмээн амандаа хэлээд аягатай усаа гавтай гараараа авч хөнтөрлөө.
... Таанын айраг шуугиад манай нутаг өдийд мөн ч сайхан байгаа даа. Манайхан хоёр гэрээрээ Дэлгэрийн ар шанд руу нүүсэн байх даа. Миний ханийн хайр булаасан хацрынх нь хонхорхой улам тодроод, ээжийн минь сэтгэлийг дэвтээж, хань болоод сууж байгаа. Хорвоо чамайг минь ингэж шийтгэх ч гэж, надаас болсон. Бүх юм надаас болсон... Гаванд боогдон чинэрэх гараа чичиртэл атгаснаа харанхуй буланд эвхрэн хэвтэх Төмөр рүү хяламхийв.
Тамхинаас өөр хань үгүй мэт. Суунаглах утаа нь хүртэл ихийг өгүүлэх шиг. Амаар сорсон утаа хамраар гарахдаа өнгө нь үл ялиг өөрчлөгдөөд олон цагийн амьдралын хүрдийг сөхөх шиг санагдана. Нартын сайхан найман намрыг хамт угтахад яагаад бид хоёрт үр заяагаагүй юм бол гэх хариулт олддоггүй өнөөх асуултандаа дахиад л ээрэгдэж эхлэв. Талийгаачийн "Эхнэр нь сувай, эр нь хулгайч" гэж хашгирах дуу чихэнд нь хадах шиг болоход шал дайвалзан, шавар адар дээрээс нь дараад авах шиг боллоо. Хамаг бие нь чичирч, хөх мах нь таталдаад явчихав. Түүнийг хямарч хачин болсныг анзаарсан "мухар" Төмөр:
- Дүү хүү, 41 чулуугаа татаарай. Ах минь сажлаад ирэх болов уу гэж горьдох юм гээд өндийж суув. Гутлынхаа уланд нуусан жижиг ууттай чулууг гаргаж ирэн татсанаа:
- Ах хүү, бос, бос. Баяртай хэл авчрах гээд байна гээд Болдхүү хормын өмнөх уур бухимдлаа аль хэдийнэ үргээж алга болгочихоод жигтэйхэн баяртай байв. "Чулуу төөрөхгүй бол ч манай энэ сайн хэлдэг юм шүү" гэж дотроо баярласан өвгөн:
- Хорвоог орхидог нь хүний жам. Харин эрт, орой хэзээ вэ гэдэг нь янз, янз юм даа. Төрийн гэсгээлд орохдоо хотойгоод байх юм алга, тийм ээ хө... гээд Болдхүү рүү борооны усанд эвдэрсэн гуу, жалга адил гүн үрчлээтэж атирсан духаараа ширтэв.
Намтар түүхийг нь эндээс уншиж болох энэ хөгшин насаараа шахам шоронгоор явжээ. Гэхдээ л үр удмаа үлдээчихсэн эр дээ гэсэн бодол нь дахиад гуниг, бухимдал даллах адил түүнийг харц буруулахад хүргэлээ. Хоёрхон хоногийн зайтай ар араасаа орж ирсэн хөгшин залуу хоёр ам хуурайгүй ярьдаг байсан нь хүртэл цөөрчээ. Амьд байх хугацаа нь хорогдож байгааг мэдэх тусам дуу нь гарахаа больдог аж. Чимээгүйг эвдэх гавны харжигнах дуу хүртэл зэвүүн сонсогдоно. Хэн хэн нь нүдээ анин хэвтэж байлаа. Түлхүүр шажигнаж, хаалга онгойлгов.
- Түмтийн Төмөр
- Би
- Эргэлтэнд 30 минут
Цээж нь муурынх адил хэржигнэсээр амьсгаадан орж ирсэн өвгөн ам нь ангалзаад байгаа хэрнээ дуугарч чадсангүй. Мөлхөж ирээд Болдхүүгийн духан дээр үнссэнээ:
- Миний дүүг ч гэсэн өршөөсөн байх аа... гээд борооны дусал адил бөмбөрсөн ганц нулимсаа хэлээрээ тосон долоов. Мань өвгөнийг өршөөжээ гэдгийг мэдсэн залуу нулимсаа барьж чадсангүй. Үерийн ус адил цутган мэлмэрэх нулимс нь өөртөө гомдож, өрөөлд баярласных байлаа.
- Буун дуу сонсохгүй үхэх юм байна аа, ах нь. Муу ах минь ирж "Ерөнхийлөгч амийг минь өршөөснөө мэдэгдэх бичиг бариад явж байна, Төрийн минь сүлд. Хүүгийн минь заяа түшсэн байх аа" гэж хоолой зангируулан хэлэх Төмөрийн үг Болдхүүгийн зүрх рүү ёгхийтэл хатгахтай зэрэгцэв.
"Хүүхэдтэй байсан бол заяа нь намайг ч гэсэн түших л байж дээ" гэж бодсон Болдхүүгийн уруул, ам өмөлзөн учиргүй их уйлсаар.
Нэг нь өршөөгдөж, нөгөөд нь тийм хувь дутаж байхад хямарч, хачин болдгийг нь хэзээний мэдэх хянагч Буянаа:
- Болдхүү битгий уйл. Хар газар уйлах сайн биш гэдэг юм. Харсан тэнгэр байгаа ш дээ. Эр хүн хийморьтой, босоо байхад их юм үзнэ ээ, болоогүй. Май тамхи тат гээд "Парламент" сарвайв.
Хуяг, хянагч хүн биш өөдгүй л гэнэ. Хүн шиг нь бас цөөнгүй шүү гэж бодож суусан Төмөр:
- Алив нь ах нь зоос гүйлгэнэ ээ. Манай Буянаа ээлжтэй байгаа юм чинь, тийм ээ гээд шархны лентээр ороож шажигнах дуугүй болгосон зоосоо гаргаж ирлээ. Дуу нь хүртэл чанга болчихжээ, түүний. Хэд хэд гүйлгэснээ "Хийморьтой байна аа, дүү хүү. Хөл хөнгөрсөн юм шиг мөртлөө чиний талд зоос гүйгээд байна. Зүгээр. Би бол энэ хэдэн зоосыг хараад ээж, эхнэр хоёр чинь хөдөлгөөнд орчихож гэж хэлэх гээд байна" гэв. Нулимс нь хатаагүй Болдхүүгийн нүд сэргээд ирлээ.
- Ах хүү ч сайн хэлдэг юм шүү гэснээ тэр хоёрынхоо барааг харчихвал өөр юундаа хоргодохов дээ. Нэгэнт тодорхой юм чинь гээд инээх аядав.
... Төр нь өршөөгөөгүй ч гэсэн миний хүүг тэнгэр бурхан нь ивээж бурхны оронд очих нь... гэж Шийрэв гуай хэлсэн. эргээд ирэх төрөл нь их ойрхон байна гэсэн шүү. Энэ муу бэр минь царай алдаад бүр хэцүүдэх нь. Яадаг юм билээ. Эцсийн удаа уулзах боломж олдохгүй юм байх даа. Ямар ч байсан хот оръё. Яаравчлахгүй бол болохгүй хэмээн өөрөө өөртэйгө ярьж өмбөө, цөмбөө юм бэлтгэж янзлан суутал Болдхүүгийн өмсч байсан баривч баадан дотроос гарч ирэв. Цэндмаа хүүтэйгээ уулзсан мэт алгын чинээхэн бор баривчийг энхрийлэн үнэрлээд, энгэртээ наан хэсэг суулаа. Энгэр нь шүлсэндээ дарайн хатсан баривчны заханд хадсан мөнгөн ембүүг имэрч суутал гаднаас Оюундарь орж ирэв. Сэтгэлийг нь үймүүлчих вий гэсэндээ задалсан юм хумаа бушуухан хумиад,
- Миний охин халуун цай уу. Ээж нь аяганд нь борцтой будаатай цай хийгээд тавьчихсан гээд босохдоо хүүгийнхээ бор баривчийг өвөртөлчихөв.
Хадам ээж, бэр хоёр хэдэн мал төхөөрч, бэл хийгээд хот орлоо. Хэзээ, хэзээгүй аваад явчих гэж байгаа байх шүү гэсэн түгшүүр Цэндмааг яаруулна. Хүүтэйгээ уулзаж чадахгүй бол яана аа гэх айдас хоолой дээр нь тулж, бачимдуулна. Төрийн ордонд ажилладаг гэх нутгийнхаа нэг хүн рүү утсаар ярьтал:
- Тогтоол нь өглөө явчихсан байна шүү гэх нь тэр. Нүд нь бүрэлзэж амьсгаа нь давчдавч бэрдээ мэдэгдэхгүйг хичээн мэддэг хэдэн маань, тарниа уншиж, залбирч явлаа. Хотын зүүн хойд захад орших хэдэн цагаан байшингийн гадаа очив. "Ганц худаг" гэх энэ газраас жийрхэж зэвүүрхдэг сэтгэл нь аль хэдийнэ алга болжээ. Дотогшоо орчихоод гүйх шахам гарч ирсэн хадам ээж нь нулимсаа арчиж байхыг харсан Оюундарь машинаас буугаад амдаж очлоо.
- Алив хөдөлье. Тун сая аваад явсан гэнэ.
- Хэн, хааш нь авч явсан гэж? хэмээн хашгиран асуусан бэрийнх нь царай цонхийгоод явчихав.
- Мөрдөн байцаагч нь авч явсан гэнэ. Хүлээлгэж өгдөг юм байх. Муу юм битгий бод, миний охин. Хоёулаа уулзахдаа л уулзана. Хурдлаарай гээд жолоочийг шавдууллаа. Нүд нь цавчихаа больж, уруул нь үл ялиг чичирхийлэх Болдхүүгийн царайг машиныхаа толинд харсан хошууч Энх "Эвгүй муу үг, эмзэг нандин юмыг нь хөндсөн болохоор энэ залуу биеэ барьж чадаагүй. Уг нь их сайн залуу байгаа юм даа. "Үр удмаа үлдээж чадсангүй дээ" гэж надад хэлж байсан юм. Нээрэн, Болдхүүгийнх гэх юм үлдсэнгүй... Үгээр хүнийг ална гэдэг үхлээс хүртэл хэцүү... Гэвч хууль. Яалтай билээ..." хэмээн бодож явтал хажуугаар нь саарал "УАЗ-469" ороод ирлээ. Сигналдаад урд нь гарч зогсов.
Хошууч Энх машинаас Болдхүүгийн ээж, эхнэр хоёр нь буухыг хараад баярлах, айх хоёр зэрэгцээд балмагдсандаа Болдхүү рүү харлаа. Тэр юу ч анзаарч, мэдсэн шинжгүй гөлөрчээ.
- Миний хүү, миний хүү... Хүү минь хаана байна гээд хошуучийг барьж авч үнсэв. Хошууч Энх ээрч муурснаа худал хэлж чадсангүй.
- Хамт явж байна гэж хэллээ.
- Хүүтэй минь бид хоёрыг уулзуулж өгөөч хэмээн аргадсан харц тулгахад Энх "Цаазаар авах ялтай хүнийг хөдөө хээр уулзуулна гэдэг хоолноосоо сална гэсэн үг. Холоос ирсэн энэ хоёрт "үгүй" гэж хэлбэл үхэн үхтлээ гомдоно биз..." хэмээн бодох зуураа тамхиа татчихаад:
- Дагаад хөдөл гээд машиндаа суулаа.
Хүү нь эцсийн мөчид ирснийг мэдсэн ээж, эхнэр хоёр нь хоорондоо ганц ч үг солилцсонгүй. "Хорвоо ямар хатуу юм бэ?" гэж орилмоор санагдавч Оюундарь биеэ барин энгэрээ даган урсах нулимсаа ч анзаарах сөхөөгүй явж байхад "Хүүтэйгээ уулзах тавилантай л юм байна. Их сайн байцаагч байгаа юм. Энэ төрийн хатуу хуулийн дор ажиллаж байгаа амьтан намайг харахаас зүрх нь шимширдэг байх аа, зайлуул. Өөр хүн байсан бол уулзуулахгүй ч байж мэднэ. Миний хүү чинь сайхан сэтгэлтэй, түмэнтэй явсан хүн болохоор ийм сайн хүн таарч..." хэмээн ээж нь арай сийрэг бодол шилгээж явлаа.
Айдсын даваанаас эргэж баруун тийш 10 гаруй километр яваад хошууч Энх "Зогс" гэж жолоочдоо үүрэг өгөв.
- Ээж, эхнэр хоёртойгоо уулзчих, Болдхүү! гээд мөрдөн байцаагч нь гарынх нь гав, хөлийн дөнгийг салгахад итгэж ядсан залуу:
- Хаана байна? Энд үү гээд нүдэнд нь нулимс цийлэгнэв.
- За, та хэд Төв аймаг орж дулаан газар олж уулзчихаад хоёр цагийн дараа энд хүрээд ир. Итгэж байна шүү гэж хошууч Энхийг хэлэхэд гурвуул зэрэг шахам
- За гэлээ.
Эргэж яв гэхээс нь эхлээд "Байцаагч аа, та юу хийгээд байна аа?" гэж сануулж түүний үйлдэл бүрийг эсэргүүцэж байсан боловч "буурал" На тоосонгүй. Өөрийнхөөрөө зүтгэсээр явуулчих нь энэ.
- Та одоо юу хийгээд байгаагаа мэдэж байна уу? Наадах чинь гүйцэтгүүлэхээр явж байгаа ялтан шүү дээ.
- Дуугүй бай.
- Ирнэ гэж та итгэж байна уу?
- Итгэж байна.
- Хм. Хэний ч санаанд багтамгүй сонин юм хийчихээд. Тэгээд ирнэ гээд хэдэн цаг хөдөө хээр суух юм бэ?
Нөхөд нь "буурал" хэмээн хочилж "На" гэж авгайлдаг хошууч Энх жолоочдоо ийнхүү бангадуулж суухдаа "Хүнд итгэх шиг сайхан юм хаана байх вэ?" хэмээн бодож байсан ч ил гаргаж хэлж чадсангүй. Жолооч залуу цагаа байн байн харж үглэнэ. Чихгүй хүн шиг суух Энх "Төр нь иргэн рүүгээ буу шагайж хороохоо болих цаг хэзээ юм бол? Амьд явах гэдэг эрхийг нь ингэж боогдуулж болохгүй дээ" хэмээн бодоод тэссэнгүй цагаа харлаа. Тэд яваад нэг цаг 40 минут болжээ. Ирнэ гэж итгэж байгаа хэрнээ байн байн тамхи татаж машинаасаа бууж, суугаад нэг л тогтож өгөхгүй байв.
Машины дуу гарч, саарал 69 ирж зогслоо. Сая урт гэгч нь амьсгаа авсан хошууч Энх:
- Миний тусалж чадах юм энэ л байна. Та хоёр сайн яваарай гээд машиндаа суув. Салж, хагацаж ядан уйлалдаж байсан тэр гурав Энхийг машиндаа суухыг хараад нулимсаа шударцгаав.
- Та хоёр минь сайн яваад хариарай. Миний эхнэрт тус дэм болж, харж, хандаарай. Ээж ээ, та хүүгээ уучлаарай гэж чанга гэгч нь хэлээд Болдхүү эргэж харалгүй уйлсаар хошуучийн машинд суулаа.
Араас нь сүү өргөн хоцорч байгааг нь хараад "Аян замд нь ч алуулах гээд явахад нь ч цацлаа өргөж, сэтгэлээ дэвсдэг нь зам мөрийг цайлгасан сайхан заншил юм даа" гэж бодов. Бүх бие нь чичирч байгаа нь мэдрэгдэвч Болдхүү уйлсангүй. Нулимсанд хүртэл төгсгөл байдаг бололтой.
... "Буурал" На цол нэмж дэд хурандаа болчихсон нийслэлийн нэгэн дүүрэгт цагдаагийн хэлтсийн орлогч даргаар очоод удаагүй байв. Өглөөний рапорт тарчихаад өрөөндөө дөнгөж ортол:
- Дэд хурандаа, тантай уулзах гээд хоёр хүн ирлээ гэж нарийн бичгийн дарга нь хэл дуулгалаа.
Хэрэг төвөг шийдүүлэх гэсэн, өргөдөл гомдол өгөх гэж яваа хүмүүс биз гэж бодоод:
- Оруулчих гэв.
Хөдөөний бололтой залуухан бүсгүй, хүүхэд, хөгшин хоёр дагуулсаар орж ирлээ.
- Миний хүү танихгүй байна уу? Би Цэндмаа байна. Яагаав Болдхүүгийн ээж гээд дэд хурандаа На-гийн хоёр хацрыг ээлжлэн үнсэв.
Гүйцэтгэх тогтоолтой нь хамт хүргэж өгөхөөр явж байхад гуйгаад байхаар нь уулзуулж өгснөө сая саналаа.
- Энэ миний хүүгийн хүү Азболд. Сүүлчийнхээ уулзалтаар миний хүү удмаа үлдээж чадсан... Одоо ийм том эр болчихсон. Гурван ой хүрэх гээд явж байна. Дэд хурандаа Энх өөрөө хүүтэй болсон юм шиг баярлав.
Юм гэж сонин юм даа. Найман жил хамт амьдрахад олдоогүй хүүхэд, нэг цагийн уулзалтаар "ирчихдэг". Эгзэг нь таарвал ийм амархан эв нь таарахгүй бол тийм хатуу орчлон юм гээч.
Тэртээгээс "Хүүтэй болсноо мэдээд, үр удмаа үлдээсэн эр хүн гэж өөртөө итгэлтэйгээр харж байгаа болов уу?" гэж бодсоор "буурал" На ажилдаа орлоо. Азболд эмээ, ээж хоёртойгоо цуг байнга ирж дэд хурандаа Энхээд золгодог. Удам залгах үртэй болоход нь сэтгэл, итгэл, зориг гарган тусалсан "Буурал" дэд хурандаа бол "хүн" хэмээх аугаа орчлонгийн хэлтэрхий яах аргагүй мөн буюу. Буун дууны өмнөхөн олдсон Азболд аавынхаа удмыг залган айл гэр баганадсан сайхан залуу одоо хошуучийн мөрдөс гялалзуулаад алхаж явна. Хувь, тохиол оо гэж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment