Wednesday, June 24, 2015

Гишүүд хүүхэд харах үйлчилгээг шүүмжлэв

Гишүүд хүүхэд харах үйлчилгээг шүүмжлэв

39 минутын өмнө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцжээ.

Уг хуулийн төслөөр МАН-ын бүлгээс авсан тав хоногийн завсарлага өчигдөр  дууссанаар байнгын хороо ийнхүү хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн юм. МАН-ын бүлэг энэ хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Энэ асуудлыг бүлгийн хурал дээр нухацтай хэлэлцсэн. Манай бүлэг хүүхдийн аюулгүй орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гээд олон талаас нь хангах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бидэнд хүүхдийн төлөө сэтгэл байна уу гэвэл байна. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор ямар ч стандартгүй нөхцөлд айлын хүүхдийг аваачаад хорьж болохгүй.  Үр хүүхдийнхээ төлөө Монгол төрийн бодлого зөв байх ёстой. Бид ингэж хөнгөн, хуумгай хандаж болохгүй. Юуны өмнө хуульд тусгасан хариуцлагын тогтолцоог сайн уншаад үзээрэй. Тэгээд ч Засгийн газар 60.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгах боломжгүй гэдэг хариугаа өгсөн. Энэ хуулийг дэмжихгүй. Ямар нэгэн улс төр байх ёсгүй. Хүүхдийн асуудлыг нуцахтай ярихаас худлаа улс төржүүлж болохгүй. Хүүхэд харах нэрийн дор харин ч хамгийн аюултай нөхцөл үүсгэж болзошгүй юм".

Мөн  гишүүн С.Дэмбэрэл "Айлын хүүхэд харна гэдэг хурга, ишиг цуглуулаад хашаа хороонд хийх ажил биш. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хүн харах, хүнийг хүн болгож төлөвшүүлэх үйл ажиллагаа.  Үүнийг мэргэжлийн түвшинд хийдэг юм. Гэтэл улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэх юм. Ямар нэгэн стандарт гаргаагүй байж төсвөөс мөнгөөр илүү гэр худалдаж аваад, хүний хүүхдүүдийг хардаг асуудал биш шүү дээ. Хуулийг хэн санаачилсныг би мэдэхгүй. Санаачилсан хүмүүс энэ талаас нь маш сайн бодох хэрэгтэй. Нэг байшин эсвэл гэрт ажилгүй нэг, хоёр хүн бусдын хүүхдийг хараад суухыг хуульчилж болохгүй.   Хэрэв ямар нэгэн ноцтой асуудал гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Хүүхэд хоолондоо хордож, өвчин эмгэг тусвал яах вэ? Энэ хуулийг баталсан гишүүд хариуцлага хүлээж чадах уу? Хүний нялх үрийг хордуулаад, насан туршийн эмгэгтэй болговол хэн энэ эрсдлийг үүрэх юм бэ гэдэг чухал асуудлыг хамгийн түрүүнд тавих ёстой. Түүнээс эмэгтэй гишүүд хүүхдэд хайртай, эрэгтэй гишүүд хүүхдэд хайргүй гэсэн асуудал огт биш" гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment