Sunday, December 13, 2015

Арабын баячууд яагаад Монголд дурлах болов?

Арабын баячууд яагаад Монголд дурлах болов?

22 минутын өмнө


"Улаанбаатар таймс" хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа хэд хоногийн өмнө болсон билээ. Уг барилгыг араб гаралтай, монгол иргэншилтэй Абдул Карим гэгч худалдаж авсан.

Тодруулбал, Хотын төвийн А бүс болох Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлвэрийн барилгыг дуудах доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Монголын хүргэн Абдул Карим Забон гэгч үнэ хаялцан худалдаж авсан. Дуудлага худалдааны дараа тэрбээр "Тэнд би шилэн цамхаг босгоно. Юу гэж нэрлэхээ одоогоор мэдэхгүй байна" гэхээс өөр дорвитой зүйлийг яриагүй.
Удалгүй хэвлэлээр Абдул Карим Забон болон түүний эд хөрөнгийн талаарх янз бүрийн мэдээллүүд цацагдсан билээ. Түүнийг шонхорын наймаачин, хууль бус хөрөнгө мөнгө угааж байж болзошгүй, иргэншлээ хууль бусаар авчээ гэх зэргээр янз бүрийн мэдээллүүд яригдаж байлаа. Тэгтэл гэнэт Абдул Карим дуудлага худалдаагаар авсан барилгаасаа татгалзаж, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн нь гайхал төрүүлэв. Тэрбээр "Тодорхой шалтгааны улмаас татгалзлаа. Миний иргэншилд ямар нэгэн "но" байхгүй. Манай гэр бүл рүү ирэх дайралтууд, худал мэдээлэл дэндүү газар авлаа. Би эхнэр, хүүтэйгээ ярилцаад энэхүү шийдвэрийг гаргаж байна" гэх зэргээр өөрийн санаа бодлоо илэрхийлсэн юм.
Ийнхүү улсын төсөвт орж ирэх ёстой байсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт үгүй болов. Алдах гэхээсээ илүүтэй оносон ч байх талтай. Абдул Карим ямар шалтгаанаар гэрээгээ цуцлахаар болов гэдэг нь сонирхол татах боллоо. Учир нь, манайх шиг гадны хөрөнгө оруулалтын хүслэн болсон улсад мөнгө угаах гэмт хэрэг гарах хамгийн магадлалтай байдаг. Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг өдгөө дэлхий нийтээрээ тэмцэж байна. НҮБ-д харьяалагдах бүх улс, орнуудын дагаж мөрддөг Палермо болон Венийн конвенциор үндэстэн дамнасан хууль бус мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээнд нэгдэн орохыг уриалсан байдаг. Монгол Улс дээрх конвенциудад элсэн ороод удаж буй. Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн гурван үе шаттай. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг.

Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таллан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулдаг аж.

Жишээлбэл, худалдаж авсан үнэт цаас, аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизмаа бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг байна. Улмаар нэгэнт гарал үүсэл нь тодорхой бус болсон хөрөнгөө өөрийн нэр дээр төвлөрүүлдэг ажээ. Эндээс мөнгө угаах гэдэг нь юу болохыг бэлхэнээ харж болно.

Гэмт бүлэглэл болон гэмт хэрэгтнүүд манайх шиг жижиг улсуудад мөнгө угаах ажиллагааг хийдэг. Тэд эхлээд байшин сав, газар зэргийг худалдан авч, хөрөнгө оруулалтаа хийдэг юм. Тэгвэл 2000-аад оны дунд үеэс хойш яагаад Арабын баячууд монголчуудад хөрөнгө оруулалт хийх болсон нь сонин. Тэд ямар шалтгаанаар манайд том барилга болон газруудыг өндөр үнээр худалдан авч, хөрөнгөө Монголд төвлөрүүлж байгаа вэ? Үүний цаана магадгүй ямар нэгэн асуудал байхыг үгүйсгэхгүй.

Арабын баячууд манай оронд сүүлийн жилүүдэд амралт зугаалгын зорилгоор тун их ирэх болсон бөгөөд олон төрлийн салбарт хөрөнгө оруулж буй.

Жишээлбэл, Дархан цаазат Богд хан уулын Ар зайсангийн амыг тэр чигт нь худалдаж авсан. Мөн тэд 22-ын товчоо явах замд байрлах томоохон газрыг өмчилж авсан бөгөөд тэдний "нууц" отог тэнд үйл ажиллагаагаа явуулж байдаг аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотод олон төрлийн үйлчилгээний барилга болон томоохон хотхонуудад арабууд хөрөнгө оруулалт хийжээ. 2013 онд Кувейтын шах Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах ханхүүгийн хамт манай оронд нууцаар хүрэлцэн ирж амраад буцсан байдаг. Өнгөрсөн зун ч гэсэн бас нэгэн ханхүү Хэнтий нутагт нууцаар саатаад буцсан сурагтай байсан. Эндээс дорно дахины баячууд чухам ямар шалтгааны улмаас эх газрын Монголыг сонирхох болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments: