Нийтийн тээврийнхэн цахим хяналтад орно
Өнөөдөр 14 цаг 13 минут
Нийслэлчүүдийг хамгийн их бухимдуулдаг нийтийн тээврийн салбарт цахим бүртгэлийн систем нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бүх том оврын автобуснуудыг цагийн хуваарийн дагуу явж байгаа эсэхийг хянах цахим бүртгэлийн системд нэвтрүүлэх ажил энэ сарын 13-наас эхлэх аж. Эхний ээлжинд Т:5 дугаар чиглэл буюу III, IV дүгээр хороолол, офицеруудын ордны чиглэлд явдаг 10 төрлийн автобусанд хяналтын буюу бүртгэлийн системийг суурилуулах туршилтыг энэ сарын 30-ныг хүртэл явуулахаар болжээ.Автобус ирэх хугацаандаа явж чадаж байгаа эсэх, автобусны байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг цуглуулж, зорчигчдод ухаалаг гар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэх юм байна. Тиймээс иргэд буруу буудал дээр автобус хүлээж зогсохгүй, ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх гээд наад захын мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэнэ.
Ингэснээр дараагийн алхам болох цахим төлбөрийн системд шилжихэд дөхөм болж байгаа аж. Цахим төлбөрийн системд шилжүүлэхдээ эхний ээлжинд картаар үйлчлэхээс гадна картаа авч амжаагүй иргэдэд бэлэн мөнгөөр үйлчилдэг хэвээр байх гэнэ. Гэхдээ цахим картанд шилжих ажил хэзээнээс эхлэх, хөнгөлөлт эдэлдэг зорчигчдыг хэрхэн зорчуулах, карт ямар хэлбэр хэмжээтэй байх, хэдэн төгрөгийн үнэтэй байх зэрэг нь тодорхойгүй байна. Ер нь ухаалаг системд шилжих ажил үе шаттай явагдах бөгөөд хамгийн түрүүнд хяналт бүртгэлийн системд шилжээд дараа нь мэдээллийн системд шилжсэний эцэст цахим төлбөрийн системд шилжих гэнэ. Ямартай ч энэхүү ажил энэ оны есдүгээр сар гэхэд бүрэн шийдэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment