Аажимдаа тэрбээр урьдын тоглоомнуудаас /Сугандаа гар буу зүүж, пиджакан дотор шажигнах богино долгионы станц зэргийг хэлж байна/ бүрмөсөн хөндийрч, "Нөхөр ахлах дэслэгчид" гэх хандалтыг мартаж, өдөр бүр буун дуу гарч, тэсрэх бөмбөг дэлбэрч магадгүй хэмээн айх аюулгүй болсноор чимээгүй нам гүм амьдарч эхэлжээ. Гэхдээ түүний "үхэл" бас чимээгүй, нууцлаг ирсэн юм. Түүний алба мэдээж хэрэг аюултай бас хүнд байсан билээ. Гэхдээ нүдэнд бараг үргэлж ил байсан болов уу. Хэвлэлийн тэргүүн хуудаснаа төр, засгийн удирдлагын гэрэл зураг хэвлэгдэх тоолонд хажуу захад нь цэмцгэр хослолтой, гоё үс засалттай хүн харагддаг байлаа.Тэр чөлөөнд гарав. Одоо тэр Ерөнхийлөгч нарыг хамгаалахгүй, хөлсний алуурчныг олны дундаас эрж хайн нэвт харахгүй, сөрөх тагнуулын албаны концепцийн талаар чухал бодол болон суухгүй амар болжээ. Үүний оронд урт ургуулсан үсээ сэгсчин гитар тоглох аж. Өөрийн байгуулсан рок хамтлагийг удирдана. Үндсэн ажлаасаа бусад хугацаанд тэр мэдээж орлого олох зорилгоор урт цув өмсч, хамгаалалт хийх шинэ үеийн залуусыг сурган хүмүүжүүлж, томоохон компаниудын хамгаалалтын албыг зохицуулна. Шавь нар нь болон гэрээт байгууллагууд нь түүний өмнө бүрх малгайгаа авч хүндлэл үзүүлдэг билээ. Тэдэнд мань эр мэдээжийн зүйлийг ерөөсөө ойлгохгүй байгаа талаар нь үглэж дуулан дараа нь хамтлагийн сургуулилт руугаа явах замдаа "Аюулгүй байдлын гүн ухаан" нэртэй номынхоо ээлжит бүлгийг боддог байв. Яагаад ч юм төрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллага дотор рок хөгжимчин-гүн ухаантан мэндэлжээ. Түүний тухай бүхэл бүтэн роман бичсэн ч болох байлаа.
Фонарев Улсыг аюулаас хамгаалах хороонд бусад олон хүний адилаар гэнэтхэн ажилд орчихжээ. Тэрбээр Зеленоград хотод амьдран техникумд суралцаж байв. Англи хэлээр дуулан гитар тоглодог байсны сацуу цанаар гулган спортын зэрэг ахиулж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, удахгүй цэрэгт татагдах залуу хархүүгийн нэгэн хэвийн амьдралаар амьдарч байжээ. Гэвч тэр цэрэгт явсангүй. Холын танилууд нь, танилынх нь танилууд түүнтэй холбоо бариад дэндүү романтик атлаа хүндтэй, өндөр цалинтай, гадаад руу томилолтоор явдаг, тун ирээдүйтэй ажил хийхийг санал болгов. Фонаревт тухайн үед маш сайхан, атаархмаар тодорхойлолт байсан юм. Тамирчин, эвлэлийн гишүүн, ажилчны гэр бүлээс гаралтай, ял шийтгэл үгүй, сахилга бат сайтай, сэтгэл санааны тогтвортой байдалтай гэх тодотголууд түүнд л бүгд байсан аж. Ийм намтар түүхтэй хүн хол яваад зогсохгүй сансарт ч нисэх боломжтой байсан цаг үе. Гэхдээ арай өөр цаг үе байсан билээ. Өнөөдөртэй харьцуулвал дунд сургуулиа төгсч буй сурагчийг арилжааны банкны Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр суухыг урьж буйтай адил зүйл болсон юм. Тэгэхээр хэн татгалзах билээ дээ. Фонарев ч татгалзаагүй юм.
Түүний ажилд сэхээтэн хүний мэдлэг, боловсрол огтоос шаардлагагүй байжээ. Тэр урван тэрслэгчдийг тамлан зовоох юм уу ямар нэг бохир ажил хийх ёсгүй байв. Харин төрийн өндөрлөгүүдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн аж. Гэхдээ энэ ажил тийм ч амар биш гэдгийг тэр ойлгож байлаа. Цаг үе тэр үед амар байсан нь мэдээж. Төр, засгийн удирдлагыг юунаас тэгтлээ хамгаалах билээ дээ. 1979 онд дарга нар зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэргээс илүүтэйгээр айж байсан юм. Фонарев ажилдаа орлоо. Гэхдээ ажил нь амар хялбар байсангүй. Хангалттай шороо, тоос тааралдав. Залуу чекист эр эхний жилүүдэд шалны алчуур болсон гэдэг. Тэрбээр хивсэн дээгүүр мөлхөн ямар нэг зүйл нуугдсан эсэхийг шалгах үүрэг хүлээв. Төрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад ийм жижиг асуудал ч чухалд тооцогддог байжээ.
Дэндүү нэгэн хэвийн, уйтгартай, нам гүм ажлын дараа цэвэр агаарт гарч ажиллах нь түүний хувьд жаргал байсан юм. Чухал байгууллагуудын гялгар бариултай үүд хаалганы дэргэдүүр жирийн нэг зорчигчийн дүр эсгэн эргэлдэх үүрэг хүлээжээ. Мань эр урт амьсгаа аван энэ ажлаа хийж байв. Удирдлага нь ч түүнийг үнэлээд арай илүү хариуцлагатай ажлыг даалгасан аж. Өөрөөр хэлбэл, түүнийг томчуудын ойрын хамгаалалтад оруулжээ. Гэхдээ тийм ч ойр биш, зааварчилгаанд заагдсан зайд явдаг болов. Энэ үед мань хүн их гүрний түүхийг бичилцэхэд ямар нэг хэмжээгээр оролцож байна гэж өөрийгөө бодож болохоор байлаа. Харин хамгаалагч Фонарев хэзээ ч ингэж бодож байсангүй. Жинхэнэ чекист хүн, төмөр Феликс шиг тэрбээр үүрэгт ажлаа л яс хийхийг бодож байсан юм. Ингэхдээ хамгаалж буй хүнийхээ нүдэнд өртөхгүй байвал сайн ажиллаж байгаагийн илрэл гэж үзнэ. Ийм маягаар тэр 10 жилийг өнгөрүүлжээ.
Түүний хамгаалалтад Андропов, Рыжков, Горбачёв, Рейган, Миттеран зэрэг олон томоохон хүмүүс хамрагдаж байв. Дарга нарын хамгаалалтад гарна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш аж. Дагалдаж яваад ийш тийш харж, сэжигтэй зүйл хайна. Байнга л сугандаа буу зүүнэ. Богино долгионы станцаа чагнах хэрэг гарна. Хамгийн гол нь үргэлж бэлэн байх явдал чухал. Гэнэт хаанаас ч юм буун дуу гарвал өөрийн цээжээр амьд бамбай хийх ёстой байлаа. Мэдрэлийн эд эс үхүүлсэн энэ амаргүй ажил дасан зохицолтыг ихээр шаардах нь мэдээж. Гэхдээ тэр үед аюул харьцангуй бага байжээ.
Тэр нойрмог он жилүүдэд буун дуу гаргах зориг, зүрхтэй хүн ховор байсан юм. Дээр нь дээд удирдлага ард түмний дунд орох явдал маш ховор байсан аж. Тэд аль болох ард түмнээсээ хол хөндий байхыг хүсэмжилдэг байжээ. Дарга нар амар тайван байдал, зэрлэг байгаль зэрэгт байхыг чухалчилна. Албаны зааварчилгаанд хамгаалагч хүн аль болох нүдэнд харагдахгүй байхыг заасан байдаг. Харин Фонарев үе үе гэрэлд цохиулчихна. Заримдаа дэндүү үнэлэгдэнэ. Дээд удирдлага түүнийг олж хараад өрөөндөө дуудан зөвлөгөө хүртэл авч байжээ. Түүний зөвлөгөөг аваад биелүүлж байсан ч удаа бий. Ахлах дэслэгч цолтой хамгаалалтын албаны хүн үүгээрээ бахархдаг байлаа.
Нэг удаа Фонаревыг Завидово дахь гол байшинд дууджээ. Тэр үед тэнд Михаил Сергеевич Горбачёв амьдран суудаг байв. Мэдээж хэрэг, түүний зүрх зогсчих шахаж байсан аж. Яваад очлоо. Үүдний дэргэд хувийн хамгаалалтын албаны дарга Медведев өөрийн биеэр угтаж авав. Хамтдаа зочны өрөөнд явж оржээ. Тэнд түүнийг Горбачёв угтан аваад гар барин мэндчилэв. Тэргүүн хатагтай Раиса Максимовна мөн л мэндлээд инээмсэглэн ийнхүү өгүүлжээ. "Дима, таныг гитар муугүй тоглодог гэж бидэнд хэллээ. Бидэнд таны зөвлөгөө хэрэгтэй байна. Бидэнд Арменийн нэгэн хүү захидал илгээсэн юм. Тэрээр хөгжим тоглохыг хүсч байгаа ч гитар хөгжим өөрт нь байхгүй гэж гомдолложээ. Михаил Сергеевич бид хоёр түүнд гитар хөгжим илгээхээр шийдээд байна. Энэ түүнд тохирох болов уу?" хэмээн ердөө наймхан рублийн үнэтэй гитар хөгжмийг үзүүлжээ.
Уг хөгжмийн зэмсэг ерөөсөө тохирохгүй эд гэдгийг Фонарев шударгаар өгүүлэв. "Ямрыг худалдаж авбал зүгээр вэ?" гэж Раиса Максимовна асуулаа. Ахлах дэслэгч эр "Фендер" пүүсийн хөгжмийн зэмсгийг авбал зүгээр гэж зөвлөхөөр амаа ангайсан ч бодлоо өөрчилсөн байна. Ерөнхийлөгчийн гэр бүл армян хүүг эвгүй байдалд оруулах байсан аж. "Фендер" гитар тэр үед нэлээн үнэтэй байсан юм. Тиймээс хамгаалагч эр эх орны үйлдвэрийн буюу Ленинград хотод үйлдвэрлэсэн гитар хөгжмийг санал болгожээ. Ерөнхийлөгчид зөвлөгөө өгөөд Дима гэртээ харьсан байна. Харин Нева мөрний эрэг дээр үйлдвэрлэгдсэн гитар хөгжим Кавказыг зорьсон аж.
Тэр үед социалист дэглэмтэй байсан улс, орнуудын удирдагчидтай тэрбээр цөөн биш удаа нүүр тулжээ. Жишээ нь, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сены хүзүүний баруун талд том хэмжээтэй булдруу, хавдар маягийн зүйл байдаг байв. Бараг л атгасан гарны дайтай эд байсан юм. Тийм учраас гэрэл зурагчдыг баруун талаас нь зураг даруулахгүй хөөж туух хэрэг гарна. Гэрэл зурагчид бачуурсандаа хумсаа иддэг байжээ. БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалын орос эхнэр Анастасия Филатова амаргүй зан ааштай гэдгээрээ зартай нэгэн байв. Тэрээр хамгаалалтын албаны хүмүүсийг гэртээ оруулдаггүй байсан аж. Иймээс хөөрхий хэдэн хамгаалагчид тэдний харшийн дэргэд хөлдөж үхтлээ зогсдог байжээ. Өндөр язгууртан хүмүүстэй ч учирч байлаа. Испанийн Эзэн хаан II Хуан Карлос протоколд заасан жаягийг үг дуугүй биелүүлэхийг шаарддаг эгэл даруу хүн байлаа. Тэрбээр мэргэжил гэсэн заалтын ард төрийн алба хаагч гэж бичдэг заншилтай байжээ. Харин гуравдагч улс, орнуудын дарга нар амаргүй зан ааштай байсан гэдэг.
Жишээ нь, Буркина-Фасо улсын удирдагч ЗХУ-д очоод юун түрүүнд өөртөө тус улсын армийн хурандаагийн дүрэмт хувцас оёулжээ. Шинэ өмсгөлөө өмсөөд тэрбээр эхлээд Кремльд болсон хүлээн авалт дээр очсон бөгөөд дараа нь нэгэн оюутны дотуур байранд очиж шөнөжингөө нутаг нэгт хамаатны оюутнуудтайгаа зугаацсан аж. Тэр хөгжилтэй эрийг хэдэн сарын дараа бас өөр нэг хурандаа эр түлхэн унагаасан гэдэг.
Ливийн экс удирдагч Муаммар Каддафи Фонаревт багагүй ажил уджээ. Каддафи нам унтсан бөгөөд товлосон цагт өөрийн нисэх онгоцон дээр ирээгүй байна. Хамгаалалтын албаныхан түүнийг хий дэмий хүлээн догдолж байсан бөгөөд онгоцны буудал дээр хөлдүүс болон зогсч байсан юм. Тэдэнтэй хамт нас өндөр болсон Громыко догдлон хүлээж байлаа. Ливийн хамгаалагчид Зөвлөлтийн чекистуудад юугаар ч тусалж чадахгүй байв. Ливийн хувьсгалын эцэг Каддафи унтаж байхад нь хэн нэгэн сэрээхийг тэсвэрлэдэггүй байсан бөгөөд хэн ч түүний лаврин руу зүрхлэн орж чаддаггүй байсан аж.
Үе үе бага зэргийн тоогүй явдлууд тохиолддог байсан ч ажил нь Фонаревт таалагддаг байжээ. 1981 онд тэрбээр тухайн үеийн Ленинград хотын нэгдүгээр дарга Романовтой хамт "Буран" сансрын хөлгийг шалгахаар очжээ. Хамтдаа дотогш нь орж, янз бүрийн товчлууруудыг нь хангалттай дарсан гэдэг. Мөн Фонарев Байконур станц дээр очиж үзэхээр явсан Pink Floyd хамтлагийг дагалдаж явсан аж. Энэ үед түүнийг эхнэр нь хаяж явжээ. Арга ч байж уу дээ. Нөхөр нь гэртээ ирж хонохоосоо хонохгүй нь их байсан юм чинь. Хамт ажиллагсдынх нь дийлэнх нь ийм асуудлыг биеэр амссан гэдэг. Зарим нь гутарсандаа бор дарсанд толгойгоо мэдүүлж, хохирч байсан аж. Харин Фонарев гашуун дарсыг айхтар амссангүй. Тэр айхтар том дүгнэлт хийсэн бөгөөд УАХХ-нд ажилласан хугацаандаа дахиж гэрлээгүй юм. Тэрбээр энгийн ард болсныхоо дараа л шинээр гэрлэжээ. Түүний эхнэр Галина мөн л хөгжимчин бөгөөд хөгжмийн консерваторид суралцсан байна.
Хувь заяа нэг л өдөр Фонаревыг заналт дайсны үүр буюу Вашингтонд аваачив. Улсынхаа дээд удирдлагыг хамгаалаад буцаж ирэхдээ тэрбээр нэгэн марзан бэлэг дурсгалын зүйлийг тэндээс авчирчээ. Тэр нь мөнгөлөг запонкууд юм. Тус бүр дээр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсгийг сийлсэн байна. Одоо тэр эдгээрийг онцгой тэмдэглэлт үеэр зүүдэг аж. Тэрхүү аялал Фонаревын алба хаах хугацаан дахь сүүлчийн томилолт болсон билээ. 1989 онд тэрбээр Хороонд ажиллахаа болив.
Өнөөдрийг хүртэл тэр яагаад албаа орхих болсон талаараа ямар нэг тайлбар хийгээгүй юм. Аюулаас хамгаалах албанд ажиллаж байхдаа хэрхдэг байсан тухайгаа ч ам нээсэнгүй. Учир шалтгаан нь тодорхой билээ. Ажилгүй болсон сөрөх тагнуулч эр гэртээ суугаад цаашид хэрхэх талаараа бодлогошров. Фонарев чилийсэн хоёр жилийн туршид ажилгүй суужээ. Дүрэм, журамд ч тэгж заасан болов уу. Гэхдээ тэр зүгээр суусангүй. Гэртээ гитар хөгжим тоглон англи хэлээ сайжруулж байлаа. Амь зуухын тулд өсгөгч, колонк зэрэг төхөөрөмжүүдийг наймаалж эхлэв. Бизнес нь ч амжилттай болжээ. Удалгүй Дима шинэ биш ч гэлээ 124 загварын Мерседес машин хөлөглөх болов. Харин хөгжмийн зохиолуудыг "Фендер" гитар дээр тоглож байсан аж.
Удалгүй гэртээ дуу бичлэгийн бичил студитэй болж, уран бүтээл туурвиж эхэлжээ. Амжилт бүтээлтэй яваа хүн уран бүтээл туурвих хүсэл эрмэлзлээр жигүүрлэдэг гэж зарим нэг хүмүүс үздэг билээ. Бусад нь үүнтэй маргадаг бөгөөд хангалуун амьдрал зугаа цэнгээн, садарлалд хүргэх аюултай гэж ярьдаг. Харин Фонарев өөрийн гэсэн зөв бодлыг тээх болжээ. Тэр сүртэй гэгчийн гэзэг ургуулсан бөгөөд өөртөө "Дан" гэдэг хоч өгөв. Түүний байгуулсан Dan Fonareff хамтлаг хүнд металл хөгжим тоглодгоороо алдартай "Вояж" клубын тайзыг эзэгнэсэн аж. Гэвч үсний урт уураг тархины хэмжээнд бараг нөлөөлдөггүй билээ. Бараг хоёр метр өндөртэй энэ залуу нэг л өдөр рок хөгжмийн номлогч, хурц хэллэгтэй шүлэг зохиогч, хямд үнэтэй шарз таалагч нэгэн болж хувирна гэж бодвол гэнэн хэрэг болно.
Фонарев бэлтгэл, сургуулилт сайтай байлаа. Тэрбээр Сөрөх тагнуулын албаны ахмадын клубын 150 дахь гишүүнээр элсчээ. Үүнийхээ хажуугаар тэр хамгаалалтын албаны ажилтан бэлтгэдэг "Шериф" нэртэй академид багшилдаг аж. Түүний шавь нар гэж халзан толгойтой хүдэр чийрэг эрс байна. Тэд зэрлэг гэмээр асуултуудыг тавина. "Өмнө явж байсан машинаас гэнэт буудаж эхэлвэл яах вэ?" гэсэн асуултад Дима "Хамаагүй ээ. Буудаж эхэлсэн л бол та нар ялагдлаа гэсэн үг. Учир нь, та нар тэр буун дууг гаргахгүй байх ёстой байсан юм" гэж хариулна.
Үнэндээ бол Фонарев руу хэн ч, хэзээ ч буудаж байгаагүй юм. Харин тэр цагтаа үнэхээр л үүнд хэзээд бэлэн байдаг байжээ. Тэр жилд хоёр удаа мэргэжлийн шалгалтуудыг амжилттай давдаг байсанд үүний учир байгаа юм биш. Тэрбээр тавхан секундын дотор Макаровын гар буугаар 30 онооноос 20 онож, хүсвэл хүчтэй цохилтоор бодон гахайг ч нам цохиж унагааж чадахаар байсан гэдэг. Ажил үүргээ биелүүлж яваад нэр төртэйгээр үхвэл сайн гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Харин алдаа эндэгдэл гаргасан хүн эх орноосоо урвасан гэх зүйл ангиар ял шийтгэл сонсдог байсан айхтар үе байсан юм.
Цагтаа Зөвлөлтийн дундаж нэгэн төрийн алба хаагчид хөөрхөн орлого, нэр хүнд, хүндэтгэлийг авчирдаг байсан уйгагүй бэлтгэл, сургуулилт болон туршлага өдгөө ч алтны дайтай үнэлэгдэж байгаа билээ. Түүн шиг мэргэжлийн хүн өнөөдөр маш цөөн үлдсэн. Чадвар нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэнэ. Олон улсын бие хамгаалагчдын холбооны жил бүр болдог чуулганд түүнийг урьдаг байна.
Нэр хүндтэй томоохон компаниуд Фонаревыг зөвлөхөөрөө ажиллуулан боломжийн мөнгө өгдөг юм. Дима тэдний урилгаар очин хамгаалалтын албыг яаж байрлуулах вэ гэдгийг хэлээд зогсохгүй хамгаалагчдыг юугаар зэвсэглэх вэ гэдгийг хэлж өгнө. Хүн бүрт хаашаа харах вэ, яаж амьсгалах вэ, юуг мэдрэх вэ зэргийг зааж зөвлөнө. Дараа нь яаравчлан хамтлагийнхан руугаа очиж, дуртай зүйлээ хэдэн цагийн туршид хийнэ. Хамтлаг нь сургуулилтаа хийдэг умгар өрөөнд эхлүүлээд орхисон засварын ажил дуусахгүй.
Фонарев хамгаалалтын албаныханд зөвлөгөө өгөөд үүгээрээ мөнгө олж, бодох санах зүйлгүй тайван гэгч нь хөгжмөө тоглож сууна. Удахгүй дуу хөгжим түүнд хариугаа барих биз ээ. Хажуугаар нь тэр аюулгүй байдлын талаар өгүүлсэн ном бичиж байгаа юм. Түүнийг нь нэлээдгүй хүн уншиж, дүгнэх болов уу. Түүний талаар бүхэл бүтэн роман бичиж болно. Гэхдээ болохгүй. Учир нь, тэр дэндүү хаалттай хүн. Дээр нь бас эрч хүчтэй. Ажлаа ч хийнэ, дуртай зүйлээ ч сонирхоно. Аюулгүй байдлын албанд арван жил ажиллахдаа тэрбээр хамгийн зөв зүйтэй замыг сонгож сурсан бөгөөд ямар ч тохиолдолд хий гаргахгүй байж сурчээ. Түүнд хариуцлага алдалт, буруу тооцоолол, хий онгиролт, буудалцаан, эргэлзээ зэрэг зүйл байсангүй. Хөгжимчин хүн давилуун, хөөрүү сэтгэлтэй байдаг гэж үздэг ч ийм зан түүнд үгүй юм. Тэр гитар хөгжмөөр чадварлаг тоглохын сацуу дууныхаа үг, аяыг өөрөө зохион дуулдаг билээ. Гэхдээ зөвхөн англи хэлээр шүү. Харин хувь хүний хувьд хэзээ ч хувирахгүй нэгэн. Түүний амьдрал гитар хөгжмийн чавхдас шиг шулуун байна. Тэр дуулсаар л байгаа юм.
Нэг удаа Фонарев Москва хотоор нэгэн хэрэгт дуртай сэтгүүлчтэй ярилцан зугаалж явтал цаадахь нь гэнэт түүнээс "Гэнэт бидэн рүү солиотой хэдэн нөхдүүд буу шийдэм бариад дайрвал яах вэ?" гэж асуужээ. Фонарев хариуд нь "За даа, хэцүү л болов уу. Олон жил дадлага хийсэнгүй. Би бүгдийг мартаж орхисон байлгүй дээ" гэж хэлэв. "Гэхдээ л зарим нэг сурсан зүйл үлдээ байлгүй дээ" хэмээн сэтгүүлч эр лавшруултал "Үлдсэн байлгүй яах вэ. Шууд л зугтааж орхино" гэж хариулсан байна. Түүний энэ үг бүхнийг байранд нь тавьсан билээ. Адал явдалт зохиол бичих ямар ч шаардлагагүй гэдгийг тэр хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, амьдрал өөрөө уран зохиолоос ухаалаг зүйл аж. Аль эсвэл зальтай байж магадгүй.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment