Friday, June 26, 2015

Холихгүйгээр хутгаж сур II

Тагнуулын үйл ажиллагаа болон тагнуулчид аль эрт урлаг, соёлын нэгээхэн хэсэг болсон. Энэ сэдвээр бичигдсэн ном зохиол, хийгдсэн кинонуудын баатрууд бодит байдлаас хол тасархай амьдардаг билээ. Зохиолчид нь, найруулагчид нь энэ салбараас нэлээн хол хөндий хүмүүс байдаг нь нууц биш.

007 туршуул хүмүүсийг юугаараа тэгтлээ их татсан вэ? 40 жилийн дараа ч түүний тухай өгүүлсэн кинонууд танхим дүүрэн үзэгчтэй байж, бүтээсэн хүмүүстээ олон арав, зуун сая долларын ашиг, орлого оруулж байгаа нь юутай холбоотой вэ? Зохиолч Ян Флеминг ХХ зууны хамгийн амьд домог түүхийг бүтээж байснаа мэдээгүй юм. Тэрбээр тухайн үеийн нийгмийн шаардлагыг мэдрэмжээрээ олж мэдээд бусдаасаа түрүүлсэн билээ. Харин зохиолуудыг нь дэлгэцийн бүтээл болгосноор тэрхүү домог үйлдвэрлэлд орж брэнд болтлоо хөгжжээ.

Флеминг супер туршуулын тухай түүх зохиож бичихдээ бодит хүнээс сэдэвлэн авсан гэдэг. Тэр хүн бол Уэльсийн ханхүү болон ирээдүйн хаан IV Георгийн найз Жорж Брюммель байлаа. Түүнийг Царайлаг залуу хэмээн хочилж байсан аж. Энэ хүн нэлээн дээр үед буюу XVIII-XIX зууны зааг дээр амьдарч байсан бөгөөд загварыг тодорхойлогч, Английн дээдсийнхэнд донж, маяг, сонголт гэж юу байдгийг зааж сургасан гэдгээрээ түүхэнд бичигджээ.

Царайлаг эр Брюммель хамгийн чанартай, чамин эдийг өмсч зүүн, хамгийн шилдэг вискиг шимж, чанартай навчин тамхи татдаг байлаа. Чөлөөнд гарсан тагнуулч Флеминг нэлээдгүй ном зохиол уншиж, судалсан нэгэн байсан учраас Брюммелийн үүх түүхийг сайн мэддэг байсан аж. Иймэрхүү дэгжин нөхдүүд дахиад моодонд орж мэднэ гэдгийг ердийн мэдрэмж нь зааж өгчээ. 1950-иад оны эхэн үед Англи оронд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг картаар олгон, ажилгүйдэл газар авч, дайны дараахь хүндхэн амьдрал буцалж байлаа. Энэ үед үүнээс огт эсрэг дүрийг бий болгох нь нэн шаардлагатай байсан билээ. "Хүмүүс дайнаас залхаж, хүнсний талон, амьдралын утга учиргүй бүүдгэр байдал зэргээс шантарч гүйцээд байлаа. Тэдэнд дэгжин хувцас өмсч зүүдэг, чамин машин хөлөглөж, үнэтэй дарс шимэн, үзэсгэлэнт хүүхнүүдийн дунд байнга эргэлдэх тийм баатар эр хэрэгтэй байсан юм" гэж Бондын дүрийг анхлан амилуулсан жүжигчин Шон Коннери дурсчээ.

Мэдээж, кино үзэгчдийн хамгийн үнэнч хэсэг болох эмэгтэйчүүдийн хувьд тэр баатар нь гоонь эр байх ёстой байсан юм. Зөвхөн нэг л удаа хөгширдөггүй хүүхэмсэг эр Бонд гэрлэхэд хүрсэн билээ. Гэхдээ түүний энэ бодлогогүй алхмын тухай тэр дүрийг амилуулсан жүжигчин Лазенбиг мартсан шиг амархан мартсан аж. Учир нь, хуримын бөгж супер туршуулын ирээдүйд цэг тавих байсан юм. 007 туршуул эхнээсээ л тухайн үеийнхээ тэргүүн зэргийн төлөөлөгч мэтээр ойлгогдож байжээ.

Гэвч цаг үе, моод өөрчлөгддөг тул үүнийгээ дагаад зохиолын баатрыг ч хөгжүүлэх шаардлага тулгарсан гэдэг. Зохиолд өгүүлэгддэг Бонд Rolex цагийг зүүдэг байсан бол кинон дээр үүнийг нь тухайн үед жинхэнэ хашгираа болоод байсан Omega цагаар сольжээ. Британийн домогт Aston Martin төмөр хүлгийг унаж байсан Бондыг эхлээд Lotus, дараа нь BMW, эцэс сүүлдээ Ford Mondeo-д суулгасан юм.

Крэйгээс өмнөх Бондууд зөвхөн Brioni брэндийн костюмыг өмсч, юу тааралдсанаа уудаг байлаа. Кино бол шоу бизнес, тиймээс яаж ч хүсээд олон зуун сая хүмүүс 1953 оны ургацын Dom Perignon оргилуун дарс, Sapphire Bombay жинээр хийсэн хуурай мартини захиалж ууж чадахгүй шүү дээ. Айхтар тамхичин Бондыг No smoking гэсэн доош хийсэн пайзнуудын ард оруулж орхижээ.

Ян Флеминг өөрөө уурын тэрэг шиг утаа май тавьдаг нэгэн байлаа. Дээдсийн хоол зооглодог байсан Бонд эцэс сүүлдээ түргэн хоолонд орж, гамбургер хүртэл идэх болов. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч Бондыг төдөлгүй янз бүрийн арьсны өнгөтэй хүмүүс хүрээлсэн юм. Ийнхүү Британийн эзэнт гүрний шилдэг төлөөлөгч Бонд даяаршсан дэлхийн нэгэн төлөөлөгч болж хувирчээ. Гэхдээ туршуул 007-д мөнхийн амьдралыг бэлэглэсэн зүйл бол домог яриа билээ. Тэр домог шиг яригдах болсон. Мөнхийн царайлаг, бас азтай, ялагч, бас аврагч эрийн түүх тэр юм. Гэхдээ энэ бүгд уран сайхны сэтгэмжээр баяжигдсан байдгийг санаж явахад илүүдэхгүй.

Тагнуулчдын тухай киног үзэл суртал болон улс төрийн зэвсэг болгон бүтээдэг байсан цаг бий. Ийм киног ашиглан хүмүүсийн тархийг угааж байсан билээ. Ийм бүтээл дээр ажиллаж байгаа зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчин жинхэнэ утгаараа чөлөөтэй сэтгэх, бүтээх боломжоор хангагдах нь тодорхой. Тиймээс Хүйтэн дайны үед туршуулуудын тухай өгүүлсэн кинонууд олноор бүтээгджээ. Утга уянгын, гүн ухааны чиглэлийн бүтээл туурвидаг найруулагчид болох Альфрэд Хичкок, Фриц Ланг, Иштван Сабо, Кен Рассел нар ч тэсэлгүй тагнуулчийн тухай өгүүлдэг кино хийсэн юм. Хамгийн сүүлд найруулагч Эрик Ромер нас барахаасаа өмнө гэнэт "Гурвалсан туршуул" киног бүтээсэн билээ. Мата Харигийн дүрд Грета Гарбо болон Жанна Моро нар тоглосон юм. Тагнуулын сэдэвт анхнаасаа л инээдтэй хошин зүйл олон байдаг тул сэдэв нь дэндүү өргөн цар хүрээтэй байдаг аж.

Туршуулууд буюу тагнуулчдын тухай өгүүлсэн киног Зөвлөлтийн шилдэг кино найруулагчид ч олноор хийдэг байлаа. Ганцхан жишээ дурдахад л "Хаврын 17 учрал" кино байна. Өнөөдөр ч тагнуулын сэдэв кино найруулагчдын урам зоригийг сэргээдэг юм. Мөрдлөг хөөцөлдөөн, буудалцаан, оньсого мэт халдлага зэрэг нь уйдашгүй сэдвийн нэг билээ.

Гэтэл үнэн хэрэг дээрээ нууц туршуулуудын амьдрал, алба нь Бондын адал явдалт амьдралаас тэс өөр байдаг аж. Тэд хэн нэгнийг мөрдөж мөшгин алахгүй, дэгжин чамин цувтай явахгүй, царайлаг хүүхнүүдтэй зугаацаж цэнгэхгүй. Тэд мэдээлэл олж авах үүрэгтэй бөгөөд тэдний гол зэвсэг нь гар буу, чинжаал хутга бус харин уураг тархи нь байдаг билээ.

Кино аль нэг шуугианаас сэдэвлэн бүтээгдэх нь бий. Тагнуулчидтай холбоотой шуугиант хэргүүд дэлхий дээр байнга л гардаг билээ. Кино зохиолчид ч өнгөрсөн үйл явдлуудыг уран сайхны аргаар өгүүлэх гэж тэдгээрийг зохиолынхоо сэдэв болгодог аж. ХХ зууны дунд үед хамгийн ихээр шуугиан дэгдээсэн Профьюмогийн хэрэг 1989 онд дэлгэцийн бүтээл болсон юм.

Найруулагчаар нь Майкл Кейтон-Жонс ажилласан бол гол дүрд нь тэрхүү шуугианы бодит эзэд болох Жон Профьюмо өөрөө, өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч Кристин Килер, Лондонд сууж байсан Зөвлөлтийн Тэнгисийн цэргийн атташе Евгений Иванов нар тогложээ. Тэр бүтээл тун энгийнээр "Шуугиан" гэж нэрлэгдэв.

2009 онд 20 жилийн тэртээ өрнөсөн нэгэн шуугиант хэрэг дэлгэцэнд амилсан юм. Туршуул Фэруэлл 1980-аад оны эхээр Францын сөрөх тагнуулын албанд маш нууц зэрэглэлийн 4000 бичиг баримтыг дамжуулсан байдаг. Тэдгээрт дүн шинжилгээ хийгээд Барууны тусгай албад ЗХУ-ын УАХХ-той 15 улс, оронд хамтран ажиллаж буй Барууны улс, орнуудын 70 иргэнийг илчилж дөнгөсөн юм. Мөн шинжлэх ухаан-техникийн мэдээллийг цуглуулж байсан Зөвлөлтийн тагнуулын албаны 450 ажилтныг илрүүлжээ.


Туршуул Фэруэллын жинхэнэ нэр бол Владимир Ветров. Тэрбээр Барууны технологийн нууцуудын араас хөөцөлдөн аж үйлдвэрийн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байсан "Т" газрын ажилтан байсан юм. Түүнийг Франц улсад нэгэн үйлдвэрийн газрын ахлах инженер гэх халхавчин дор томилолтоор явуулжээ. Түүний ажил хэргийн түнш нь Францын сөрөх тагнуулын албаны туршуул Жак Прево байсан аж.

Тэрбээр "Томсон ЦСФ" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Ветров хэзээ, яаж француудад элссэн нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ. Нэг хувилбараар бол түүнийг согтууруулах ундаанд дурладаг явдал, үнэт эдлэлийн дамын наймаа, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг нь занганд оруулсан гэдэг.

Нөгөө нэг хувилбараар бол мань хүн Зөвлөлтийн нийгмийн тогтолцооноос залхан, албан тушаалын шат ахих боломж үгүйдээ гоморхоод урвасан бололтой. Ветров өөрийн ажилтан бөгөөд дурлалт бүсгүйг алахыг оролдсон тул баривчлагдан урт хугацааны ял сонсчээ. Дараа нь францчууд Гадаад хэргийн яаманд технологийн тагнуулын үйл ажиллагаа хийснийг нь нотлох хөдөлбөргүй баримтуудыг танилцуултал урвагч хэмээгдэн 1985 онд буудан хороогджээ.

"Фэруэлл ажиллагаа" нэртэй киног Францын найруулагч Кристиан Карион бүтээсэн билээ. Мань хүн гол дүрд Никита Михалков, дараа нь Сергей Маковецкийг тоглуулах гэсэн боловч тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан тэрхүү шуугиант хэргийн нэгэн холбогдогч түүнд садаа болжээ. Тиймээс киноны зураг авалтыг Москва хотод бус харин Киев болон Харьковд авсан гэдэг. Ветровын дүрд Эмир Кустурица, түүний эхнэрт Ингеборга Дапкунайте, амрагт нь Дина Корзун тоглосон юм. ОХУ-д энэ киног гаргаагүй билээ.

Берлины хана нураагдсаны 20 жилийн ойд зориулж Францад бүтээгдсэн нэгэн кино өөрчлөн байгуулалтын эх ундарга болон төмөр хөшигний уналтын шалтгааныг ил болгосон бүтээл болжээ. Зохиолч Сергей Костины "Сайн уу, баяртай" баримтат бүтээлээс сэдэвлэн бүтээсэн энэ кинонд Ветров ЗХУ-ыг ирээдүйгүй болж, хөгжил дэвшлийн араас гүйцэхгүй болсон гэдгийг Баруунд нээж өгсөн мэтээр гардаг. Энэ нь Ерөнхийлөгч Рейганыг 1983 онд сансрын зэвсэглэлээр хөөцөлдөх хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэрийг гаргахад хүргэсэн гэнэ. Уг кинонд Ветровыг эх орон нэгтнүүдийнхээ ашиг сонирхлын тулд үйл ажиллагаа явуулсан идеалист мэтээр дүрсэлжээ. Мөн Ветров саяхан сонгогдсон Ерөнхийлөгч Миттераны Рейгантай харилцах харилцаанд ихээр нөлөөлснийг харуулав. Миттеран Францын социалист Засгийн газарт Москвагийн талд ажилладаг Батлан хамгаалах яамны сайд суусныг мэдээгүй байлаа.

Аливаа хэргийн ул мөрөөр хийгддэг киноны дундаж хугацаа 20 жил байдаг гэж дээр өгүүлсэн билээ. Тэгэхээр арван хэдэн жилийн дараа Оросын туршуул бүсгүй Анна Чапманы тухай ч кино хийгдэх биз ээ. Одоо зөвхөн хүлээх л үлдэв. Оросын тагнуулчдыг суллан явуулсан Америкийн шүүхийн шийдвэр ёсоор энэ хэрэгт холбогдогсод олж авсан нэр алдраа ашиглан орлого олох бололцоогүй байгаа билээ. Хэрэв тэд өөрсдийн баатарлаг гавьяаны түүхийг кино болгохоор шийдвэл ашиг, орлогоо АНУ-ын төсөвт хураалгах хэрэгтэй болно. Америкийн жүжигчин Келли Осборн Оросын буржгар үст дэгжин бүсгүйн дүрийг амилуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн аж.

Оросын тагнуулын албаны хүчирхэг байдлыг дахин харуулсан Анна Чапманы хэрэг мөн л туршуулуудын тухай кино хийгдсэнээс эхтэй юм. 1970-аад оноос хойш Баруунд тусгай албадын сул талуудыг ил болгохын сацуу нийгэм тэдгээрийг хэрхэн хяналтдаа оруулахыг оролдож байгааг харуулсан кино хийгдэж байна. Ийм киноны нэг нь найруулагч Сидни Поллакийн "Кондорын гурван өдөр" бүтээл билээ. Энэ кино Тагнуулын төв газрын дотор бий болсон нууц байгууллагын тухай өгүүлдэг аж. Түүний гишүүд тусгай албанд ажилладаг эгэл жирийн хүмүүсийн хувь заяаг шийдвэрлэн, Нью-Йорк хотын төвд гэгээн цагаан өдөр аллага үйлддэг юм. Хамгийн сүүлд ийм сэдэвтэй киног жүжигчин, найруулагч Роберт Де Ниро хийжээ. Киноны гол баатар Эдвард Уилсон хар залуудаа оюутнуудын нууц нийгэмлэгт элсэх бөгөөд хожим нь Тагнуулын төв газрыг байгуулах ундаргын эхэнд ирдэг аж. Өрсөлдөгч нь Оросын нэг тагнуулч бөгөөд түүнтэйгээ тэмцэж, цаагуураа найзладаг юм. Уг кинонд жүжигчин Мэтт Дэймоны бүтээсэн гол баатар нь ганцаардал, хүчирхийлэл дунд оршин буйг харуулдаг.

Найруулагч Стивен Спилбергийн "Мюнхэн" кинонд 1972 оны олимпийн үеэр Израилийн баг тамирчид руу халдсан Палестины "Хар есдүгээр сар" бүлэглэлийн эсрэг "Моссад"-ын явуулсан тусгай ажиллагааны тухай өгүүлэхдээ дэлхий дээр цорын ганц үнэн гэж байдаггүй бөгөөд хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг гэдгийг харуулжээ. Эгэл жирийн сэдвүүдийг адал явдалт кино болгож болно. The Beatles хамтлагийн үүх түүхийг аваад түүнийг Бондын тухай өгүүлдэг кино шиг бичиж болох юм. Үүнийг ингэж эхлүүлж болох билээ. "Бүх зүйл 1962 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Их Британид нэгэн зэрэг хоёр үйл явдал болсноор эхэлжээ. The Beatles хамтлагийн анхны пянз худалдаанд гарсан бол аллага хийх эрхтэй туршуул Жэймс Бондын тухай өгүүлсэн эхний кино дэлгэцэнд гарав". Гэтэл тохиолдлын зүйл биш гэж бодогдох олон тооны давхцал илрэх юм. Хамтлагт эхлээд таван хүн байсан бол Бондын дүрийг нийтдээ таван жүжигчин амилуулсан билээ. Аль ч тохиолдолд нэг чадвар муутай гишүүн байсан аж. Хамтлагийн бөмбөрчин Питт Бест The Beatles хамтлагийн эхний бүрэлдэхүүнээс ур чадвар муутай гээд хөөгджээ. Жүжигчин Жорж Лазенби Бондын тухай өгүүлсэн ганцхан кинонд тоглоод больсон юм. Энэ жүжигчний тухай цаашид хэн ч яриагүй билээ.

Гол дүрийн баатрын намтар нь ижил төстэй байдаг. Жон Ленноны аав нь далайд гарч, шоронд суун, тэнэдэг нэгэн байлаа. Харин ээж нь хувийн амьдралаа зохицуулах гээд завгүй байжээ. Бондын эцэг, эхийн талаар кинон дээрээс олж мэдэх боломжгүй. Флемингийн бичсэн зохиолуудад тэд Жэймсыг дөрвөн настайд нь нас барсан гэж бичжээ. Ленноныг авга эгч Мими нь өсгөн хүмүүжүүлсэн бол Бондыг МИ-6 тагнуулын алба торниулжээ. Леннон Ливерпүүл хотын урлагийн дээд сургуулийг төгссөн бол Бонд Кэмбрижийг дүүргэсэн байдаг. Гэвч тэдэнд дипломны хэрэг байсангүй. Леннон, Маккартни нар сурталчилгааны зурагт хуудас болон кинонуудын самбар зураагүй бол Бонд хэл шинжлэлийн ухааны бүтээлүүд бичсэнгүй. Хамтлагийн гишүүд Ливерпүүл гэдэг боомт хотод өсч торнисон бол Германы хуурай газрын нэгэн тосгонд мэндэлсэн туршуул 007 Тэнгисийн цэргийн албанд сайн дураараа явжээ.

Далай, тэнгисийн усанд наймаалж болон шумбагч онгоцнууд сэлж чаддаг. Ливерпүүл хотын залуу болох Ринго Старр "Би усан дор орж наймаалжийн цэцэрлэгт хүрээлэнд орохыг хүсдэг" гэж дуулж байлаа. Тэгвэл Жэймс Бондын тухай өгүүлдэг нэг кино "Наймаалж" гэдэг нэртэй юм. Ливерпүүл хотын өөр нэг залуу Жон Леннон "Шар шумбагч онгоц" гэдэг дуу зохион дуулсан нь удахгүй хүүхэлдэйн кино болсон билээ. Тэгвэл Жэймс Бонд дэлхий ертөнцийг аврахын тулд шумбагч онгоцонд суугаад аюулын өмнөөс сөрж тэмцдэгийг бид мэднэ. Тэр кинонд Бонд дэлхийг ганцаараа авраагүй бөгөөд түүнтэй хамт КГБ-гийн дур булаам хошууч Аня Амасова буюу ХХХ туршуул зүтгэдэг юм.

Түүний дүрийг жүжигчин Барбара Бах бүтээжээ. Сүүлийн 30 жил энэ эмэгтэй Барбара Старки гэж нэрлэгдэн Ринго Старрын хууль ёсны эхнэр болсон аж. Хувь заяа ингэж огтлолцож байгаа нь гайхал төрүүлэх зүйл биш юм. Зохиолын баатрууд хоёр ч удаа гэрлэжээ. Үүний хажуугаар жижиг сажиг явдлууд олон байжээ. Жон Ленноны эхний эхнэр англи бүсгүй байсан бол удаахь нь япон эмэгтэй байсан билээ. Жэймсын хувьд эхнийх нь япон, дараагийнх нь англи эмэгтэй байсан юм. Хоёр дахь эхнэрээсээ төрсөн хүүгээ Леннон Шон гэж нэрлэжээ. Тэгвэл Бондын дүрийг анхлан бүтээсэн хүнийг Шон Коннери гэдэг байлаа. Бондод хүүхэд байсангүй. Тэр амжаагүй юм. Туршуул 007-гийн хоёр дахь эхнэрийг түүний нүдэн дээр буудан хороосон билээ. Харин Леннон өөрийн хоёр дахь эхнэр Йоко Оногийн нүдэн дээр буудуулж үхсэн аж.

Бондын тухай өгүүлдэг дийлэнх кинонуудад туршуул 007 Aston Martin DB5 автомашинаараа хурдлан давхих бөгөөд асар богино хугацаанд түүнийгээ мөргөлдүүлж, эвдэлж орхидог. Пол Маккартни Revolver нэртэй пянзнаас олсон орлогоороо Aston Martin DB5 автомашин худалдан аваад удалгүй түүнийгээ мөргөлдүүлж орхижээ. Тийм учраас жолооны ард суухаасаа өмнө мартинитэй цагаан архи уух юм уу марихуан хар тамхи хэрэглээд хэрэггүй юм. Залуу зандан насандаа баатар эрс хорт зуршилтай байдаг бол буурь суугаад эрүүл амьдралын хэв маягийг сонгодог. Пол Маккартни цагаан хоолтон болсон бол Жэймс Бонд тамхинаасаа татгалзав. Дэгжин эрс чамин хийцийн хувцсанд дуртай. Цэргийн дүрэмт хувцас ч тэдэнд гоё зохидог. The Beatles хамтлагийн гишүүд "Түрүүч Пеппер" цомгийн хавтсан дээр дүрэмт хувцастай дүрслэгдсэн бол хоёрдугаар зэргийн ахмад Бонд хэд хэдэн кинонд тэнгисийн цэргийн дүрэмт хувцастай гардаг билээ.

Мөн тэд казинонд дуртай. Жэймс Бонд казино гэдэг үгийг шууд утгаар нь хүлээж авдаг бөгөөд багагүй хугацааг ногоон өнгийн ширээний ард өнгөрүүлдэг. Харин Жон Леннон үүнд уран бүтээлч талаас нь ханддаг байв. 1966 оноос хойш тэр дуу бичлэгийн студи руу Epiphone Casino нэртэй гитар барин явдаг байжээ. Өдгөө энэ хөгжмийн зэмсэг The Beatles хамтлагийн Токио хот дахь музейд хадгалагддаг юм. Дэлхийн тоглоомын гол төв болох Монте-Карлогийн казинод Бонд дөнгөж 18 дугаар ангид морилдог бол Ринго Старр өөрийн хайртай эмэгтэй Барбарагийн хамт Монакогийн вант улсад нэлээдгүй жилийг өнгөрүүлээд байв. Хамтлагийн гишүүд Бахамын арлууд дээр очиж биеэ наранд шаран, Швейцарийн Альпын нуруунд уулын цанаар гулгадаг нь Бондыг дууриасан гэлтэй. Дараа нь хамтлагийн гишүүд Дорныг сонирхсон бөгөөд Энэтхэгийг зорьжээ. Бонд ч үүнээс гажсангүй. Кэмбрижд тэрбээр Дорнын хэл судлалаар улаан диплом хамгаалсан билээ. Бонд "Наймаалж" кинонд Энэтхэгийг зорьдог юм.

Алс хол орших оньсого мэт Орос орон тэднийг бас урин дууджээ. Бондын тухай нэг киноны нэрэнд Орос улсыг дурддаг бол The Beatles хамтлагийн нэгэн дуу "Эргээд ЗХУ руу" гэж нэрлэгдсэн аж. Эхлээд Бонд ЗХУ-д нууцаар очдог. Тэгвэл хамтлагийн дуунууд ЗХУ-д маш нууц байдалд хулгайгаар сонсогддог байжээ. Мөн The Beatles хамтлагийнхан Япон руу аялан тоглолтоор явах замдаа ЗХУ-д маш нууц байдалд буудалласан гэдэг. Бондын тухай өгүүлдэг нэгэн кинонд Пол Маккартнигийн зохиосон дуу дуугардаг бол 1997 онд The Beatles хамтлагийн продюссер Жорж Мартин In My Life цомог гаргасан билээ. Уг цомогт багтсан хамтлагийн хуучин хит дуунуудыг Селин Дион, Фил Коллинз, Жим Керри, Голди Хоун нар дуулжээ. Цомгийн эхний дууны нэрийг Жэймс Бондын дүрийг анхлан бүтээгч Шон Коннери уншсан аж. Энэ бүх огтлолцлууд юуг өгүүлнэ вэ?
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment