А.Сүхбат сайд нарт хулгай хийхгүй байхыг захив
47 минутын өмнө

Ирэх дөрвөн жилд 16 сайд, 13 яамтай ажиллахаар болсон Мэргэжлийн Засгийн газрын хувьд найман сайд нь давхар дээлтэй бол найм нь дан дээлтэй ажиллахаар болж байна. Шинэ сайд нарыг тодруулахаар шөнө дөл хүртэл хуралдсан чуулганы хуралдааны үеэр гишүүд сайд нараас асуулт асуухын зэрэгцээ захиа даалгавар өгч байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сайд нарт хандан "Авлига хээл хахуулиас хол байгаарай, албан тушаалаа битгий урвуулж ажиллаарай. Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжлээ шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг" хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Томилогдож байгаа сайд нар яамаа миний гэр гэж бодоорой. Ад, дон шүглээгүй л бол хүн гэрээсээ хулгай хийдэггүй" гэв.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Засгийн газартаа бид урам өгөх ёстой. Бид хамтдаа хямралаас гарна" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: "Бид бага ярьж ихийг хийх шаардлагатай байна" хэмээв.
Энэ Засгийн газар яамдын орон тоог 109 Агентлагийн орон тоог 206-гаар бууруулсан юм. Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж Мэргэжлийн Засгийн газар ийнхүү ажилдаа ороод байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment