А.Скрябины бүтэн концертыг Монголд анх удаа тавина
1 цаг 0 минутын өмнө

Хөтөлбөр:
1-р хэсэг
Зүүн гарын Прелюдия болон Ноктюрн op.9
Прелюдия op.11 №1
2 поэмы op.32
Соната op.23 №3 ''Сэтгэлийн төлөв''
(30 минут)
2-р хэсэг
Этюды op.2 №1, op.8 №2, №12, op.42 №5, №6
Вальс op.38
Цомгийн хуудас op.45 no.1
2 танца (Цэцгэн эрхэс, Бараан дөл) op.73
Соната ор.30 №4
(30 минут)
Яагаад Скрябиныг "Суутан" гэж үздэг вэ? хэмээх асуултад өөрийнхөөрөө хариулахын тулд хөгжмийн ерөнхий зүйлсийн тухай товч өгүүлье. Урлагийн бусад төрлүүд болох утга зохиол, кинотой харьцуулахад хөгжим, дүрслэх урлагийг хүн сонсож, харж шууд мэдрэх боломжтой. Хөгжим нь хүний оюун ухаан, зүрх сэтгэл, мэдрэмж, сүнслэг чанараас төрдөг орчуулга шаардагддаггүй хэл юм. Зөвхөн хүний бүтээдэг хөгжмийг бус, байгаль дээрх шувуудын жиргээ хийгээд амьтдын дуун, горхи, булаг, хүрхрээ, далайн усны чимээ, нөгөөтэйгүүр анир чимээгүй оршихуйг ч хөгжим гэж үзэж болно. Бороон дуслууд газарт унахад чимээ сонсогддог атал цасан ширхэг анир чимээгүй. Үүнчлэн хөгжмийг бүрдүүлэгч үндсэн хоёр хүчин зүйл болох дуу чимээ болон нам гүмтэй бид амьдралынхаа турш, хаа сайгүй учирдаг. Хөгжим нь аялгуу, хэмнэл, гармони, фактур зэрэг элементээс бүрдэнэ.
Жишээлбэл: манай нийтийн дуунд АЯЛГУУ, электро хөгжимд ХЭМНЭЛ, жазз хөгжимд ГАРМОНИ чухал үүрэгтэй. Сонгодог хөгжмийн зохиолчдоос Шуберт, Пуччини аялгууны, Прокофьев, Шостакович хэмнэлийн, Дебюсси, Равель гармоний мастер байсан. Скрябины бүтээлүүд дэх энгийнээс ойлгомжгүй хүртэлх ер бусын тэрхүү ГАРМОНИ бол түүнийг "Суут хөгжмийн зохиолч" болгодог гол нууц гэж боддог. Бид Скрябины бүтээлүүдээс хүний амьдралын аз жаргал, баяр баясал, хайр дурлал, гуниг зовлон, тэмцэл ялалтаас авхуулаад эротизм, сатанизмыг хүртэл сонсох боломжтой. Скрябинд шавьжний тухай бүтээл хүртэл бий.
Энэ концертод тоглогдох зохиолуудаас онцолж гол хоёрыг нь танилцуулья:
1. Скрябины оргил бүтээлүүдийнх нь нэг ''Сэтгэлийн төлөв'' хэмээх төгөлдөр хуурын 3-р сонат Фа диез мажор (F sharp dur) болон фа диез минорын (f sharp moll) тэмцэл дунд өрнөх ба минор нь давамгайлдаг. 4 ангит энэ зохиолыг Скрябин өөрөө ингэж тайлбарлажээ:
I-р анги: Эрх чөлөөтэй зүрх сэтгэл зовлон шаналалын ангалд унаж байна.
II-р анги: Зовж шаналсан зүрх сэтгэл түр зуурын хуурмаг амсхийлт мэдэрч байна.
III-р анги: Зүрх сэтгэл мэдрэмжийн зөөлөн ба меланхолик тэнгис дээгүүр хөвж байна. Хайр дурлал, гуниг, нууц хүслүүд энд илэрхийлэгдэнэ. Энэ ангийн тема нь тэнгэрийн оддын дуу юм.
IV-р анги: Зүрх сэтгэл уур хилэнгийн эргүүлэг дотор тэмцэлдэж байхад гэнэт Хүн-Бурханы (Ницше-гийн "Also sprach Zarathustra" бүтээлд гардаг Ьbermensch хэмээх ойлголт) дуу хоолой сэтгэлийн гүнээс сонсогдож эхлээд төгсгөлд нь III-р ангийн тема ялалтын дуу болон эгшиглэнэ.
2. Скрябины хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг төгөлдөр хуурын 4-р сонат нь эротик шинж чанартай. Скрябин өөрийнх нь бүтээлийг тоглож байсан төгөлдөр хуурчдаас цөөхнийг сайшааж байсны нэг нь Фейнбергийн энэ сонатын тоглолт. Нэгдүээр анги нь вариацийн хэлбэрт бичигдсэн ба хоёрдугаар ангидаа ''prestissimo volando'' хэмээх тэмдэглэгээ хийсний ''volando'' нь Италиар ''Нислэг'' гэсэн утгатай. Идеалист үзэлтэй Скрябин нэгэн удаа их чулуутай голын өндөр гүүрэн дээр явж байхдаа хамт яваа марксист үзэлтэй Плехановт ''Би энэ гүүрнээс үсэрч чадна, гэхдээ толгойгоороо голын чулууг цохих биш, харин өөрийн зориг, тэнхээнийхээ хүчинд агаарт дүүжлэгдэж үлдэнэ" гэж ярьжээ. Энэ ярианаас нь Скрябинд ''Взлёт'' буюу нислэг хэмээх санаа төрснөө хөгжимдөө оруулж ирсэн байдаг.
Та бүхнийг Скрябиныг нас барснаас хойш яг 100 жилийн дараа болж буй түүний төгөлдөр хуурын сонгомол бүтээлүүдийн концертод хүрэлцэн ирэхийг урьж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment