Хорчин
23 минутын өмнө
- Фельетон -
Ийм нэртэй аймаг улс эртний Монгол аймаг дотор байсныг түүх гэрчилдэг юм. Харчинтай андуурав! Харчин, Хорчин тусдаа шүү. Чухам яагаад тийм нэртэй болсныг нь түүх судлаачид ч мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Би судлаач биш. Гэхдээ арван жилийн монгол хэлний хичээлээс олсон өчүүхэн мэдлэгээ сэргээвэл үгийн үндэс нь хор байгаа юм л даа. Тэгэхээр түүнтэй холбоотой санаа цухалзаад байгаа хэрэг. Одоогийн хэлээр бол хор найруулахдаа гарамгай, алдартай бас аюултай аймаг байсан юм болов уу даа хэмээн санагдана. Тэгэхээр хор гэж чухам юу юм бэ гэсэн асуулт гарах нь зайлшгүй. Аливаа нэгэн амьтан юм уу хүнийг хөнөөхөөр хүн төрөлхтөн гаргаж авсан химийн гаралтай бодис л доо. Үндсэндээ мышъяк буюу хүнцэл, цианит натри, кали гэх аюултай хорыг хүн төрөлхтөн гаргасан байна. Эхэндээ цэрэг дайны зориулалттай байсан нь мэдээж. Уух усанд нь дусаах төдийд л үй олноор устгах чадалтай бодис билээ. "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кинон дээр орос цэргийн цуваа явж байтал нэгэн худгийн дэргэд морь нь үхчихсэн, эзэн нь болох хүү уйлаад сууж байдаггүй юу. Тийм худагт цианит натри хуруувчаар дусаахад л хангалттай. Уруул хүргэсэн болгон л үхнэ гэсэн үг.
Харин Их Эзэн Чингис хааны эцэг Есүхэй баатарт ямар хор өгснийг мэдэхгүй юм. Гэртээ харьтал тэсэхийг бодоход сулавтар хор байжээ. Тэгэхдээ тэр үедээ л хор шүү дээ. Дэлхийн бүх дайны үед хор хэрэглэсэн түүхтэй. Хорт утаагаар утав гээд л кинон дээр гардаг байх аа. Тиймээс түүнээс хамгаалах баг гарсан гээд л яваад байна даа. Харин биологийн гаралтай хорыг дайнд монголчууд анх хэрэглэсэн гэдэг. Нэгэн хотыг эзлэхээр бүслээд хэдэн сар болсон юм байх. Тэгтэл тэр хавьд тарваган тахал гарч л дээ. Сүйхээтэй монголчууд тэдний хүүрийг хотын хэрэм давуулан шидсэн байдаг. Хэдэн хоногийн дараа хотоор нэг тахал тарж төдөлгүй хотын хүн ам сүйрэхэд орхин одсон гэдэг билээ. Харин сүүлд ангийн зориулалттай хор бий болсон юм. Үнэг, чонын хор гэж байна. Мал, амьтны сэг дээр цацаж орхиод гэртээ хэвтээд хааяа нэг дуран тавина. Нэг л мэдэхэд үйл нь ирсэн амьтан үхээд хэвтэж байна даа. Намайг хүүхэд байхад манай нутагт "хорчин" Батаа гэдэг хүн байв.
Сонирхвол, хороор ан хийдэг юм гэнэ лээ. Бодоход хүнцэл маягийн хор хэрэглэдэг байсан бололтой. Одоо цагт хороор ан хийхээ байжээ. Харин ялаа, бясаа, жоом, хулганы хор гэж бий. Дэлгүүрт байдаг шүү дээ. Бага насны хүүхдээс хол байлга гэсэн анхааруулга байдаг санагдана. Харин хархыг л хороор дийлээгүй юм гэнэ билээ. Бетонон хана цоо мэрээд гарчихдаг эл элдэвтэй амьтан хортой хоолонд ам хүрдэггүй нь хачин. Саяхан нэг сонин нэвтрүүлэг гарав. Амазоны зэрлэг омгийнхон нэгэн мэлхийний хорыг том өргөсөнд шингээгээд нарийхан хуйлсан навчинд шургуулан модонд авирч явсан үл таних амьтан руу үлээхэд онох нь тэр. Мэргэн гэж хачин юм. Гол нь өнөө золгүй амьтан төдөлгүй унаад ирлээ. Очвол аль хэдийнэ үхжээ. За, хороор нэг иймэрхүү сонинтой. Ихэнх хорыг найруулдаг нь тодорхой. Тиймээс хор найруулах гэдэг хэлц үг гарчээ.
"Хор найруулах" гэдэг үг социализмын үед ганцхан бөх дээр хэрэглэгддэг байсан юм. Бөхийн тавын даваа эхлэхэд үзэгчид "За одоо хороо найруулцгаах цаг ирлээ дээ" гээд өндөлдөцгөөдөгсөн. Хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнх надад нэг сонин зүйл ярьсан билээ. 1968 оны наадам гэсэн санагдана. Шөвгийн дөрөвт дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, арслан Х.Баянмөнх, Г.Дэмүүл дөрөв үлдэж л дээ. Х.Баянмөнх аварга дотроо ийн боджээ. Дамдин Дэмүүлийг авах нь тодорхой. Уг нь Мөөеөтэй үзүүр, түрүүнд үлдээд үзсэн бол гомдолгүй байлаа" гэж суужээ. Гэтэл Мөнхбат аварга хүрээд ирж. За Баянаа Дамдин чи бид хоёрыг тунаах гээд байна. Дамдин миний үгэнд орохгүй. Чиний үгэнд орно. Чи очоод та намайг аваач гээд гуйчих гэсэн байна. Баянаа ч Дамдин дээр очжээ. Аваргаа энэ даваанд та намайг аваач гэжээ. Дамдин аварга нэг сүрхий харснаа: "Нээрээ чи бид хоёр наадамд тааралгүй удсан юм байна. Тэгье хө" гэсэн гэдэг. Мөөеө ч гүйгээд ирж. "За яав Баянаа? Намайг авах боллоо. Цаг дэрээ яах бол? Гайгүй байлгүй дээ. Сайн байна" гэчихээд Мөөеө Баянаагийн мөрийг алгадаж орхиод гүйгээд явчихсан гэдэг. Бүх зүйл хүссэнээр болжээ. "Манай Мөөеө ч найруулахыг үзүүлнэ дээ. Сүүлдээ цол тэнцээд хоёулаа зохицуулдаг болсон. Их спортод юм юм л байдаг юм даа. Тэгэхээс ч аргагүй. Тал талаас нь харах, бодох юм гараад л ирдэг юм шүү дээ" гэсэн билээ.
Харин далаад оны дунд үеэс "хор" нь алга болоод "Начны найраа" болсон юм. Ардчиллын он жилүүдэд чөлөөт сонгууль бий болсноор "Хор найруулах" гэдэг үг улс төрчид дунд ороод ирсэн дээ. Одоо ч Монголын улс төрд гайхамшигтай "хорчид" олон болжээ. Бараг бүгдээрээ их багаар хор найруулдаг гэхэд хилсдэхгүй. Хамгийн алдартай хорчноор Ерөнхий сайд асан, Монгол Улсын сайд М.Энхсайхан тодорсон. Тэр жил Ерөнхийлөгч болохоор хэт улайрч хорыг хэт найруулснаар хохирогч нь өөрөө болсон юм. Сурталчилгаагаа хийн аймаг дамжин явахдаа УИХ-ын гишүүн "шар" Уянгатай өдөр шөнөгүй утсаар ярьж, маргааш Японд хийлгэсэн эмчилгээ, түүнд зарцуулсан зардлынх нь талаар ярина шүү. Зардал нь хагас сая ам.доллар гэсэн шүү. Тийм эмчилгээ хийлгэх бизнесмэн ч Монголд байхгүй гэж байсныг "Өдрийн сонин"-ы сурвалжлагч агсан Ж.Гангаа бид хоёр чихээрээ сонсон биенээ нудралцаж явлаа. Тэрхүү мөнгөөр зодсон цуврал нэвтрүүлгүүд нь сонгогчдыг залхааж түүнийг жинхэнэ авсалсныг зарим нь санаж байгаа. Энэхүү гүтгэлгээрээ тэр улс төрийн карьерээ нэгмөсөн алдсан билээ. Энэ жил ичихгүй дахиад үзэх байх. Ичих булчирхай нь ширгэчихсэн нөхөр юм билээ. Удаах нь түүний мөнхийн өрсөлдөгч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хор найруулахыг гадаадаас ч, бүр шоронгоос ч хийж чаддаг хүн. Түүний удирддаг МАХН-ынхан эзнийхээ үгээр бүхнийг хийж байсныг бид мэднэ. Тэр одоо "аав"-ынхаас гарсан. Гэхдээ энэ удаа өөрөө нэр дэвших эрхгүй гэсэн хэдий ч хүч нь өссөн.
АН-ын хор найруулагчдыг тоолж баршгүй. Их багагүй л найруулна даа. Тэр нь, энэ нь гэхэд хэцүү. Бүр дотроо, бие биендээ хүртэл "хор" хүртээнэ гээч. Ерөнхий сайд Н.Алтанхуягийгаа яалаа? Түмний нүдэн дээр л хорлосон шүү дээ. МАН-ын хувьд бүр угшилтай хор найруулагчидтай Н.Энхбаяр тэнд байхад эднийх галзуурч байсан даа. Түүнийг явлаа гээд ер хорж хотойгоогүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гэж сүрхий хорчин залуу гараад ирлээ. МҮОНТ-ээр найраг уншаад байгаа юм уу, сурталчилгаанд тоглоод байгаа юм уу? Ёстой чөтгөр бүү мэд гэмээр зураглал бүхий сунжирсан юм уншсаныг нь жил болгон олон дахилттай гаргадаг. Одоо удахгүй тэрийгээ гаргах биз. Ер нь МАН, АН хоёрын хор найруулгыг харахаар дээр дурьдсан "Хоёр Мөнх"-ийн найраа санаанд ороод байдаг билээ. Ирэх сонгууль ч хор найруулгаар бялхсан жинхэнэ "Хорчин сонгууль" болно доо. Харин хөлд нь хэн чирэгдэх билээ?
Эх сурвалж: сонин Эх сурвалж www.wikimon.mn
Г.Мөнх
0 comments:
Post a Comment