Пентагон тэсгэл алдаж эхлэв
22 минутын өмнө
- Маргаантай арлууд дээгүүр тагнуулын нислэг үйлдсэн үйлдлээ Америкийн цэргийнхэн тайлбарлав –

Уг нисэх онгоц Хятадын тэнгисийн нисэх хүчний зүгээс БНХАУ-ын агаарын орон зайг үтэр түргэн орхих шаардлага бүхий найман анхааруулгыг авсан байна. Хэд хоногийн өмнө сэтгүүлч Жим Скьютто энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн аж.
- Нислэгийн үеэр та бүхэн найман удаа анхааруулга авсан. Тэгэхээр таны сууж явсан онгоцны баг тэдгээрийг ойшоож үзээгүй гэсэн хэрэг үү?
- Нислэгийн баг үүнд бэлтгэлтэй байсан. Тиймээс АНУ уг агаарын орон зайг олон улсын мэдлийнх хэмээн үзэж байгаа гэсэн урьдчилж бэлтгэсэн хариултыг өгсөн юм. Талууд аль аль нь мэргэжлийн түвшинд тайван байцгаасан. Гэхдээ би Хятадын цэргийн нэгэн радио операторын дуу хоолой бачууралтай сонсогдсоныг дуулсан. Тэрбээр "Бушуухан шиг зайлцгаа" гэж хашгирсан даа.
Америкийн нисэх онгоцнууд өмнө нь ч эдгээр маргаантай арлууд дээгүүр нисч өнгөрч байсан. Харин энэ удаа нислэгийг нууцлалгүй, бүхээгтээ анх удаагаа зураг авалтын багийг урьж суулгасан. Хятадын Засгийн газрын хариу үйлдлээс харвал шаардлагатай илгээлтийг ийм аргаар тэдэнд хүргэж чадсан болов уу.
- Анхааруулга өгөхөд багийн бүрэлдэхүүний сэтгэлзүй, сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
- Үгүй гэж хэлмээр байна. Тэд ийм төрлийн нислэгийг өмнө нь ч хийж байсан юм билээ. Тэгэхээр тэд Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй тулгарч байсан гэсэн үг. Хэдэн сарын өмнө нэгэн үйл явдал болсон. Тэгэхэд Хятадын сөнөөгч онгоц өөрийн эргийн орчимд нисэж явсан Америкийн нисэх онгоцнуудын өмнө "торх" үзүүлбэрийг хийсэн юм. АНУ тэр даруй албан ёсоор дургүйцлээ илэрхийлсэн бөгөөд хятадууд дахиж ийм зүйл давтагдахгүй гэдгээ амласан юм билээ.
- Хятадууд 4.5 километрийн өндөрт нисэж яваа цэргийн тагнуулын нисэх онгоцыг унагаж чадах уу? Энэ тохиолдолд найман удаа анхааруулга өгөх нь илүүдсэн хэрэг биш гэж үү?
- Сайхан асуулт байна. Одоохондоо тагнуулын нисэх онгоцнууд Хятадын эргээс нэлээн холуур нисэж өнгөрч байгаа. Тэгэхээр Хятадын сөнөөгч онгоцнууд аюул учруулах нь юу юм. Гэхдээ бид ойролцоо Хятадын цэргийн хөлөг онгоцнууд явж байхыг харсан. Тэдгээр дээр биднийг сөнөөх чадвартай зэвсэг байсан байж магадгүй юм. Гэвч Америкийн цэргийн нисэх онгоц руу гал нээвэл дайн эхлэх шалтгаан гарч мэднэ гэдгийг тэд сайн мэдэх хүмүүс. Тийм учраас ийм зүйл болох нь магадлал багатай зүйл билээ.
- Та тагнуулын нисэх онгоцны бүхээг дотор сууснаа яагаад дэлхий даяар зарлана вэ?
- Бас нэг сайхан асуулт байна. Энэ тохиолдолд Пентагон дэлхий нийт уг нислэгийн талаар мэдээсэй гэж хүссэн болов уу. Нисэх онгоцонд CNN-ий зураг авалтын багийг урьж суулгаснаар цэргийнхэн маргаантай байгаа бүс нутагт Хятад Улс ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг дэлхий нийтэд харуулаад зогсохгүй АНУ тэднийг ажиглаж, үнэндээ тэсгэл алдаж байгаа гэдгийг Бээжинд толилуулахыг зорьсон болов уу. Энэ тактик үр дүнгээ өгсөн биз ээ.
- Та бүхэн маш нууц мэдээлэлд нэвтрэх боломж олж авсан нь та нарын сурвалжлагад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?
- Догь асуулт байна. Иракт хийсэн хоёр дахь дайны үеэр цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгүүлчдийн багийг дагалдуулах нь цэргийнхэнд ач тусаа өгсөн болов уу гэж би үздэг. Чи цэрэг эрстэй хамт байж, чиний амь нас үнэндээ тэд нараас хамаарч байх үед болж буй үйл явдлыг хөндлөнгөөс харахын тулд чамгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог юм. Би өөрөө энэ асуудалтай тулгарсан хүн. Тэр тусмаа саяын нислэгийн үеэр шүү дээ. Гарах гарцыг олсон гэж найдаж байна. Чиний хийж чадах зүйл бол хүнд хэцүү асуултуудыг тавьж, өөрийн ур чадварыг гарган зоосны хоёр талыг ижил тэнцүү харуулах явдал билээ.
- Иймэрхүү нислэгүүдээс болж арлуудыг хяналтдаа авах эрхийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн үүсэж болохгүй гэж үү?
- Хэн ч үүнийг хүсэхгүй байгаа. Гэхдээ үйл явдлын өрнөл ийм байхыг хэн ч үгүйсгэхгүй юм. Хятадын нисэх онгоц юм уу хөлөг онгоц Америкийн онгоцтой аюултай зайд ойртон ирэх магадлал хамгийн ихээр түгшүүрийн харанга дэлдэж байгаа нь нууц биш. Тэд хоорондоо мөргөлдөх юм уу аль нэг нь живбэл яах вэ? Өмнө нь ийм зүйл тохиолдож байсан. 2001 онд Хятадын сөнөөгч онгоц Америкийн Lockheed EP-3 тагнуулын нисэх онгоцтой мөргөлдсөн. Сөнөөгч онгоц сөнөсөн бол Америкийн нисэх баг өөрийн нисэх онгоцыг Хятадын нэгэн арал дээр арай ядан суулгасан билээ. Тэнд түүнийг хэд хоног саатуулсан. Харин өнөөдөр Хятад Улс өөрийн зэвсэгт хүчний чадамжийг хүчирхэгжүүлсэн тохиолдолд иймэрхүү байдал үүсвэл маш их аюул дагуулна.
- Өнөөдөр болж байгаа үйл явдлын өрнөлийн үндэс суурь чухам юунд байна вэ? Хоёр өөр соёл иргэншилтэй ард түмнүүдийн дунд үл ойлголцол бий нь харилцаа муудахад нөлөөлж байна уу?
- Маш зүйтэй асуулт. Энэ тохиолдолд соёлын ялгаа нөхцөл байдалд маш бага нөлөөлж байгаа гэж би хэлмээр байна. Хятад, Америк хоёр болж буй үйл явдлыг хоёр өөр өнцгөөс хараад байгаа юм. Харийн гүрнүүд тэдний ашиг сонирхлыг 100 гаруй жилийн туршид дарж байна хэмээн хятадууд үздэг билээ. Тэгвэл өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн том гүрэн болсон. Тиймээс тэд газар нутгийн маргаантай асуудлуудад тийм үүднээс ханддаг болжээ. Хятадууд хүчээр сул дорой байхдаа байнга буулт хийж ирсэн гэж үздэг бөгөөд өдгөө өөрийн байсан бүхнийг буцааж авахыг оролдож байгаа юм. Тиймээс уг бүс нутагт Америкийн цэрэг байрших явдлыг хятадууд тэсвэрлэхгүй байгаа.
Одоо тэд хариу үйлдэл хийх бүрэн эрхтэй, чадвартай болсон гэж өөрсдийгөө үздэг. Харин Вашингтон энэ бүхнийг өөрөөр харж байгаа юм. Дээр нь Зүүн Өмнөд Азийн дийлэнх улс, орнууд АНУ-ыг уг бүс нутагт энхтайван байдал тогтоогч, бас түүнийг хангагч орон гэж үздэг билээ. Хоёр их гүрэн хэн нь дийлэх вэ хэмээн сөргөлдөж эхэлсэн нь нууц биш. Энэ тал дээр хоёр улсын дипломатчид толгойгоо гашилгаж байгаа юм. Үзэл бодлын зөрүүтэй байдал тэд зөв хариултыг олохыг оролдож байгаа гэдгийг харуулж байгаа билээ.
- Эдгээр арлууд Зүүн Хятадын тэнгис дэх арлуудын адилаар Япон-Хятадын харилцаанд асуудал үүсгэх үү?
- Энэ тохиолдолд аюул тун болзошгүй байгаа. Учир нь, Хятадын болон Японы хөлөг онгоцнууд, нисэх онгоцнууд нэг бус удаа маш аюултай зайд ойртож байсан билээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд түгшүүртэй байдал бага зэрэг намжсан ч энэ маргаан урт удаан хугацаанд шийдвэрлэгдсэн гэж хэлж болохгүй юм.
- Орос-Хятадын холбоо байгуулагдах магадлал хэр зэрэг байна вэ? Тэд нэгэн цул болж чадах уу? Аль эсвэл харилцааны амаргүй түүх нь даван дийлэх болов уу?
- Гайхалтай асуулт байна. Энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинж тэмдгүүд ажиглагдсан. Жишээлбэл, ОХУ Украин дахь хямрал гүнзгийрснээс болж Европын улс, орнууд Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулах арга замуудыг эрэлхийлж эхэлсэн яг тэр мөчид Хятадад байгалийн хийгээ хямд худалдах бодолтой байгаагаа зарласан билээ. БНХАУ байгалийн хийг маш хямд үнээр авч байгаа байх. "Байнгын түнш гэж байдаггүй юм" гэж нэг үг бий. Байнгын ашиг сонирхол л байдаг билээ. ОХУ өөрийн зүүн бүс нутагт Хятадын цагаачид үй олноор ирж суурьшиж байгаа явдалд сэтгэл ихэд түгшиж байгаа. Тийм учраас зарим нэг асуудал дээр хоёр улсын хооронд санал зөрөлдөөнтэй зүйл олон байгаа юм.
- Хятадын эрэг орчмын ямар ямар хиймэл арлууд экологид нөлөөлж байгаа вэ?
- Энэ их том асуудал. Хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагуудын хэлж байгаагаар бол энэ асуудал улс төр, дипломат яриа хэлэлцээрийн гадна үлдсэн зүйл юм. Тэр орчмын эрэг экологийн хувьд маш чухал орчин билээ. Ялангуяа загас агнуурын хувьд. Би энэ салбарын мэргэжилтэн биш хэдий ч далайн ёроолоос элс малтаж гаргаад түүнийг элдэв зүйлд ашиглах нь таагүй явдал юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment