Saturday, June 27, 2015

Ноёндоо зодуулж амиа алдсан бүсгүйн сүнс ногоон дээлтэй хүүхэн болжээ

Ноёндоо зодуулж амиа алдсан бүсгүйн сүнс ногоон дээлтэй хүүхэн болжээ

Өнөөдөр 14 цаг 45 минут


Завхан аймгийн Ургамал суманд гол дагаж дээшээ, доошоо байнга явдаг ногоон дээлтэй бүсгүй хэмээн нэгэн хий үзэгдлийг нутгийнхан амнаас ам дамжин ярьсаар ирсэн юм. Харагдах хүндээ харагддаг уг ногоон дээлтэй бүсгүй тус сумын хоёр ч эртэй нөхцсөн байдаг нь үнэн аж. Одоогоос олон жилийн өмнө тус сумын агентын нярав Жарантай гэгч ганц бие залуутай нөхцчихжээ. Ногоон дээлт тэднийд байж, шөнө өвөрт нь унтаж, өдөр болохоор сампин дээр тоог нь бодож, тогоо шанагыг нь барьж өгдөг болжээ. Харин гэрт нь хүн ирэхээр гараад явчихдаг байсан гэдэг. Гэхдээ тэр хүнд ямар нэгэн хор хохирол, муу юм учруулдаггүй мөрөөрөө сүнс байжээ.

Нэг удаа нярав хархүү тоогоо буруу бодож будилаад сууж байхад нь гэнэт хажуугаас нь "Чи нэг тоо буруу хийчихлээ" гэж хэлсэн гэдэг. Мөн морьтой явах болгонд араар нь сундалдчихдаг нэгэн байжээ. Жарантай уг сүнсийг өөрөөсөө зайлуулж, холдуулахаар зэргэлдээ сумын нэгэн хар домтой өвгөн дээр очихоор нэг өдөр гэрээсээ дагуулаад гарчээ. Гэтэл эл байдлыг мэдсэн ногоон дээлтэй хүүхэн "Би явахгүй ээ. Чиний явах зүгт бөөн хар үүл байна" гээд мориноос буугаад буцаад явчихсан гэдэг. Тэр бөөн хар үүл нь нөгөө хар домтой мэргэн түргэн хүн болохыг мэдсэн учир ийнхүү очихгүй гэдэг байжээ. Уг ногоон дээлтэй бүсгүйн сүнс ямар учраас амилсан гэх нэгэн домог байдаг юм. Дээр үед их олон буур тэмээтэй, тоймгүй олон мал, хөрөнгөтэй баян ноён байжээ. Тэрбээр Сантмаргац сум руу халуун зунаар нүүдэл хийж яваад шөнө элсэнд хоноглосон юмсанж.

Тэр шөнө ноёны зарц болох 18 настай охин хариуцлага алдаж, хариулж байсан тэмээнээс нь чононд нэгийг бариулчихсан юм гэнэ лээ. Үүнийг мэдсэн ноён ихэд уурлаж, нөгөө зарц охиныг хайр найргүй зодож, хөл гарыг нь хугалж хаячихаад элсэнд орхиод нүүсэн гэдэг. Ингээд ноёндоо зодуулж үлдсэн охин аврал эрсээр сүүлдээ ам цангаж хатаж үхсэн юм гэдэг. Тэгээд тэр охины сүнс ногоон дээлтэй бүсгүй болон хувирчээ. Эл явдлаас хойш хааяа хааяа үзэгддэг байсан сүнс тэр няравтай нөхцсөн байдаг. Харин одоо үед эл ногоон дээлтэй бүсгүйн сүнс байна гэж яригдахгүй болжээ. Учир нь, бүрмөсөн алга болсон юм байлгүй дээ гэж нутгийн хөгшүүл хуучилдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment