Saturday, April 25, 2015

Булган голын босоолон

Булган голын босоолон

Өнөөдөр 15 цаг 46 минут

Ховдын Булган гэж Монголын хамгийн том сум байдгийг зарим нь мэдэх байх. Хүн ам нь социализмын үед бараг 10 мянга хүрч байсан билээ. Тиймээс "ногоон" онгоц нисдэг байсан цөөхөн сумын нэг л дээ. Оршин суугчдынх нь дийлэнх нь торгуудууд юм. Бусад ястан ч цөөнгүй. Гэхдээ цөөнхийн ихэнхийг казах нөхөд эзлэх нь мэдээж. Өөрсдийгөө Чингисийн торгон цэргийнхэн хэмээн өргөмжилдөг эл нөхдийн тасархай нь ОХУ-ын Халимаг хэмээх үндэстэн бөлгөө. Яагаав, нөгөө Кирсан Илюмжиновын халимагууд байхгүй юу.

Тэднийг торгууд гэдгийг нь мэддэггүй миний үеийн буюу тавь гарсан хүн ч байдаг юм билээ. Тэр ч бага хэрэг. Ер нь Халимаг гэж улс байдгийг, тэд бидний мах цусны тасархай болохыг мэдэх нь байтугай сонсоо ч үгүй нөхөд бишгүй ажээ. Бидний ерөнхий мэдлэг нэг иймэрхүү л болоод байна даа. Торгуудын нутгаар урсдаг том гол бол Булган бөлгөө. Минж, булганы жинхэнэ эх орон гэж болно. Ямар үзэсгэлэнтэй сайхан гол гэдгийг нутгийнхан нь л гадарлах биз. Явуулын хүн бол хий дэмий алмайраад л суудаг билээ. Улиас, бургасан шугуйгаа сүлжээд урсахыг нь харахад ёстой л нүд баясгам даа.

Өнгөрсөн зууны наяад оны дундуур тэнд үнэхээр сайхан байсныг харах завшаан тохиож билээ. Миний мэдэхгүй шувууд ямар олон байсан гэж санана. Хавтгаалж, хөөндий, хайргана ч гэх шиг. Минж, булга, ондатр буюу заарт харх гээд амьтад бараг агнадаггүй юм болов уу гэхээр олон байж билээ. Тэр нутгаар явсан хүн ёс юм шиг малгайны минж, ондатртай ирдэг байсан юм шүү. Булган сумын эр хүйстэй болгон голоо дагадагсан. Загасчилна, дээр дурдсан амьтдыг намнана. Зарим нь зөвхөн шувууны ан хөөнө гээд л ..
Оюутан байхдаа ангийнхаа андыг даган гэрт нь хэд хоног амрахдаа ахтай нь ан хийнгээ элдвийг сонсож явсныхаа нэгийг энд дурдах тавилантай байжээ хэмээн бодон, бодон бичив ээ. Миний андыг Хас гэх. Ахыг нь Хасагаа гэнэ. Гэхдээ хасаг хүн биш л дээ. Нутгийн торгууд хүн. Тэр хоёр тэрсхэн болохоор би ч найз болов. Гэхдээ Хасагаа бид хоёроос гурван насаар ах нэгэн байлаа. Ангийн хорхойтой хүн гэвэл түүнийг л хэлэх байх. Загасны хэрэглэл, калибр, шувууны буу бүгд байх. Эхлээд бид загасчлах болов. Хасагаа загас барьж, бид хоёр даган баясна гэсэн үг л дээ. Идэх, уух юм цүнхэлж аваад үд дунд гарав.

Намрын эхэн сар болохоор байгалийн сайхныг нь үгээр хэлшгүй байлаа. Булган голын эргээр ургадаг чацаргана нь улаараад үнэхээр гоё байв. Явуут дундаа ганц хоёрыг амандаа хийсээр явав. Би Хасыг бодвол загас бага зэрэг гадарлана л даа. Миний бодохоор тэр доор харагдах хар үзүүр лүү явмаар санагдана. Холоос харахад л Булган гол тэнд асар том тохойрсон байв. Тэнд мэдээж том цүнхээл байж таарна. Гэхдээ эхэндээ би элдвийг ярьсангүй. Мөрөөрөө дагаад явсан билээ. Тэгэх нь ч дээр байв. Нутгийн хүмүүс газар орноо мэдэж таарна шүү дээ. Бид дээшээ өгсөн нэг аятайхан газар очив. Аятайхан газар ч голын хаана л бол хаана байх нь тодорхой л доо. Хас бид хоёр хавь ойроо ажсан шиг суулаа. Хасагаа мэдээж загасчлав. Булган гол ч жинхэнэ загасны орон юм аа. Дэгээ хэдхэн хаяад л үзүүр тохой загас гаргаад ирлээ. Мушгиралдан өнхөрөх мөнгөлөг загас Булган голын алдарт хайриус ажээ.

Ер нь Ховд, Буянт, Булган голын үндсэн загас нь хайриус билээ. Хасагаа яах ийхийн зуургүй хэдэн сайхан хайриус барьчихлаа. Бид бас ч гэж бэлтгэлтэй явсан юм. Аяны жижиг тогоо, ойр зуурын ногоо, давс гээд л юу эс байх билээ. Хас маань загас барьдаггүй ч янзлаад шөл хийхдээ гаргуун юм билээ. Тэр хооронд Хасагаа амарч, би ганц хоёр удаа дэгээ хаялаа. Ганц хоёр ч гэж дээ, хэд хэд хаяжээ. Хоёр хайриус барив. Ингээд загасны шөл уунгаа энэ тэрийг ярилцаж байв. Хасагаагийн хэлэх нь маргааш ондатрт явах гэнэ. Надад малгайн арьс олж өгөх юм байх. Тэр үед ондатр малгай моодонд орж байсан юм. Маргаашийг тэсэн ядан хүлээв. Үнэнийг хэлэхэд малгайн арьсанд яарсангүй. Анд яарахгүй юу. Ан эр хүний хийморь сэргээж, хорхой гозойлгодог биз дээ. Буцахдаа Хасагаа надаас асуулаа. "Чи ондатр харав уу? гэв. Үзээгүйгээ үнэнээр нь өчив. "Тэгсэн байх аа. Та хоёр харсангүй л дээ. Намайг загас барьж байхад дээхнэ голын эргийн усан дотор шумбаж л байсан ш дээ. Та хоёрыг өөрсдөө олоод харчих болов уу гээд би хэлээгүй юм" гэлээ.

Маргааш нь мөнөөх газраа ирэв. Тэгэхдээ калибр болон шувууны хоёр амтай буугаа үүрч ирлээ. Калибрийг нь би, шувууны бууг Хасагаа үүрлээ. Манай Хас угаас анд дургүй нэгэн бололтой. Буу үүрэх гэж булаацалдсангүй. Тоож ч байгаа юм алга. Харин надтай анагаахын сургуулийнхаа талаар, нөхдийн тухай ярихаар л явна уу гэлтэй санагдав. Үнэндээ түүний зорилго бараг тэр л байжээ. Манай курсын Дээгий гэх охины талаар сав л хийвэл яриа гаргана. Анхны дурлал нь байсан юм билээ. Хасагаа гэнэт бид хоёрыг зогс гэж дохиод өөрөө урагшаа гэтэн явав. Би ондатр харжээ гэж бодоод бас олоод харчих санаатай дагуулан нүд бэлчээв. Тэгтэл Хасагаа буугаа зэхээд хэсэг явсанаа газраас нэг юм аваад шидэв. Тэгтэл хэдэн галуу их л дуу чимээ гарган нисэх нь тэр. Мань хүн хагас суугаад л буудав. Хоёр шувуу уналаа. Очиж үзвэл бор галуу байж билээ. Би бодлоо. Нээрээ, Хасагаа шувууны буутай явсан ш дээ. Юуных нь ондатр байх билээ. Шувууг шумбаж байхад нь бус, нисэнгүүт нь бууддаг ажээ. Тэгж л мэдсэн дээ. Хоёр галуутай болсон "анчид" хэсэг тамхилан суув. Тэгснээ "За, одоо ондатр буудна аа" гээд тэр босов. Заарт харх усан дотор голдуу байдаг амьтан юм билээ.

Би анхандаа эргийн амьтан гэж бодож байсныг яана. Гэхдээ голын захаар умбан, шумбан байдаг бололтой. Шумбаж байхад зөвхөн толгой нь л харагддаг юм билээ. Тэгэхээр бас ч гэж хэцүү ан шиг санагдсан шүү. Хасагаа гол дагаж яваад хоёрхон буудаад л хоёрыг авчихлаа. Ягаан шаргал, томхон хулгана байв. Хоёр байхад болно доо. Оройг нь савхи юм уу илгээр хийхэд сайхан малгай болно. Сүүлийн үед ховордоод байгаа юм. Сумын төв хавиар бол агнуулахгүй гэв. Хичнээн ангийн хорхойтой ч Хасагаа амьтан хайрлах, хамгаалах ухаантай байсныг хожим нь ойлгож билээ. Миний хэрэг ч бүтэв. Ингээд маргааш нь мөн л загасчлах болов. Бас л дээшээ явлаа. Би хэлэв. Тэр хар үзүүрт очиж үзмээр санагдана гэчихэв.
"Манайхан тийшээ зүглэдэггүй юм" гэнэ. Яагаад тэгдэгийг нь асуувал "Найзаасаа асуу" гээд ам таглачихав. Найзаасаа шалж гарлаа. Хас маань баахан дүлэгнэж байснаа "Би учрыг нь сайн мэдэхгүй. Чи ч ойлгохгүй байх. Нутгийнхан тэр газрыг босоолонтой гэдэг юм" гэлээ. Бүр ихээр сонирхол татаад явчихав. Залуу байсан юм чинь элдвийг сонирхоно биз дээ. "Ямар сонин юм бэ? Буг чөтгөр, босоо ороолон гэж сонсож л байсан. Багш нар тийм юм байдаггүй л гэсэн ш дээ. Энэ хоёр мухар сүсэгтэй байх нь. Тэгээд ч босоолон байхдаа яахав. Босоо ороолон гэхийг торгуудаар хазгай муруй хэлээд байгаа юм болов уу?" гэж бодов. Тэр чинь тэгээд босоо ороолонтой юм уу гэвэл, үгүй ээ, босоолон гээд байхад чинь гэж их л эгдүүцсэн шинжтэй Хас найз хэлэв. Босоолон гэж юу байсан юм? Босоо ороолон гэж л номонд гардаг биз дээ гээд би ч мөчөөгөө өгсөнгүй.

- Биш ээ. Чи ойлгохгүй байна. Босоо ороолон гэж бас бий. Тэр чинь хүнд аюултай байхгүй юу. Босоолон нь хүнд гэм хоргүй гэдэг юм билээ гээд Хас чимээгүй боллоо. Хасагаа чимээгүй явж байснаа "Хоёулаа хий үзэгдэл байхгүй юу. Нэг нь аюултай, нөгөө нь хоргүй гэдэг. Гэхдээ л хий юм харах ямар сайн байх билээ. Тийшээ яваад яахав" гэв. Би бүр ихээр сонирхсонд Хасагаа арга буюу тэр талаар ярих болов. Зүлгэн дээр сууж тамхилангаа ийн ярилаа.
- Уг нь тэр хар үзүүр загастай л даа. Арваад жилийн өмнөөс гэнэт босоолонтой болчихсон юм. Манай нутгийн хоёр айл намаржиж байсан юм билээ. Бас л Хас бид хоёр шиг тэрсхэн хоёр бандитай байж л дээ. Тэр хоёр нь загасны хорхойтой байж. Мэдээж шүү дээ. Тийм гоё газар байгаа улс загас гэлгүй яахав. Өглөө гараад л үдэш болтол загасчилдаг байсан гэдэг. Тэр нэг гайт өдөр загасанд гарчээ. Хэд хоног бороотой байсан болохоор үер нь гүйцэд татраагүй байсан биз. Ах нь том ногоон цүнхээлийн эрэг дээр сууж байж л дээ. Гэнэт эрэг нураад эргүүлэгт уначихгүй юу. Булган голын хүүхдүүд хэдийгээр усанд сайн ч эргүүлэгт орчихоор хэцүү байлгүй яахав. Ганц хоёр шоволзоод "Амь авар" хэмээн хашгираад сүйд болоо биз. Ах нь живэн алдаж байхад дүү нь хараад суухгүй ш дээ. Татаж авах гээд очсон байгаа юм. Амь тэмцсэн хүн дүүгийнхээ гараас атгаж аваад тавиагүй бололтой. Ах нь мэдээж арай бяртай байсан байж таарна. Бас усны хүч гэж нэг юм бий. Татаад хамт явчихгүй юу. Тийм л юм болсон доо. Тэгээд тэр айл нүүж оджээ.

Тэгээд л дараахан нь тийм яриа гарсан билээ. Хэд хэдэн хүн тэр үзэгдэлтэй таарснаа ярьсан байдаг. Яг хар үзүүрт яваад очихоор гэнэт усан дотроос хоёр хүүхэд цухалзаад "Амь авар" хэмээн хашгирдаг юм гэнэ лээ. Тэгээд манайхан тийшээ зүглэхээ байсан даа. Одоо ч сум даяараа мэддэг болсон. Тийшээ хэн ч очдоггүй. Харин шинжилгээнийхэн л очдог гэсэн. Хэдэн жилийн өмнө тэнд Ховд голын хэдэн гургуул бас нэг төрлийн загас тавьсан гэнэ билээ. Үргээх хүн амьтангүй учраас тэд л овоо үржиж байгаа байх гэв. Хэргийн зангилаа бараг тайлагдаад явчих шиг болсон. Хоёр хүүхэд эндсэн нь тодорхой. Гэхдээ амьтан үржүүлэхийн тулд хамгаалах зорилгоор зориуд тийм цуу тараасан ч байж мэдэх. Байгаль дэлхийгээ хамгаалах монгол ухааны нэг нь тухайн газрыг хамгаалалтад авах бүлгээ. Ингэхийн тулд олон түмний сүсэг бишрэлийг ашигладаг байсан уламжлал ч манайд буй. Гэхдээ босоолон үнэхээр байхыг ч бас үгүйсгэхгүй. Босоолон, байгаль хамгаалалт хоёр давхацсаныг ч үгүйсгэх аргагүй билээ. Одоо чухам ямар янзтай байгааг нь мэдэх юм алга. Миний сонссон түүх ийм л юм даа.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment