Маргаашнаас улаанбурхан өвчний дархлаажуулалт эхэлнэ
1 цаг 33 минутын өмнө

Улаанбурханы дэгдэлт 2015 оны хавраас эхсэн бөгөөд одоогийн байдлаар энэ өвчний улмаас 105 хүн нас бараад байна. Тус өвчний вакцин хийлгээгүй, дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй болон вакцинд хамрагдсан ч дархлаа сул байгаад улаанбурхан өвчний халдвар авсан иргэдийн өвчин хүндэрч улмаар нас барж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан 18-30 насны 600 мянга гаруй иргэнд улаанбурханы вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон. Уг дархлаажуулалтад улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажил маргаашаас эхлэн 14 хоногийн турш эх орон даяар хийгдэнэ.
Дархлаажуулалтад хамрагдах насны иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах өрх, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвд хийлгэх бөгөөд оюутан болон албан хаагчид байгууллага, их дээд сургуулиудад байрлах дархлаажуулалтын түр цэгт вакцин хийлгэх аж.
Жирэмсэн болон ямар нэгээ өвчний эмчилгээ хийлгэж буй мөн сүүлийн нэг сарын дотор вакцин хийлгэсэн иргэдэд сөрөг заалттай. Вакцинжуулалтад хамрагдах иргэдийн дунд бүртгэл явуулж эмчийн үзлэгт оруулан вакцин хийх эсэхийг шийдэх бөгөөд вакцин тариулсан иргэдийн хуруунд тэмдэглээ хийнэ. Дархлаажуулалтад хамрагдсан эмэгтэйчүүд вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment