
Нууцлаг байдал тагнуулын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд өнөөдөр нийгмийн бас нэг салшгүй хэсэг болоод байгаа билээ. Зарим нэг хүмүүс үүнд хошин өнгө аястайгаар ханддаг. Хүйтэн дайны үед буюу 1960-аад оны үед хоёр нийгэм хоорондоо онигоо шидэлцэн тулалддаг байв. Тэдгээр онигоонууд нь улс төрийн шинж агуулж байсан бөгөөд АНУ-ын зүгээс Зөвлөлтийн эсрэг ухуулга, сурталчилгаа явуулж байжээ. ЗХУ-ын тоталитар дэглэмийг ганхуулах бодлого агуулагдсан юм. Тэр үед "Арменийн радио" гэдэг цуврал онигоо хүртэл гарч байсан бөгөөд эдгээрийн анхны цуврал ном 1980-аад оны эхээр Баруун Германд хэвлэгджээ. Ийнхүү хошин онигоонууд тагнуулын үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн юм.
Уран зохиолд тагнуулын дүр төрхийг Жэймс Бондын сонирхолтой коктейль адил дүрсэлдэг билээ. Хутгасан хэрнээ холигдоогүй тийм коктейль болно. Ийм коктейль хийх жор шинжлэх ухааны тооцоолол дээр тулгуурлажээ. Үүнийг Бонд анхны ном болох "Казино Рояль"-д дүрсэлдэг Бондын үзсэнээр бол ундааг оргилуун дарсны өндөр бокалд хийх ёстой бөгөөд гурван давхаргаас бүрдэх гэнэ. "Гордон" жин, цагаан архи болон вермутээс бүрэлдэх ёстой. Сайтар хутгах хэрэгтэй гэнэ. Дараа нь нарийхан хэрчсэн нимбэг нэмэхэд л боллоо. Гэхдээ кинон дээр энэ хэсэг гардаггүй билээ. Бэлэн болсон коктейлийг Бонд "Үдшийн од" гэж нэрлэдэг нь давхар туршуулаар ажиллаж буй бүсгүйн нэртэй адил байдаг. Хутгавал мартини дарс хөрөх агаад сайн коктейль бэлэн болохын нэг үндэс болдог юм. Жинтэй хольж хутгасан цагаан архи зөөлөн амттай болдог. Холихгүйгээр хутгах өөр олон шалтгаан бий. Бонд энэ асуудал дээр мэргэшсэн нэгэн юм. Хамгийн анх жүжигчин Шон Коннери холихгүйгээр хутгах шаардлагыг 1964 онд бүтээгдсэн "Голдфингер" кинонд тавьжээ. Тэр цагаас хойш Бонд энэ зарчмаасаа ердөө хоёрхон удаа ухарсан юм. Бараг 1.5 удаа гэсэн үг. Эхний удаа "Ердөө хоёр удаа л амьдарна" кинонд. Уг кинонд Бонд хольж хутгасан коктейлийг авсан ч шуугиан дэгдээлгүй жинхэнэ жентельмэн хүн шиг эзэгтэйд сайхан ундаа өгсөнд нь талархал илэрхийлдэг. Дараа нь жүжигчин Дэниел Крейг "Казино Рояль" кинонд ийм үйлдэл гаргадаг билээ. Покер тоглоод хожигдсон супер туршуул баарны дэргэд уйтгарлан зогстол бармен түүнээс холимог уу, хутгасан коктейль уу гэж асуутал тэрбээр ширүүнээр "Надад ялгаа байхгүй. Аль нь ч яахав" гэж хэлдэг юм.
1990 онд Их Британи улсад америкчуудын бүтээсэн нэгэн телевизийн кино гарчээ. Киноны нэр "Тагнуулчдыг бэлтгэгч: Ян Флемингийн нууц амьдрал" байв. Гол дүрд нь Коннери овогтой жүжигчин залуу тогложээ. Тэр бол Шон Коннеригийн хүү Жэйсон байлаа. Киноны үйл явдал сонирхолтой эхэлдэг юм. Оюутан залуу хичээл, сурлагадаа анхаарал тавилгүй нөхөртэй хүүхнүүдийн араас элдэн хөөх тул Итоны их сургуулиас хөөгдөнө. Дараа нь залуу Флеминг сонины сэтгүүлч болох бөгөөд хувь заяа түүнийг Зөвлөлт Орос улс руу илгээдэг аж. Үүрэгт ажлаа хийхийн оронд тэрбээр гүнгийн авхай нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй хайр дурлалын асуудал үүсгэх бөгөөд тэр нь Зөвлөлтийн туршуул болох нь тодорхой болно.
Флеминг ногоон малгайтнуудаас зугтаж дөнгөх ч олдмол "хар тамхины хамаарал"-аасаа аврагдаж чадахгүй. Төрөлхийн адал явдалд дуртай садар эрд ийм амьдрал таалагдах аж. Лондонд эргэж очсоных нь дараа түүнийг Тэнгисийн цэргийн тагнуулын албаны ажилтнууд сонирхтол тэрбээр өөрөө боловсорчихсон хүлээж байжээ. Ингээд Франц, Португаль улсуудад очиж нууц даалгавар гүйцэтгэнэ. Адал явдалт кинонд мөн богино хугацааны хайр дурлалын хэсгүүд гарах юм. Киноны 50 хувь нь бодит үнэн агаад үлдсэн нь зохиомол, уран сайхны сэтгэмж байсан гэдэг.
Ян Ланкастер Флеминг 1908 онд Оксфорд гүнлигт мэндэлжээ. Хувь заяа хүүг нэр алдартай хүмүүсээр хүрээлүүлэв. Өвөө нь амжилттай яваа банкир байсан бол эцэг нь чинээлэг феодал, парламентын гишүүн байсан юм. Ирээдүйн тагнуулч эр бөгөөд зохиолчийг чинээлэг амьдрал хүлээж байлаа. Гэвч бодит амьдрал дээр бүх зүйл өөрөөр эргэжээ. Аав нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэр нас барахад Ян хүү есөн настай байв. Лондон хотын The Times сонинд түүний аавын тухай некрологийг чухам хэн бичсэн гэдгийг тэрбээр олон жилийн дараа мэдээд ихээр үнэлсэн гэдэг. Түүний аавын некрологийг Уинстон Черчилль өөрийн биеэр бичсэн байлаа. Ээж нь эдлэн газрын хамт талийгаач нөхрийнхөө адармаатай санхүүгийн үйл хэргийг гэрээслэж авсан аж. Яны төрсөн ах Питер Английн хамгийн нэр хүндтэй хоёр коллеж болох Итон, Оксфордыг амжилттай төгсөөд маш богино хугацаанд өөрийгөө чадварлаг зохиолч, аялагч болгож дөнгөсөн билээ.
Харин Ян өөрийн ихэрхэг зантай ээжийнхээ шаардлагаар Итоны их сургуульд элсч орсон ч дээр өгүүлсэн шалтгаанаар хөөгджээ. Дараа нь тэр Сэндхерст дахь Цэргийн элит академиэс цэргийн хуарангаа орхиж явсан гэх өчүүхэн шалтгаанаар чөлөөлөгдсөн юм. Дараа нь залуу Флеминг Мюнхен болон Женев хотуудад суралцаж байсан бөгөөд тухайн үед залуусын хамгийн ихээр сонирхон очиж зугаацдаг байсан Францын Ривьера, Кицбюэль болон Сэнт-Морицын уулын цанын баазууд дээр очиж цэнгэдэг байжээ. Тэнд Флеминг зүгээр байгаагүй нь ойлгомжтой. Хүүхнүүдийг жинхэнэ уургалж байсан гэдэг. Сонирхолтой нь, Мюнхен хотод суралцаж байхдаа Ян сэтгэл мэдрэлийн эмч дээр тогтмол очиж үзүүлдэг байв. Хүсэн хүлээсэн дипломоо гар дээрээ аваад Флеминг Гадаад харилцааны яаманд ажилд орохыг оролдсон боловч бүтэлгүйтэн ярилцлага дээр нь унажээ. 62 горилогчоос тэрбээр 25-д жагссан юм. Флеминг Лондон хотын хэд хэдэн сонин, сэтгүүлийн редакцид ажилд орохоор хандсан боловч онц гойд сэтгэгдэл төрүүлсэнгүй. Эцсийн дүндээ Reuters агентлаг түүнийг багашаархан цалинтай сурвалжлагчаар ажилд авчээ.
1929 онд тэрбээр албан томилолт авч Москвад очсон бөгөөд хорлон сүйтгэгчдийг шүүх ажиллагаанаас хэд хэдэн сурвалжлага бэлдэж нийтлүүлжээ. Ямар нэг асуудал тарилгүй гэртээ харьсан бөгөөд хожим нь тогтоогдсоноор бол тэр үед Флеминг өөрийг нь ажилд авахаас татгалзсан Гадаад харилцааны яамны нууц үүрэг даалгавруудыг гүйцэтгэж явжээ. Лондонд очоод Флеминг сэтгүүлзүй өөрт нь сонирхолгүй болсныг мэдрэв. Дээр нь энэ ажил залуу садар эрд шаардлагатай байсан тэр мөнгийг өгөхгүй байлаа. Банк болон маклерын пүүст ажилласан ч сайн эр онц гойд алдар нэрд хүрээгүй юм. The Times сонины сурвалжлагч Ян Флеминг 1939 онд дахин Москва хотод очиход түүний сэтгүүлчийн үнэмлэх ердөө л түүний халхавч болсон байв.
Тэнгисийн цэргийн тагнуулын албанд ирээдүйн зохиолч эр Дэлхийн хоёрдугаар дайны туршид алба хаасан бөгөөд дэслэгч цолтойгоос гуравдугаар зэргийн ахмад болтлоо дэвшчээ. Флемингийн албан өрөөнд явуулдаг үйл ажиллагаа илүү бүтэлтэй байсан тул түүнийг тагнуулын албаны дарга адмирал Жон Годфригийн нарийн бичиг болгосон аж. Өөрийн намтар түүхийг бичихдээ Флеминг санаанаасаа олон зүйлийг зохиож бичжээ. Тэрбээр өөрийгөө холбоотны цэргийг Францын Дьеп боомтоос нүүлгэн шилжүүлэхэд идэвхтэй оролцсон хэмээн худал залж, 1939 онд Албанийн дарангуйлагч Эзэн хаан Зогуг зугтаах ажлыг зохион байгуулж, дайны сүүлд Вашингтон хотод очиж Тагнуулын төв газрын ирээдүйн үндэслэгч генерал Доновантай нууц яриа хэлэлцээр хийж байсан хэмээн зохиож бичжээ.
Үнэн хэрэг дээрээ энэ бүх хугацаанд Флеминг ердөө л цаасны ажил хийж суусан гэдэг. Түүний явуулсан гэх ердөө цорын ганц тусгай ажиллагаа баримтаар нотлогддог билээ. Гэвч тэр нь бүтэлгүйтсэн юм. Удирдлага нь түүнд Германы шумбагч онгоцны олзлогдсон даргыг байцаахыг үүрэг болгосон аж. Флеминг тэр германыг Сохо дахь нэгэн бааранд аваачаад согтоож байгаад ам алдуулахыг оролджээ. Гэвч далайн чоно уух тусмаа амаа хамхиж байсан нь түүнийг бүтэлгүйтүүлэв.
Гэхдээ тагнуулд ажилласан он жилүүд бүтэлгүй эрийг амьдралынх нь зөв замд оруулсан юм. 1945 онд Флеминг албан ажлаар алс холын Ямайка арал дээр очжээ. Энд л тэрбээр бүхнийг ухаарсан гэдэг. Түүний амьдрал шал өөр газар огт өөрөөр өрнөснийг тэрбээр ойлгов. Үргэлж нар гийж, ургамал ногоо байнга ногооноороо байдаг уг арал дээр дулаахан, нарлаг, амар тайван байсан юм. Шөнийн бөмбөгдөлт, хүнсний талон гэж зүйл байхгүйгээс гадна жимс, ногоо зүгээр л моддын дор хөглөрч, далайн амттанууд тэндхийн лангуунуудыг нураах нь холгүй байжээ. Өөрөөр хэлбэл, диваажин гэдэг зүйл энд л цогцолсон байлаа. Флеминг албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад Ямайка арлын хойд эрэг дээр байшин барих ажлыг эхлүүлэв. Үүний сацуу Их Британийн хэд хэдэн сонин хэвлэлтэй багахан мөнгөөр хамтарч ажиллахаа үргэлжлүүлжээ. Тэр өөрийн барьсан сууцыг "Алтан мэлмий" гэж нэрлэсэн бөгөөд хожим нь энэ нэр түүний супер туршуул 007-гийн тухай бичсэн роман, түүнээс сэдэвлэсэн кинонуудад өгүүлэгдсэн билээ.
Ямайка арал дээр суурьшаад ажил хэргээсээ холдсон тагнуулч эр өөрийгөө өөр салбарт олохоор шийдсэн байна. Өөрийнх нь өгүүлснээр бол хувийн хөнгөмсөг явдлуудаа арвижуулахаар зорьсон хэрэг. Түүний үүсгэсэн нэгэн учрал ихээхэн шуугиантайгаар өндөрлөсөн юм. Нэгэн нэр нөлөө бүхий түшмэлийн эхнэр түүнээс жирэмсэлсэн бөгөөд дараа нь дэндүү хартай нөхрийнх нь мөрдлөгөөс түүнийг аварчээ. Тэр эмэгтэй зовж байж нөхрөөсөө салсан бөгөөд өөрийг нь урхидсан эртэй гэрлэсэн байна. Ийм л кино шиг зүйл болсон аж. 1952 он үргэлжилж байлаа. Нөгөө хүүхнийхээ гэр бүлээ цуцлуулах асуудлыг дуусгавар болохыг хүлээх зуураа Флеминг уйтгар, гунигаа үгүй хийхийн тулд тагнуулч эрийн тухай өгүүлдэг адал явдалт зохиол бичиж эхэлжээ. Тэр зохиол "Казино Рояль" гэдэг нэртэй болсон юм.
Зохиолын гол баатар болох супер туршуул эрд нэр өгөх хэрэгтэй болонгуут Флеминг санаандгүй Жэймс Бонд гэгчийн "Баруун Энэтхэгийн жигүүртэн шувууд" гэдэг нэртэй шинжлэх ухааны бүтээлийг олж харжээ. Харин хоёр тигтэй алдарт дугаарыг түүний эх орон нэгт аугаа зохиолч Киплинг зааж өгөв. Зохиолчийн нэгэн өгүүллэгт 007 галт тэрэгний тухай өгүүлдэг билээ. Зохиолынхоо баатрыг Флеминг зарим талаар өөрөөсөө сэдэвлэн бүтээсэн бөгөөд нөгөө талаас өөрийн гүйцэлдээгүй мөрөөдлөөс иш татжээ. 1953 онд хэвлэгдсэн уг зохиол санаанд оромгүй амжилтыг олсон байна. Флеминг гэнэт алдар нэртэй болоогүй ч хэвлэн нийтлэгчээс үүнтэй төстэй өөр нэг зохиол бичих саналыг хүлээн авчээ. Мань хүн ч бяцхан амжилтдаа урамшаад хоёр дахь, гурав дахь номоо шуурхайлан бичив. Жил бүрийн Зул сарын баярын дараа 007 туршуулын тухай шинэ роман бичихээр Ямайка арлыг зорих болсон нь Флемингийг алдаршуулж эхэлсэн байна. Тэрбээр нийтдээ 14 роман туурвисан бөгөөд хоёр нь нас барсных нь дараа хэвлэгджээ. Шинэ боть хэвлэгдэн гарах тоолонд нэр хүнд нь өсч, шагнал, урамшуулал нь нэмэгдэж байлаа.
Флеминг 1964 оны наймдугаар сард зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан юм. Тэр үед туршуул 007-гийн тухай өгүүлдэг хоёр ч кино дэлгэцэнд гараад байсан бөгөөд гурав дахь анги нь хийгдэж байжээ. Гурав дахь анги нь оны хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтад аман хүзүүдсэн билээ. Нэг номыг олон мянган хүн уншиж байсан бол удалгүй сая сая кино сонирхогчид жүжигчин Шон Коннеригийн жүжиглэлтээр уулга алдан догдлох болжээ. Эхлээд кино амжилт олно гэж хэн ч бодоогүй гэдэг. Анхны анги болох "Доктор Но"-г дэлгэцэнд гаргахын өмнө продюссерээр нь ажилласан Альберт Брокколи, Харри Зальцман нар киногоо багахан шиг бүтэлгүйтэл амсаасай хэмээн залбирч байсан гэнэ. United Artists киностуди тэдэнд киногоо бүтээхэд ердөө нэг сая доллар олгосон бөгөөд шаталт амсвал тэр хоёр сүйрэх байсан юм. Уг кино шуугиан тариагүй ч боломжийн амжилт олсонд тэд үнэхээр гайхсан гэдэг. Мэдээж, гол дүрийн жүжигчин хамаг амжилтыг дагуулжээ. Туршуул 007-гийн дүрд Шон Коннериг сонгоход үзэгчид гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг билээ.
Зохиолч Флемингийн романуудыг кино болгохоор бэлтгэж байгаа гэх яриа гарч эхлэнгүүт Лондон хотын Daily Express сонин уншигчдынхаа дунд туршуул 007-гийн дүрд хэн тогловол зүгээр вэ гэсэн санал асуулга явуулжээ. Тэгтэл уншигчдын дийлэнх нь жүжигчин Шон Коннериг нэрлэсэн байна. Дөнгөж нэрд гарч байсан Шотландын жүжигчин тухайн үед Mister Universe уралдааны шигшээ шалгаруулалтад үлдээд байсан бөгөөд продюссеруудын анхаарлыг ч татсан аж.
Студи гол дүрийн жүжигчнийг сонгох явдлыг жаахан удаашруулсан байна. Тэр үед илүү алдартай жүжигчид болох Кэри Грант болон Жэймс Мэйсон нартай яриа хэлэлцээр явуулж байжээ. Харин зохиолч Флеминг Бондын дүрд зөвхөн Дэвид Нивеныг тоглуулах ёстой гэж зөрж байсан юм. Гэвч эцсийн дүндээ тэрбээр бууж өгчээ. Шон Коннерид зургаан мянган фунт стерлингийн чек бичиж өгтөл ирээдүйн саятан, сэр, sex-bond эр жаахан хүүхэд шиг баярлаж байсан гэдэг.
Ийнхүү Коннери анхны бөгөөд дийлэнх олонхийн үзэж байгаагаар шилдэг Жэймс Бонд болжээ. Тэрбээр супер тршуулын тухай өгүүлдэг цуврал кинонуудын эхний таван ангид тоглосон билээ. Тэдгээр нь 1962 онд бүтээгдсэн "Доктор Но", 1963 онд хийгдсэн "Оросоос хайр дурлалын хамтаар", 1964 оны "Голдфингер", 1965 оны "Аянгат бөмбөлөг ажиллагаа", 1967 оны "Чи ердөө хоёрхон удаа л амьдарна" юм. Коннерид шотланд аялга огт саад болсонгүй. Түүний үс эрт бууралтсан нь гай гэхээсээ илүү нэмэр болжээ. Тэр бол үзэгчдийн хүсэн хүлээж байсан, тухайн цаг үеийн шаардаж байсан тийм л Бонд болсон юм.
Тавдугаар ангийн дараа алдар нэрдээ ташаарсан, хиймэл баг зүүж залхсан Коннери гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг хүсч, продюссеруудаас олсон орлогоосоо хувь хүртээ хэмээн шаарджээ. Цаадуул нь түүнд "салаавч өгсөн" тул тэдэнтэй салам хэрэлдсэн Коннери үргэлжлэлийн ангиудад тоглохоос татгалзсан байна. Ийнхүү гайхалтай амжилт олсон кино төсөл 1967 онд мухардалд оров. Коннериг хэнээр солих вэ гэдэг асуулт урган гарчээ.
Мөн онд Америкийн кино найруулагч Жон Хьюстон Бондыг дууриалган "Казино Рояль" кино бүтээсэн нь гай тарив. Найруулагч эр кинондоо Питер Селлерс, Урсула Андресс, Орсон Уэллс, Вуди Аллен, Дебора Керр, Жан-Поль Бельмондо, Жаклин Биссет зэрэг оддыг тоглуулжээ. Харин бүтэлгүй новшийн дүр болсон туршуул 007-д талийгаач Флемингийн онцолж байсан Дэвид Нивен тоглосон аж. Гэвч Брокколи, Зальцман нар бууж өгөхийг хүссэнгүй. Хоёр жилийн дараа тэд "Хатан хааны тагнуулын албанд" кинондоо 007-гийн дүрд Австралийн жүжигчин Жорж Лазенбиг тоглуулжээ. Үзэгчид түүнийг таагүй хүлээж авсан тул кино амжилт олсонгүй. Тиймээс продюссерүүд Коннерид эргэж хандахаас өөр аргагүй болж, түүний тавьсан бүх шаардлагыг хүлээж авав. 1971 онд бүтээгдсэн дараагийн ангид үзэгчид өөрсдийн хайртай жүжигчнийг дахин харжээ. Коннери хөгширсөн авч урьдын адил муугүй харагдаж байлаа.
Удалгүй түүний халааг жүжигчин Рожер Мур авчээ. Арван жилийн хугацаанд түүний оролцон тоглосон зургаан кино дэлгэцэнд гарсан юм. 1973-1983 оны хооронд үзэгчид өөр Бондыг үзсэн билээ. Коннериг даган дууриах утгагүй гэдгийг ойлгоод Мур огт өөр Бондын дүрийг бүтээжээ. Хөнгөн шаламгай, дэгжин, хагас хошин Бондыг бүтээсэн аж.
Жүжигчин Мур бага багаар танхай болж, хараал хэлж эхэлсэн бөгөөд үзэгчдэд шинэ туршуул 007-г өгсөн билээ. Тэд ч түүнийг нь хайрласан юм. Гэтэл энэ үед буюу 1983 онд найруулагч Ирвин Кершнер "Хэзээ ч хэзээ ч үгүй гэж битгий хэл" гэдэг кино бүтээн тэдэнд садаа болжээ.
Флемингийн ижил нэртэй романыг кино болгох эрх яагаад ч юм Брокколи, Зальцман нарын гарт оролгүй өөр продюссерт очжээ. Тэр нь мэдээж өөрийнхөө боломжийг тавьж явуулаагүй бөгөөд үзэгчид дахиад л хөгширдөггүй Коннерыг үзсэн юм. Бондын бүсгүйгээр залуухан Ким Бессинжер тодорчээ.
Өөрийг нь гомдоосон продюссерүүдэд эцсийн удаа салаавч үзүүлээд нэг номерын Бонд бүрмөсөн зодгоо тайлжээ. 1985 онд бүтээгдсэн ээлжит ангид тоглоод 58 настай жүжигчин Рожер Мур мөн л туршуул 070 болж хувирахгүйн тулд чөлөөндөө гарахыг хүссэн байна.

Ийнхүү Ирландын жүжигчин Пирс Броснаны ээлж иржээ. Тэрбээр хуучирч үеэ өнгөрөөсөн Флемингийн зохиолуудыг хөсөр хаяад өөрийн гэсэн Бондыг бүтээж эхлэв. 1995-2002 онуудад бүтээгдсэн дөрвөн ангид тоглоод хөгширсөн, алдар нэрд бялуурсан Броснан үзэгчдийг залхааж эхэлжээ. Ингээд эх зохиолдоо эргэн очих ээлж ирэв. "Казино Рояль" романыг кино болгох санаа хэрэгжиж эхлэв.
Харин Бонд анх удаагаа шаргал үст эр болжээ. Шинэ Бондыг Дэниел Крейг гэдэг байлаа. 38 настай шаргал үст жүжигчин залуу тийм ч өндөр биш ч гэлээ Жуд Лоу, Колин Фаррелл зэрэг царайлаг жүжигчдийг ардаа орхисон юм. Тэрбээр хэд хэдэн ангид тоглох арван жилийн хугацаатай гэрээг байгуулж чадсан бөгөөд гаднах төрх нь ширүүн дориун атлаа дотроо зөөлөн сэтгэлтэй Бондыг бүтээх болжээ. Крейг Бондын дүрийг чадварлаг бүтээх болсон аж. Найз хүүхнүүд нь ч анги болгонд солигдож байсан юм. Гэхдээ нэг давуу тал нь Бондод тэр бүр орлон тоглогч шаардагдаж байсангүй.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment