Friday, June 12, 2015

Дутуу талбайтай байр авсан иргэдийн хохирлыг барагдуулах уу?

Дутуу талбайтай байр авсан иргэдийн хохирлыг барагдуулах уу?

Өнөөдөр 15 цаг 30 минут

Иргэдэд дутуу талбайтай байр худалдаж хохироосон гэх МДТОФ ХХК-ийнхан өөрсдөд нь ногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан аж. Тэгвэл тус компанийн нэр дээр улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлэжээ.

МДТОФ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамжинд байрлах "Дархан цогцолбор" хороолол болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Үйлдвэрчин" хорооллоос 124 иргэнд орон сууц худалдаалахдаа талбайн хэмжээг дутуу худалдаж, 633 сая төгрөгийн хохирол учруулсан боловч уг хохирлыг барагдуулаагүй тул торгууль ногдуулсан байдаг.

МДТОФ ХХК нь сүүлийн 1 жил гаруй хугацаанд иргэдэд учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байсан бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдаан давхацсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай, эмчлүүлж байгаа, эмнэлгийн хяналтад байгаа, өмгөөлөгч авах шаардлагатай, өмгөөлөгч оюутнуудад хичээл зааж байгаа, захирамжид гомдол гаргана гэх мэт шалтгаанаар нийт 19 удаа  шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Харин өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн 10 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж, мөн "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 Монгол Улсын стандартыг хууль тогтоомж зөрчөөгүй  тул өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд иргэдэд учирсан хохирол болох 633 сая төгрөгийг бүрэн барагдуулах боломж бүрдэх аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment