Saturday, June 6, 2015

Урвуу эргүүлсэн бээлий (Өгүүллэг)

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдааны гутгаар байрын шагналыг хүртсэн зохиолч Хө.Хүчитийн орчуулсан Сербийн нэрт зохиолч Милорад Павичийн "Урвуу эргүүлсэн бээлий" өгүүллэгийг хүлээн авна уу.

Милорад Павич
Нэгэн мянга найман зуун арван оны намрын тэр нэгэн өдөр ноён Досифей үнэт бэлзгээрээ гүдгэр толио орлуулан харж байгаад үсээ хяргахаар шийджээ. Гэсэн ч бээлийгээ олсонгүй. Тэр хэзээ ч нүцгэн гараараа үсээ хяргадаггүй зуршилтай нэгэн. Уг нь түүнд ногоон торгоор доторлосон гоёмсог цагаан бээлий бий. Тиймдээ ч түүнийгээ эрж олохоор өрөө тасалгааныхаа хамаг эд юмсыг буулгах шахам хайж, тэр ч байтугай шалныхаа дэвсгэр доогуур шагайсан хэдий ч өнөө бээлий нь олдсонгүй. Ингээд л тэр даруй ангийнхаа араас хөөцөлдөх начин шувуу, чонын хойноос элдэх тайган халтар шиг амаргүй олон бодлууд ар араасаа хөврөх нь тэр ээ!

Тэрбээр цэцэрлэг рүү гарч, уран зураач Петр Николаевич Молероос түүнд бэлэг болгосон тарлан үнээндээ хүрч очоод саальчид үнээгээ саачихаад хүзүүнд нь зүүж орхидог тал саран хэлбэртэй саалийн савыг хүзүүнээс нь мултлан авуут сүү сааж эхлэв. Үнээгээ саачихаад шатаар дээш өгсөхдөө өлсөж сульдсанаас тэр үү, үг яриа нь үлбэгэр сул, арай гэж сонсогдохоор, амнаас нь хөөс цахарч, эсвэл шөвийж эцэх шиг санагдана. Чингэж санаад өрөөнд ортол түүний шавь Алекса бодлого бодон суух ажээ. Нүдээ онийлгон, амаа жимийлгэн суух тэр жаалхүүд багш нь сүүтэй саалийн савыг өгөхдөө нөгөө гараараа өмнөх бичиг сачгийг нь таглан хаав.

Досифей авчирсан сүүгээ савтай чигээр нь жаалхүүгийн аманд барин уулгаж байхдаа түүний уруулд хуруугаа хүргэмээр санагджээ. Нүдэнд нь хөлс, аманд нь нулимс амтагдах шиг болтлоо сульдаж ядарсанаа мэдэрсэн тэрбээр хэсэг бодолхийлснээ:
- Эрхэмсэг агь ноён Алексий. Ертөнц гэдэг тэр чигээрээ нууцлаг, тэр нууц нь биднийг тосож байдаг яаж ч мэдэх урхи занга л гэсэн үг! Урхи занга бүр өөрт оногдох олз омгоо анаж байдаг. Тэгээд ч арслангийн тороор хулгана барьдаггүй юм. Өөрөөр хэлбэл бүхий л юмс өөр гэсэн хуультай! гэж дуулдахаар чанга хэлээд 1801 онд Буда хотноо хэвлэгдсэн физикийн номыг түүнд өгөв.

Жаалхүү өнөөх номыг унших зуураа багш нь түүнийг Дунай мөрнөөр зорчуулж, бороон дуслууд доош биш харин дээш хөөрдөг Пешт хотод аваачна хэмээн амласныг, бас тэр хотод мажарууд Алексийн эцэг эрхэм дээдсийг театрын үзүүлбэр болгон харуулж, зугаацаж буйг бодсон аж. Гэхдээ эцэг нь Белградыг орхин гарч буйг, түүнчлэн түрэгүүдийг, дайн тулааны үйл явц хэрхсэнийг тэр үнэндээ мэдэхгүй байгаа.
Мөн тэрбээр Пештэд хүрч, өөрийгөө Унгарын театрт тоглогдох, эсвэл тэр цагт түүнийг хэн нэгнээр орлуулан солих, түүний тэр дүр хийгээд зэвсэг хэрэглэл хаа нэгтээ хадгалагдаж буй эсэх хийгээд өдгөө эцэг нь нэг л мэдэхэд эрхэмсэг дээдэстэн байхаа больсныг ч мэдэхгүй л байв. Одоохондоо тэнд, тэртээх алсад элдэв явдал өрнөж байгаа ч энд түүнд айх аюул алга байна…

Толгойд орж ирсэн хэдэн арван бодлыг хэн өөрөөсөө хөөж чадах билээ дээ! гэж Алекса өөртөө эргэцүүлээд өнөөх "Физик"-ийн номыг харж суухдаа мөн л шал ондоо юмны тухай үргэлжлүүлэн бодсоор байлаа. "Хэрэвзээ эцэг өвгөд маань физикийн талаар мэдлэгтэйсэн бол Визина суурингаас Кладово хүрэх замд нь домботой дарс сөгнөх хувилгаан бурхад тэдэнд үзэгдэхгүй, бас тэр хооронд лусын дагинатай таарч, сүнс цус сорогчийн аймшигт ул мөртэй огтхон ч учрахгүй нь мэдээж. Ийм элдвийн цуу үгсийг ч тэд бидэнд өгүүлэхгүй байх байсан…
…Ер нь энэ бүх элдэв мухар сүсэг, сэжиг таамгууд эцэстээ биднийг үргэлж ийм л учир битүүлэг түнэр харанхуйд оршин байсныг харуулж байна…" хэмээн бодсон тэрбээр ширээний өнцгөөр дал мөрөө шөргөөн маажих халамжлан хүмүүжүүлэгчдээ хандан:
Хүн ардын дунд түгсэн энэ мухар сүсэг үндсээрээ хэзээ устах юм бол оо? гэж асуув.

Ингэж хэлэхдээ тэр энэ бүгдээс үүдэн халамжлан хүмүүжүүлэгч нь урьдын адил түүнийг магтан сайшаахыг хүлээж байлаа. Жаалхүүгийн нүд бүрэнхийд очтон гялалзаж, түүний тэр болгон үзэгдээд байдаггүй инээд хөөр нь нүднээсээ түрүүлэн тодорч байхад харин Досифей бодол болсоор аж. Хэн хүний сэтгэл баяр хөөр, энх мэндийг авчирдаг байхад харин бие бялдар нь ой ухаан, гуниг зовлонг хураадаг болой. Танил хүмүүсийнхээ царай төрхийг жижиг дийзэнд тавагласан хоолтой зүйрлэж болохоор байлаа. Тухайлбал, ширээт лам Сафрония Лазаревичийн нүүр давс нь ихэдсэн гашуун байцаа бүхий хонины хэрсэнтэй төстэй байхад Земуны Павкович хатагтайн төрх цуунд дарж чанасан мөөгийг дийзэнд тавагласантай эгээ л адил аа!.. гэх мэтийн хачирхалтай бодлоосоо ангижраад тэрбээр хариулт нэхэн шавьдаа хандаж,
Алекса минь дээ, цаг хугацаа гэгч агшин зуурынх. Гэвч хэн хүний сачий нь хүрдэггүй санаа нь хэвээрээ байдаг юм гэлээ.
Энэ үгэнд нь жаалхүү бүр ч гайхаж орхив. Учир нь, тэрбээр шал ондоо хариулт хүлээж байсан болохоор багш руугаа эгцлэн ажиж, түүний эрүүн дэх хонхрохой хуучин сорвийг нь олж харлаа.

Төдөлгүй үүдний хонх хангинаж, Зэмүнээс Досифейд хаяглан илгээсэн илгээмжийг зарц эр гаднаас оруулж ирэв. Павкович хатагтай Досифейд сэвсгэр халуун талх, бас ууж хоосолчихоод Дунайн чанад руу буцаах болгонд нь дүүргэдэг ёсоор өнөө жижиг торхыг нь дарсаар мөн л дүүргээд явуулсан аж. Түүнчлэн ахайтан Австрийн нийслэлээс сүрчигний тансаг үнэртэй нэгэн дугуй хайрцаг бүхий эд зүйлийг илгээсэн байна. Алексийн халамжлан хүмүүжүүлэгч мань эр уг хайрцагнаас энэ нутагт гайхагдам нэгэн шинэ эд юм гаргасан нь гүнзгий оройд нь нохойн сэгсгэр үс хадаж, дээгүүр нь нэхмэл туузаар тааруулж боосон хар өнгийн гоёмсог бүрх малгай байлаа. Чухам ийм малгай Австрийн Эзэнт гүрний нийслэлд өдийд жинхэнэ чамин хэв маяг болж байгааг илгээмжтэй хамт ирсэн захианд тайлбарлан дурджээ. Мөнөөх бүрх малгайг гартаа эргүүлдэн, энд тэндээс нь сониучирхан байхдаа,
"Өнгөрсөн мөчүүд аман дотор
Өнөөдрийн үе үгэн дунд
Угтах цаг алдаан дээр тань агуулагдан буй" гэсэн үгс туузан дээр нь дурайн байхыг Досифей олж харлаа.
- Энэ чухам юу гэсэн үг вэ? хэмээн жаалхүү тэсэлгүй асуутал, Досифей уг эд юмыг хайрцаг руу нь буцаан хийх зуураа:
- Залуу ноён минь, танд би чухам юун тухай хэлэх вэ гэвэл, алив хүн нэг юмыг гартаа зуу дахин барьж үзсэн ч харах болгонд нь улам шинэ содон байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй… Ингээд бодохоор хүүхээ, чамд хаалт хамгаалалт, надад хариуцлага сэрэмж чухал гэсэн үгээ! хэмээн тайлбарлав.

Үүр цүүрээр намгаас хүхэр ханхийж эхлэхэд Досифей норсон гутлаа өнгийн харснаа, нэгэнтээ л энэ өдөр Кладово явах хэрэгтэй тул яах ч аргагүй өмсөөд их мөрний тэртээх аглаг буланд буй завины зүг явлаа. Хоёр мухлаг тэрэгний нэгэнд агь ноён Алекса зарцынхаа хамт заларсан бол нөгөө тэргэнд халамжлан хүмүүжүүлэгч нь аяны авдартайгаа тухлажээ. Төдөлгүй тэдний мухлаг тэрэг усны хөвөөг эмжин хурдлан явцгааж буйг Алекса тэрэгний бүхээг дотроос ажиглан байхдаа "Мөнгө ч дорхноо л доо. Хүлгийн хурдаар ч гүйцэгдэхгүй юм" хэмээн бодсоор авай. Наран дөнгөж цухуйж байхад тэд зорьсон газраа хүрч ирмэгцээ эрэгт тулан ургасан лийрийн модны дор тухалцгаан тохош нэмнээгээ дэвсэж, завиа хүлээцгээв.
Досифей гадуур дээлээ тайлж, бас өнөөх шинэхэн бүрх малгайгаа модны найлзуур мөчир дээр өлгөчихөөд харин өөрөө эрэг дагуух шивээт хялганы дундуур туучихад хөлийнх нь аясаар нойтон өвс ороолдон "Бямба Баасан, Бямба Баасан" гэх шиг этгээд анир чийхран сонсдоно. Эзэн хүн гоёмсог малгайгаа лийрийн мөчир дээр өлгөсөн чигээр орхиод холдон одсон тэр мөчөөс эхлэн хол ойрын хаа нэгтээгээс уг бүрхийг олж харсан морин хөтөч, улаач нар хийгээд усан цэргүүдийн дунд уртыг туулж, бэрхийг даван байж энэ хүрсэн тэр малгайн талаар өөр өөрийнхөө ажиг сэжгээр тайлбарлан, чухам л амны зугаа, хэлний хужир болгон хүүрнэлдэх болжээ. Хатгуур завь тэднийг чиглэсээр чимээ аниргүйхэн ирж зогсоход Досифей шаламгайлан ачаа тээшээ дор нь зөөж байрлуулахад Алекса ч бас түүнээс дуталгүй хоромхон зуур бүгдийг амжуулав. Их мөрний эрэгт ургасан лийрийн мөчрөөс өлгөөтэй өнөө хар өнгийн бүрх малгай чухам хаанаас, яаж энд тохиосныг, бас хэнийх, ямар учиртайг хэлэх аргагүй тийм л хачирхал төрүүлэм нэгэн болж, тэндээ хоцрох нь тэр ээ!

Улмаар зам зуурын нэгэн морьтон энүүгээр өнгөрөхдөө тэр малгайг хажуу талаар нь хазайлгаж, далжийлган орхиод явж оджээ. Ингэж уг малгайн үйл явдал өрнөсөн юм. Вишницийн тариачид түүнийг анхлан харсан даруйдаа хачирхаж зэвүүцэн "Энэ бол яг хайсан мөн" хэмээн нэрлэсэн бол хорин загасчин тэрхүү хайсанд элдэв муу юмс орогнож шүглэсэн байхыг олонтаа харцгаасан хэмээн мэтгэлцэж, хараал зүхлийг бишгүй дээ л урсгах бөлгөө. Тэгтэл Гэгээн хутагтын өдрөөр муу ёр шингэсэн мөнөөх хайсан хоёрын хоёр охиныг боомилчихжээ! гэлцэж байтал төдөлгүй тагтаа шувууд бужигнан тариа ногооны үр суулгах цагаар үл таних хэн нэгэн тэр хайсанг толгойдоо углачихаад хаа нэгтээ арилж одсон ажгуу. Гэвч нэгэн өдөр олны дунд мартагдаж эхэлсэн хайсан буюу өнөөх учир битүүлэг хар бүрх урьдын адил хуучин байсан модны мөчир дээрээ өлгөөтэй хэвээрээ, тэгэхдээ хүний аминд хүрсэн гайт бүч нь нөгөө л янзаараа төдийгүй айдас төрүүлэм жигшүүрт амьтан шиг тийнхүү эргэн ирсэн байхыг хүмүүс олж харцгаасан байна. Харин энэ хооронд хар бүрх хөдөө хээрийн хахир жавар, хавсарга салхинд онгож гандсанаас үүдэн өнгө нь хүрэнтэн зэвхийрч, алсаас харвал яг л аймшигт махчин, цуст яргачны дүр төрхийг санагдуулам үзэгдэнэ. Эд юманд муу ёр шүглэсэн бол утааны үнэрээр үлдэн хөөдөг гэсэн жатга домноос ч болсон уу, хар бүрхийг тамхины цогоор хэдэнтээ түлж шатаасан харагдана.

Цэргүүд хүртэл зүгээр байсангүй ээ. Түүнийг хэдэнтээ буудаж, яг л гурван нүдтэй мэт зэрэмдэг дүр төрхтэй болгоод явж одсон бол гагцхүү гургалдай мэтийн дууч шувууд хар бүрхнээс огтхон ч жихүүцэлгүй хажууд нь шулганалдан мөчир дамжин тойрон эргэлдэх авай. Нэгэн мянга найман зуун арван нэгэн оны хаврын нэгэн өглөө Алекса багшдаа хандан:
- Багш минь, Вена хотоос танд ирүүлсэн бүрх, яагаав нөгөө нохойн сахлаг үс хадсан малгай тань хүмүүсийн дунд мөн ч их ажиг сэжиг дагуулж, тэгсэнээрээ Стойковичийн "Физик"-ийн гурван ботиос ч илүү амин чухал аман хууч болж байна даа. Таны тэр бүрх малгайнаас үүдэлтэй хоосон төөрөгдөл, хий мунхралд хүмүүс хэдий болтол ингэж автах юм бол оо? гэж хэлээд хариу хүлээн харлаа.
Өрөөнд нам гүм. Хаа нэгтээгээс хэн нэгний тоглох бишгүүрийн эгшиг гаднаас дуулдах төдий. Досифей энэ асуултын хариуд шавийнхаа чихийг зөөлөн имэрч зогсохдоо голын тэртээх жимсний төгөлд үлдээж орхисон хар бүрхнийхээ талаар хаа хамаагүй маргалдахыг үнэндээ хүссэнгүй. Тэрбээр Алексийн өөгүй царай яг чинжүү нь ихэдсэн цэлцгий шиг цэвэрхэн тунамал үзэгдэхийг ажаад,
- Дахин сануулахад, залуу минь. Хүн алив юмыг гараараа зуу дахин барьж үзсэн ч нүдээрээ харах болгонд тэр нь улам шинэхэн байдаг гэдгийг би танд хэлэх нь зүйтэй болов уу! гэж хэллээ. Энэ хариулт Алексийн санаанд нэгэнт нийцээгүй болохоор,
- Тийм гэж үү?.. хэмээн дурамжхан өгүүлээд гэхдээ ноднин лийрийн мөчир дээр таны үлдээж орхисон хар бүрх тань эрүүвч бүчнийхээ хамт этгээд ондоо болчихсон биш үү? Одоо тэрний талаар ажиг таавар, аман хууч хаа сайгүй түгсэн байна шүү дээ! хэмээн сөргүүлэн хэлэв.
- Аюулын харанга, харангыг сонсож болно. Гэсэн ч тэр бол харанга биш ээ, эрхэм Алекса минь хэмээн Досифей жаалхүүг гайхшруулахыг хичээсэн боловч цаадахь нь энэ маргаанд бууж өгөх шинжгүй байжээ.

Досифей шавь руугаа харсанаа алив юмны нэг нь нөгөөгийнхөө төлөөсөн барцад болдгийг хэрхэн ойлгуулах билээ хэмээн бодлоо. Гэхдээ тэр энэ тухай Алексад хэлж зүрхэлсэнгүй ээ. Харин цаадахь нь ч дув дуугүй, ёстой л амьсгаа нь сонсогдох төдийхөн аж. Өөрсдөд нь хамаарах ойр зуурын асуудлаас эхлээд өнө холоос нүүрлэн буй далдын аюулын талаар ч багш нь зөвхөн таамаг төдий байлаа. Гэнэт түүний бие тавгүйтэж, дотор нь зарсхийж эхлэв. Хууч өвчин нь сэдрэв бололтой. Хаврын сар дундаа оржээ. Досифей Орост хийсэн аяллаа, бас өнгөрөгч жил эрхэм дээдсийн илгээлтээр Кладовод хүрч тус бүртээ дөрвөн хаалга, олон цонхтой гоёмсог байшин барилгуудыг бишрэн харсанаа зүүдэлсэн аж. Нойрноосоо сэрээд харвал хацар дээр нь дэрний гадна уутны товчны ором гарсныг үзээд хэрэв барууныг зоривол мөхөл сүйрэл, харин зүүн зүгийг тэмцвэл толгой мэнд үлдэж болох нь ээ! хэмээн шинжин бодов. Энэ бол зөвхөн түүнд хамаатай ёр билэг биш, харин эрхэм дээдэс буюу Алексийн эцэгт хамаарах учир холбогдол билээ. Тэгээд ч дөнгөж сая түүний зүүдэнд эзэн дээдсийнх нь дүр төрх нэг л улцандуу, яг л давсалсан цуцагтай1 адил харагджээ.

Төдөлгүй халамжлан хүмүүжүүлэгчийн арьс нь халцарч, хогжруутахын зэрэгцээ чихнээс нь эвгүй үнэр гарах болов. Гэтэл шавь нь түүнд хандаж хүмүүс бямба гариг бүр өнөөх бүрх малгайг тойрч бүчээд этгээд бүжиг хийцгээж, бие биенийхээ чих рүү нулимцгаадаг, энэ хачин ёслолд илбэч, жатгач гэсэн элдвийн хуурамч амьтад бишгүй л байдаг тухай хэлж иржээ. Нэг нэгнийхээ чихэнд нулимдаг энэ хачирхалтай дом, зан үйл Вишницээс эхлээд бүр Сава мөрний адаг хүртэл түгсэн гэнэ. Хүмүүсийг төөрөгдлөөс гаргах, тэднийг тайвшруулж, эмх цэгцэнд нь оруулах цаг болжээ. Бас тэдний оюуны мэлмийг нээж, хүссэн хүнээ боомилчихдог идтэй гээд байгаа хайсан хэмээх айдас авчирсан тэр зүйл бол угтаа харин хэний ч толгой дээр байж л байдаг нэг муу бүрх малгай юм гэдгийг тэдэнд тайлбарлах хэрэгтэй. Үүнийг хэрхэвч хойш тавих аргагүй байна. Ингэж хэлээд өнөө жаалхүү, жаалхүү ч гэж дээ бараг бага залуу тэрбээр цонхны тавцан дээр тавьсан Досифейн номыг зааж, гэнэт захирангуй өнгөөр:
- Цаг ямагт хийхдээ бодож, буудахдаа онилж байх хэрэгтэй байсан даа, багш минь! гэж зэмлэх маягтай хэлэв.

Энэ үгийг сонсоод Досифей хирдхийн цочиж, нэн түрүүн Алексад ч тэр, өөртөө ч тэр сүйх тэрэг яаралтай бэлдэх хэрэгтэй болжээ хэмээн дотроо бодлоо. Ингэхээс өөрөөр тэр яах ч билээ дээ.
Лийрийн модон дээр өлгөөтэй Досифейн бүрх малгай ер бусын амьтан шиг бараантан үзэгдэнэ. Түүнийг ажваас нар хуранд онгож гандсан, бусдын гарт үнгэгдэж ноорохын зэрэгцээ ямар нэгэн амьтан сүүлээрээ дуудан даллах шиг хүйтэн салхинд сагалдрага бүчнүүд нь шарвалзан хийсэх аж. Хачин жигтэй тэр малгайг өлгөсөн лийрийн модны ёроолд талийгаач нэгний булш байх бөгөөд энэ бол ноднин ёрын тэр малгайн оосор бүчинд боомилогдож үхсэн хүнийх мөн. Булшны чулуун дээрхи талийгаачийн нэрний дээхэн талд "Яг өчигдөр нойрсов. 1810 он" хэмээн бичжээ. Яг л мөргөлийн сүмд цугласан мэт мөнөөх булш, хайсан хоёрыг хүрээлж тойрсон тэдгээр олон хүн муу юмнаас сэргийлэх дом болгож элдэв янзын өвсний ишийг амандаа зууцгаасан харагдана.
Багш эр олны дундуур явж өнгөрөхдөө тэдний ёозгүй харц, ёсгүй байдлыг алхам бүртээ мэдэрч байхад харин түүний ард байгаа Алексийн хувьд өчнөөн амьдрал үзсэн буурьтай нэгэн шиг харц нь очтон үзэгдэнэ. Ерөөс хүн амьдарч буй цаг үедээ өч төчнөөн юм үзэж, мэдсэн ч өөрчлөгдөж чадахгүй юм даа. Харин миний хувьд нэгэнт л энэ замаараа явахаас хойш хүссэн ч, эс хүссэн ч улам цааш алхах л хэрэгтэй болж дээ! хэмээн Досифей дотроо өөрийгөө зоригжуулав.

Тэр лийрийн модонд аажуухан хүрч очоод өнөөх гайтай, хөөтэй оосор бүч бүхий хар бүрхийг хуу татан авмагцаа өөрийнхөө толгой дээрээ углачихжээ. Гэтэл үүнийг харсан цугласан олон дуу алдан хирдхийж, урьдын цуу үгс нь тэр дороо цуурай болон таягдах нь тэр. Тэндээс Досифей шүлс шүлэнгэ болсон олны дундуур зүтгэлэн нэвтлэн гарч ирээд Алексийн айсан, цугласан хүмүүсийн цочсон харцаар үдүүлсэн хоёр дугуйт хасаг тэргэндээ тухалмагцаа гэрийнхээ зүг довтолголоо.
Морин тэрэг гэрийнх нь үүдэнд ирж зогсоход Досифейг тэргэн дотроо боомилуулсан байхыг олцгоожээ. Яг энэ үед гэнэт тэргэн дотроос нэгэн сэгсгэр хар юм гадагш агшин зуур өнхрөн унамагц аясын салхи түүнийг тосон авч тэр даруй Белградын уулзварт гудамжны зүг хийсгэн аваачсан бөгөөд ер бусын хачирхалтай тэр хар зүйл тийнхүү дэгдэн одохдоо сагсгар сүүл нь шарвалзан хийсч, юуг ч юм дүрслэн үзүүлээд цааш арилж одсон ажгуу.
 
***

Ингээд үйл явдлууд урвуугаар эргүүлдэн урсан хөврөх нь тэр ээ! Тэндээс Досифей шүлс шүлэнгэ болсон олны дундуур зүтгэлэн нэвтлэн гарч ирээд Алексийн айсан, цугласан хүмүүсийн цочсон харцаар үдүүлэн хоёр дугуйт хасаг тэргэндээ тухалмагц гэрийнхээ зүг довтолголоо.
Гэтэл үүнийг харсан цугласан олон дуу алдан хирдхийж, урьдын цуу үгс нь тэр дороо цуурай болон таягдах нь тэр. Тэр лийрийн модонд аажуухан хүрч очоод өнөөх гайтай, хөөтэй оосор бүч бүхий хар бүрхийг хуу татан авмагцаа өөрийнхөө толгой дээрээ углачихжээ.
Ерөөс хүн амьдарч буй цаг үедээ өч төчнөөн юм үзэж, мэдсэн ч өөрчлөгдөж чадахгүй юм даа. Харин миний хувьд нэгэнт л энэ замаараа явахаас хойш хүссэн ч, эс хүссэн ч улам цааш алхах л хэрэгтэй болж дээ. Мэргэдийг хүмүүс мэддэггүй. Учир нь, мэргэд мэргэн ухаанаа мөнгө хөрөнгө, муухай явдлынхаа адил нууж чаддаг. Багш эр олны дундуур явж өнгөрөхдөө тэдний ёозгүй харц, ёсгүй байдлыг алхам бүртээ мэдэрч байхад харин түүний ард байгаа Алексийн хувьд өчнөөн амьдрал үзсэн буурьтай нэгэн шиг харц нь очтон үзэгдэнэ. Яг л мөргөлийн сүмд цугласан мэт мөнөөх булш, хайсан хоёрыг хүрээлж тойрсон тэдгээр олон хүн муу юмнаас сэргийлэх дом болгож элдэв янзын өвсний ишийг амандаа зууцгаасан харагдана. Булшны чулуун дээрхи талийгаачийн нэрний дээхэн талд "Яг өчигдөр нойрсов. 1810 он" хэмээн бичжээ. Лийрийн модон дээр өлгөөтэй Досифейн бүрх малгай ер бусын амьтан шиг бараантан үзэгдэнэ. Түүнийг ажваас нар хуранд онгож гандсан, бас бусдын гарт үнгэгдэж ноорохын зэрэгцээ ямар нэгэн амьтан сүүлээрээ дуудан даллах шиг хүйтэн салхинд сагалдрага бүчнүүд нь шарвалзан хийсэж, юуг ч юм дүрслэн үзүүлэх аж. Хачин жигтэй тэр малгайг өлгөсөн лийрийн модны ёроолд талийгаач нэгний булш байх бөгөөд энэ бол ноднин ёрын тэр малгайн оосор бүчинд боомилогдож үхсэн хүнийх мөн.

Энэ үгийг сонсмогцоо Досифей хирдхийж, хуурамч хайр энэрлийн цаана үзэн ядалт заавал байдаг, тэгээд ч Алексид ч тэр, өөртөө ч тэр сүйх тэрэг бэлдэх хэрэгтэй болжээ хэмээн дотроо бодлоо.
Ингэж хэлээд өнөөх жаалхүү, жаалхүү ч гэж дээ, бараг бага залуу тэрбээр цонхны тавцан дээр тавьсан Досифейн номыг зааж гэнэт захирангуй өнгөөр:
- Цаг ямагт хийхдээ бодож, буудахдаа онилж байх хэрэгтэй байсан даа, багш минь! гэж зэмлэх маягаар хэлэв.
- Хүмүүсийг төөрөгдлөөс гаргах, тэднийг тайвшруулж, эмх цэгцэнд нь оруулах цаг болжээ. Бас тэдний оюуны мэлмийг нээж, хүссэн хүнээ боомилчихдог идтэй гээд байгаа хайсан хэмээх айдас, авчирсан тэр зүйл бол угтаа харин хэний ч толгой дээр байж л байдаг нэг муу бүрх малгай юм гэдгийг тэдэнд тайлбарлах хэрэгтэй…
Хаврын сар дундаа оржээ. Досифей бараг цээжээр мэдэх болсон өнөөх л Орост хийсэн аяллаа, бас Кладовог зүүдэлдгээрээ зүүдэлжээ. Тэр нойрноосоо сэрмэгцээ баруун зүгийг зоривол мөхөл сүйрэл, харин зүүн зүгийг тэмцвэл толгой мэнд үлдэж магад хэмээн шинжиж бодов. Цаг хугацаа түүнийг тойроод нэг л алслаад, улам улмаар холдоод байгааг тэрбээр мэдэрч байлаа.

Хэрэв тэр эндээс эргэж буцаад, тэр чигээрээ холдож чадвал айсуй цаг хугацаанаас ангид оршиж болно гэдгээ ч мэдэж байлаа. Гэнэт хууч өвчин нь сэдрэв бололтой бие нь тавгүйтэж, дотор нь зарсхийж эхлэв. Өөрсдөд нь хамаарах ойрын асуудлаас эхлээд өнө холоос нүүрлэн буй далдын аюулын талаар ч багш нь зөвхөн таамаг төдий байна. Харин Алекса дув дуугүй, ёстой л амьсгаа нь сонсогдох төдийхөн мэт байлаа.
Гэхдээ тэр Алексад энэ талаар хэлж зүрхэлсэнгүй ээ. Досифей шавь руугаа харсанаа, бид чухамдаа нэхмэлийн суурь машины дэргэд оногдсон дарааллаараа хөглөрч, хэвтэх ердийн нэг ёрог даавуунаас ялгаагүй болсон гэдгээ яасхийж ойлгуулах билээ хэмээн бодлоо.  
- Гэхдээ ноднинхон лийрийн мөчир дээр таны үлдээж орхисон хар бүрх тань эрүүвч бүчнийхээ хамт этгээд ондоо болчихсон биш үү? Одоо тэрний талаар ажиг таавар, аман хууч тарж гүйцлээ!

Хаа нэгтээгээс хэн нэгний тоглох бишгүүрийн эгшиг гаднаас дуулдах төдий. Досифей шавийнхаа чихийг зөөлөн имэрч зогсохдоо голын тэртээх жимсний төгөлд үлдээж орхисон хар бүрхнийхээ талаар хамаагүй маргалдахыг хүссэнгүй. Шавийнх нь нэг чих нөгөөхөөсөө арай том боловч сонсгол нь сул аж. Харин ингэж тэрбээр Алексийн чих, чихний омрууг имэрч, эсвэл сүү өгч уулгахдаа уруулд нь хуруугаа хүргэдгийг нь хэрэв жаалхүүгийн эцэг харвал яах байсан бол доо. Ингэснийх нь төлөө мэдээж түүнийг шууд л хороочих байсан даа хэмээн Досифей дотроо төсөөлмөгцөө гэнэтийн тэр бодлоосоо өөрөө ч айж жихүүцлээ…
Нэг мянга найман зуун арван нэгэн оны хаврын нэгэн өглөө Алекса багшдаа хандан:
- Өнөө бүрх малгайг цэргүүдээр буудуулмагц ховол дунд жигтэй дүрс зураас тодрон үзэгдэх шиг болж гэнэ. Дараа нь түүнийг тамхиар түлж үзсэн хэдий ч нэмэр болсонгүй. Хүмүүс хайсангийн оосор бүчинд боогдож үхсэн нэгэн хүнийг олцгоосон боловч гайтай тэр хар малгай ямар нэгэн ер бусын амьтан шиг эргээд л нөгөө мөчир дээрээ бахь байдгаараа өлгөөтэй байхыг харцгаасан байна. Гэгээн хутагтын өдрөөр, хүмүүс гэрт, гадаагүй дарс сөгнөх цагаар хөнөөлт хайсан хоёр ч охиныг боомилчихсон гэнэ.
Үргэлжлэл бий... Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан: Хө.Хүчит

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment