Friday, June 5, 2015

Бид өөрсдөө ертөнцийн бичил загвар билээ

Бид өөрсдөө ертөнцийн бичил загвар билээ

20 минутын өмнө

Эртний мэргид, судлаачид, шашныхан болон шинжлэхүй ухааныхан хүн төрөлхтөн, хүн гэж ер нь юу болохыг өнөөг хүртэл өөрсдийн хэрээр тайлбарлаж ирсэн билээ. Яг таг оноосон тодорхойлолт одоо хэр үгүй бөгөөд харин нэг цэгт тун дөхөж очжээ. Бид Бумбын буюу билгийн эринд орсон талаар эл мянган эхлэхэд л ярьсан. Тиймээс ер бусын буюу индиго хүүхдүүд ч төрж байгаа нь үнэн юм. Энэ үзэгдэл өмнөх зууны наяад оноос эхтэй гэдэг. Зарим нь түүнээс ч өмнө иймэрхүү хүүхэд мэр сэр төрж байсан гэдэг юм билээ. Харин өнөөтэй харьцуулбал тоо нь цөөн байсан байж болох. Судлаачид уг нь хүнийг аль эртнээс бүхий л талаар судлаж ирсэн нь маргаангүй юм. Баталгаатай хийгээд баримттайг нь МЭӨ эртний Ром, Герегийнх гэдэг аж. Тэр үеэс хүнийг оюун санаа болоод бие зүйн талаас нь албан ёсоор судалж эхэлсэн гэхэд болно.

Эртний Герегийн эмч Везалий, Гарвей нар хүний цогцост задлан шинжилгээ хийж, бие бүтцийн анхны зураг зүйг гаргаж байжээ. Мөн тухайн цагийн алдарт эмч Гиппократ орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан юм. Өвчнийг бүр халдвартай үгүйгээр нь ангилж, ойр зуурын мэс засал хийн, одоогийн зарим хүндхэн хагалгааг ч санал болгож асан нь үлджээ. Яг тэр үетэй давхцан дорно дахинд өөр нэгэн анагаах ухааны хөгжил өндөр түвшинд хүрчээ. Тэр бол Дорнын гэх Аюурвэдийн анагаах ухаан юм. Хүн төрөлхтөний хөгжлийн явцад хуримталсан асар их туршлага дээр суурилсан учраас Европын гэх орчин үеийн анагаах ухаанаас хамаагүй өмнө хөгжсөн нь мэдээж. Энэ хоёр анагаах ухааны хөгжил яван явсаар өнөөдөр бараг нэг түвшинд хүрээд иржээ гэхэд болно. Гэхдээ өвчин гэх нэг юмны хоёр талаас нь авирсан нь ойлгомжтой.
Тэд нэг цэгт уулзах тавилантай байж гэхэд ч хилсдэхгүй. Гэхдээ л хүн судлал бусдаас хоцорсон гэдэгтэй энгийн бид байтугай эрдэмтэн мэргид ч санал нэгтэй байдаг ажгуу. Энгийнээр бодоод үз дээ. Бидний оюун санаа, түүний бүтээл аль хэдийнэ сансар огторгуйд хүрсэн бөлгөө. Гэтэл бид мухар олгой гэх өт маягийн бяцхан ургацагийг бүрэн таниагүй л явна. Өөрөөр хэлбэл, зөвхөн эл эрхтэнээр эрдмийн зэрэг, цол хамгаалсан бүтээл тоолшгүй олон гарчээ. Өнгөрсөн зууны наяад онд л 200 хүрчихсэн байсан даа. Зөвхөн түүнийг гэхэд л жинхэнэ эрхтэн мөн, биш хэмээн маргасаар байгаад илүүдэл эрхтэн гэдэг дээр тогтоод байтал хүний дархлаанд чухал үүрэгтэй нь дөнгөж хоёр зууны зааг дээр батлагдаж байх жишээтэй. Түүгээр ч үл барам тархи гэдэг эрхтэнээ ч танихгүй л явж шүү дээ.

Ойрын хоёр гурван жилд нейробиологийн шинжлэх ухаанд гарсан нээлтүүд энэ талын ойлголтыг шинэ шатанд авчрав. Ганц хоёрхон жишээ татъя. Оюуны өндөр чадавхитай хүмүүс тархиныхаа хүчин чадлын дөнгөж арав орчим хувийг ашигладаг гэх ойлголт байсан даа. Тэгвэл тэр худлаа байж. Энгийн бид тэр түвшинд яваа юм байна. Өнөө алдарт А.Эйнштэйн энэ тэр хэдэн хувиа ашиглаж байсныг яг таг хэлэх боломжгүй ч биднээс хавьгүй дээр байсан нь маргашгүй. Суутнууд тархиныхаа дөнгөж 10 хувийг ашигладаг юм бол бид өнгөрчээ гэх гутрангуй үзлээ гээх цаг ингээд ирэв. Оюун ухаан хөгжүүлдэг гэх элдвийн тоглоом, тэр дундаа шатар, даам тийм их нөлөөтэй нь ч үгүйсгэгдэж эхэллээ. Тэр ч үнэн байх. Оюуны цар хэмжээ гэдэг нь төрөлх чанартай гэх буддын гүн ухааны болоод шинжлэх ухааны ойлголт нэгджээ.

Дахин хэлэхэд, бидний сайн мэддэг, жишээ татах дуртай суутан болох дээрх А.Эйнштэйн ямар ч тоглоом мэддэггүй, чаддаггүй, тоглодоггүй нэгэн байсан гэнэ билээ. Тэгэхээр хүүхдээ оюунлаг хүн болгох гээд заавал шатар тоглуулан тархийг нь "гашилгах" хэрэг байна уу гэдэг асуудал ч гарч байгаа юм. Гэхдээ тухайн хүн шатар сонирхох хийгээд тоглохыг нь хэрэггүй гэж хэлээгүй шүү. Тоглох нэг нь тоглож л байг. Зүүд, зөн совингийн талаар бүр ярилтгүй. Далд ухамсар, түүнийг судалсан судалгаа ихийг хэлэх болжээ. Онцгой чадвар буюу зөн билиг дэндүү цөөн хүнд байдаг гэх үзэл ч үеэ өнгөрөөж байна. Дашрамд өгүүлэхэд, бидний өвөг дээдэс "Барааж торойж байвч зэрэглээ нэг хоосон. Барьж, тавьж байвч зүүд нэг хоосон" гэж зүйрлэсэн нь зүгээр ч нэг хэрэг биш байж. Бид л буруу ойлгож явжээ. Бид зүүдийг өнгөцхөн авч үзээд хоосон, худлаа юм хэмээн дүгнэж явсан билээ. Тэгтэл ухаант өвгөд маань зүүдийг ор хоосон гээгүй, "хоосон чанартай" гэж хэлж л дээ. Буддын гүн ухааны ойлголтыг базаад л хэлчихсэн байна. Тэгвэл зүүд далд ухамсрын бүтээгдэхүүн гэдгийг нейробиологчид батлав.
Буддын гүн ухаан бүр хөгжлийнхөө явцад нээчихсэн байж. Тэгэхээр зүүдэлдэг, сэтгэдэг бид ч ид шидтэй гэдэг үнэн болж таарч байна. Сэтгэхээс илүү ид шид гэж үнэндээ юу ч байх билээ дээ. Харин хүн бүрийн оюуны чадавхи адилгүй шиг тэр чадвар ч ижилгүй нь мэдээж. Зөн билигтнүүд биднээс арай давуу ч бид ч хэрэндээ таарсан зөн билигтэй гэж ойлговол зохино. Индиго хүүхдүүд олон төрснөөр цаашид эл чадвар хүн бүрт "адилших" чанартай болох нь ээ.

Хамгийн сонирхолтой асуудалд одоо орцгооё. Бид өөрсдийгөө биологийн амьтан хэмээн тодорхойлдог. Тэр бол үнэн. Гэхдээ зүгээр ч нэг амьтан биш ажээ. Ойрын жишээ татъя л даа. Дэлхий ертөнц таван тивтэй. Бидний бие махбод таван цул эрхтэнтэй. Гариг дэлхий зургаан их далайтай. Бид зургаан сав эрхтэнтэй. Бидний бие 360 яс, мөгөөрстэй бол жил тийм хоногтой.
Гариг эрхэс есөн гаригтай, бид энерги дамжуулах есөн хүрдтэй. Туслах хүрд 12-той бол 12 сартай гээд яваад байвал олон юм буй. Бидний цусны судас ч гол мөрөнтэй дүйх нь ойлгомжтой. Энэ талаас нь харвал бидний бие махбод бичил сансрын бүтэцтэй юм байна. Энэ юуг өгүүлнэ вэ гэвэл, бидний бие ухамсарт оршихуйн бичил хувилбар бөгөөд өөрийн хийгээд бусад ертөнцийн олон түвшинд ухамсартай амьдарч чадах хосгүй гайхамшигт "амьд цахим" гэсэн ч болохоор байна. Оршин тогтнож буй бүхэн, та ч сансар огторгуй, од гариг, оюун санааны асар их хүч агуулж байдаг нь тодорхой гэхэд болно. Өөрийнхөө дотор агуулагдан буй асар их хүчийг танин мэдэх, олж авах, нээн илрүүлэх, хэрэглэх эсэх нь таны сонголт агаад энэхүү хүч болох ид шидийг эзэмших хязгааргүй боломж нээгдсэн, ертөнцийг үзэх үзэл, мэдлэгээ нэмэх цаг ирсэн. Тийм цаг үед амьдарч байна гэдгээ ойлгох мөч бидэнд тохиожээ гэж ойлговол зохино.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л тэнгэрийг сонирхсоор ирсэн бөгөөд олон асуултад хариу авахаар тахин шүтэж, залбирсаар ирсэн гэхэд ч хилсдэхгүй билээ. Шинжлэх ухаан, шашнаас үл хамааран бидний өвөг дээдэс тэнгэрийн эрхэс дэлхийн амьдралд нөлөөлдгийг мэдэж байжээ. Тиймээс ч Их эзэн Чингис хаан маань Бурхан халдун уулын оройд гарч, бүсээ хүзүүндээ тохон, Мөнх тэнгэртээ залбиран хүч авч байсан биз ээ. Монголчууд, тэр дундаа эрчүүд бүсээ эрхэмлэдэг. Хийморь лундаа тэнд оршдог гэж үздэг нь мухар сүсэг биш байж. Хүний бие махбодын энергийн төв наран сүлжээ буюу бүсэлхий орчим, бүр нарийсгавал хүйсний харалдаа байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл бөлгөө. Түүнийг дарж байдаг бүсэнд энерги ихээр хуримтлагдах нь мэдээж билээ.

Чингис хаан эл онолыг яг таг мэдэж байсан гэж хэлэх боломжгүй ч өвөг дээдэс маань бүр эртнээс гадарлаж байсан нь харагдаж байгаа билээ. Хүний оюун ухаан, мэдрэмж, үг хэллэг, бодол санаа, совин зөн өөртэйгээ адил бүхнийг татаж байх агаад бид ч гариг эрхэстээ өөрсдийн хэрээр нөлөөлж байдаг нь дамжиггүй юм. Харилцан хамаарахын хуулиар тэгдэг гэж ойлгож болно л доо. Түүнээс биш зөвхөн гариг эрхэс бидэнд нөлөөлөөд бид хариугүй сууна гэж юу байхав. Нарны аймгийн гаригууд өөрсдийн замаар ертөнцийн хязгааргүйд аялахдаа сансрын эрчмийн төвлөрсөн хэсгээр дайрч, эрчим хүч нь галт бороо мэт сацран дэлхийг зогсоо зайгүй бөмбөгдөж байдаг ажээ. Бидний хэлдэг зогсоо зайгүй гэх санаа хийгээд үг зөвхөн үүнд л таарах мэт. Тэдгээр нь манай гаригийн амьдралд, түүн дээр орших бүхэнд нөлөөлөх нь тодорхой. Тэр дундаа оюун ухаант хүнд бүр ч ихээр нөлөөлж, эрчим солилцож таарна. Тухайлбал, тэрхүү их эрчим бидний төв мэдрэлийн систем болох тархийг цэнэглэж байдаг нь маргашгүй үнэн юм. Тиймээс бид өөрсдийгөө Мөнх тэнгэр эцэгтэй, Мөнх саран эхтэй хэмээн тодорхойлж иржээ.
Ялангуяа асар хүчтэй гал махбодьтой Ангараг гаригийн ивээлд орших хонины орд дэлхийн цээж болсон Монгол орны нутаг дэвсгэр хийгээд Азийн элгэнд илүү нөлөөтэйг тогтоожээ. Тэгэхээр бид бусдаас энэ чанараараа ялимгүй ч болтугай давууг үгүйсгэж бас болохгүй.

Ангараг гэснээс нэгэн сонирхолтой нээлтийг хүргэе. Энэ онд зарласан сансар судлалын нээлт шүү. Эрдэмтэд хамгийн орчин үеийн дуран авайгаар хараад Ангарагийн агаар мандал улаан болохыг тогтоов. Өөрөөр хэлбэл, Ангараг час улаан харагдаж байжээ. Шалтгаан нь ч сонин. Түүний агаар мандалд цөмийн изотоп маш ихээр хуримтлагдсанаас тэр гэх. Тэгвэл манай өвөг дээдэс түүнийг аль эртнээс билгийн нүдээр харан "Улаан нүдэн гариг" хэмээн нэрлэсэн байж шүү дээ. Дурангаар ч бус, энгийн нүдээр ч биш, бүр билгийн нүдээр харж байсан байна. Гайхалтай байгаа биз? Үүнийг сонин гэхээс илүү бүр хачин юм даа гэвэл дөхөх байх. Тэгвэл бид өөрийгөө хэрхэн нээж, ухамсрын чанадад хүрэх вэ? гэх асуулт гарах нь зүйн хэрэг бүлгээ.
Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчтэйгээ холбогдох нь тийм ч санаан зоргоор биш ч оршихуйн бүхий л хүчин зүйлс, ухамсрын нарийн сүлжээгээр холбогдон, хоорондоо хамааралтай, харилцан үйлчлэлцэж байдгийг гүнээ ухаарч, итгэл үнэмшил, амьдрал, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөн, өөрийн хувь заяа, амьдарч буй ертөнцөө хайрлан бишрэхэд учиртай гэнэ. Өөрөөр хэлбэл, гүнзгий итгэл бишрэл хэрэгтэй ажгуу. Хүний бүх насаараа зарцуулснаас ч илүү эрчим бидний ганцхан эсэд буй гэхэд итгэмээргүй ч энэ нь гарцаагүй ажээ. Таны эс бүхэнд өвөг дээдсийн тань мэдээлэл хадгалагдаж байдаг нь хачин. Хүний ДХХ хийгээд генийг судлах журмаар таны өмнөх 5000 жилийн элэнцийн мэдээллийг нээж, мэдэж болно гэж үздэг байв. Гэтэл энэ боломж 30 мянган жилээр урагшилжээ. Тэгвэл бидний генд байгаа мэдээлэл дотор бүр 30 мянган жилийн тэртээх өвгийн чинь мэдээллийн сангаас байна гэсэн хэрэг. Тэгэхээр бид урагшаа ч, хойшоо ч асар холыг танин мэдэх чадвартай нь нээгдэж байгаа юм.

Нөгөө талаас нь харвал, тэр үеийн өвөг дээдсийн тань генд байсан мэдээлэл танд ямар нэгэн байдлаар дамжин иржээ, ирдэг гэхэд болно. Тиймд ер бусын их мэдлэг, мэдээлэл бидний дотор байна гэсэн үг билээ. Энэ бүхнээс үзэхүл, бид нэгэн үйлдвэрийн "бүтээгдэхүүн" биш юм. Чухам л дахин давтагдашгүй хувь бодьгал ажгуу. Тэрэндээ тулах юм бол таны төрсөн хийгээд үхэх, тэр хооронд амьдрах заяа төөрөг, хийх ажил, эзэмших мэргэжил тань ч тохиолдлынх биш болж таарна. Эрсхэн хэлчихэд өмнөөс сонгогдсон гэхээр юм. Бидний өвөг дээдэс хийгээд зөнч нар 1980-2012 оныг хүн төрөлхтөний хувьд их эргэлтийн жил гэсэн нь ч анхаарал татах билээ. Тэд амьтай бүхэн сүнстэй, амьгүй гэгдэх болгон эзэнтэй гэсэн нь буй. Тэр байтугай нарийн ширийнийг бидний өвөг дээдэс тодорхойлоод бидэнд өвлүүлжээ.

Цаг хугацааны философийг нь сонирхоод үзэцгээе л дээ. "Өнгөрсөн, одоо, ирээдүй бол бидний авч үздэг хэмжүүр болохоос яг үнэндээ хоосон чанартай. Өнгөрсөн, ирээдүй хоёрыг одоо цаг холбодог. Гэхдээ гүүр төдий бөгөөд харьцангуй билээ. Цаад агуулгаараа "яг одоо" гэх ойлголт үгүй. Яг одоо гээд бодох зуур л өнөөх чинь өнгөрсөн цагийг заамуй. Зарим талаар ирээдүй ч ирчихсэн байх. Тэгэхээр эл гурван ойлголт сүлэлдээд байгаа биз. Бид хүчээр л цагийн гурван төлөвийг гаргасан болой" хэмээжээ. Тэгэхээр, яг одоо амьсгаа авлаа эсвэл хураалаа гэх ойлголт байхгүй нь ээ. Ухамсар, ялангуяа далд ухамсар цаг хугацаанаас хамааралгүй гэдэг ойлголт явж явж үүнээс эхтэй ч байж болох. Эцэст өгүүлэхэд, хүний боломж хязгаартай гэх үзэл олон зууны туршид туйлын үнэн мэтээр ойлгогдож бас ойлгуулж иржээ. Тэгвэл орчлон хязгааргүйн адил түүний бичил загвар болсон та бидний боломж ч хязгаар, төгсгөлгүй гэнэм. Эндээс үзэхэд, ер бусын явдал, ид шид гэх ойлголт энгийн агаад та бидэнд бүгдэд нь байх ажээ. Түүнийгээ нээж, хэрэглэх чадвар л бидэнд харилцан адилгүй юм байна. Хүсвэл та ч үзмэрч болж чадмуй. Тэгээд, мянганы цаадахыг ч харах болно.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment