Saturday, May 14, 2016

Хүүхдүүд (Өгүүллэг)

Хүүхдүүд (Өгүүллэг)

49 минутын өмнө

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.

Лиү Цеэнь
Лиү Цеэнь Хунань мужийн Жүжоү хэмээх газар төрсөн. Хятадын Коммунист Намын гишүүн. 1961 онд Бээжингийн Багшийн Коллежийн хятад хэлний факультетийг төгсөж, 1961-1979 онд Бээжингийн 51-р дунд сургуульд хятад хэлний багшаар, 1980-2001 онуудад Хятадын Хүүхэд залуучуудын хэвлэлийн газрын "Сурагч" сэтгүүлийн редактор, редакцийн зөвлөлийн гишүүн, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. 1957 оноос бүтээлээ хэвлэн нийтлүүлж эхэлжээ. 1982 онд Бээжингийн Зохиолчдын Эвлэлд, 1986 онд Хятадын Зохиолчдын Эвлэлд элсэн орсон.

"Тэргүүлэгч цэцэг" богино өгүүллэгийн эмхтгэл, "Ү-шүгийн багийн бяцхан гишүүн" тууж, "Хотын бяцхан дарга Ван Зяан" тууж нийтлэл, "Өрсөлдөөн нулимсанд итгэдэггүй" нийтлэлийн эмхэтгэл, "Гайхамшигт тэнгэрийн гүүр" үлгэрийн эмхэтгэл, "Залуу нөхөдтэйгөө хайрын тухай ярилцах нь", "Сурагчидтай гоо сайхны тухай ярилцах нь" цуврал найрууллын эмхэтгэл зэрэг хүүхэд, залуучуудад зориулсан хорь гаруй алдартай бүтээл бий. "Гайхамшигт тэнгэрийн гүүр" үлгэр нь "Дэлхийн сонгодог үлгэрийн түүвэр"-т хэвлэгдсэн ба "Панда баавгай манайд ирлээ" хүүхдийн үлгэр нь англи, франц, герман, япон зэрэг 11 хэлээр орчуулагдсан байна.


Бүсгүй ажлаа тармагц түүн рүү утасдлаа. Сонин юм аа. Яах аргагүй болзоо байтал ямар учраас ажлын газраа өвчтөний өрөөнд уулзахаар товлодог билээ? Яахын аргагүй сэргэлэн цовоо, хөгжилтэй бүсгүй байтал яагаад гэнэт ийм тов томоотой болчихов оо? Цэвэрхэн цагаан нөмрөгөө өмсөөд цав цагаан хана налж зогсохоороо тэр яг л гантиг чулуун сийлбэр адил харагддагсан.

Бүсгүйтэй нэгэн царайлаг залуу ярьсан байлаа. Уулзах газраа сонсоод эхлээд ойлгосонгүй. Гэвч өмнөх болзоогоо санамагц залуугийн атирсан хөмсөг тэр дороо л тэнийгээд ирлээ. Тэр өдөр ням гариг байсан. Бүсгүй түүнийг хотын гадна уулздаг нөгөө л газраа зугаалъя гэж утсаар болзоо тавьсан байв. Залуу "Тэгье" гэж гурав дараалуулан хэлээдхэв.

Ногоон модод дээвэр мэт битүү хучсан өргөн замаар тэр хоёр дугуй унан инээлдэж, хөгжилдөн ярилцах нь тун ч тааламжтай байлаа. Бүсгүйн дугуйны суудал дээр нэг тонтойсон хар ширэн цүнх хавчуулаастай байгааг залуу хараад түүнийг дэндүү их идэх юм авч гэж бодон шууд л гомдоллов. Бүсгүй үүнийг сонсоод харин тас тасхийтэл  инээхэд модод дээрхи бяцхан шувууд цочин нисэж одлоо. Очих газраа мөдхөн хүрэх гэж байтал бүсгүй нэгэн бүдэг зам руу эргэж явсаар нэг тосгонд хүрч очлоо. Залуу түүнээс яагаад ийшээ явж байгааг нь асууусан боловч бүсгүй дуугүй л инээмсэглэнэ. Бүсгүй залууг дагуулан нэгэн хэвтрийн эмгэний гэрт хүрч очжээ. Тэгээд хар ширэн цүнхээ нээхэд тэр дотроо эмийн сав хийсэн байсныг нь залуу сая л ойлгов. Бүсгүй зам зуураа эмгэнд эмийг нь авчирсан юм байж. Өвчтөн хэдийгээр эмнэлгээс гарсан ч гэрийнхэн нь эмийг нь сайн өгнө гэдэгт найдаж чадахгүй байсан юм аа хэмээн бүсгүй тайлбарлан хэллээ. Эмгэний гэрээс гараад бүсгүй яг л сэтгэл зүрхнийхээ чухал хэргийг хийж гүйцэлдүүлсэн мэт бөөн баяр хөөртэйгээр зорьсон газрын зүг давхин одсон билээ.
  
Бүсгүйд өнөөдөр бас ямар сэтгэл зовоосон хэрэг гарсан юм болоо? Залуу харилцуураа тавиад дугуйндаа мордон явсаар төдөлгүй эмнэлэг дээр хүрч очив. Бүсгүй түүнийг хараа тавин хүлээж байлаа. Залууг хармагцаа түүнийг дагуулан нэгэн өвчтөний өрөөний үүдэнд хүрч очоод түүнд аяархнаар: "Нэг хөгшин одоо үхэл, амьдралын зааг дээр байгаа юм аа. Алс хязгаарт байгаа хүү, охин хоёр нь ирж амжихгүй болсон юм л даа. Орных нь дэргэд суугаа эмгэн үүнээс болж өр зүрх нь шимшрэн өвдөж, сэтгэл санаа нь туйлын хүнд байгаа. Өвгөн нь амьдралынхаа эцсийн мөчид охин, хүү хоёроо харахгүй болохоор нүд аньж ч чадахгүй удаад байгааг тэр сайн мэдэж байгаа" хэмээн бувтнав. Ухаалаг залуу энэ удаагийн болзоо нь яах аргагүй урьд өмнөхөөсөө өөр болохыг тэр даруй ойлгожээ. Тэрбээр сэтгэл зүрхнийхээ хамгийн нандин хүнтэй хамтдаа ертөнцөөс халин одох гэж буй настныг эцсийн замд нь үдэхийн тулд яг л түүний төрсөн хүү, охин хоёр шиг нь хүний орчлонгийн хамгийн ариун сэтгэлээ түүнд зориулах ёстой болжээ.

Бүсгүй өрөөний хаалгыг зөөлнөөс зөөлөн түлхэн онгойлгоод залуутай хоёул тийш явж орлоо. Төсөөлөл, мэдрэмж байсан уу юуны учир болохыг бүү мэд, өвгөн тэднийг аажуухан ойртож ирэхийг хараад гэнэт хүрээд ирсэн хүүхдүүдээ харсан мэт болж, сэтгэл санаа нь сэргэж, царай зүс нь амар тайван болоод бие нь хүртэл сайжирсан юм шиг болчихов. Хүний хорвоо гэдэг юутай сайхан юм бэ! Эрлэг хаан нэгэнт түүнийг удаан байлгахгүй болсон хэдий ч хүний амьдралын хамгийн нандин сэтгэл харин түүнийг хязгааргүй ихээр тайтгаруулжээ. Тиймээс энэ мөчид түүнд огтхон ч хэцүү санагдсангүй. Эмгэн болтлоо ханилсан эхнэрээ харан толгойгоо үл мэдэг дохин салах ёс хийлээ. Хүүхдүүд нь биш хүүхдүүдээ хараад тэрбээр гараа үл ялиг өргөн хүний орчлонд хамгийн сүүлийн сайхан ерөөлөө үлдээв.
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Б.Гэрэлт-Ирээдүй

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment