Хулгайч эмэгтэйн муу ёрын сүнс бөгжинд шингэжээ
48 минутын өмнө

Найман жил гаруй хугацаанд ганц бие явсан бүсгүй түүнтэй суух шийдвэрээ тийм ч хурдан гаргаагүй байна. Заяатай санамсаргүй танилцсанаас хойш утсаар ярьж, хааяа хоолонд урихад нь Долгормаа татгалздаггүй хэдий ч нэг л хүйт даасан уур амьсгал дагаад байх шиг санагддаг байв. "Олон жил ганцаар явсан. Тэгээд ч анхны нөхөр нь түүнийг аймшигтайгаар гомдоож байсан учраас эр хүнийг сайн сайхнаар хүлээж авах боломжгүй болгосон биз" гэсэн сэтгэлээр Долгормаа өөрийгөө буруутгадаг байж.
Нүдэнд дулаахан, яриа хөөрөөтэй, нүд, шүд, хөмсөг сайтай гээд Заяа тун дажгүй. Урьд нь гэрлэж байсан. Эхнэр нь гадаад эртэй суугаад явчихсан гэх. Тэрбээр урьдын амьдралаа иймэрхүү маягаар ярихаас биш өөр илүүг үл дурсана. Долгормаа "Сэтгэл нь хямарчих биз. Тэгээд мартаж ядсан амьдралыг сөхөөд яахав" гэж бодох хэдий ч "Хүүхэдтэй юм болов уу? Яагаад үр хүүхдийнхээ талаар юу ч ярьдаггүй мөртлөө "Чи миний таван хүүхдийг гаргаж өгөөрэй" гэж шавдуулдаг юм бол?" гэсэн сониуч бодол нь үе үе хөтөлнө. Ганц бие амьдрахын хэцүүг ханатлаа амссан бүсгүйд эр хүний дэм, тус, нөмөр нөөлөг ямар их байдгийг мэдрүүлсээр Заяа Долгормаатай нэг гэртээ оржээ.
Тэд хүүхэдтэй болж, хамтран амьдрагчийн статусаа өөрчлөн гэрлэлтээ батлуулж, албан ёсны гэр бүл болсон байна. Санхүүгийн хувьд боломжтой, хоёр талаас нийлсэн хөрөнгөөр дундын товхийсэн бизнесийг босгож чадсан тул олон хүүхэдтэй болох сонирхол хэн хэнд нь байсан боловч "Хүсэхэд хясах" гэгчээр Долгормаа хэд хэдэн удаа жирэмсэлсэн хэдий ч зулбаад тогтоогүй байна. Заяа эхнэрээ эмчлүүлэхэд гар татсангүй. Бээжинд хэдэн жил дараалан эмчлүүлээд олигтой үр дүнд хүрээгүй тул Их Наран улс руу авч явсан байна. Том хүүгээ эгчийндээ үлдээгээд Заяа, Долгормаа хоёр Японы Осака хотод бараг гурван жил амьдарчээ. Эхний хоёр жил хоёул ажиллаж, овоо хэдэн төгрөг хуримтлуулж амжсан байна. Дараагийн нэг жил Заяа ганцаар ажил хийж, эхнэр нь эмчилгээний мөр хөөсний дүнд тэр хоёр дахин хүүхэдтэй болжээ. Эх орондоо ирж, амьдралаа төвхнүүлсэн тэд аз жаргалтай сайхан байв. Охин төрүүлж өгсөн эхнэртээ Заяа орц сайтай цул алтан бөгж бэлэглэсэн байна.
Хүүхдээ асарч гэртээ жил гаруй суусан бүсгүй тэр том бөгжөөр гоёх, гангарах боломж төдийлөн олдоогүй байтал нөхөр Заяа нь:
- Миний хань бөгжөө зүүгээч. Чамд таалагдахгүй байгаа юм уу хэмээн нэг бус удаа асуусан байна.
Хааяа нэг гаргаж ирж, зүүж толинд харчихаад далд хийчихдэг тэр бөгж Долгормаад маш их таалагддаг байжээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр Заяа эхнэр, охин хоёртоо мэнд хүргэж, сюрприз барихаа мартаагүй ч нэг сонин юм болжээ. Орой найзууд нь ирнэ гэсэн тул Долгормаа хоол, хүнс бэлтгээд завгүй байж. Тэр үед утас нь дуугарч:
- Давка байна уу? Би багынх нь найз Төрөө байна гэжээ. Долгормаа "Тийм хүн байхгүй. Утасны дугаар андуурсан байна" гэсэн атлаа гэрлэлтээ батлуулах үеэр болсон нэг явдлыг нэхэн санажээ.
Долгормаа иргэний бүртгэлийн газар очиж, "Урьд нь гэрлэж байгаагүй гэсэн" тодорхойлолт авах гэтэл:
- Ишдоржийн Заяа гэдэг чинь одоо байга юм уу? Нас барсан гээд бүртгүүлсэн байх юм гэснээ:
- За, байз. Регистрээр нь шүүе гээд баахан хавтас онгичоод:
- Ямар сонин юм бэ? Энэ регистр дээр Маналын Даваажав гэх овог, нэр байна. Та энэ зургийг хар даа гээд бүртгэлийн дэвтэр дээрх зургийг харуулжээ. Нөхрийнх нь зураг мөн гэмээр адилхан байсан ч нэр нь өөр байсан тул бүсгүй:
- Биш байна. Би өөрийг нь явуулъя даа хэмээн хэлээд буцсан аж. Энэ тухай Заяад хэлэхэд:
- Тэр лавлагааг яагаад чи авах гэж очсон юм бэ гээд дүрсхийн уурласнаа:
- Ганцхан лавлагаа үнэн зөв өгчихөж чадахгүй. Бүр холион бантан болгох юм даа. Би очиж учрыг олоод, лавлагааг авна аа гэсэн байна. Үнэхээр гэрлэлтээ батлуулах болоход "Ишдоржийн Заяа эхнэргүй. Гэрлэж байгаагүй" гэсэн тодорхойлолт авсан байж.
- Чи гэрлэж байсан биз дээ гэж Долгормааг асуухад,
- Миний хань итгэхгүй байгаа юм уу? Гэрлэлтээ батлуулаагүй юм чинь гэрлэж байгаагүй л гэсэн үг хэмээн Заяа угийн овжин, сэргэлэн зангаараа эвтэйхэн тайлбар өгөөд өнгөрчээ. Гэтэл бас дахиад өөр нэрээр асууж, бүр багын найз нь гээд "Заяа"-гийн дүр төрхийг хэлээд байгаа нь Долгормааг ёстой л шоконд оруулсан байна. Нөхрийнхөө олон жил барьсан "аз"-ын дугаарыг барьж байгаа болохоор бүсгүй "Энэ бол андуурсан хэрэг биш. Даваажав гэдэг нэрээ яагаад сольсон юм бол? Сольсон бол шууд хэлэхэд сүртэй юм юу байна аа" гэсэн юм боджээ.
Харин Заяа энэ тухай сонсоод:
- Чи нэрээ сольсон юм уу? гэсэн асуулт тавьсан эхнэртээ:
- Чи сольсон гэж ойлгосон юм уу хэмээн ихэд дурамжхан байснаа:
- Би чамд учрыг хэлэх гээд чадахгүй байсан юм аа… гээд "нууц"-ын зэрэглэлтэй асуудлаа товчхон ярьж өгсөн байна.
Түүний ярианаас Долгормаа сууж байсан гэх бүсгүйд нь зэвүүцээд "Тэр ямар муухай амьтан бэ? Манай энэ сэргэлэн тулдаа аврагдсан байх нь. Түүнээс биш шууд хилсдүүлж, аймаар байдалд оруулах байж шүү. Орой ирэх тэр найз нь хүмүүсийн дэргэд хуучин нэрээр нь дуудчих вий дээ" хэмээн эмээж, нөхрийнхөө ярьсанд итгээд улам ч илүүтэй хайрлах сэтгэлээр ханджээ. "Мартын-8"-ныг сайхан тэмдэглэнэ гэж олон хоногийн өмнөөс хөөрцөглөж, найзуудаа гэртээ урьсан Заяа урьдынх шигээ хөөр хөгжилтэй биш байжээ. Харин Долгормаагийн сэтгэл их сайхан хөгжилтэй байсан байна. Зочид явж, ам бүлээрээ үлдсэн хойноо хүртэл Заяа дуугаа хураачихаад нэг л дүнсгэр байснаа орондоо орсон хойноо тэрбээр:
- Бурхан уулзсан шигээ салгадаг юм гэсэн. Энэ үг үнэн болов уу. Чи юу гэж бодож байна хэмээн асуужээ. Тэр байтугай хүүгээ гадаад руу сургуульд явуулахдаа овгийг нь солих юм бол чи уурлахгүй биз дээ гэж асуусан байна.
Тэр шөнө нэг л аймшигтай санагдаж, унтахаас ч айдас нь төрөх шиг санагдаад, саяхан хөөрч, хөгжиж байсан сэтгэл нь бүр савангийн хөөс адил замхраад алга болсон байжээ. Эргэж хөрвөөх бүрт нь айж, цочин чанга уйлаад олигтой унтаж чадахгүй байсан хоёр сар гаруйхан болж байсан охин өглөөг үзэж чадалгүй хорвоог орхисон байна. Уй гашууд автан "Яагаад?" хэмээн бачуурсан сэтгэлээ нулимсаараа угааж дийлэхгүй байх үед нь цагдаагийн газраас хоёр хүн ирсэнээ Заяа, Долгормаа хоёрыг:
- Та хоёроос асууж, тодруулах юм байна гээд аваад явжээ. Эмэгтэйчүүдийн баяраар нөхрийнхөө өгсөн алтан бэлзгээр гоёсон бүсгүй юу болоод байгааг ойлгох сэхээ байсангүй. Харамсал, гашуудалдаа дарагдан толгойгоо өндийлгөж чадахгүй харамсч явсан энэ үед:
- Хүн амины хэрэгт сэжигтнээр шалгана. Таны энэ бөгж хэнийх вэ? Танд хэн өгсөн бэ гээд хорьсон байна.
Хорвоод ирээд буцсан охиных нь үхлийн шалтгаан "Бүтэлт" гэж гарсан аж. Долгормаагийн эгч лам, хувраг үзмэрч, төлгөчөөр яваад:
- Чиний тэр алтан бөгж чинь үхээрийн бузар шингэсэн эд байжээ. Түүнээс болод ийм сайхан охиноо алдсан байна гэж хэл өгсөн байна.
Энэ үед Долгормаагийн гэрийнхэн тэр хоёрыг охиныхоо үхлээс болоод хоригдсон гэж ойлгож байсан аж. Гэвч үнэн хэрэгтээ суусан нөхөр нь овог нэрээ өөрчилсөн, хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн байсныг Долгормаа одоо ч гайхдаг байна. Нэрээ солихдоо талийгаач болсон хүний овог, нэр ашигласан тэр эрийг анхныхаа эхнэрийн амийг хөнөөгөөд алга болсноос 19 жилийн дараа ийнхүү олж илрүүлжээ.
Хэрэг хуучирдаггүй гэдэг энэ. Долгормааг "нуун дарагдуулсан" гэж буруутган 1.6 жил хорих ялаар шийтгэсэн байна. Үнэндээ бол тэр бүсгүй нуугаагүй, үнэнийг огт мэдээгүй байжээ. Нөхөр нь ярихдаа "Манай эхнэр, хадмууд намайг гүтгэж, хилс хэрэгт унагаах гээд байхаар нь овог, нэрээ сольсон" гэж хэлсэн ажээ.
Гэвч гэрлэлтээ батлуулах үедээ нэрээ сольсон гэдгийг мэдсэн хэмээн хэлсэн үгээр ороосоор байгаад ял оноочихож.
- Хоёр жил хүрэхгүй шахам хугацаанд охидоо төрүүлсэн болохоор би гэртээ л байдаг байсан. Тэгэхэд мань хүн ч бас гэрээс гарахгүй. Утсаар ярьж хамаг ажлаа амжуулна. Ер нь одоо бодохоор шөнө, орой гарч, хүнтэй уулздаг байсан. Айж, эмээсэн авир, төрх үгүй мөртлөө ямар ч байсан нэг юм нуугаад байгаа хүн цаанаа өөр байх юм билээ. Өөрөө бол "Би ийм юм хийгээгүй. Манай ах буруутай. Гэхдээ би өрөөл татуу болсон тэр хүнийг яллуулах хүсэл алга. Бүх юм надаас болсон учраас би үүрэх ёстой. Чи намайг мартаж чадвал мартаарай. Гэхдээ миний хоёр хүүхэд намайг мартахгүй биз ээ. Овог нь "Заяа" шүү. Тэр бол миний хамгийн сайн найз. Их сайн хүн байсан…" гэж зурвас бичжээ. Ээдрээтэй, элдэвтэй гэхэд амьдрал ийм адармаатай байх нь ховор. Нэгэнт ийм амьдрал дунд орсон бүсгүй "Би эхэндээ гутарч, жигшиж, зэвүүцэж бүр үзэн ядаж байсаан. Одоо бол үгүй…" гэж ярьсан.
Долгормаа бүх бурууг тэр бөгжинд шингэсэн гэж ойлгосон нь ч буруу биш аж. Хэрэв Заяа талийгаач бүсгүйн тэр бөгжийг үгүй хийсэн, өөртэй нь хамт явуулсан бол ийм явдал болохгүй, төрөлхийн гажигтай, уушиг хоолойн үрэвсэлтэй охиноо эдгэрүүлж чадах байсан ч байж болно. Гэвч ухаан алдатлаа согтсон ах нь дүүгийнхээ үерхдэг бүсгүйг ширмэн пийшин рүү түлхэж унагаад аминд нь хүрсэн шөнөө хөдөө очиж осгон хөл, гараа тайруулсан ажээ. Учир нь, тэр эмэгтэй хулгай хийдэг байсан бөгөөд ахынх нь цүнхийг авч байхыг харснаас болж ийм асуудал үүссэн юм байна. Заяа тэр үед ахдаа биш тэр эмэгтэйд хичнээн хайртай байсан ч гомдож, тэр бөгжийг бүр сүүлд олсон мөртлөө хадгалаад байжээ. Гай дагуулсан бөгж… Яагаад гэвэл баяр тэмдэглэх гэж урилгаар очсон нэг найзынх нь эхнэр Долгормаагийн бөгжинд шунаж, шүдээ унагах шахам ахин дахин үзэж байхдаа гар утсандаа зургийг нь буулгаж авсан байж. Түүний нөхөр цагдаагийн ажилтан бөгөөд шөнө оройтож ирсэн эхнэрээ хардаж, унтсан хойно нь гар утсыг нэгжиж байхдаа онцгой содон хийцтэй алтан бөгжний зураг олж харжээ.
Олон жилийн өмнөөс хэрэгтнийг илрүүлэх ганц баримт болгон зарлаж, нүдлүүлсэн алтан бөгж мөн болохыг хэдхэн хоногийн дотор тогтоосон байна. Лам тэр бөгжийг "Үхээрийн бузар шингэсэн" гэж хэлсэн бол тэгээд ч "тэр бөгж л бага охины сүнсийг гэмтээж зайлуулсан" хэмээн айлдсан бол хэрэгтэн гэдгийг тэр л бөгж илчилжээ.
"… Яагаад тэр бөгж надад байгаад байсан юм бол? Яах гэж чамдаа өгсөн юм бол" гэдэг л намайг зовоож байна… Миний ахынхаас ээжээс минь үлдсэн алтан ээмэг, бөгж алга болсон. Түүнийг хулгайлсан хүн нь тэр. Тэгээд л би авч хадгалаад байсан юм. Гэвч алт гэгч эрдэнэ өөрөө агуу гоё мөртлөө арчаагүй муу бүхнийг бас өөртөө шингээчихдэг юм байна. Бөгжний учир ийм. Би чамаас бүгдийг нуусан ч гэсэн чи бараг мэдээд, бүр хараад уншаад байх шиг санагддаг байсан…".Заяа эхнэртээ ингэж бичиж өгчээ. Долгормаа "Би нөхрийгөө буруутгахгүй. Үнэхээр ахыгаа өмгөөлж, ингэж явсанд нь түүнийг уучилсан. Миний хүү юу гэж хэлсэн гээч. "Ямар ч байсан миний аав. Гэхдээ миний аав муу хүн биш" гэж. Би түүнийгээ хайрлаж, хүн шиг явуулахын тулд амьдралд зүтгэнэ. Миний хань их сайн хүн. Хүнд юу ч тохиолдсон, яасан ч байж болно. Гэхдээ л би хайрлана. Анх уулзсан тэр үед би нөхрийнхөө нэг юм нуусныг мэдэрсэн. Гэвч би явсаар байгаад суусан. Одоо ийм үед нь хаяхгүй, салахгүй. Би өөрөө Бурханы охин" гэж ярьж байна. Тэрбээр цагаан хоолтон бөгөөд Японд байхдаа Буддын сүмд очиж бясалгаж сурсан байж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment