Sunday, June 7, 2015

Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа “Голомт санхүүгийн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа "Голомт санхүүгийн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

2 минутын өмнө

Монголын санхүүгийн салбарт тэргүүлэгч "Голомт санхүүгийн групп"-ын ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирал Л.Болормааг "Голомт санхүүгийн групп"-ын Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд Ардын банкны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал, Гадаад валютын зээлийн газрын захирал, 2000-2009 онд "Дойче банк"-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал болон 2014 оноос Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар ажиллаж байв.

"Голомт санхүүгийн групп" нь Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк, үнэт цаас брокер дилерийн компани "Голомт Секьюритис", "Ашид Голомт" ББСБ болон даатгалын салбарт манлайлагч "Мандал даатгал" зэрэг үндэсний томоохон компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэгч санхүүгийн групп юм.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment