Saturday, April 25, 2015

Ходроо (Өгүүллэг)

Чих нь жаварт хайрагдан часхийхэд божийсон бор гараараа дарах аядан шогшино. Исгэрэн шилбүүрдэх цасан шуурга өөдөөс нь хайр найргүй балбавч хүү өвөртөө хийсэн юмаа унагаачих вий гэсэн шиг чанга тэврэн урагшилсаар.
Дарь-Эхийн овоон дээрх хогноос шил, лааз цуглуулж тушаачихаад нэг талх, цувдайны оронцог аваад "гэр" рүүгээ яарч яваа энэ хүү 13-хан настай. Духан дээрх гүн цагаан сорви нь түүний туулсан амьдралыг тодотгох мэт. Халуун пийшин мөргүүлж хамаг биеийг нь хөх няц болтол зодож гарынхаа чилээг гаргадаг хойд эцгийн харгислалын ул мөр нь энэ.

Хотын төв рүү орж ирэхэд салхины хүч сулран хүү сая алхаагаа арай удаашруулав. Чих нь хорсовч сайрандаа идэгдэж хагар туссан гарнаас нь өөр халхлах, хамгаалах юм түүнд байсангүй. Хоёр өөр размерын, ханзархай гутланд нь цас чихчихсэн болохоор хөл нь нойт оргино. Энгэрийг нь зөрүүлж бүсэлсэн томдсон хүрэм нь тэр чигтээ дарайтал хөлджээ. Хоёр чих хэдэн хуруугаа хөлдөөн байж хоногийн хоолоо олж ирсэн Цоохорыг траншейндаа ирэхэд цаад хоёр нь алга байлаа. Ил утастай плиткан дээр идэх юмаа аялуулж суутал Хэнчбиш, Олдох хоёр ирэв. Хоолны үнэрт нүд нь сэргээд хоймрыг эзэгнэн өөр өөрсдийн өмнөх төмөр тавгаа нүдэн суухдаа Цоохорын чих, хурууг анзаарах сөхөө ч байсангүй.

Чих, хуруу нь хорсон янгинаж өвдсөндөө ч, юм уу, өөрийг нь эс тоосонд гомдсондоо ч тэр үү Цоохор хөлөрч ирсэн нүдээ хэдэндээ цавчин дусал нулимс ч унагаахыг хүссэнгүй. Өмхий үнэртэж, халуу төөнөх цооногт өчнөөн жил хамт амьдрахдаа үе тэнгийн гурван банди юу эсийг үзэхэв. Тэнэмэл охидуудыг чирч оруулж ирээд, цуварч орчихоод "Чи яасан, би тэгсэн" гээд эр, эмийн ажлын туршлагаа хуваалцаж л байсан. "Эр хүн болсных" гээд үнэ хямдтай архи хувааж уучихаад "Ээжийгээ санаж байна" гээд гурван биеэ тэврэн уйлж суусан. Энд тэндээс хумсалж ирсэн хэд гурван төгрөг булаацалдан нударга зөрүүлж, нармайгаа нээлцчихээд бодох, санах юмгүй инээгээд гүйж л явсан.
Хэнчбиш, Олдох, Цоохор гурав нэг "гэрт" ингэж л өсч өндийсөн улс. Өссөн орчин, "гэр"-ийг нь бодвол өдийд тэд хаана байх нь тодорхой гэж хэлж болох ч буруу, муу үйлдлээс болж өгвөл холхон явахыг хичээж бас "Гурвуулаа баячууд шиг амьдарна аа" гэх мөрөөдөлдөө хүрсэн гэхэд болмоор. Эсгий шиг сунаж, өссөн тэд гурван өөр замаар алхаж яваа ажээ.
Гудамж, траншейгаар овоглож явсан Олдох хэдэн Хятадын судсыг барьж, арьс ширний грушик хийснээр овоо хэдэн төгрөгтэй болчихоод байхдаа Ангирмаатай учирсан.

Хятадуудад барааг нь ачиж өгч, шилнийх нь хонхорхойг харчихаад хэдэн найзтайгаа хоолонд оржээ.
... Сүрчигнийх нь үнэр хөнжлөөс нь салаагүй хэрнээ салж чадахгүй янаглаж байсан хүүхэн нь өглөө босоход алга байв. Унааны ч мөнгөгүй болтлоо сэгсрүүлсэн мань эр "Янхнууд хаашаа холдох вэ дээ" гэж бодоод өнгөрч.
Хөлсний байранд орь ганцаар тансагхан амьдардаг түүнийг эргүүлдэх бүсгүй цөөнгүй ч эр биеийн жаргалыг янхантай хуваалцдаг нь түүний зан. "Яагаад" гэж асуухаар "Намайг эзэмдэж чаддаг" хэмээн хэнэг ч үгүй хариулдаг юм.
Түрийвч, гар утас... гээд түүний халаасанд байсан бүгдийг аваад явчихсан тэмээнээс тэмдэгтэй тэр бүсгүйтэйгээ тун удалгүй тааралдчихжээ. Айж, эмээсэн бүсгүйг танихгүй байгаа дүр эсгэж байгаад тохиролцоонд хүрч, тансагхан зочид буудлын өрөөнд орсон байна. Өвөрт нь орж ирсэн чармай нүцгэн бүсгүйд "өрөө төл" гэж шаардахад өөртөө ахадсан зовлон туулж яваа Ангирмаа бүсгүй амьдралаа өнгөтөөр ярьж өгснөөр Олдохын сэтгэлийнх нь судсыг хөндсөн гэлтэй.

Хүйтэн, хөндийнхөн учирсан ч тэр шөнө хэвийх мөчид түүнийг хайрлах, хүн шиг авч явах ам өчгөө өгчээ. Олдох, Ангирмаа хоёрын цайллаганд Хэнчбиш эхнэр Шүрээтэйгээ, харин Цоохор гэрлэж амжаагүй тул ганцаар иржээ. Цооногт амьдарч байхдаа хамгийн амьжиргаантай, арчаатай нь байсан мөртлөө архитай нөхөрлөж яваад осгож, нэг гарынхаа хэдэн хурууг тайруулсан Цоохор өнөөг хүртэл гоонь яваад хэн хэн нь л сэтгэл эмзэглэж хэрэндээ таарсан зөвлөгөө өгч, чихнээс нь хонх уях бол энүүхэнд.
Гэхдээ мань эр гашуун усны гайг махан биеэрээ мэдэрснээс хойш ганзагын наймаанд гүйгээд хэний ч гар харахааргүй өөрийгөө болгоод л явдаг нэгэн.
Эхнэрийн буяныг хэхэртлээ эдэлж яваа Хэнчбиш хийсэн тодорхой юмгүй ч энгэрийнхээ халаасанд хэд хэдэн ажил, албаны хаяг зүүсэн нэрийн хуудас байнга авч явна. Эндүүрсэн зарим нь эрхэм гишүүний "туслах" гэж ойлгож байхад эхнэрийнхээ нөлөөн дор баг зүүж явдгийг нь мэдэх хүн ч цөөн биш.
"Траншейныхан" гэж тааралдсан бүхэнд гоочлуулж, дээрэнгүй харцанд зодуулж өссөн гурван залуу амьдралынхаа хуудсыг өөр өөрийнхөөрөө л бичиж яваа улс.
- Хаачаад ирэв? Халуун саванд хоолыг чинь хийсэн шүү гэж ая муутайхан дуугарсан эхнэртээ хариу хэлэлгүй шууд угаалгын өрөө рүү орсон Хэнчбиш "Цоохороос өөр хүн алга" хэмээн өөртэйгээ яриад гарынхаа хөөсийг усаар зайлав.

Духан дээр нь үнэрлэчихээд, хүүгийнхээ хажуугаар орж хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй. "Гөлөгөө гишүүний эхнэрт "За" гээд хэлчихсэн болохоор заавал бүтээж өгөхгүй бол болохгүй. Заамарын алтны орд гэдэг бол хэн дуртай нь авчихдаг, хямдхан эд биш... Талийгаач болсон 200 гаруй хүний нэр дээр санал "өгүүлж" арайхийн гаргаж ирсэн ачийг минь Гөлөгөө новшийн хулгайч ийм амархан мартсан юм байх даа. "Май" гээд өгчихөж чадахгүй. Заваан юмандаа заавал миний гарыг дүрүүлэх сонирхолтой байгаа юм болов уу? Бүтээхгүй бол Хэнчбиш хэн болох юм бэ, харуулж л таарна... Цоохор л эвгүй дээ. "Үгүй" гэх ганцхан шалтаг байнга өмхий санааныхаа мухарт хадгалж явдаг байж мэдэх юм. Эртийд намайг эвгүй дуугарсан бол эргүүлж тонгорчих гээд харцаараа хутга эргүүлээд байгааг нь харахгүй юу...
Хэнчбишийн толгойд өнгөрсөн, өнөөдрийн хуурцгууд завсар зайгүй эргэлдэн хэвтэж байтал эхнэрийнх нь хөлийн чимээ гарав. Унтсан дүр эсгэн хөнжилдөө шуургатал хамаг бие нь чичрээд ч байх шиг. "Зүрх, зориг муутай заваан новш" гэж нөгөө хоёртоо зөндөө чичлүүлдэг байснаа бодон, өндийж суулаа.

... Гарт нь тоосго байгааг харангуут арагшаа эргэтэл хайруулын таваг нүдэнд нь тусчээ. Бултаагүй бол нүдээ тэс цохиулах байв. Өрссөн тулдаа түүнийг цохиж унагаав. Амнаас нь цагаан хөөс сахран тийчилж байснаа хөдөлгөөнгүй болоход нь айсан харцаараа мөргөлдсөн хоёрын хэн нь ч ам нээсэнгүй. Судсыг нь барьж, амьсгалыг нь чагнав. "Үхчихэж" гэж Олдох сулхан дуугарав. Ардаа байсан дулааны хоолойн трубыг хэд өшиглөчихөөд үхэдхийн суухдаа "арай ч дээ" хэмээн хашгирсан Хэнчбишийн хацрыг даган нулимс нь урсч байлаа.
Өөрийнх нь муу цамцыг нүүрэн дээр нь хаячихаад хоёулаа хажууд нь толгой гудайлган суугаад үүр цайтал уйлав.
- Гаргах уу? гэж Хэнчбишийг асуухад Олдох дуугарсангүй. Духаараа цоо ширтэх түүний харцнаас дальдран буруу харахдаа хошного ухаж, хад мөргүүлэх юм биш байгаа гэсэн айдаст дарагдлаа.
Тамхиныхаа утаагаар өөрийгөө цатгахын хажуугаар тайвшруулах гэж оролдож суухдаа "Траншейнд үхэхийг алийг тэр гэхэв. Тоодог хүн байх биш. Энэ хоёр хэзээ ч эвийн цавуугаар наасан юм шиг сайн байгаагүй. Нэг муу охиноос болж насны өстнүүд болоо биз дээ. Хэрэг бишидвэл "Ходорч л таарна" хэмээн бодов.

"Хоолноос болж нэгийгээ цааш харуулчихаж байгаа юм уу. Хичнээн жил энэний хүчинд ходоодоо борлуулсан билээ дээ. Хэтэрхий бардам байдаг энэ муу новшийг..." Олдохын цээжинд Цоохорыг өмөөрсөн гал дүрэлзэнэ.
Цоохор тэр өдөр хиам идсэнээ ярихад хонхолзох ходоодондоо захирагдсан Хэнчбиш эхэлж хэрүүл өджээ.
- Амиа бодсон хар новш вэ, чи...
- Хүн авч өгсөн ганц годгор хиамыг халаасандаа хийгээд зогсч байх байсан юм уу? Өнөөдөр чиний ээлж биз дээ?
Нөгөө хоёртооо аархах санаа байвч сачий нь хүрдэггүй Хэнчбиш Цоохорыг шууд алгадчихжээ. Санаандгүй байсан Цоохор суун туссанаа сандайлж суудаг тоосгоо бариад босоод иржээ. Тулсан юман дээр Цоохорыг дийлэхгүй гэдгээ мэдэж байгаа болохоор өөдөөс нь тоосго далайсан түүнээс өрсөх гээд тархин дундуур нь татаад авсан байна. Харанхуй дааж, өмхий үнэртсэн нүхнээс хоёр хоног гарсангүй. Хэн хэн нь түрүүлж ам нээж чадахгүй, хоёр тийш харан суусаар байжээ. Гэтэл дэргэд нь бүтээлэгтэй хэвтэж байсан талийгаачийн гар хөдлөх шиг болов. Хэнчбишийн нуруу руу хүйт даагаад хөдөлж ч чадсангүй. Олдох ухасхийн босч, гарыг нь атгаснаа "Цоохор оо, Цоохор оо" хэмээн хэд хэд дуудсанаа нүүрнийх нь бүтээлгийг авав. Цоохор үхээгүй байлаа. Хоёр хоног ухаангүй байжээ. Айх, гайхах зэрэгцсэн хоёр анд нь толгойг нь түшиж, ам руу нь ус хийхэд "Хэнчбиш зүгээр үү" гэж хоолойныхоо мухарт дуулдах төдий шивнэхэд Олдох огшиж ирснээ уртаар амьсгаа аваад өнгөрч. Түүнээс хойш Цоохор Хэнчбишийг болж өгвөл шөргөөчих гээд болохгүй бол шүргэчих гээд байдаг байж. Хувь тавилангийн эргүүлгэнд шидэгдэж хар багаасаа хамт толгой хоргодож өссөн тэд төдөлгүй инээж, хөхрөөд эвлэрцгээж.

Эр бие өсч өдий хүрсэн ч өчнөөн жилийн өмнөх энэ явдалд "өс санадаг байх" гэсэн хардалт Хэнчбишид хадгалагддаг юмсанж. Эрээн зангиа зүүж, гоёлын хослол өмсч, брэндийн гутал жийсэн Хэнчбишийн урилгаар Цоохор "Чингис" ресторанд очив.
- Хоолны даруулга, хундага юм уух уу гэхэд нь Цоохор:
- Хатуу юм уухгүй ээ. Харин улаан дарс балгачихъя гээд урилгатай зочин шиг буйдан налан маадгар сууна.
- Бидний нас явж байна. Үр удмаа үлдээх талын юм бодож байгаа биз дээ гээд Хэнчбиш найздаа санаа зовсон өнгөөр яриа өдөв.
- Нэг бүсгүйтэй танилцсан. Их сайн эмэгтэй. Ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Үйлдвэрийн осолд ороод өрөөсөн хөлгүй болчихсон юм билээ.
- Чи юу бодож, сайн сайхан гээд байгаа юм. Одоо чинь овсгоотой, сүйхээтэй болж өгвөл овоо хур хөрөнгөтэй хүн бараадахгүй бол амьдрах арга алга байна шүү дээ. Чиний гар ямар билээ, цаадахынх чинь хөл... гэхээр яаж амьдрах юм?
- Зүгээр ээ, битгий санаа зов. Баян, тарганыг бараадаж харцных нь аясаар бөмбөрч явснаас бие биеэ хайрласан шиг хайрласан нь дээр. Тэр маань миний гар, би түүнийхээ хөл нь болно. Тэгээд болоод явчихаж байгаа юм. Цоохорын амьдралд хөндлөнгөөс хошуу нэмээд тас цохиулсандаа бантсан Хэнчбиш нэмж 200 грамм архи авч хөнтөрлөө.

Түрүүнээс хойш аман дээр нь тулж ирээд байсан саналаа түгдчин байж хэлтэл:
- Найз нь чадах юмаараа тусална аа. Хүүхдүүдийг эмчилье гэж байхад харин ч дуртай байна. Хэдэн ч хүүхэд дагуулаад очиж чадна шүү гээд жигдхэн цагаан шүдээ гайхуулан инээв.
"Хүүхэд аваад ирнэ" гэдэг чинь сайн. Хэрхэхийг цааш нь зохицуулна. За ингээд Заамарын алтны нэг орд минийх болж байгаа юм даа". Алгаа хооронд нь хорстол үрж зогссоноо утсаа шүүрэн авсан Хэнчбиш:
- Мөнгөө эмч үү, та хаана байгаа юм бэ? Би яваад очих уу гэж хэлчихээд амандаа дуу аялан дороо эргэлдсэнээ "Арай эрт баярлаад байна уу даа" хэмээн өөртөө анхааруулаад, жолоочоо дуудуулав.
Хувийн томоохон эмнэлгийн захирал, хатагтай Мөнгөө Хэнчбишид талархал илэрхийлээд хоёр гарыг нь ээлжлэн үнсэхдээ эр хүн иймэрхүү юманд илүүтэй татагддаг сан хэмээн бодоод нухацтай нь аргагүй ширтэж байлаа.

Архи үнэртүүллээ гэж зэмлэх гэснээ Шүр "Алтны уурхай авчрах гэж байгаа нөхрөөж яаж баярлуулсан ч яахав" хэмээн бодоод хэзээний сурсан зангаараа дээр нь гарч халуухан эрхтэнээр нь наадаж эхлэв. Загас наадуулахдаа гарамгай эхнэрийн ачаар жаргалд умбах эр "жижиг" гэж голдог нуудгайдаа шарик суулгуулснаас нь хойш эхнэр нь амтархаад салахаа больсонд маадгар байх болсон юм. Шөнийн жаргалд умбасныхаа дараа Хэнчбиш шилтэй виски дэргэдээ тавьчихаад хааяа шимэн "хэрхэх" төлөвлөгөөгөө боловсруулж байлаа.
Өглөө эртлэн босч эхнэр Шүрээгээ Хавайн амралт руу үдчихээд эргэхдээ:
- Өнөөдөр амжуулаарай. Найз нь чамайг гомдоохгүй ш дээ гэж Цоохортой ярьчихаад Хэнчбиш "Хэрэггүй юм хэлчихэв үү. Нов чинь намайг илүү үнэтэй нинжин сэтгэл надад байна" гээд цээжээ нүддэг өвчтэй амьтан ш дээ хэмээн харамсахдаа хурдаа нэмэн давхилаа.
Мөнгөө задлуулж, халаасандаа хийчихээд дэлгүүрээс гарч явахдаа Цоохор "Манай Олдох, Ангирмаагийн атганд бүтнээрээ орчихож дээ. Бүр сураггүй шүү. Бээжин, Улаанбаатар гэж нисдэг байснаа болиод Сингапур, Макао гэж ярьдаг болсон байна лээ. Хийж байгаа ажлыг нь мэдэхгүй байгаа юм шиг хачин их нуухыг нь яана. Хүү нь Бээжинд сурч байгаа гэсэн. Би ч гэсэн ихэр хүүгээ гайгүй сургуульд оруулах л болно. Ор хөнжлийн даавуу оёж эхэлсэн. Одоо өргөжүүлээд гоёлын хувцас оёдог болчихлоо. Сайн хань, сайхан ээж шүү миний Бурмаа чинь" хэмээн бодов.

Машинаа асаачихаад жаахан суулаа. Хорин жилийн өмнө л "траншейныхан" гэж ярьдаг байсан. Өнөөдөр ч байж л байна. Бидний байсан үеийг бодвол траншейныхан чинь тархи хагалчих гээд хэцүү болжээ. "Муухай байж болно. Муу байх ёсгүй" гэж гар барьсан болохоор бид нар чинь барагтай бол дуугардаггүй. Гадныханд адлуулахгүй гэж их хичээдэг байсан даа..." хэмээн бодсоноо хөдөллөө.
"Гэсэр" сүмийн урд талбай дээр тэргээ тавьчихаад бууж баруухан талд нь байх хоёр траншейг хэд хоногийн өмнө товлосон болохоор шууд очив. Харанхуй болсон хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цооногийн ам руу тонгойсноо шүгэлдэв.
- Юу вэ гэх бүдүүн дуу гарлаа. Төдөлгүй жижигхэн бор хүү гарч ирлээ. "Золбоот, Цоохор хоёр тэр оройжин ярьж суув. Тэдний ам зургуул ажээ. Хоёроос бусад нь ирцгээсэн тул хоорондоо тоглож өдрийн паянгаа ярьж үнэндээ Золбоот тэр хоёрыг анзаарах сөхөө ч алга.

... - Эмчид үзүүлнэ гээд өглөө нь толгойгоо угааж, хэдэн биеийнхээ хамгийн гоё гэсэн хувцаснаас шилж өмсөөд явсан гурван хүүхэд орой нь ирсэнгүй. Цоохорыг хаанаас хүүхэд авсныг нь мэдсэн болохоор Хэнчбиш өөр хоёр элч илгээн тэндхийн хоёр амныхыг хоол унд, хувцас хунараар хангаж "Хэн ирж юу асуусан ч хэлгүй хүн шиг байх "гэрээ" байгуулав. Мөнгөө эмч халгаж ядан хэсэг сууснаа:
- Би чамаас юуг нь нуухав. Бөөрний хагалгаа хийлгэсэн хүү өөд болсон. Тийм болохоор түүнийг "золигт" гаргаад нэмж хүүхэд авахаа түр зогсооё. Ирсэн захиагаа ч авчихлаа хэмээн их болгоомжлон хэлэв. Тэгснээ:
- Нөгөө хоёрыг нь эмнэлгээс гаргахаар элдвийн юм ярьчихгүй байгаа. Хоёул хагалгаанд орсноо мэдээд уурласан. Чи өвчтэй юмыг чинь авна гэдгийг яагаад ойлгуулж хэлээгүй юм бэ? гээд уруул нь үл ялиг чичирхийлэхийг нь анзаарсан Хэнчбиш сандарснаа мэдэгдэхгүйг хичээн худлаа хоолой засч хэдэнтээ ханиалгав.

"Цоохорт энэ тухай хэлбэл юу болохыг мэдэж байна уу. Муусайн баячууд бүх юмыг зовлонгүй бүтдэг гэж төсөөлж дургүй хүргээд байдаг юм аа" гэж бодсоноо худлаа инээж:
- Хоёр хүүд одоо сайн ойлгуулаад өөр газар байршуулж болно ш дээ гэж Хэнчбиш хэллээ. Эрхэм гишүүний нэрээр их ажил амжуулж явдаг ихэмсэг дүртэй царай муутай цонхигор хөх хүүхэн "Арыг нь даана биз" гэж шүд зуун хэлээд босов.
"Хятадууд хилээр хүний эд эрхтэн авч гарахыг завдсан байна. Нүүр өгч болохгүй ээ гэж би байнга хэлдэг. Одоо яаж байна? Ха, ха, хи, хи найрамдалт хөрш энэ тэр гээд байдаг хэдэн солиотой нөхдийг унагаах сайхан материал гарт ороод ирлээ. Хэзээ байтлаа хятад, монгол хоёр найз байсан юм бэ?" Гөлөгөө хоолны ширээний ард суучихаад өөхтэй мах огтлон ам руугаа хийхдээ ийнхүү ярьж амандаа хийснийг амтархан зажлах нь өөдөөс нь харан суугаа эхнэрийнхээ зүрх рүү шивэхтэй адил юм болж байгааг тэр анзаарсан шинж алга.
- Хоол, ундаа идээч. Ярвайгаад үнээний бөгс үнэрлэсэн бух шиг яачихаав, чи чинь. Надад дахин гарч ирэх сайхан боломж гарч ирлээ. Нөгөө Хэнчбишийг дуудах юмсан.

Нөхрийгөө ингэж хэлэхэд муужрах шахсан Мөнгөө "За" гэж чичирхийлэн хэлээд бушуухан утсаа барин бослоо. Хэрэг бишидсэнийг мэдсэн Хэнчишийн толгойд "Ходрохоос өөр арга байхгүй" гэсэн бодол хоромхон зуур орж ирлээ... Олдохын эмнэлэгт хэвтсэнийг сонссон Цоохор "Хэзээний чихэрт дуртай юм чинь" гээд хоёр килограмм чихэр аваад хоол унд ч гэсэнгүй гэрээсээ гарав.
- Хагалгаа хийлгээд их сайн байсан чинь урьд шөнөөс эхлээд ухаан нь орж гараад муудчихлаа.
- Буруу эм өгчихсөн юм болов уу. Эмчээс нь өөр нэг цагаан халаадтай хүн орж ирээд тэргэн дээр түрээд явсан. Эргэж ирснээсээ хойш таталт өгөөд, дэмийрч эхэлсэн ш дээ.
Өрөөнд нь хэвтэж байсан өвчтөнүүдийн яриа Цоохорт оньсого мэт санагдаад байлаа. Эмнэлгийн дарга, эмчлэгч эмчтэй нь уулзаж энэ байдлыг хэлж, нухацтай ярилцав.

... "Цоохорыг ятгах бас түүний хойноос юм ярих ганц хүн бол Олдох. Урд нь ямар байснаа мартаад их сүжрэх болсон байна лээ. Дугуй ижилсэж байж өнхөрдөг юм хойно тэр хоёр амиандаа зиндаагаараа нийлж байгаа юм байх даа. Тэгэхээр Олдохын амыг х эд хоног барихгүй бол болохгүй. Цоохорыг түүнтэй уулзуулахгүй байж чадахгүйгээс хойш, чимээ намдтал түүнийг л аргалахаас". Хэнчбиш, Мөнгөө хоёр ингэж ярилцаад хоёр тийш одоцгоов. Цооногийнхныг эмчлэх биш эрлэг нь болж золиосолж байгааг нь мэдсэн Цоохорт багынхаа занг гаргахаас өөр арга байсангүй.
- Юу ч мэдэхгүй ээ. Өөр цооног руу явсан биз гээд огт тоймтой юм ярихгүй байгаа нөгөө хоёр траншейнааас бусад цооногоор орж амжсан Цоохор "Хүнийг нь биш бүр эд, эрхтэнээр салгаж зардаг болжээ. Ийм юмаар хөлжинө. Их хуралд сууна... Эдийн засаг, ифляци энэ тэр ээ гээд том, том юм ярина. Энэ бүгдийг золиосонд траншейныхан өртөж эхэлжээ. Тэгж болохгүй..." хэмээн дотор хүнтэйгээ ярьж явтал замын хажууд нэг хүүхэд дээш харан хэвтэж байлаа. Уруул нь омголтсон хүү ухаангүй байгаа бололтой. Талийгаач хүүтэй ч адилхан харагдах шиг айсандаа Цоохор машиндаа орж суулаа.

"Тэр муу хүүг тэгж эрэмдэглэнэ гэж үнэхээр бодоогүй. Тэнэмэлүүдийг эмчилгээнд хамруулсан гэж төслийн шугамаар мөнгө авах гэсэн юм гэхээр нь итгэсэн. Хог дээрээс олсон хоолоо хувааж идэж байснаа мартчихсан муу новш хэзээ ар нуруу руу хутга зоох гэж байгаа бол? Өөрийнх нь хэлдэг гац үг "өрсч ходрох" шүү дээ. Одоо би чамаас өрсч хөдөлье" хэмээн бодож суутал түргэний машин дохиогоо хангинулсаар давхин ирлээ.
- Цусаа өгсөн бололтой юм. Зүүний шинэ мөр байна. Тэгээд ухаан алджээ. Одоо санаа зоволтгүй ээ, хүү ухаан орсон. Та аав нь уу? гээд хөлөөс нь толгой хүртэл ширтэх эмчид Цоохор хариу хэлсэнгүй гараад явчихав.
Ам нь хөдлөвч Олдохын дуу нь гарахгүй байлаа. Үзэг, цаас авч өгөв. "Тэр эм өгсөн хүнийг танина. Намайг яагаад ийм болгосныг мэдмээр байна. Эмнэлгээс гарах гэж байсан ш дээ" гэж эв хавгүйхэн бичсэнийг нь удаан гэгч харж зогссоноо Цоохор,
- Учрыг нь олно оо, найз аа... гэчихээд зурвасыг базсан чигээрээ гарлаа. "Ярьж чадахгүй байгаа" гэсэн мэдээнд түр тайтгарсан Хэнчбиш "Хятадууд хүний эд, эрхтэн түүж байна. Үүний ард эрх мэдэлтэй томчууд байж магадгүй. Хамгаалж, хятадуудыг өхөөрдөж гүйдэг зарим улс төрчдөд хамаатай байж болох юм" гэсэн өгүүлбэрийг дахин дахин уншив. Тэгснээ "Новш оо, өөрөө өөрийгөө илчилж ярилцлага өгөөд байх юм даа" гээд сонин дээрх Гөлөгөөгийн зураг руу нулимчихаад, утсаа авлаа.

"Цоохор эмнэлэг рүү ороод цаг гаруй болчихлоо" гэж цахиртсан хоолойгоо чичрүүлэх Мөнгөөгийн дууг сонссоноо:
- Заамарын орд миний гарт ороогүй болохоор замд тээглэн саад үнэнийг илчлэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдээд байна даа. Таны нөхөр чинь хүртэл ярилцлага өгсөн байна... гээд зэвүүн гэгч нь инээхэд:
- Манай тэрний яриаг битгий тоо. Хятадуудад тээр жил халууртлаа хулхидуулж байсан болохоор тэгээд байгаа юм. Тэрний үгийг тоох хүн байхгүй ээ. Харин Цоохорыг яахав. Тэсрэх хамгийн том аюул тэр л байна гэж уйлагнав. Тэгснээ:
- Заамарын орд чинийх ээ, чинийх. Хятадуудын ажил саатсан болохоор хөдөлж болохгүй байна хэмээн Хэнчбишийг аргадах аядав.
Траншейны хэдэн банди Цоохорт цаг тутамд мэдээ дамжуулж байлаа. Хэнчбиш, Мөнгөө хоёр түнжин хагарсан гэдгийг ч хормын дотор дамжуулав. Цөсний хагалгаа хийлгээд гарах гэж байсан Олдохыг муужруулах тариагаар хорлосон хүн бол Гөлөгөөгийн эхнэр Мөнгөө, Хэнчбиш хоёр гэдгийг тогтоосон Цоохор:
- Хоёулаа уулзъя гэж Хэнчбиш рүү утасдлаа.

"Бодийг нь хөтөлсөн" гэх мэдээ хүлээж суусан Хэнчбиш хий юм сонсоогүй байгаа даа гэж чихэндээ үл итгэн дугаарыг байн байн харав. Цоохорыг "намнах" даалгавар авсан хоёр хужаа аль хэдийнэ траншейныхны гарт орчихсоныг тэр мэдээгүй байлаа. Цагаа харан холхиж "Чи надтай уулзах болов уу, би чамтай юу..." гэж ганцаараа ярих Хэнчбиш танил утсаа яаран автал урдаас нь Цоохор тачигнатал инээж:
- Найз минь яасан муухай юм хийж явдаг юм бэ? Гараад ир, ярилцъя гэлээ. Тэднийхэн Цоохорын гарт бүгд орсон байв... Хэнчбиш ходрох гээд чадсангүй.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment