Д.Намсрайноров уран бүтээлийнхээ уралдааныг уях мориор мялаалаа
44 минутын өмнө
Өтгөн хар хөмсгөөрөө өөрийгөө гоёж, "брэндээ" болгосон ганц дуучин бий. Түүнийг Соёлын тэргүүний ажилтан Доржгочоогийн Намсрайноров гэдгийг сонсогчид андахгүй сайн мэднэ ээ. Анх "Хонгор чамдаа" дуугаараа олны чихийг мялааж, зүрхийг нь уярааж гарч ирсэн тэрбээр өнөөдөр "Дурлан дурлан хайрламаар", "Сарны саруултайд" зэрэг хөнгөн хэмнэл аялгуутай "эротик" өнгө аястай уран бүтээлээрээ нэрийн хуудсаа хийж, фэнүүдийнхээ зүрх сэтгэлийн сэрлийг хөдөлгөж яваа билээ. Уг хоёр уран бүтээлийг нь амандаа аялахгүй хүн гэж бараг алга даа.Өөр зуур хоорондоо "өнөөх өтгөн хар хөмсөгт залуугийн сэрэл хөдөлгөсөн гоё дууг нь сонсъя, сайхан ш дээ" хэмээн ярилцаж, бас аялж явна. FM, радиогоор дуунууд байнга тэргүүлж байгаа нь сонсохоор, YouTube-ээр гурав хоногийн хугацаанд 60 мянган хүн дууг нь сонсч үзсэнийг нь харахаар Д.Намсрайноровыг менежмэнт сайтай уран бүтээлч гэдэг нь үнэний ортой юм.
Түүний хувьд урын сандаа 30 гаруй уран бүтээлтэй бөгөөд олон сайхан дуутай, ард түмэн тэднийг нь сонсох бас аялах дуртай. Харин сүүлийн хоёр уран бүтээлдээ багагүй цаг хугацаа зарцуулж, бас сэтгэл зүтгэлээ зориулж, сарын өмнөөс нэг том ажил бодож, бэлтгэж Т.Найданжавын аялгуу, яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг "Сарны саруултайд" дуугаа дүрсжүүлэх аяны хүрээнд нэгэн сонирхолтой уралдааныг фэнүүдийнхээ дунд зарласан явдал байв.
Яах аргагүй анхаарал татаж, шохоорхол хөдөлгөсөн уг уралдааны зарыг харангуутаа фэнүүд нь түрүү байр эзлэж сая төгрөг авахын төлөө хөдлөж, хөдөлмөрлөжээ. Эрхэм дуучны урилгаар түүний емайл хаяг руу "Сарны саруултайд" уралдааны бүтээлийг заасан хугацаанд хоцролгүй илгээсэн байна. Ингээд шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагаа өнгөрсөн бямба гариг буюу амралтын өдөр "Нарны орон" жуулчны баазад тун сонирхолтой болж, монгол аялалаар фэнүүдтэйгээ нэг өдөр аялж, амарч зугаалаад ирлээ.
Дууны уралдаанд орон нутгаас ч бүтээлээ ирүүлсэн харагдав. Тухайлбал, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймгаас мөн Солонгосоос ч дээрх уран бүтээлийг дүрсжүүлж, хэн олон лайк авсныг шалгаруулах шалгаруулалтад идэвхтэй оролцсон 100 гаруй фэнийх нь шилдэг гэсэн 32-ыг нь шалгаруулж, тэднээс тунаж үлдсэн шилдэг 10-ыг нь "Нарны орон" жуулчны баазад цугласан фэнүүддээ сонирхуулан үзүүлж, эхний гурван байрыг нь шалгаруулав.

Ийнхүү хичээл зүтгэл хөдөлмөрөө шингээж дууг их аятайхан дүрсжүүлсэн залуусын нэгдүгээр байрыг Өвөрхангайгаас бүр зорьж хүрэлцэн ирсэн Д.Ганбаатар, Т.Бямбаа хоёр авч, хурдан удмын адуугаар шагнуулсан бол хоёрдугаар байрыг Т.Базарсад ба түүний нөхөд сая төгрөг гардав. Харин гуравдугаар байрт хонь жилтэй Г.Ганжаргал шар халзан хониор байлуулав. Түүний хувьд "энэ жил миний жил орж байгаа. Энэ үйл явдлыг үнэндээ бэлэгшээж байна. Тиймээс эр хонь ижил сүрэгтээ өсч байсан нь дээр" гэж ярив. Ингээд аавынхаа адуун сүргээс хурдны удамтай хар зүсмийн хязаалан үрээг, халзан цагаан хонио нь ачиж амралтын газар авчирсан байсан том срюприз байв.
Мөн ирсэн хүн бүрт, хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулан өгсөн юм.Ийнхүү ард түмний хайртай дуучин, сүүлийн үед бүтээлүүд нь "хит" болоод байгаа Д.Намсрайноров нүнжгээ гайхуулж, бэл бэнчинтэй нэгэн гэдгээ харуулав. Байр эзэлсэн залуусын хувьд "Дүрсжүүлсэн дуунуудаа түрүүлнэ гэж бодоогүй ч ийм уралдаанд үзээд алдъя" гэж бодож бүтээлээ явуулсан талаараа ярив. Түрүү байранд хурдан удмын адуу бэлгэнд авсан хоёр адуугаа аваад нутаг буцаж байгаад баярлаж байсан бол оюутнууд сая төгрөг гардсан юм. Тэд хэрэгтэй зүйлдээ зарцуулна гэдгээ дуулгав. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment